Монгол улс авлигын үзүүлэлтээрээ 180 орноос 124 дүгээрт жагсчээ

“Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар Монгол улс авлигын үзүүлэлтээрээ дэлхийн 180 орноос 124-д нь орсон байна.

Энэ үзүүлэлт нь манайд авлига гэгч зүйл хүрээгээ тэлж буйн илрэл гэж дүгнэж болох юм.Монгол улс өмнө нь 2004 оноос эхлэн Авлигын индекс-д /АИ/ хамрагдаж, 2.8 болон 3.0 гэсэн оноо авсаар ирсэн. Харин 2008 онд бид 3.0 оноогоор 106-д бичигдэж байсан бол энэ удаад 2.7 хүртлээ буурч 124 дүгээр байранд орлоо.

Тус байгууллага нь Монгол улсын хувьд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны судалгаа болон олон улсын судалгааны байгууллагуудын нийт 7 эх үүсвэрийг ашигласан уг дүнг гаргасан байна. Энэ нь улс орны эдийн засгийн менежмент сул байх, засгийн газрын үйл ажиллагаа ил тод бус, хариуцлага хүлээлгэх механизм үйлчлэхгүй байх зэрэг үзүүлэлтүүд АИ-ийг буурахад нөлөөлсөн гэж холбогдох хүмүүс ярьж байлаа.

Түүнчлэн манай орон АИ-ээрээ доогуурт бичигдэх болсон шалтгааныг дэлхий дахинд цацагдсан үйл явдлуудын нөлөө гэж дараах хүчин зүйлүүдтэй холбон тайлбарлаж байна.

1.Засгийн газар, төрийн албаны үйл ажиллагаа ил тод бус байх
2.Оюу толгойн ордыг ашиглах гэрээг олон жил боловсруулсан байдал
3.Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын сонгууль болон орон нутгийн засаг захиргааны байгууллагын сонгуульд санал худалдаж авах явдал газар авахаас гадна хууль бус үйлдэл үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон ч хууль хэрэгжихгүй байх
4.Авлига буюу албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамруулах хууль батлан хэрэгжүүлсэнээр авлигатай хийх тэмцлийн үр нөлөө буурах нөхцөл бүрдэх... гэх мэт

Авлигын индексийг дэлхийн 180 орны улс төр болон төрийн алба авлигад автсан эсэх талаарх төсөөллийг хэмжсэн судалгаануудыг үндэслэн гаргадаг аж. Ингэхдээ тодорхой өгөгдөхүүн эсвэл үзүүлэлтийг бус төсөөллийг хэмждэг байна. Учир нь тодорхой үзүүлэлтүүд ховор бөгөөд найдвартай эсэх нь тодорхой бус байдаг. Мөн хөндлөнгийн 10 институцийн бизнес эрхлэгч, олон улсын шинжээчид болон тухайн орны мэргэжилтнүүдийн дунд явуулсан 13 судалгааг үндэслэн боловсруулдаг гэнэ.

Сонирхуулж хэлэхэд, авлигын индекс нь хамгийн их буурсан буюу авлига ихэссэн улс орнуудад Бахрейн, Грек, Иран, Maлайз, Maльт, Словак зэрэг орсон бол эсрэг үзүүлэлттэй байсан нь Бангладеш, Белaрус, Гватемал, Литв, Moлдов, Moнтенегро, Польш, Сири, Тонг оржээ.


Эх сурвалж: http://news.gogo.mn/r/63287

No comments: