Дээд мэргэжилтэй ажилгүй залуусын тоо өсчээ

Дэлхийд санхүү, эдийн засгийн хямрал нүүрлэж, энэ нь манай улсад нөлөөлж эхэлснээс хойш хөдөлмөрийн зах зээлд хүнд цохилт өгсөн. Өөрөөр хэлбэл, ажилгүйчүүдийн тоо өндөр хувиар өсөөд байгаа билээ. Энэ талаар болон нийгмийн эмзэг бүлгийн тухай "Нээлттэй нийгэм форум" судалгаа хийжээ. Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдлын талаарх судалгаанаас онцлог зарим баримтыг хүргэе.

Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо ихсэх, албан ёсны секторд шинээр ажилд авах нь буурах зэрэг байдлаар хөдөлмөрийн зах зээл дэх хямралын нөлөөлөл илэрч байна. Мөн эдийн засгийн хүндрэл, бэрхшээлээс шалтгаалан гадаадад ажиллах хүчний тоо буурах, ажиллагсад гадаадаас буцаж ирэх, мөнгөн гуйвуулгын хэмжээ багасах зэрэг нь хөдөлмөрийн зах зээлд дэх хямралын нэг сөрөг үр дагавар аж.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан өнгөрсөн оны мэдээгээр манай улсын хөдөлмөрийн насны нийт хүн амын 63.4 хувь нь эдийн засгийн идэвхтэйд ордог байна. Эдгээрийн 97,2 хувь нь ажил эрхэлж буй хүмүүс бол үлдсэн нь бүртгэлтэй ажилгүйчүүд аж. Иймд Үндэсний статистикийн хорооноос ажилгүйдлийн албан ёсны түвшин 2.8 хувь гэж үзсэн байна. Ажил эрхэлж буй хүмүүсийн ихэнх нь буюу 36.2 хувь нь хөдөө аж ахуйн салбар, 18.3 хувь нь үйлдвэр, барилга, уул уурхайн салбарт ажиллаж байжээ. Гэвч хямрал малын гаралтай түүхий эдийн үнийг навс унагаж, барилгын салбарыг зогсонги байдалд оруулж, уул уурхайн бүтээгдэхүүний ханшийг бууруулсан нь хөдөлмөрчдөд багагүй бэрхшээл авчирсан байна. Статистик мэдээгээр хямрал эхэлж байсан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд нийт 30 орчим мянган хүн ажил хайж байжээ. Энэ нь энэ оны нэгдүгээр сард 31, хоёрдугаар сард 32, гуравдугаар сард 34.7 мянга болж нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, ажилгүйдлийн төвшин байнга нэмэгдсээр иржээ. Хямрал эхэлснээс хойших 5-6 сарын хугацаанд ажилгүй гэж бүртгүүлсэн хүний тоо есөн мянгаар нэмэгдсэн аж. Нэг үгээр хэлбэл, ажилгүйдлийн түвшин 20 гаруй хувиар нэмэгдээд байгаа юм. Гэхдээ энэ нь манай улсын ажилгүйчүүдийн тоог бодитоор илэрхийлнэ гэвэл учир дутагдалтай аж. Учир нь ажилгүй болсон ч дүүрэг, хорооныхоо хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлэхгүй байх ээрэг олон тохиолдол байх аж.

Ажилгүйчүүдийн тоог харьцуулж үзэхэд сонирхолтой дүн гарч байгаа аж. Нэг үгээр хэлбэл, ажилгүйчүүдийн 16 орчим хувийг дээд боловсролтой залуус эзлэж байна. Мөн тусгай дунд боловсролтой нь зургаа, мэргэжлийн анхан шатны боловсролтой нь 6.1 хувийг эзлэж байв. Харин боловсролгүй ажилгүй залуус 0.4 хувийг эзлэж байгаа юм. Эндээс үзэхэд залуусын боловсрол ахих тусам ажил олдохгүй байна. Ялангуяа, дээд боловсролтой ажилгүй залуусын нас 2.5-34 байгаа аж. Энэ нь ид хийж бүтээх насан дээрээ ажилгүй сууж байна гэсэн үг. Сүүлийн жилүүдэд дээд боловсролтой мэргэжилтэнг олноор нь чанаргүй бэлтгэх болсон хэмээн шүүмжилж байгаа. Үүний илрэл нь их, дээд сургууль төгссөн залууст ажил олдохгүй байгаагаар батлагдаж байна.

Гадаадад ажиллагсдын албан ёсны тоо бүрхэг ч ойролцоогоор 200 орчим мянга байдагаж. Тэд cap шинийн баяр, сургууль эхэлдэгтэй холбоотойгоор оны эхний болон гуравдугаар улиралд мөнгө илүү их гуйвуулдаг байна. Өнгөрсөн оны хоёрдугаар улиралд шилжүүлэг 36.7 сая ам.долларт хүрч байсан бол дөрөвдүгээр улиралд 8.4 сая ам.доллар болж 70 хувиар буурсан байна. Харин энэ оны хоёр, дөрөвдүгээр улиралд дээрх хэмжээ эрс буурчээ. Өмнөд Солонгос, ОХУ, Европын Холбоо болон Зүүн Европын орнууд, АНУ зэрэг оронд хямрал ид явагдаж байгаагийн улмаас энэ оны хоёрдугаар сард Чех улсаас л гэхэд 770 Монгол хүн нутагтаа иржээ.

Иймд хямралын үед Засгийн газраас олон нийтийг хамарсан, тухайлбал, дэд бүтцийн засвар үйлчилгээ, байгаль орчин хамгаалах зэргээр хөдөлмөрийн багтаамж ихтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай аж. Манай улс энэ чиглэлд тодорхой арга хэмжээ авч байгаа ч төсөв хүндэрсэн гэдэг шалтгаанаар зарим зүйл ажил хэрэг болж чадахгүй байна.

Г.Батзориг Эх сурвалж: www.dandaa.mn

No comments: