Бүтэц-функционал онолын үзэл баримтлал

(Тэмдэглэл: Англиар Structural Functionalism гэдэг эл онолын нэрийг монгол хэлнээ тун олон янзаар буулгасан нь бий. Эдгээрээс бүтэц-үүргийн хэмээн орчуулсан нь нийтлэг. Үз: Хавх, Н. (2005). Социологи, монголын нийгмийн гүн ухааны зарим чиглэлүүд. УБ:Битпресс. Оросоор бол структурный функционализм гэх буюу заримдаа структурно-функциональная теория гэж холбон бичдэг.Structura (англи), структура (орос) гэсэн үгийг бүтэц хэмээн монголоор орчуулах нь оновчтой бол харин function (анг), функция (орос)-ийг үүрэг гэх нь тохиромжгүй.Учир нь роль хэмээх орос үг монгол хэлнээ мөн л үүрэг гэж буух нь бий. Гэтэл функция болон роль гэсэн үгс нь зарчмын өөр өөр утгыг илэрхийлдэг. Иймээс функционал гэж буулгах нь зүйтэй болов уу.)

Үндсэн ойлголтууд: бүтэц, функц, тогтолцоо (систем), үйлдэл, харилцан үйлдэл, дисфункци, дунд түвшний онол, социеталь, статус, институцичлэл.

1.Бүтэц Функционал онолын тухай ойлголт,
2.Т. Парсонсын Бүтэц Функционал үзэл баримтлал
3.Нийгэм тогтолцоо /систем/ болох нь. Нийгмийн тогтолцооны үндсэн шинж ба түвшин
4.Yйлдэл ба харилцан үйлдлийн онол. Т.Парсонс үйлдэл, харилцан үйлдэл, нийгмийн тогтолцооны уялдаа холбоог авч үзсэн нь.

Бүтэц Функционал онолын эх суурийг 19-р зууны социологийн сонгодог төлөөлөгчид О.Конт (O.Komte), Херберт Спенсер (G.Spenser) болон францын сэтгэгч Э.Дюрхэйм (E.Durkheim) нар тавьсан гэж үздэг. Гэхдээ энэхүү үзэл баримтлалыг онолын хэмжээнд анхлан цогц байдлаар боловсруулсан хүн бол Америкийн эрдэмтэн Т.Парсонс (T.Parsons ), Р.Мертон (R.Merton) нар билээ.

Ийнхүү үзэх шалтгаан бол:
1.Эдгээр эрдэмтэд өөрсдийн баримтлалдаа нийгмийн тогтолцооны хийгээд функцийн нэлээд боловсронгуй загварыг бий болгож чадсан
2.Тэдний үзэл баримтлал, орчин үеийн социологийн шинжлэх ухааны /ялангуяа америкийн/ онолын сэтгэлгээнд асар их нөлөө үзүүлсэн бөгөөд ер нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи 30-аад жилийн турш социологийн онолын гол тодорхойлогч хүчин зүйл болж чадсан.
3.Т.Парсонс нарын бүтээлийг шинжлэхэд тогтолцоо ба үйлдэл хэмээх социологийн хоёр ухагдахууныг хоорондын зөрчлийг илрүүлэн судлах боломжийг олгодог
4.Эцэст нь тэдний үзэл баримтлал сонгодог социологичдын /Г.Спенсер, Э.Дюркгейм/ функционалист санааг өөртөө тодорхой хэмжээгээр агуулсан зэрэг гэж нэрлэж болох юм.
Бүтэц- функционализм нь чухамхүү Т.Парсонс, Р.Мертон хийгээд тэдний сургаалыг даган баримтлагчдын онол бүтээл лугаа тусгалаа олж, хүчирхэгжин бэхэжсээр удаан хугацааны турш социологийн тэргүүлэгч онолын нэг байлаа.

Энэ тухай Английн социологич Э.Гиддэнс бээр (Giddens) хэлэхдээ “Функциональ шинжилгээг социологийн онолын болон судалгааны хөгжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхээр заяагдсан хэмээн үзэж асан Т.Парсонс, Р.Мертон нар функционализмыг социологид “эргүүлэн” авчирсан билээ” гэжээ. (Giddens.A(1997). Sociology. ( 3th ed). London: Polity Press)
1940-өөс 1950-иад он бол эл онолын мандан бадарсан он жилүүд бол 60-70-аад онууд нь түүний бууран доройтсон он жилүүд юм. Бүтэц Функциональ онолын хүчирхэгжилт, бууралтын шалтгааныг эрдэмтэд янз бүрээр тайлбарлах нь бий. Эдгээрийн олонхи нь энэхүү онолын танин мэдэхүйн үнэ цэнэтэй холбогдсон байдаг бол (Бүтэц Функциональ онолын нөлөө буурсныг янз бүрийн онол, үзэл баримтлалууд харилцан адилгүй тайлбарлан шүүмжилсэн нь бий. Тухайлбал: Зөрчилдөөний онолын төлөөлөгчдын зүгээс бүтцийн тогтвортой байдал, зөвшлийн асуудал хэт анхаарч, хямрал зөрчилдөөн зэрэг хүчин зүйлсийг үл хайхарснаар социологийн шинжилгээг туйлширсан, өрөөсгөл болгосон хэмээдэг бол системийн оьектив хууль, зүй тогтол хэмээн туйлширч бие хүний туршлага, өдөр тутмын амьдралын төсөөллийг харгалзан үзээгүй нь энэхүү онолын явуургүйг харуулсан хэмээн феноменологчид үздэг. Үз: Дарендорф. Р (2002). Тропы из утопии. Работы по теории и истории социологии. пер. с нем. М: Праксис.) зарим нь улс төр, үзэл суртал зэрэг огт өөр хүчин зүйлстэй холбоотой ажгуу. (Жишээлбэл, америкийн социологич Жорж Хуако (Georg Huaco) Бүтэц Функционализмын хүчирхэгжилт хийгээд доройтлыг дэлхий дахин дахь АНУ –ын нөлөөтэй холбон тайлбарласан нь ихээхэн сонирхол татдаг. Түүний үзсэнээр дэлхийн хоёрдугаар дайнаас хойш АНУ –ын нөлөө дэлхий дахинд өссөнтэй уялдан Бүтэц функционализм нь социологид зонхилж эхэлсэн бол Харин АНУ –ын нөлөө дэлхий дахинд буурч асан 1970 –аад оны үеэс энэхүү онолын ч нөлөө буурч эхэлсэн ажээ. Ж.Хуако “энэхүү онол нь АНУ -ын манлайллыг дараах хоёр чиглэлээр дэмжсэн юм. Үүнд, нэгдүгээрт, аливаа хэсэг элемент нь илүү томоохон системийг оршин тогтнох, өөрийгөө хадгалан үлдэхэд хувь нэмэр оруулдаг гэсэн Бүтэц Функционализмын үзэл бодол бол АНУ –ын дэлхийн манлайллыг магтан дуулсан явдал гэж, хоёрдугаарт, Бүтэц Функционализмын тэнцвэртэй байдлыг (юуг ч өөрчлөхгүй байх нь хамгийн сайн нийгмийн өөрчлөлт) эрхэмлэн үздэг нь дэлхийн хамгийн баян, хамгийн хүчирхэг АНУ –ын ашиг сонирхолтой тун аятайхан уялддагт оршдог аж. Үз: Huaco. G (1986). ‘’Ideology and general theory: The Case of Structural Functionalism’’ Comparative Studies in society and History pp 34-54. Ritzer G (1996). Sociological Theory. The McGraw- Hill Companies, Inc. p 209)

Онолын сэтгэлгээнийн тавцанд өрнөдөг танин мэдэхүйн өрсөлдөөний явцад нэгэн онолын зонхилон давамгайлсан байдлыг нөгөө нь халах бол хэвийн үзэгдэл билээ. Шинжлэх ухааны үүсэл, хөгжлийн талаарх парадигмын хандлагын дагуу эрдэмтдийн нийгэмлэгүүдийн хооронд өрнөдөг танин мэдэхүйн өрсөлдөөний явцад аль нэгэн парадигм хийгээд түүний тулгуур онолууд бусдыгаа тодорхой хугацааны турш давамгайлан өөрийн ноёрхлыг тогтоодог аж. (Парадигмын үзэл баримтлалын үүднээс авч үзэх ахул шинжлэх ухааны хөгжил нь парадигмуудын хооронд өрнөсөн өрсөлдөөний дүнд буюу нэг нь нөгөөгөө халах хувьсгалын замаар явагдана хэмээн үздэг. Үз: Кун.Т(1975) Структура научных революций Пер с анг. М:Издательство “Прогресс”. Мөнхбат.О(1990). Социаль бүтцийн социологи УБ: МУИС-ийн хэвлэх) Харин аль нэгэн үзэл баримтлал дангаар хуваарьгүй ноёрхох нь үзэл санааны олон ургальч байдлыг үгүйсгэн догматизм, сэтгэлгээний ядууралд хүргэдэг болохыг хорьдугаар зууны төгсгөлд социалист орнуудад марксизмыг тойрон бий болсон нөхцөл байдал гэрчилнэ.

Бүтэц Функционализмыг нэгэн онолын үзэл баримтлалын хүрээнд нэгтгэн үзэж, түүний бүтцийн (structural) болон бүтцийн (functional) гэсэн үндсэн ойлголтыг хамтатган авч судалдаг нийтлэг хандлага байдаг.
Түүний зэрэгцээ зарим эрдэмтэд, тухайлбал Америкийн социологич Ж. Рицэр бүтэц функционализмын онолын бүтцийн хийгээд функционал гэсэн ойлголтуудыг салангид байдлаар авч үзэх нь зүйтэй гэсэн санааг дэвшүүлдэг. Үүнийхээ үндэслэгээг тэрбээр “Бид нийгмийн бүтцийг судлахдаа бусад бүтцийн тухайд тэдний гүйцэтгэж байгаа функцийг авч үзэхгүйгээр шинжлэн судлах боломжтой. Үүний нэгэн адил янз бүрийн социаль үйл явцын функцийг бид алив нэгэн бүтцийн хэлбэрийг авч үзэхгүйгээр судалж болно” хэмээн тайлбарлаж байна. (Ritzer G. Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc.1996. p 235) Чухамдаа бид эдгээр хоёр ойлголтыг нэгтгэн авч үзэх нь зүйтэй хэмээх атлаа үнэн хэрэг дээрээ бүтцийг голлон Парсонс, түүний системийн үзэл баримтлалтай холбож, харин функцийг Р.Мертоны сургаалтай холбон үзэх нь түгээмэл. (Энд тун олон жишээ татаж болох бөгөөд хуучин зөвлөлтийн төдийгүй өрнөдийн олон сэтгэгчид хүртэл ийн ханддаг.) Тийм учраас бүтэц функционализмыг судлахдаа Ж.Рицэрийн дээрх саналыг баримтлан дагах нь буруугүй санагдана. Ингээд бүтцийн хийгээд функционализмын эх сурвалжийн тухайд товчхон авч үзсэний эцэст Т.Парсонс хийгээд Р.Мертоны үзэл бодлын хүрээнд эл онолыг нарийвчлан шинжилье.

Үргэлжлэл бий...
Эх сурвалж: О.Мөнхбат "Социологийн онол: сонгодог хийгээд орчин үе" номноос...

No comments: