Хамгийн их авлигатай хэмээн шүүх, цагдааг нэрлэлээ


Улс төрийн мэдээллийн www.vip76.mn сайтаас өнгөрсөн наймдугаар сард “Аль салбарт авлигал хамгийн их байна бэ?” санал асуулга, “Авлигал өгч, авч байсан бодит баримтуудын талаар хэлэлцье” нэртэй хэлэлцүүлэг бүхий авлигын тухай цогц судалгаа явууллаа.

Уг судалгаанд нийт 799 хүн оролцсон нь монголчуудын дийлэнх нь амарч байдаг наймдугаар сарын хувьд чамлахааргүй их тоо юм.

Санал асуулгад оролцогчдын 28,7 хувь нь буюу 229 хүн шүүх цагдаагийн байгууллагад хамгийн их авлига байдаг гэсэн байна. 25.9 хувь нь буюу 207 хүн төрийн захиргааны байгууллагуудад байдаг гэсэн бол 12.9 хувь нь буюу 103 хүн боловсролын салбарт, 12.6 хувь нь буюу 101 хүн эрүүл мэндийн салбарт авлига их байдаг гэснээр төрийн захиргаа, боловсролын салбарууд эн чацуу шахам санал авчээ.

Барилга, зам тээврийн салбарт 8.1 хувь буюу 65 нь, эрдэс баялаг, эрчим хүчний салбарт найман хувь буюу 64 хүн авлигал хамгийн их байдаг гэсэн нь дээрхи хоёр салбарт авлига харьцангуй бага байдаг гэдгийг харуулж байна.

Харин авлига хамгийн бага гэж байгаль орчин, аялал жуулчлал, хүнс хөдөө аж ахуйн салбаруудыг нэрлэж болохоор байна. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт судалгаанд оролцогчдын 2.1 хувь буюу 17 хүн авлига хамгийн их байдаг гэсэн бол хүнс хөдөө аж ахуйн салбарт 1.6 хувь буюу 13 хүн саналаа өгсөн байна.

Тус сайтын явуулсан дээрх судалгааны дүнгээс хархад хамгийн их авлигатай салбараар шүүх цагдаагийнхан тодорч, хамгийн авлигагүй салбараар хүнс хөдөө аж ахуйн салбар шалгарч байна.

Судалгаатай зэрэгцүүлэн “Авлигал өгч, авч байсан бодит баримтуудын талаар хэлэлцье” гэсэн нэртэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт нийт 100 гаруй санал хүсэлт ирсэн бөгөөд нилээдгүй олон авлигын баримтууд дэлгэгджээ.

Хэлэлцүүлэгт оролцсон хүн бүр “авлига өгөхгүй л бол ажил бүтэхгүй” болсонд бухимдаж байгаагаа илэрхийлжээ. Мөн угаасаа ядуу, дээрээс нь хариуцлага тооцдог систем байхгүй, цоорхой ихтэй хуультайг нь далимдуулж өвөр түрийгээ түнтийлгэх гэсэн гадны улсууд үнэхээр дур зоргоороо авирлаж байна, авлигалыг хөөргөж хөхүүлэн дэмжиж байгаа бас нэг хэсэг бүлэг хүмүүс бол Монголд байгаа гадаадын иргэд юм гэсэн сонирхолтой дүгнэлт ч гарч байна.

Эх сурвалж: www.vip76.mn

No comments: