Монголын социологи судлах асуудал, сэдэвгүй болсон уу (Н.Батзориг)

Өөрийн хөтөлж буй энэхүү блогоороо дамжуулан МЭДЭЭЛЛИЙН БААЗТАЙ БОЛОХ санаа өвөрлөж явдаг юм. Хаана хэзээ ч ороод нийтэлж байсан бичлэгүүдээ олоод уншиж болох хялбар зам л юм даа нэг үгээр хэлбэл.

Социологич хүний сонирхлыг утга учрын сүүлчийн орон зай илүү татна. А.Шюц

Оюутан насандаа хэдэн магистр багш нараасаа “эрдэм шинжилгээний хуралд орох гэсэн юмаа” судалчихмаар сэдэв байна уу хэмээн хоргоодог байж. Хоёр гурван жил ингэж яваад 4-р курсээ төгсөх жилээ мөн л багшаа “диплом бичих гэсэн юмаа” сэдэв байна уу??? ...

Социологийн шинжлэх ухаан өргөн далайцтай хөгжиж асан 1960-аад оноос “ажилчин анги”, “хөрөнгөтөн анги”, “малчин ард”, “сэхээтний бүлэг”, “хөдөлмөрийн нийгмийн асуудлын” чиглэлээр хангалттай хэмжээнд судлагдаж ном зохиол, нэг сэдэвт бүтээл, товхимол, эмхэтгэл болон хэвлэгдэж байжээ.

1990 он гарсанаар нийгмийн бүх хүрээнд макро болон микро, нийгмийн болон бусад төрлийн судалгааны ажлууд хэн нэгнээс үл хамааран энд тэнд системгүйгээр хийгдэж өнөөг хүрчээ.
Монголын нийгэм нь түүхийн бүх үеийн туршид социологийн судлагдахуун, судлавал зохих хүрээ байж ирсэн нь нотлох албагүй үнэн.
Доктор Ш.Түдэв гуай “Монголын нийгэм нь хүн төрөлхтний соёл иргэншлийн буурал түүхийн босоо, хэвтээ огтлолд илэрдэг бараг бүх өнгө төрхийг ямар нэг хэмжээгээр агуулсан нэг төрлийн фаракталь бүтэц юм” хэмээн хэлсэн бол алдарт социологич Х.Гүндсамбуу “XX зууны Монголын нийгэм бол нийгмийн шинжлэх ухааны танин мэдэхүйн гайхамшигт лаборатори юм” хэмээн өөрийн “Монголын нийгмийн давхраажил: хөгжил хандлага” номондоо бичжээ. Судлаач Д.Ганхуяг “Монгол маань нэн өвөрмөц нийгэм тогтоцтой” хэмээсэн нь хүртэл бий. Тэгэхээр орчин үеийн Монголын нийгэм болоод түүхэн цаг үеийн нийгмийг судалж баршгүй их талбар, хил хязгааргүй судлагдахуун гэж ойлгож болно...

Судлаач Д.Ганхуяг, Ц.Болд нар “МОНГОЛ ДАХЬ ОЛОН НИЙТИЙН САНАЛ БОДЛЫН СУДАЛГАА БА ПСЕПОЛОГИ” хэмээх нийтлэлдээ “Монголын нийгмийн олон нийтийн санаа бодол хэрхэн төлөвшдөг, нийгэм – сэтгэл зүйн харилцан нөлөөллийн байдал, үймээн, самуун, цуурхал, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нөлөөлөл, нийгэмших үйл явцын онцлог, санал бодолд нөлөөлөгч үндсэн хүчин зүйлүүдийн хамаарал зэрэг олон чухал асуудлыг одоогоор огт судлаагүй байна. Хэрэв ийм төрлийн суурь судалгаа байхгүй байх аваас олон нийтийн санал бодлыг ч, сонгуулийн зан төлөвийг ч урьдчилан прогнозчилох боломжгүй юм” хэмээсэн нь зөвхөн массын санал бодол, псепологийн хүрээнд л ийм их сэдэв судлагдаагүй болохыг харуулж байгаа юм.

Яг үнэндээ өнөөдөр манайд “Монгол хүн гэж хэн бэ”, “бидний амьдралын зорилго юу юм”, “аз жаргалтай эсэх”, “мөнгийг юу гэж үздэг”, “ханиа хэрхэн сонгодог”, “улс төрд хэрхэн яаж ханддагийг” ул суурьтай судласан мэргэжлийн байгууллага алга. Тендерээр зарлагдсан цөөн хэдэн сэдэв, цаг үеийн үйл явдал, сонгууль, сонгуульд нэр дэвшигчдийн рейтинг, улс төрийн барометрээс хэтэрч байгаа юм алга.

Цаашлавал “эрэгтэйчүүд “савангийн дуурь” үздэг үү”, “эмэгтэйчүүдийн хэдэн хувь нь өрхийн төсвөө барьдаг”, “урлагт хэрхэн ач холбогдол өгдөг”, “гоо сайхан”, “цаг төлөвлөлт”, “нийгмийн цаг”, “нийгмийн маркетинг” гэхчлэн амьдралд ойр судалгаа хаа нэгтээ хийгдаж байсангүй харамсалтай. Уг нь ч социологийн судалгаа явуулна хэмээн бүртгүүлж тамга тэмдэг, гэрчилгээ авсан байгууллага институт маш олон байдаг ч ерөнхий, мөнгөний судалгаа хийдэг нь нууц биш. Гэтэл монгол хүний тухай хамгийн энгийн зүйлийг илтгэх суурь судалгаа огт байдаггүй.

Тиймээс ердийн монгол хүний дундаж төрх, нийгмийн үзэл санаа, хандлага тодорхойгүй байна. Зүй нь үйл явдал, нөхцөл байдлын тухай бодит мэдлэгт хүрэхийн тулд задлан шинжилгээ хийх үй олон аргын нэг нь л социологийн судалгаа юм ш уг нь. Судлаач хүн хэрэгцээт мэдээллийнхээ 70 хувийг мэргэжил нэгтнүүдээсээ авдаг гэсэн үг байдаг... Гэтэл бид хэрэгцээт мэдээллээ хувь хувийн толгойдоо хадгалан түүнийгээ мөнгө болгох санаа өвөртлөн индивид байдлаар ажиллаж амьдрсаар... Нэгдэл, бүхэллэг байдал, систем, интеграци гэж мэдэмхийрэн социологи ярьдаг хирнээ хамтын ажиллагаа, багын тоглолт гэдгийг умартдаг... Үүнд асуудал байна... Үүнд л судлаачдын сэдэв хайдаг гол шалтгаан байна.

Сэдэв хэрхэн олох вэ?: Ганхуяг багшийн зөвлөгөөг саная!!! “Эргэн тойрноо хар, түүнийгээ үзсэн онол номтойгоо эргэцүүлж харьцуул. Ингэхэд проблемгүй юм гэж үгүй”. Социологич хүн учраас үүнийг системт байдлаар харж олон тулгамдсан асуудлуудаас илүү зангилаа, илүү анхаарал татсаныг нь сонгож авахыг хичээх хэрэгтэй” ЭНД бүрэн эхээрээ бий...

Социологийн тэнхмийг үүсгэн байгуулагч В.Отгоннасан багшийнхаа үгийн саная!!! “Зурагт үзсэн ч хажуудаа дэвтэр харандаатай сууж бай. Зурагтаар ямар нэг тоо хэлсэн ч бичиж тэмдэглээд хадгалаад бай. Хүний хэлснийг сонсоод чамд ямар нэг санаа төрөхгүй байна гэж байхгүй, тэр болгоныг л бичээд хадгалаад байхад бэлээхэн судалгааны материал болно. Гурван жилийн дараа хараарай. Докторын диссертацийн чинь материал бүрдсэн байх вий”
Социологийн арван хуруу шигээ мэддэг ахмад социологичдынхоо үгийг сонсоё... Бидэнд судлах шинжлэх сэдэв, асуудал хангалттай их байна... Ямар сайндаа “асуудлаар баян нийгэм” гэж нэрлэхэв дээ...

6 comments:

amur said...

Бид өөрийнхөө мэргэжлийг сайн ойлгоогүйгээс боломжоо анзаарахгүй байгаа юм шиг санагддаг юм.

ЗОРИГТ8 said...

Амар: Яг үнэндээ бол сайн социологич алга... энэ мэргэжлээр л түрүү баригсад л дүүрэн байна манайд...

Боломжийн хязгаар лимитгүй билээ
баярлала

amur said...

Сайн муу гэдгийг цаг хугацаа шийддэг болохоор оргүйгээс охинтой нь дээр гэдгээр муу нь хамаагүй байх нь хэрэгтэй байх аа. Тэртээ тэргүй цаг хугацаа шүүгээд өгнө ш дээ.

ЗОРИГТ8 said...

Амур:
санал нэг байна... чи социологич уу

amur said...

Үгүй ээ.

ЗОРИГТ8 said...

Амур:
аахан...