Социологич мэргэжлээр төгсөгчдийн 80 гаруй хувь нь ажлын байртай

9-р сарын 1. Эрдмийн баяр. Оюутан сурагчдын хайртай баяр, тэсэн ядан хүлээдэг их тэмүүллийн баяр. Миний бие өдгөөгөөс жил 3 сарын өмнө МУИС-ыг “Социологич-Нийгмийн судлалын багш” мэргэжлээр төгсөж байжээ. Иймээс өөрийн мэргэжлийг болоод мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг их сургуулийн тэнхмийг танилцуулах нь зүйтэй болов уу хэмээн бодож байна. Сурагчдын мэргэжилээ сонгох чухал цаг үе ч ирсэн байгаа тул жижиг танилцуулгыг хүргэж байгаа юм.

Тухай: МУИС-ийн НШУС-ийн Социологи-Нийгмийн ажлын тэнхим нь 1991 оноос социологийн мэргэжлээр, 2000 оноос нийгмийн ажилтны чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсэн бөгөөд бакалавр, магистр, докторын 3 шатны сургалт явуулдаг. Үүний зэрэгцээ социологи, нийгмийн ажлын мэргэжлээр сургалт явуулдаг их, дээд сургуулийн оюутан багш нарын дунд эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг. “Эрэл Шийдэл” эрдэм шинжилгээний хуралыг жил болгон багш-судлаач, оюутануудын дунд зохиолж бие даан ажиллах боломжийг олгодог. Мөн тус тэнхмийн хамт олон сургалтын үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ улс орны болон олон улсын чанартай захиалгат судалгаа, төсөл хэрэгжүүлж байдаг онцлогтой. Дэргэдээ “Залуу үе-Социологич” клуб, “New Era” нийгмийн ажилтны оюутны kлуб ажиллаж практикт оюутнуудыг дадлагажуулж байдаг. “Нийгмийн Судалгааны Хүрээлэн”, “Социологийн Академи”, “Монголын Социологичдын Холбоо” зэрэг томоохон судалгааны институтуудтай хамтран ажиллаж ирсэн.

Тэнхимийн эрхэм зорилго: Социологи нийгмийн ажлын мэргэжлээр олон улсын стандартын шаардлагын төвшинг хангахуйц үндэсний боловсон хүчнийг бэлтгэх нь тус тэнхмийн хэтийн эрхэм зорилго мөн.

Төгсөгчид: Социологич мэргэжилтэн бэлтгэх хүрээнд одоогоор нийт 16 удаагийн төгсөлтөөр 300-аад социологич, нийгмийн ажилтны 8 удаагийн төгсөлтөөр 200 гаруй нийгмийн ажлын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн гаргажээ. Салбарын өөрийн үнэлгээний тайлангаас үзэхэд социологич мэргэжлээр төгсөгчдийн гуравны хоёр нь төр захиргаа, их дээд сургууль, коллеж, судалгааны байгууллага, төрийн бус, олон нийтийн байгууллагад ажиллаж зарим нь гадаадын магитсрантурт элсэн суралцаж байна. Социологийн мэргэжлийн төгсөгчдийн 80 гаруй хувь нийгмийн судалгааны институт, ФСЭХ, IRIM хүрээлэн, Лектор төв, УТБА, МҮОНРТ, Хэвлэлийн Хүрээлэн, “MMCG” компани, “Монгол Судалгаа” компани болон бизнесийн пүүс компаниудын судалгааны болон олон нийттэй харилцах газар, алба, хэлтсүүдэд ажилладаг.

Нийгмийн ажлын мэргэжлээр төгсөгчдийн олонх нь /70 орчим хувь/ нь төрийн болон төрийн бус байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байна. Тухайлбал, төрийн нийгмийн хамгаалал, халамжийн салбар байгууллагуудад, орон нутгийн захиргаанд нийгмийн албанд, ЕБС-д нийгмийн ажилтны орон тоон дээр ажиллаж байгаа юм. Мөн нийгмийн үйлчилгээний чиглэлийн төрийн бус байгууллагад тодорхой хувь нь ажиллаж байгаа ба өөрсдийн санаачлагаар байгууллага үүсгэн амжилт гаргаж байгаа төгсөгчид ч бий.



No comments: