Р. Мертоны Бүтэц-функционал сургаал ба социологийн үзэл баримтлал

Америкийн социологич Р.Мертон нь бүтэц функционал онолын бас нэгэн томоохон төлөөлөгч юм. Парсонсын шавь асан тэрбээр эл онолын хэт туйлширсан талуудыг шүүмжлэхийн хамт цаашид хөгжин өргөжихөд тодорхой хувь нэмэр оруулсан хэмээн судлаачид үздэг (Ritzer G(1996). Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc). Тэрбээр Парсонсын үзэл баримтлалаас дараах хэдэн зүйлээр ялгаатай.
Үүнд:
1.Хэрэв Парсонс макротүвшний социологийн онол шаардлагатай хэмээн үздэг бол Мертон бээр дунд түвшний онолыг чухалчилдаг аж.
2.Мертон функцийг авч үзэхдээ дан ганц эерэг утгаар нь бус харин дисфункци буюу сөрөг утгын үүднээс ч мөн шинжилсэн байна.
ХХ зууны функционал задлан шинжлэхүйн (Тэмдэглэл: Мертон өөрийн хандлага чиглэлдээ изм залгах дургүй байсан агаад зүгээр л функционал задлан шинжлэхүй гэсэн ердийн нэр таарна хэмээн үздэг хэмээн Парсонс бичсэн нь бий) томоохон төлөөлөгч Мертон социологийн сонгодгуудын бүтээл зохиолыг гарамгай мэддэг өндөр мэдлэг хийгээд судлаачийн авъяас нь 60-70 аад онуудад функционализмыг нэрвэсэн хурц шүүмжлэлийн үед түүнийг хамгаалж, авч үлдсэн гэж үздэг.
Мертон нийгмийн обьектив шинж чанарыг онцлон үздэг онолын баримтлалуудын гол хэлбэр бол функционал задлан шинжлэхүй мөн гэж агаад социологийн сэтгэлгээний үндсэн арга хэмээжээ.
Түүний үзэл баримтлалд Ж. Симмель, П. Сорокин, Э. Дюрхэйм, Т.Парсонс болон П.Лазерсфэлд ихээхэн нөлөөлсөн бөгөөд тэдний үзэл санааг задлан шинжилснээр нийгэм бол бүтцэжсэн, обьектив гэсэн нийгмийн тухай төсөөлөл, түүний хүний зан үйлд үзүүлэх нөлөөлөл нь социологийн мэдлэгийг өргөжүүлдэг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Мертон нэгэнтээ “ Сорокин намайг өрнөд Европын нийгмийн сэтгэлгээтэй танилцуулсан …шууд заасан багш нараасаа гадна Дюрхэйм болон Симмел нарын үлдээсэн агуу бүтээлээс их зүйл сурсан… харин миний хамтран зүтгэгч Лазарсфэлд намайг хэр их зүйлд сургаснаа өөрөө ч үл тааварлана ” гэсэн нь бий (Ritzer G(1996). Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc).
Мертон: Социологийн онол аргазүйн асуудалд
Мертоны ихэнх зохиол бүтээл нь социаль бүтэц, институтууд, тэдгээр нь хүний социаль зан үйлд хэрхэн нөлөөлдөг болохыг авч үзсэн байдаг. Түүний докторын диссертаци болох “Пуританизм, пиетизм ба шинжлэх ухаан” бүтээл нь 17 –р зуун дах Англи дахь протестантизмын өсөлт ба ШУ –ны хөгжлийн харилцан шүтэлцээт уялдаа холбоог судлан үзээд институцижсэн бүтэц /тухайн тохиолдолд шашны институт/ хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, зан үйлийг хэрхэн өөрчлөн нөлөөлж байгааг онцлон үзсэн байна.
Бюрократ буюу түшмэл ёсонг мөн эл өнцгөөрөө авч үзээд энэ бол социаль байгууллын идеаль хэв шинж гэжээ. Түшмэл ёст байгууллагын гол шинжүүд бол 1. албан ёсны 2. өөрийн зорилгод төгс зохицсон зан үйлийн тодорхой хэв маягийг өөртөө агуулсан рациональ зохион байгууллагдсан социаль бүтэц гэжээ. Түүний үзсэнээр эл бүтэц хувь хүмүүст бие хүний тодорхой шинжүүдийг бий болгож тэднийг бүтцийн шаардлагад үг дүүгүй захирагдахад хүргэдэг /тэр бүү хэл зорилгоо үл ухамсарлах байдлаар ч / аж. Энэ утгаараа бие хүн эл бүтцийн байгууллын бүтээгдхүүн мөн юм.
Улмаар эл үзэл бодол боловсронгуй болсоор түүний социологийн сургаалийн гол цөм болон хувирчээ. Мертоны үзэл сургаалийг судалдаг олон эрдэмтэд тухайлбал, ОХУ-ын А.Н. Елсуков, Г.Н. Соколова болон АНУ-ын Ж. Рицэр нар түүнийг бүтэц-функциональ онолын хязгаарлагдмал байдлыг даван туулж, социаль болон нийгэм-сэтгэл зүйн үзэгдэл юмсыг нарийн нямбай тайлбарлахад функциональ хандлагын онолын хийгээд эмпирик боломжийг ашиглан өөрийн гэсэн парадигмыг бий болгохыг эрмэлзсэн гэж нотолдог. (Елсуков А.Н, Соколова Г.Н и др (1997). История социологии. (2-е изд) Мн: Высшая школа. Ritzer G(1996). Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc). Р.Мертон аливаа парадигмыг бүтээхэд заавал цоо шинэ ойлголт ухагдхууныг бүтээх шаардлагагүй, харин тухайн онол үзэл баримтлалын хүрээнд оршиж байсан ойлголт ухагдхууныг шинэчлэн найруулах л хангалттай хэмээн гэж үзэж байлаа. Энэ утгаараа Мертон бүтэц функциональ онолын нэр томьёо, үндсэн ойлголтыг дахин нарийвчлан тодорхойлох, суурь зарчмуудад шүүмжлэлтэй хандах замаар дээрх онолын нэлээд боловсронгуй загварыг л санал болгосон билээ.
Мертон бээр бүтэц функциональ онолыг бодит амьдралаас ангид, хөшүүн онол болж хувирах аюулаас сэргийлэн түүний дутагдалтай талыг шүүмжилж, эерэг давуу байдлыг нь улам боловсронгуй болгон хөгжүүлэхийг хүссэн юм. Ингэхдээ функциональ задлан шинжлэхүйн давуу байдал дээр түшиглэжээ. Р.Мертоны үзсэнээр функциональ задлан шинжлэхүй бол хамгийн ирээдүйтэй төдийгүй социологийн онолууд дотор хамгийн бага системчлэгдсэн, өргөн хүрээтэй чиглэл аж. Мертон социологийн дунд түвшний онолыг хөгжүүлэх нь нийгмийн үзэгдэл юмс, тэдгээрийн функцийг танин мэдэхэд чухал ач холбогдолтой хэмээн үздэгээрээ Парсонсоос ялгагддаг гэдгийг бид дээр дурдсан. Мертоны үзсэнчлэн нийгмийн системийг бүхэлд нь шинжлэх зорилго бүхий макро түвшний онол нь амьдралаас тасархай, хөшүүн тогтолцоо болж, эмпирик байдлаар шалгагдах боломжгүй болон хувирдаг байна. Мертоны тодорхойлсноор Парсонсын онол асар нөөц боломжтой авч хэтэрхий хийсвэр, хэтэрхий нарийвчлагдаагүй, эмпирик юмс үзэгдлээс хэт салангид, уян хатан бус хэт нүсэр тул баримт сэлтийг үнэн зөвөөр тайлбарлах бус харин өөртөө зохицуулахад хүрсэн аж.
Тэрээр функциональ задлан шинжлэхүй нь янз бүрийн түвшинд хийгдэх ёстой хэмээсэн бөгөөд бүхэл нийгмийн бүхэл системээс гадна тухайлбал, байгууллага, институт болон бүлгийн түвшний шинжилгээнд чиглэгдэх ёстой хэмээн үзэж байлаа. Олон жилийн турш зөвхөн макро эсбөгөөс микро түвшний шинжилгээнд анхаарч ирсэн социологийн онол аргазүйн тавцанд дунд түвшнийг ийн гаргаж ирсэн Мертоны эл байр суурь ихээхэн ач холбогдолтой болсон юм. Учир нь нийгмийн гишүүд нийгмийн харилцан үйлдэлд орохдоо нийгмийн бүхэл тогтолцоотой шууд байдлаар бус харин социаль институт, бүлгээр дамжин оролцдог. Жишээлбэл: нийгэмшлийн явцад хувь хүн гэр бүл, сургууль, хамт олон гэх зэрэг социаль институт, бүлгээр дамжин нийгэмдээ интеграчлагдан нэгдэж байдаг. Ялангуяа нийгмийн шинжилгээний ганц макро түвшинд (эсвэл хуучин зөвлөлтийн марксистуудын томьёоллоор бол оюун санаа, улстөрийн гэх мэт хүрээдийн түвшинд) судалгаа хийж ирсэн хорьдугаар зууны монголын социаль сэтгэлгээний хувьд дунд түвшин ба микротүвшний шинжилгээг хөгжүүлэх нь тун чухал билээ.
Өөрийн функциональ задлан шинжлэхүйн хүрээнд Мертон бүтэц-функциональ онолын үндсэн постулат (нотолгоогүй үүсгэл үнэн)-ыг шүүмжлэн үзсэн байна. Түүний үзсэнээр антропологич эрдэмтэд Рэдклифф- Браун (Radcliff- Brown A.R), Малиновский (Malinowski B) анхлан боловсруулсан 1) нийгмийн функциональ нэгдлийн постулат (postulate of the functional unity), 2) түгээмэл функционализмын постулат (postulate of the universal functionalism) болон 3) орлуулан сольшгүй байдлын постулат (postulate of the indispensability) бол орчин үеийн бүтэц-функционализмын хөдөлшгүй үүсгэл үнэнг бүрдүүлдэг аж (Merton R(1968). Social theory and Social structure. New York: Free Press).
Нэгдүгээр постулат бол стандартчилагдсан тодорхой нэгэн нийгмийн үйл ажиллагаа, соёлын элемент бүр бүхэл нийгмийн системийн хэвийн оршин тогтноход хувь нэмрээ оруулдаг гэсэн санааг илэрхийлдэг аж. Өөрөөр хэлбэл нийгмийн систем нь нэгдлийн тодорхой хэв шинж буюу функциональ нэгдлийг агуулдаг байна. Рэдклифф- Брауны анхлан томьёолсон энэхүү постулатын үндэслэлгүй болохыг Мертон шашны жишээн дээр нотлон үзүүлэхийг эрмэлзжээ. Түүний үзсэнчлэн олон эрдэмтэд шашны үндсэн гол функцийг нийгмийн эв нэгдлийг хангадаг интегратив функцээр тайлбарлаж ирсэн байна.
Гэтэл шашин өөрийн үнэт зүйлсэд сүсэглэн бишрэгчдын эв нэгдлийг хангахын сацуу өөр шашин мөргөлтэй хүмүүстэй зөрчилдөөн, мөргөлдөөнийг бий болгодог ажээ (Мертон Р(1968). Явные и латентные функции. В кн: Американская социологическая мысль: Тексты. Под ред. Добренькова. В.И. М: Издание Междунорад-го Университета Бизнеса и Управления. стр. 400-405). Мертоны энэ үзэл бодол зөв болохыг зөв өнгөрсөн зуунуудад өрнөж асан шашин хоорондын мөргөлдөөн төдийгүй өнөөгийн дэлхий дахин өрнөж байгаа шашны хямрал зөрчилдөөн гэрчилнэ. Тухайлбал, Косовагийн үнэн алдартны шашинт Сербүүд, лалын шашинт Албануудын хооронд гарсан цуст иргэний дайныг жишээлж болох юм. Тэр ч бүү нэг шашны хоёр өөр урсгалыг баримтлагчид хүртэл өөр хоорондоо цус асгаруулан хямралдаж болдгийг лалын шашны шийт болон суннитүүдын хоорондох аллага хядлага, Английн хойд Окленд дах протестант болон католик шашинтны хямрал харуулна. Ийнхүү ямар нэгэн тодорхой үзэгдэл юм нийгмийн нэг хэсэг гишүүдийн хувьд интегратив эерэг функци гүйцэтгэдэг бол нөгөө хэсгийн тухайд нь дисфункци гүйцэтгэж болох эл жишээнүүд нь функциональ нэгдлийн постулатад эргэлзэх үндэслэгээ болох аж.
Энэхүү нэгдүгээр үүсгэл үнэнийг шүүмжилсэний эцэст Мертон функциональ задлан шинжлэхүй нь соёлын үзэгдэл юмс, элемент нь олон тооны үр дагавартай байдаг бөгөөд тэдгээрийн зарим нь эерэг функциональ, нөгөө хэсэг нь дисфункциональ шинжтэй байдаг гэсэн байр суурийг баримтлах ёстой гэж үзжээ.
Мертоны тодорхойлсончлон хоёрдугаар үүсгэл үнэн буюу постулат нь Малиновскийн нэртэй холбоотой бөгөөд бүхий л стандартчлагдсан тодорхой нэгэн нийгмийн үйл ажиллагаа, соёлын элемент бүр бүхэл нийгмийн системийн хэвийн оршин тогтноход зөвхөн эерэг функци гүйцэтгэдэг гэсэн санааг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл нийгэмд оршин буй үзэгдэл, элемент бүр бүхэл системийн хувьд зохицуулалт, зохицлын функцийг гүйцэтгэдэг агаад ингэж эс чадваас хадгалагдан үлдэх боломжгүй болдог байна. Мертон эл постулатыг бий болсон үндсэн шалтгааныг “хорьдугаар зууны эхэн лугаа антропологичдын дунд “өнгөрсний үлдэгдэл” гэсэн сэдвийг тойрон үр дүнгүй атлаа удаан хугацааны турш хурц ширүүнээр өрнөсөн маргаан юм” (Мертон Р(1968). Явные и латентные функции. В кн: Американская социологическая мысль: Тексты. Под ред. Добренькова. В.И. М: Издание Междунорад-го Университета Бизнеса и Управления. стр. 407) гэж тайлбарласан байна. Нийгэмд оршин буй үзэгдэл юмс, соёлын элемент бүр заавал позитив үүрэг гүйцэтгэх албагүй гэсэн түүний байр суурь нь анхдагуур постулатыг шүүмжлэхдээ шашны дисфункцийг иш татсан шүүмжлэлээс урган гарч байгаа юм.
Үүний сацуу тэрбээр хэдийгээр одоо ямар нэгэн функци гүйцэтгэдэггүй атлаа өнгөрсөн үеэс хадгалагдан ирсэн олон арван уламжлалт зан үйлийг жишээлэн өнөөгийн амьдралд ямар нэгэн эерэг функци гүйцэтгэхгүй бол ямар нэгэн уламжлал, зан заншил хийгээд зан үйл өнгөрсөн үеэс хадгалагдан үлдэх боломжгүй гэсэн хоёрдугаар постулат үндэслэлгүй хэмээн нотолсон байна. Тэрээр “европ костюмны ханцуйны товч өнөөдөр ямар ч функци гүйцэтгэдэггүй атал зарим фунцкионалистууд (тухайн тохиолдолд Клакхон /Kluckhohn.C.) түүний өнөөг хүртэл хадгалагдан үлдсэнийг уламжлалыг хадгалахыг эрмэлздэг эрмэлзлэлийг дэмждэг эерэг функци гүйцэтгэдэг хэмээн тайлбарлаж байгаа нь түгээмэл функционализмын постулатыг зөвтгөх гэсэн үнэмшил муутай арга юм” (Мөн тэнд) хэмээн үзжээ.
Мертоны бодлоор олон арван соёлын элемент ямар нэгэн эерэг юм уу сөрөг функци гүйцэтгэхгүйгээр урсгалаараа хадгалагдан үлддэг нь түгээмэл функционализмын постулатыг няцааж байгаа аж. Үнэхээр монголчуудын хувьд иймэрхүү шинжтэй уламжлалт зан үйл асар олноороо байдаг. Тухайлбал, монголчууд бид баруун гарын ядам хуруугаа хундагандаа дүрж дээш сэрчим өргөдөг ёс нь анхлан архинд хор хийсэн эсэхийг шалгадаг ёсноос уламжлан ирсэн байна. Домог ёсоор мөнгөн бөгж зүүсэн хурууг даган урсах архи нь хортой байваас мөнгөний өнгийг харлуулдаг тул хордуулсан идээг уулгүй амь насаа хамгаалах боломжийг бидний өвөг дээдэст өгдөг байсан энэхүү өнө эртний уламжлал нь эдүгээг хүртэл хадгалагдан ирэхдээ урьд өмнийн функцийг нэгэнт гүйцэтгэхээ больж, дан ганц зан заншлын шинжтэй болсон нь мөн л Мертоны дээрх бодлыг нотолж байгаа юм.
Гутгаар үүсгэл үнэн буюу орлуулан сольшгүй байдлын постулат нь Мертоны үзсэнээр хамгийн үл ойлгогдох, хоёрдмол утгатай зүйл аж. Энэхүү постулатын гол санааг америкийн эрдэмтэн Рицэр “нийгмийн амьдралын стандарчлагдсан хэсэг бүхэн бүхэл социаль системийн хувьд эерэг үүрэг гүйцэтгэдэг төдийгүй тус системийг цаашид оршин тогтноход зайлшгүй, орлуулашгүй шинжтэй байдаг гэсэн үзэл” (Ritzer G(1996). Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc.p. 250) гэж их ойлгомжтой тайлбарлажээ.
Р. Мертон эл үүсгэл үнэний хоёрдмол шинжийг Малиновскийн үзэл бодлын жишээн дээр шүүмжлэхдээ “тэр (Малиновский) орлуулан сольшгүй байдал гэж ярихдаа функцийг эсвэл тухайн функцийг гүйцэтгэж байгаа үзэгдэл юмсыг эс бөгөөс функци, үзэгдэл хоёрыг хоёуланг нь хэлээд байгаа эсэх нь огтхон ч ойлгогдохгүй байгаа юм” (Мертон Р(1968). Явные и латентные функции. В кн: Американская социологическая мысль: Тексты. Под ред. Добренькова. В.И. М: Издание Международного Университета Бизнеса и Управления. стр. 409) гэжээ. Мертоны бодлоор функци хийгээд түүнийг гүйцэтгэж байгаа институт (эсвэл үзэгдэл юмс) хоёрыг тусад нь авч үзэх шаардлагатай аж. Учир нь нэг үзэгдэл юм гэхэд л олон тооны функци гүйцэтгэдгийн адил нэг функци л гэхэд янз бүрийн үзэгдэл юмсаар, янз бүрээр гүйцэтгэгдэж болдог агаад энэ нь функциональ задлан шинжлэхүйн үндсэн теорем болдог байна. Түүний үзсэнчлэн орлуулан сольж болшгүй функци, институт байдаггүй бөгөөд энэ тохиолдолд функциональ альтернатив буюу функциональ орлон солигч гэсэн ойлголт байх ёстой аж.
Дээр дурдсан гурван үндсэн постулат буюу үүсгэл үнэн нь хийсвэр, онолын тогтолцоо болон эмпирик бус нотолгоон дээр тулгуурласан гэж Мертон шүүмжлээд социологичийн хамгийн наад захын үүрэг бол бүх зүйлийг эмпирик байдлаар шалгах явдал гэжээ.
Р.Мертон: Социологи дахь функциональ задлан шинжлэхүйн парадигм
Социологи дахь функциональ задлан шинжлэхүйн парадигм бол Мертоны үзсэнээр тулгамдсан асуудлыг томьёолон дэвшүүлэх, тэдгээрийг шийдвэрлэх загвар юм. Эл парадигмын үндсэн зорилгыг Р.Мертон дараах байдлаар тодорхойлжээ.
Парадигмын нэгдүгээр зорилго бол функциональ задлан шинжлэхүйг хэрхэн зохистой, үр өгөөжтэй хэрэглэх талаарх системтэй удирдамж өгөх явдал юм. Энэ утгаараа уг парадигм нь социологичид функциональ задлан шинжлэхүйг зөв зүйтэй ашиглахад нь зориулсан ойлголтын багахан цуглуулгыг агуулдаг байна. Хоёрдугаарт, парадигм нь функциональ задлан шинжлэхүйн бааз суурь болсон постулат, урьдчилсан таамаглалыг зөв үнэлэн дүгнэхэд нь судлаачид туслах ёстой. Эдгээр постулат, таамаглалын зарим нь чухал ач холбогдолтой байхад зарим нь тийм ч чухал бус харин гуравдах нь бүр эргэлзээтэй, төөрөгдөлд оруулахуйц байдаг байна. Гуравдугаарх гол зорилго бол уг парадигм нь функциональ задлан шинжлэхүйн явцуу шинжлэх ухааны үр дагаврыг бус түүний улстөр, үзэл суртлын үр дагаврыг мэдэрдэг мэдрэмжтэй болгох явдал аж. Функциональ задлан шинжлэхүй бол улстөрийн үзэл санааг өөртөө агуулдаг бөгөөд энэ нь ялангуяа “социаль технологи” –д нөлөөлдөг ажээ (Мертон Р(1968). Парадигма для функционального анализа в социологии. В кн: Американская социологическая мысль: Тексты. Под ред. Добренькова. В.И. М: Издание Международного Университета Бизнеса и Управления. стр. 432).
Өмнө нь дурдсанчлан Р.Мертон функциональ задлан шинжлэхүйн парадигмыг бүрдүүлэхэд шинэ ойлголт ухагдхууныг бүтээхгүйгээр урьд байсан онол үзэл баримтлал, судалгааг шүүмжлэн шинжлэх явцад олж илрүүлсэн ойлголт ухагдхууныг шинэчлэн найруулах л хангалттай хэмээн гэж үзэж байлаа. Нэгэн парадигмын хүрээнд хуримтлагдсан ухагдхуунууд нь функциональ задлан шинжлэхүйн үндсэн шаардлагуудыг харгалзан үзэх, функциональ тайлбарлалын явцад зөв зүйтэй засвар хийх боломжийг судлаачид олгодог аж. Функциональ задлан шинжлэхүйн парадигм нь дараах ухагдхуунуудыг өөртөө агуулна хэмээн Мертон тодорхойлсон байна. Үүнд:
• Тодорхой функцийг оноон ноогдуулсан үзэгдэл, үзэгдэл юмс: бүхий л социологийн үзэгдлийг функциональ анализын үүднээс авч үзэж болох бөгөөд гол шаардлага бол задлан шинжилж буй обьект нь стандартчилагдсан (өөрөөр хэлбэл хэв шинжлэгдсэн, дахин давтагддаг) үзэгдэл байх бөгөөд үүний жишээ нь социаль роль, социаль үйл явц, соёлын стандарт аж
• Субьектив урьдчилсан нөхцлүүд (сэдэл, зорилго гм)-ийн тухай ойлголт: функциональ задлан шинжлэхүйн явцад хувь хүмүүсийн сэдлийг судална. Энэ тохиолдолд жинхэнэ сэдлийг түүнтэй холбоотой авч ялгаатай санал бодол, итгэл үнэмшил, зан үйл зэрэг ойлголттой хольж самуурахгүй байх ёстой аж.
• Обьектив үр дагавар (функци, дисфункци )-ын тухай ойлголтууд: дан ганц эерэг функцийг бус мөн дисфункцийг түүнчлэн ил болон далд функцийг авч үзэх нь зүйтэй.
• Функци гүйцэтгэж байгаа социаль нэгжийн тухайн ойлголтууд: функциональ задлан шинжлэхүйг дан ганц функцээр хязгаарлаж болохгүй агаад янз бүрийн статустай хувь хүмүүс, дэд бүлгүүд, томоохон социаль систем болон соёлын системүүдийг социаль нэгжийн нийлбэрүүдийг мөн авч үзэх шаардлагатай
• Функциональ шаардлагын (оршин тогтнох хэрэгцээ, урьдчилсан нөхцөл) талаарх ойлголтууд: функциональ задлан шинжлэхүй болон түүнтэй холбогдсон судалгаа нь судалж байгаа системийн хэрэгцээ шаардлагыг мэдэж байхыг шаарддаг
• Функцүүд дамжин хэрэгжиж байгаа механизмүүдийн тухай ойлголт: функциональ задлан шинжлэхүй нь функцийн дамжин хэрэгжиж байгаа механизмыг нарийн тодорхой мэдэхийг шаарддаг. Энэ нь дүрүүдийн хуваарилалт, үнэт зүйлсийн шаталсан тогтолцоо, хөдөлмөрийн хуваарь, ёс жаяг гэх мэт социаль механизмуудад хамаарна
• Функциональ альтернативын тухай ойлголтууд: аливаа функци болон түүнийг гүйцэтгэж байгаа үзэгдэл юмс нь тодорхой орлон солигч, альтернатив хувилбарыг агуулж байдаг
• Бүтцийн агуулгын ( буюу бүтцийн нөлөөг хязгаарлах) тухай ойлголт: функциональ альтернатив нь хязгааргүй бус зүйл бөгөөд бүтцийн элементүүдийн харилцан хамаарал нь түүнийг хязгаарлаж байдаг байна
• Динамик болон өөрчлөлтийн талаарх ойлголт: функциональ задлан шинжлэхүй нь социаль бүтцийн статик байдалд анхаардаг үнэн авч энэ нь эл онолын мөн чанар биш аж. Дисфункцийн тухай ойлголт нь бүтцийн түвшин дэх албадлага, дарамт шахалттай холбоотой тул өөрчлөлт, динамикийг судлахад хүргэдэг
• Функциональ задлан шинжлэхүйн үнэн зөв эсэхийг тогтоохтой холбогдсон асуудлууд: аливаа онолын үнэн зөв найдвартай байдлыг тогтоох шаардлагатай байдаг. Онолын үнэн зөв, найдвартай байдлыг тогтоохын тулд сорилын судалгаанд ойртон дөхсөн шинжилгээний нарийн чанд аргачлалыг боловсруулах хэрэгтэй
• Функциональ задлан шинжлэхүйн үзэл суртлын ач холбогдлын асуудлууд: хэдийгээр эл шинжилгээ нь тодорхой үзэл сурталтай органик байдлаар холбогдоогүй хэдий ч энэ онолын төлөөлөгчдийн тодорхой ажил, тодорхой таамаглалууд нь үзэл суртлын үүрэг гүйцэтгэхийг үгүйсгэж болохгүй юм (Мертон Р(1968). Парадигма для функционального анализа в социологии. В кн: Американская социологическая мысль: Тексты. Под ред. Добренькова. В.И. М: Издание Международного Университета Бизнеса и Управления. стр. 426-432).
Парадигмын дээр дурдсан ухагдхуунууд бол Э.Дюрхэймын аргын тухай дүрмүүдийг санагдуулж байгаа бөгөөд үндсэндээ функциональ задлан шинжилгээг хийх үедээ судлаачийн баримтлах ёстой дүрэм горим гэж үзэх үндэстэй юм. Нэг ёсондоо судлаач нийгмийн үзэгдэл юмс, системийг судлахдаа судлаач эдгээр дүрмүүдийг баримтлах юм уу наад зах нь санаандаа бодож байх ёстой аж.
Р. Мертон: Функциональ задлан шинжлэхүйн нэр томьёоны тухайд. Функцийг тодорхойлсон нь
Социологийн онолын хөгжил болоод парадигмын асуудлыг ийнхүү авч үзсэний эцэст Мертон аргын тухай асуудалд анхаарлаа хандуулжээ. Түүний үзсэнээр функциональ задлан шинжлэхүй нь онол арга болон баримт сэлт гэсэн гурамсан холбоон дээр тулгуурладаг байна (Merton R(1968). Social theory and Social structure. New York: Free Press.).
Мертоны үзсэнээр эдгээрээс арга бол хамгийн сул тал аж. Функциональ задлан шинжлэхүйн чиглэлээр ажиллаж буй олонхи эрдэмтэд түүний онолын бааз суурь үндсэн ойлголтыг боловсруулах дээр ажиллаж, харин функционал задлан шинжлэхүйг хэрхэн хийх вэ гэдэг дээр анхаарлаа бага хандуулж иржээ. Арга нь онолд хандахгүйгээр үр дүнтэй байж чадах хэдий авч эмпирик ухааны хувьд онолын асуудал болон анхдагч мэдээллийг аль алиныг нь харгалзан үзсэн аргын судалгаа илүү ашигтай юм. Гэтэл социологид функциональ арга үүссэн цагаас аваад нэр томьёоны будлиан үүсчээ. Чухамдаа энэхүү будлиан нь судалгаа шинжилгээний ойлгомжтой байдал хийгээд шинжлэх ухааны коммуникатив харилцаанд сөргөөр нөлөөлж байна хэмээн Р.Мертон онцлон тэмдэглэж байлаа. Нэр томьёоны будлиантай байдал гэдгийг Мертон нэг нэр томьёон доор янз бүрийн утга санааг ойлгож хэрэглэж ирсэн явдал мөн гэж үзэж байв. Функциональ задлан шинжлэхүйн хувьд энэ байдал функци гэсэн үндсэн ойлголт дээр хурц илэрдэг аж.
Уг нэр томьёог асар олон янзаар томьёолсон нь бий агаад Мертон хамгийн их дэлгэрсэн таван утгыг жишээ болон авч байна. Анхдугаар утга бол “функци” –ийн дор хүндэтгэлийн агуулга бүхий олныг хамарсан хурал цуглаан, баярын арга хэмжээг ойлгодог байна. Монгол хэлнээ арга хэмжээ гэсэн утгаар хэрэглэгдэх нь бий. Энэ утга бол функциональ задлан шинжлэхүйд хүлээн авч болшгүй хувилбар хэмээн Р.Мертон нотолж байна.
Хоёрдугаар утга бол “функц”-ийг мэргэжил гэсэн ойлголттой хутгах явдал бөгөөд энэ нь М.Веберээс мэргэжлийг тодорхойлсон “мэргэжил бол хувь хүнийг байнгын орлого, ашиг хүртэх боломжийг хангахад чиглэсэн функцүүдийн хувилбар, мэргэшсэн арга хэлбэр мөн” гэсэн тодорхойлолтонд ихэд тодоор илэрдэг хэмээн Р.Мертон үзжээ (Мертон Р(1968). Один термин, различные понятия. В кн: Американская социологическая мысль: Тексты. Под ред. Добренькова. В.И. М: Издание Международного Университета Бизнеса и Управления. стр. 395). Монгол хэлнээ энэ утгаараа төдий л хэрэглэгддэггүй авч ажил үүргийн хуваарилалт гэсэн байдлаар ашиглах нь тааралддаг. Мертон функцийн энэ утга мөн л функциональ залан шинжлэхүйд тохиромжгүй гэж үзэж байгаа бөгөөд мэргэжлийг судлах тохиолдолд функци гэсэн үгийг бус харин мэргэжлийн шинжилгээ гэсэн үгийг ашиглах зүйтэй гэж санал болгожээ.
Гутгаар утга нь хүмүүсийн өдөр тутмын амьдрал төдийгүй улс төр судлалд өргөн хэрэглэгддэг бөгөөд “функци” хэмээх үгийн дор эзэлж байгаа албан тушаалын хүрээнд тухайн албан тушаалтны хийж гүйцэтгэх албан үүргийг ойлгох явдал мөн гэж Мертон тодорхойлж байна. Энэ утгаараа монгол хэлнээ тун өргөн тааралддаг бөгөөд эерэг болон сөрөг утгын аль алинаар нь хэрэглэдэг. Гэхдээ социалист нийгмийн улс төрийн тогтолцоотой сэдвээр гарч байгаа сүүлийн үеийн ном зохиолуудад “ намын функционер, номенклатур” гэж сөрөг утгаар нь хэрэглэх нь түгээмэл байгаа юм (Гүндсамбуу Х). Мертон функци бол дан ганц албан тушаалтнуудын хийж гүйцэтгэдэг зүйл биш харин социаль үйл ажиллагаа, социаль үйл явц соёлын стандарт зэрэг өргөн хүрээтэй стандарчлагдсан юмс үзэгдэл ч мөн адил хамаардаг тул функцийн дээрх утгын хувилбарыг тохиромжгүй гэж үзжээ.
Функцийн дөтгөөр утгыг анх Лейбниц математикт оруулж ирсэн бөгөөд бусад бүлэг хувьсагчид хандаж, тэднээр дамжин утга санаагаа илэрхийлдэг хувьсагчыг тэмдэглэдэг гэж Мертон тэмдэглэжээ (Мертон Р(1968). Один термин, различные понятия. В кн: Американская социологическая мысль: Тексты. Под ред. Добренькова. В.И. М: Издание Международного Университета Бизнеса и Управления. стр. 396). Монгол хэлнээ энэ утгаараа “функциональ хамаарал, функциональ харилцаа” гэж орчуулагдахгүйгээр шууд хэрэглэгддэг билээ.
Тавдугаар утга нь нийгмийн ухаанд түгээмэл агаад “функци” гэсэн үгийн дор харилцан хамаарал, хоёр талын харилцаа болон харилцан хамаарал бүхий өөрчлөлтийг ойлгох нь түгээмэл. Мертоны үзсэнээр энэ утга нь анхлан биологиос орж ирсэн бөгөөд энэ шинжлэх ухаанд функци гэж организмын бүрэн бүтэн оршин тогтноход оруулж байгаа хувь нэмрийн нь өнцгөөс авч үзэж буй амьдралын хийгээд органик үйл явц гэж ойлгодог ажээ. Рэдклифф- Браун зэрэг антропологичид болон Э.Дюрхэйм нар функцийн энэ утгыг нийгмийн ухаанд тохируулан засварлаж, организмын хэрэгцээ буюу оршин тогтнох зайлшгүй орчин нөхцөл болон түүнд таарч тохирсон үйл явц, үйлдэл гэсэн байдлаар тодорхойлсон гэж Мертон үзжээ .
Функцийн талаарх хамгийн их тархсан дээрх таван утгыг авч үзсэний эцэст Мертон тэдгээрийн нийтлэг дутагдалтай талыг дараах хоёр зүйлээр шүүмжлэн үзэж байна. Үүнд:
•Функцийг судлах социологийн шинжилгээг социаль хийгээд соёлын системд оруулж байгаа социологийн үзэгдэл юмсын зөвхөн эерэг хувь нэмрээр хязгаарлаж байгаа явдал,
•Сэдэл хэмээх субьектив ухагдхууныг функци гэсэн обьектив ухагдхуунтай хольж хутгаж байгаа байдал орно.
Эцэст Р.Мертон “функци гэдэг нь тухайн системийн орчиндоо дасан зохицох (adaptation) болон идээшин дасахад (adjustment) дэмжлэг болж буй ажиглагдаж байгаа үр дагавар мөн” хэмээн тодорхойлжээ (Ritzer G(1996). Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc.p. 250).
Үүнээс үзэхэд Мертон функцийг хэрэгцээ шаардлага, болон түүнд тохирсон үйлдэл хэмээсэн Рэдклифф-Браун болон Э.Дюрхэймын тодорхойлолтоос өөрөөр, систем болон орчны харилцан үйлдлийн үр дагавар гэж тодорхойлохын сацуу функцийн обьектив шинжийг “ажиглагдаж байгаа үр дагавар” хэмээн тодотгож байна. Хэдий уг тодорхойлолт функцийг эерэг байдлаар буюу дасан зохицох, идээшин дасахад дэмжлэг болж байгаа гэж тодорхойлж байгаа боловч түүнтэй эн зэргэцүүлэн дисфункци гэсэн ойлголтыг Мертон гаргаж ирсэн.
Ингэснээр бүтэц-функционализм нь функцийг нь дан ганц эерэг шинжтэй гэж үздэг сул талтай гэсэн шүүмжлэлийг үгүйсгэн функци бүхэн системийн интеграци, дасан зохицохыг дэмжин бэхжүүлдэггүй гэсэн шинэ байр суурийг томъёолжээ.
Мертоны тодорхойлсончлон “дисфункци гэдэг нь системийн дасан зохицох, идээшин дасах үйл явцыг сааруулан буруулж буй ажиглагдаж байгаа үр дагавар” аж.
Тэрбээр функци болон дисфункцийг АНУ –ын өмнөд мужуудад оршиж асан боолчлолын жишээн дээр тайлбарласан байна. Боолчлол нь хямд ажиллах хүч олгож, хөвөнгийн аж ахуйг хөгжүүлэх боломж, хөрөнгө чинээ, өндөр статус олгож байснаараа өмнөдийнхөнд ашигтай байж эерэг үр дагавартай (функци) байсан бол өмнөдөөс хамааралтай байж, аж үйлдвэржих боломжийг хязгаарлаж байснаараа хойд мужийнханд сөрөг үр дагавартай (дисфункци) байжээ. Ийнхүү нэг социаль үзэгдэл дээр гэхэд л нэгэн цагт, нэгэн зэрэг функци болон дисфункци ажиглагдаж байна.
Түүний сацуу Мертон функцигүй (nonfunction) гэсэн санааг дэвшүүлсэн бөгөөд энэ нь судалж буй системд эерэг ба сөрөг гэсэн ямар нэгэн үр дагаваргүй байх тохиолдлыг хэлэх аж. Тухайлбал, энэ нь өнгөрсөн үед ач холбогдолтой байсан авч орчин цагт ямар ч үр дагавар, ач холбогдолгүй, уламжлалаар дамжин ирсэн үзэгдэл, институт байж болох юм.
Түүнчлэн Мертон ил болон далд функци гэсэн ойлголтыг гаргаж ирсэн билээ. Түүний тодорхойлсноор “ил функци гэдэг нь системийн дасан зохицох, идээшин дасах үйл явцыг дэмжиж байгаа, уг системийн оролцогчдын урьдчилан ухамсарлан тооцсон обьектив үр дагавар” ажээ. Харин дисфункци гэдэг нь системийн оролцогчдын урьдчилан тооцоогүй, ухамсарлан мэдээгүй тийм обьектив үр дагавар аж. Эдгээрийг Мертон мөн л АНУ дахь боолчлолын жишээн дээр тайлбарласан бөгөөд боолчлол бол өмнөд мужийн эдийн засгийг үнэ хөлсгүй боолын хөдөлмөо ашиглан хөгжүүлэх ухамсарлагдсан, урьдчилан тооцсон ил функцитэй байсны сацуу өмнөдийн цагаан арьстан хэний боловч нийгмийн статусыг өргөж асан далд функцийг мөн давхар гүйцэтгэсэн байна (Ritzer G(1996). Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc. p. 251).
Р.Мертон: Нийгмийн социаль бүтцийн тухайд
Р. Мертон дунд онолыг хөгжүүлэх нь социологын мэдлэгийн онолын ба эмперик түвшний салангид тасархай байдлыг эцэслэх гол арга зам гэж үзээд нийгмийн социаль бүтцийг дунд онолын хүрээнд судалж байснаараа Т. Парсоноос ялгаатай болно.
Харин нийгмийн социаль давхраажилтын үндсэн шалтгааныг авч үзсэн нь Т. Парсонсын үзэл баримтлалаас төдийлөн ялгаагүй. Гэхдээ Т. Парсонс нийгмийн системийн бүтцийн (түүний дотор социаль бүтцийн) шинжилгээнд голлон анхаарч байсан бол Р. Мертон бүтцийн элементүүдийн функцийн задлан шинжлэхүйд түлхүү хандаж байлаа.
Энэ эрдэмтэн нийгмийн систем болон социаль бүтцийн функцийг хэвийн бус (дисфункци), ил болон латент гэж ангилсан байна. Түүнчлэн Р. Мертон социаль бүтцийн байнга хувьсан өөрчлөгдөж байдаг шинж чанарыг онцлон дурдаж хэдийгээр дисфункци сөрөг үүрэгтэй хэдий ч бүтцийн хувьсах юм уу халагдан солигдоход хүргэж байдаг эерэг үр дагавартай хэмээн бичиж байв. (Merton. R. K (1957) Social Theory and Social Structure. Glencoe. р. 59)
Социаль бүтэц хийгээд давхраажилтын талаарх Мертоны үзэл баримтлал нь бүтэц функционализмын төлөөлөгчдөөс нэлээд ялгардаг. Бүтэц функционализм нь социаль бүтэц, социаль давхраажилтыг системийн тогтвортой байдал, эмх цэгцийг хангаж, нийгмийн гишүүдийг эмхлэн журамлагдсан зэрэг зиндааны шатлалд оруулан эерэг үүрэг гүйцэтгэдэг хэмээн үздэг. Тэгвэл Мертоны хувьд социаль бүтэц хийгээд давхраажилт нь эерэг функцийн сацуу дисфункци гүйцэтгэдэг байна. Тухайлбал, хүн нийгэм-эдийн засгийн доод давхраанд төрсөн хүн чанартай өндөр боловсрол олох боломжоор хязгаарлагдмал учраас өндөр цалин хөлстэй ажил хийх боломжгүйд хүрч, амьжиргаагаа дээшлүүлэн нийгмийн илүү өндөр статуст хүрэхэд хүндрэлтэй болно. Энэ утгаараа социаль давхраажилт нь хүн хувь заяаныхаа эзэн байж, өөрийн хичээл зүтгэлээр амжилтанд хүрдэг гэсэн америкийн үнэт зүйлийг үгүйсгэн, улмаар нийгмийн шударга ёсыг зөрчигдөхөд хүргэдэг хэмээн тэрбээр үзжээ (Ritzer G(1996). Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc. p. 253).
Энэ үзэл бодол нь Мертоны соёл, бүтэц болон аноми байдлын харилцааны талаарх судалгаанд хүчтэй илэрдэг байна. Америкийн социологич Рицэрийн үзсэнээр Мертоны хувьд соёл гэдэг нь “ тухайн бүлэг юмуу нийгмийн гишүүдийн зан үйлийг захиран зохицуулж байдаг хэм хэмжээт үнэт зүйлсийн зохион байгуулагдсан цогц нийлбэр” бол бүтэц нь “нийгэм буюу бүлгийн гишүүдийн оролцож байгаа нийгмийн харилцааны зохион байгуулагдсан цогц нийлбэр” ажээ. Харин аноми байдал гэж “соёлын үнэт зүйлс, зорилго болон нийгмийн гишүүдийн бүтэжсэн чадавхийн хооронд гарч байгаа дисфункц” -ийг хэлдэг байна.
Бидний дээр дурдсанчлан хэдийгээр америкийн үнэт зүйлс нь хувь хүний өөрийн идэвх зүтгэлийг эрхэмлэн тунхагладаг авч бодит байдал дээр нийгмийн ялгарал, тэгш бус байдал энэ үнэт зүйлсийн хэрэгжилтыг хязгаарлаж байдаг байна. Ийнхүү соёл хийгээд бүтцийн хооронд үүсэн бий болдог дисфункци нь нийгмин дотор аноми байдлыг үүсгэн гаж үзэгдлиыйг бий болгодог ажээ. Чухамдаа соёл, бүтэц болон аноми байдал гэсэн энэхүү гурамсан хүчин зүйлсийн харилцааг дисфункцитэй холбон үзсэн нь Мертоны социаль давхраажилтын үзэл бодлын гол онцлог болж байгаа юм.

3 comments:

Мөнгөө said...

Надад хамгийн их таалагдсан үзэл баримтлал нь дисфункци, функцийн тухай.

ЗОРИГТ8 said...

Мөнгөө:
тийм шүү...хамгийн алдартай үзэл санаа нь шдээ..тэгээд ч бүтэц функционилзмд оруулсан хамгийн том хувь нэмэр...

Миний хувьд Зорилго арга хэрэгслийн зөрчилдөөний үзэл санаа буюу Девиацийн онол нь хамгийн их таалагддаг...

Аялгуунд дурлагч said...

Маш их баярлалаа оюутан надад их хэрэг боллоо баярлалаа цаашдын ажилд тань амжилт хүсье.