48.8% нь парламентын засаглалыг дэмждэг

2007 оны сүүлээр Монголын Лектор төвөөс Улаанбаатар хотын хэмжээнд явуулж асан томоохон социологийн судалгааны нэгэн бичил найрууллыг социологич Д.Аюурбуний бичсэнээр нийтэлж байна. 2008 оны сонгууль, тухайн үеийн улс төрийн байдал, иргэдийн санаа бодлын талаар хийгдсэн томоохон судалгаа байжээ.
Монголын Лектор төвийн судалгааны алба
Социологич Д.Аюурбунь
Өнөөдрийн байдлаар намын болоод нэр дэвшигчийн нэр хүнд ямар байгаа талаар тандан судлах үүднээс Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 560 иргэдээс анкетын аргаар санамсаргүй түүврээр сонгож явуулсан судалгааны дүнг зарлаж байна. Энэхүү судалгаагаар өнөөгийн улстөрийн болон эдийн засгийн асуудлыг судлан үзэх, тандан илрүүлэхийг гол зорилгоо болгосон.

УЛС ТӨР БА ОЛОН НИЙТ
Өнөөгийн улстөр бол дээд зэргээр хямарсан гэж хэлж болохоор байгаа нь судалгаанаас харагдаж байна. Арга ч үгүй дээ. Нүдний өмнө булхайгаа илчилж, нэг нь нөгөөгийнхөө дээлийг нөмрүүлэх нь холгүй. Төрд сонгогдсон түшээд нь “шээс” “баас”-аараа дуудалцаж алиагаа алдаж байгаа нь ичгэвэртэй байдал нь судалгаанд оролцсон хүмүүсийн 80.4% нь улстөр хямралтай байна гэж хариулснаас илхэн. Хэн ч хэвийн гэх билээ.
УИХ-ын ирц нь бүрдэхгүй, Хууль санаачлах, Батлах үндсэн үүргээ умартаж “шүүх”-ийн байгууллага мэт сайд нарыг нэг нэгээр нь оруулж ирэн унагах, шүүмжлэх ажил хийдэг болон хувирсан төр засаг бидэнд хэрэгтэй эсэх нь эргэлзээтэй байна.
Энэ бүхэн Улстөрийн хэдхэн субьект л буруутай. Тэр дундаа олон нийтийн үзэж байгаагаар “УЛСТӨРИЙН ГАЦАА” бологчид бол бид бүхний сонгосон УИХ, Тэднээс томилогдсон ЗАСГИЙН ГАЗАР ба ТҮҮНИЙ ГИШҮҮД гэж 59.2% нь үзэж байна.
Өөр ч хэн байхав дээ. Үндсэндээ төрийн ажлыг гацааж, түмэн олны зовлонгоор жаргал хийж байгаа 100 орчим УЛС ТӨРЧ хэмээх нэр зүүгсэд гэж би бодож байна.
Төрийн ажил явахгүй байгаа нь улстөрийн засаглалын буруугаас болж байна гэж ярих нь олширсон үнэхээр 76 цувж явдаг “Бар”-тай байснаас, цуглаж суудаг цөөхөн шаазгай байсан ч дээрч юм шиг. Олон нийт бол 48.8% нь Парламент, 23.9% нь Ерөнхийлөгч, 15.6% нь холимог засаглал байвал дээр гэж үзжээ. Урьд өмнө хийгдэж байсан судалгаануудаас харахад Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байгаа хүмүүсийн хувь нь 1.3 функтээр өссөн байна.

МАХН РЕЙТИНГ УНАЖ АТН, АН-ЫНХ ӨССӨН ХЭВЭЭР
Улс төрийн рингэн дээр хоёр нам болох МАХН ба АН нар гол өрсөлдөгч болж тоглолт хийж байгаа. Гэхдээ эдгээр хоёр намаас залхсан олон нийт цөөнгүй хэдий ч орлоод гарах олигтой нам, Улстөрийн хүчин одоогоор алга гэх нь бас багагүй. Үүнээс харахад манайх шиг хүн ам цөөнтэй улсад олон нам ч нээх хэрэггүй мэт.
Энэ улстөрийн намуудын нас, түүхэн замналыг нь аваад үзвэл нэг нь 80-тай нөгөө нь 18-тай, бусад хүчнүүдийн хувьд ч энэ зэрэгцэх нь бүү бүртгүүлж эхэлж байгаа.
Гэхдээ жижиг намууд дотроос ИЗН нэлээд эрчтэй байгаа бөгөөд рейтинг нь тогтмол өсөх магадлалтай. Мөн нэгхэн гишүүнтэй гэх АТН ч сайн тавхиж байна. Энэ нь тус намын даргын хувийн нэр хүндтэй шууд холбоотой болов уу. Аль ч судалгааны байгууллагын судалгаагаар улстөрчдийн дунд тус намын дарга Л.Гүндалай эхний 5-д явдаг нь бас л нэгийг өгүүлнэ.
Мөн үүгээр бие даан нэр дэвшигч болон шинэ намуудыг сонгох, үгүйлэх магадлал багагүй байгаа нь харагдаж байна.
МАХН нэр хүнд унаж байгаа гол шалтгааныг хэд хэдэн асуудлаар хариулсан байна.
Хамгийн гол нь МАХН гишүүд өөрсдөө намынхаа нэр хүндийг унагаж байгаа гэх бөгөөд МАХН дотоод зөрчил, зодоон ил гарч олны өмнө жүжиг нь тавигдаж эхэлснээс болж нэр хүндэд нь шууд нөлөөлж байна. Тодруулабал “Түмэнгэрэл”, “Хадгаламж” банкны, “Баатарын гэх тодотголтой асуудалд намын нөхдүүд орооцолдоод байгаа нь шууд нөлөөлж байна.

2008 оны сонгуульд аль нам хүчин УИХ-д олонх болох вэ гэсэн асуултад 24.5% нь тэнцүүхэн гарна, 32.5% нь хэлж мэдэхгүй, 22.9% нь АН, 18.6% нь МАХН гэж хариулсан байна.
Одоо болж буй МАХН-ын их хурлаар намын даргаа солих нь зөв гэж 43.7% нь үзсэн бол 32.4% нь эргэлзэж байгаа бөгөөд хэлж мэдэхгүй гэж хариулсан байна. Үүнээс үүдэн МАХН-ын нэр хүнд унах, шинэчлэлт хэрэгтэй байгаа нь олон нийтэд хүртэл хамаатай болж байна.

УЛС ТӨР БА НИЙГЭМ
Улс орны хэмжээнд энэ жил болсон үйл явдлуудын талаар олон нийтээс тодруулан асуухад. Жишээ нь Ми-8 онгоц, Хадгаламж банк зэрэг асуудлууд. УИХ-ын эрхэм гишүүн Ц.Батаа үнэг хөөж яваад улсын онгоцыг унагасаныг 71.6% нь буруу, Ми-8 онгоцны осолд Засгийн газар буюу онцгой байдлын хэлтэс гол буруутай гэж 83.9% нь, УИХ-ын эрхэм гурван гишүүн “Хадгаламж” банкны хэрэгт орооцолдсонд хариуцлага хүлээлгээгүйд 67.6% нь буруу, Хонгор суман дахь Цианнит натрийн асуудалд засгийн газар хэр сайн ажилласан вэ? гэсэн асуултад 56.9% нь муу гэж хариулсан байна. Энэ бүх байдлыг олон нийт төдийлөн таашаахгүй байгаа нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар иргэд сэтгэл дундуур байгааг харуулж байна.

2008 ОН БА СОНГУУЛЬ
Одоо жил хүрэхгүй хугацааны дараа болон УИХ-ын сонгууль ямар хууль дүрэм журамаар явах нь одоо болтол эргэлзээтэй байгаа. Томсгосон хуулиар явна гэж нэлээд шуугиж ихэнх улс төрчид өөрсдийгөө нэр дэвших магадлалтай хүний тоонд оруулан өрөөл бусдын тойргийн сумд руу хальж явах нь их болсон.
Гэтэл хуучнаараа явж магад гэх явган яриа гарсан байгаа нь оргүй зүйл биш байх. Үүнд харин олон нийт аль хуулиар явуулаасай гэж үзэж байгааг сонирхвол 47.6% нь шинэ хуулиар явуулахыг хүсч байгаа юм байна.
Сүүлийн жилүүдэд жендэрийн асуудал нэлээд яригдаж байгаа. Эмэгтэйчүүдийн төлөөлөл шийдвэр гаргах түвшинд бага байна. Бид дуу хоолойгоо өргөх хэрэгтэй гэж нэлээдгүй эмэгтэйчүүд нэгдэж ажиллаж зарим нэг нь хүртэл би намынхаа квотод багтаж таараа гэсэн аястай сонгуулийн ажилд орж мөлхөө сурталчилгаагаа хийж сонин хэвлэл, телевизээр үе үехэн асуудал хөндөн ярих нь ихэссэн.
Олон нийт ч эмэгтэйчүүдээс нээх татгалзсан шинж алга. Шинэ хуувиар нэр дэвшигч эмэгтэйчүүдийн 30%-ийн квотыг зөв гэж 48.8% нь үзэж байна. Энэ нь бас нэр дэвших магадлалтай эмэгтэйчүүдийн хувьд хонгилын үзүүрт гэрэл асахтай адил юм.
Төр олиграхиудаар хүрээгээ тэллээ гэх яриа ихэссэн. Бизнес, Найз нөхөд, Нутгийн гэсэн бүлэглэлүүд бий болж, спорт урлагийхан улс төрөөр занималдаж, эмэгтэйчүүд олон нийтийн төлөөлөл хошуурах хандлага ажиглагдаж байгаа нь нэг талаараа ТӨРД хэн ч орж болох юм байна гэсэн ойлголтыг өгч байна.
Одоо байгаа хүмүүсийг 2008 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээх нь бас багагүй байна. Судалгаанд оролцогчид шинэ залуу үеийхэнийг гэж 33.1%, турлагатай улс төрчид гэж 40.8%, мэргэшсэн парламентач гэж 13.1% тай байгаа нь одоогийн их хуралд сууж байгаа гишүүдийн бараг 20% нь бизнесийн бүлгийхэн бол тэднийг энэ удаад сонгохгүй гэж хариулжээ. Манай улсын хувьд аль нь бизнес, улс төрийнх вэ гэж бүлэглэх нь эргэлзээтэй бөгөөд ээдрээтэй асуудал юм

Иргэд олон нийтийн өмнө тулгамдсан асуудлууд цөөнгүй хэдий ч хамгийн ихээр сэтгэлийг нь зовоож буй зүйл бол цалин тэтгэвэр, ажлын байр нэмэгдүүлэх, авилгал хээл хахууль хүнд суртал, архидалт, үнийн өсөлт өндөр хувьтай гарсан. Энэ жилийн хувьд их бүтээн байгуулалт, ажлын байрыг нэмэгдүүлэх жил болгож зарлаад ажилд хүмүүс авч байгаа нь ард түмэнд мэдэгдэхгүй байгаа нь үүнээс харагдаж байна. 10-р сарын 1-ээс эхлэн цалин нэмлээ гэсэн нь мөн л адил гэтэл өргөн хэрэглээний бараа болоод бусад дагалдах бараа, бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж байгаа нь иргэд олон нийт урьд өмнө сэтгэлийг нь зовоосон асуудалд орж байгаагүй ҮНИЙН ӨСӨЛТ орж ирсэн байна.
Сүүлийн сард бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь олон нийтэд хэр мэдрэгдэж байгааг асуувал маш ихээр нөлөөлж байна гэж 79.6% нь үзсэн байна.
Үүнээс үүдэн улс орны хөгжлийн асуудлаар маргах мэтгэх, үзэл баримтлал, баримт бичиг боловсруулах нь их болсон ч олон нийт өөрийнхөө аж төрөн амьдарч байгаа улс орноо хөгжихдөө ямар чиглэл, салбараа барих чухал вэ гэдэг асуултад дараах байдалтай хариулсан байна.


No comments: