Оюутолгойн асуудлаар Хөрөнгийн Бирж судалгаа хийжээ


Монголын хөрөнгийн биржээс Оюутолгойн орд газрын талаар олон нийтийн дунд судалгаа хийсэн байна. Судалгаанд нийт 227 хүн оролцсон бөгөөд есдүгээр сарын 17-ноос 18-ны хооронд нийгмийн олонлогийн бүхий л хүрээг хамруулан санамсаргүй түүвэр хийж анкетын аргаар судалгаа хийсэн байна.

Судалгаанд нийт 134 эрэгтэй /59 хувь/ нь эрэгтэй, 93 эмэгтэй /41 хувь/ хамрагдсан бөгөөд хамрагдагсдыг насны хувьд авч үзвэл 60.8 хувь нь 18-30 насных, 25.6 хувь нь 31-40 насных, 13.7 хувь нь 41-ээс дээш насны оролцов. Боловсролын хувьд 72.2 хувь нь дээд боловсролтой, үлдсэн 27.8 хувь нь тусгай дунд болон бүрэн дунд боловсролтой иргэд хамрагдав.

Судалгааны 1-р асуулт “Та Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээнд анхаарлаа хандуулж байгаа юу?” гэсэн асуултад нийт оролцогчдын 81.9 хувь нь “Сонирхож байна”, 11.5 хувь нь “Сонирхохгүй байна”, 6.6 хувь нь “Мэдэхгүй байна” гэж хариулсан байна. Мөн “Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг зөв байгуулснаар танд хэрхэн нөлөөлнө гэж бодож байна вэ?” асуултанд нийт оролцогчдын 88.6 хувь нь “Нөлөөлнө”, түүн дотроос 44.5 хувь нь “Онцгой нөлөө үзүүлнэ” гэж хариулсан бол 5.3 хувь нь “Нөлөөлөхгүй”, 6.2 хувь нь “Мэдэхгүй байна” гэсэн хариулт өгснөөс үзэхэд Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээ нь иргэдийн анхаарлын төвд байгаа төдийгүй, энэхүү гэрээг зөв зүйтэй байгуулахаас иргэдийн амьжиргаа ихээхэн хамааралтай болох нь харагдаж байна.

Монгол улсын Үндсэн хуульд “...газар түүнчлэн газрын хэвлийн баялаг төрийн өмч мөн” гэж заасан байдаг. Манай улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюу толгойн алт зэсийн орд Хэний өмч вэ?” гэсэн асуултад судалгаанд оролцогсдын 92.5 хувь нь “Монголын ард түмний өмч” гэсэн бол 4.4 хувь нь “Хэний өмч болохыг мэдэхгүй”, “Айвенхоу Майнз”-ын өмч гэж 3.1 хувь нь хариулсан байгаагаас үзэхэд иргэдийн Үндсэн хуулийн болон өмчийн эрх зүйн мэдлэг хангалтай байгаа бөгөөд иргэд өөрсдийн өвөг дээдсээсээ өвлөн авсан өмч хөрөнгийг зөв зүйтэй удирдах, ашиглах, захиран зарцуулах талаар нилээдгүй анхаарлаа хандуулж байгаагийн илрэл юм.

Нийт судалгаанд хамрагдагсдын 65.6 хувь нь өвөг дээдсээс өвлөн үлдээсэн эрдэнийн их сан ашигт малтмалын ордуудаа түшиглэн үндэсний хүчирхэг корпораци, хувьцаат компани байгуулж, шаардагдах хөрөнгийн эх үүсэрийг хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа арилжаалах замаар бий болгож бүрдүүлэх нь зөв гэж үздэгээ илэрхийлжээ.

Түүнчлэн, “Иргэн Та Оюу толгойн ордын хувьцааг эзэмших сонирхолтой юу?” гэсэн асуултанд 71.4 хувь нь “Сонирхолтой” гэж хариулсан бол 21.6 хувь нь “Хэлж мэдэхгүй” байна гэж хариулсан байна. Энэ нь манай иргэдийн ихэнхи хувь нь Оюу толгойн хувьцааг эзэмших сонирхолтой байгааг харуулж байгаа төдийгүй, “Оюутолгойн хувьцаа Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжигдвал та худалдаж авах уу?” гэсэн асуултанд 88.1 хувь нь “Худалдаж авна”, түүнээс 34.4 хувь нь “Заавал худалдан авна” гэж хариулснаас үзэхэд иргэд өөрсдийн хөрөнгөөрөө үндсэний хувьцаат компаниудад хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаагийн нотолгоо юм.

Асуулт 9 “Компанийн тухай хуулийн 57.1-р хэсэгт “Компанийн гаргасан энгийн хувьцааны гуравны нэг /34 хувь/ буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг компанийн хяналтын багц гэнэ” гэж заажээ. Дээрхи заалтын дагуу Оюутолгой орд дээр байгуулагдах хувьцаат компанийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшсэнээр хяналтын багц эзэмшигч болох төдийгүй шийдвэр гаргалтанд нөлөөлөх боломж бүрдэж байгаа хэрэг юм.

Харин “Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-р зүйл буюу “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаална” гэсэн заалтыг хэрэгжүүлэхдээ Засгийн газрын өмчлөлийн 34 хувиас 10 хувийг нийтэд арилжихаар “Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн гэрээ”-нд тусгасан байна. Дээрхи нөхцлөөр нийтэд арилжих нь зөв үү?” гэсэн асуултанд нийт оролцогчдийн 78.9 хувь нь “Засгийн газрын өмчлөлийн 34 хувиас гадна үлдсэн хэсэг /66 хувь/ -ээс 10 хувийг нийтэд арилжих нь зөв” гэж хариулсан бол 26.9 хувь нь “Засгийн газрын өмчлөлийн 34 хувиас 10 хувийг нийтэд арилжиж болохгүй /Учир нь Засгийн газар хяналтын багцыг эзэмшиж чадахгүйд хүрнэ” гэж хариулсан нь “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-нд тусгагдсан нөхцөлд шүүмжлэлтэй хандаж байгаагийн илрэл болж байна

Судалгааны дүнг үндэслэн дараах дүгнэлтийг хийжээ. Үүнд:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-р зүйлд заасан “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина” гэсэн заалтыг хэрэгжүүлэхдээ Засгийн газрын өмчлөлийн 34 хувиас гадна үлдсэн хэсэг /66 хувь/ -ээс арилжихаар гэрээнд тусган оруулах

2. Өвөг дээдсээс өвлөн үлдээсэн эрдэнийн их сан ашигт малтмалын ордуудаа түшиглэн үндэсний хүчирхэг корпораци, хувьцаат компани байгуулж, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа арилжаалах замаар бий болгож бүрдүүлэх гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

4 comments:

Anonymous said...

Бас олон нийтийн судалгаа гээд нэрлэчихэжээ. Түүврийн хэмжээ яаж төлөөлж чадах вэ? дээ шууд л түүврийн хэмжээг нь хараад уншихаа болилоо.

ЗОРИГТ8 said...

Anonymous: Шүүмжлэлийг хүлээж авлаа...Би түүвэрчийн аргазүйн талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж танд мэдээлэхийг бодъё...Баярлалаа

Anonymous said...

ЗОРИГТ8 аа За баярлалаа. Мурьдаг шүү найз аа. Мартваа.............

ЗОРИГТ8 said...

Anonymous: хэхэ... лав л хөрөнгийн биржийн интернет сайт дээр энэ төрлийн мэдээлэл тавигдаагүй байна.. Тэхээр мэдээллийн шинжтэй байдлаар олон нийтэд хүргээд аргазүй аргачлалыг нууцалсан байж болзошгүй байна...

Баярлалаа блогоо зочилсонд...