ХЯМРАЛЫН ҮЕД Ч НИЙГЭМ СУДЛААЧДЫН ОРОЛЦОО ОРХИГДСООР...

О. Баасантогтох |Философи социологи эрхийн хүрээлэнгийн социологич|
Эдийн засаг, санхүүгийн хямрал нүүрлэн буй энэ үед олон улсын хэмжээнд төдийгүй төрийн эрх барих дээд байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн бүр өөрт нь тулгамдаж буй асуудлаа дор бүрнээ эрсдэл багатайгаар даван туулахыг эрмэлзэж байгаа нь лавтай. Гэсэн хэдий ч энэхүү хүнд нөхцөлд бие даасан арга хэмжээ төдийлөн үр дүнтэй бус гэсэн байр суурийг зарим хүмүүс дэвшүүлж байна. УИХ, Засгийн газар, нам эвслийн (эдийн засгийн эрдэмтдийн хамт) оролцоо, дэмжлэгтэй хямралаас гарах арга замыг сүвэгчилсэн хурал зөвлөгөөн зохион байгуулж, тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байгаа нь цаг үеэсээ хоцорсон ч оновчтой, зөв алхам гэдэгтэй санал нийлэх нь зүйтэй. Гэвч ажлын хэсгийн бүрэлдэхүүн, хурал зөвлөгөөнд оролцогчдыг ажил, мэргэжлээр шүүн харвал зарим шаардлагатай мэргэжилтнүүдийг (ялангуяа нийгэм судлаачид) орхигдуулсан нь харагдана. Энэ нь төрийн эрх барих дээд байгууллага, албан тушаалтнуудын нийтлэг алдаа юм.

Шилжилтийн үеэс хойш төрийн удирдах байгууллагын түвшинд нийгэм судлаачдыг төдийлөн ойшоон авч үздэггүй байсан нь улс орны өмнө тулгамдаж буй хямралыг даван туулах энэ үед ч давтагдаж байгаа нь нэн харамсалтай. Нийгэм, түүний хөгжлийн үндэс, ирээдүйн баталгаа суурь нь ард иргэд гэдгийг үл ухамсарлан, тэдэнд ямар асуудал, юунаас болж үүссэн хийгээд яаж шийдвэрлэх вэ? гэдгийг тодорхой шинжлэх ухааны үндэстэй судалсны үндсэн дээр үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөөгөө гарган ажилладаггүй. Энэ үед хэнд, юу хэрэгтэйг нь тооцохгүйгээр хөрөнгө зарцуулах нь одоогийнхоос ч илүү хүнд байдалд хүргэж болзошгүй.

Төрийн удирдах дээд байгууллагын томоохон алдааг нэгэн жишээгээр тайлбарлахад: Төсвийн хөрөнгийн багагүй хэсгийг олон төрлийн нийгмийн халамжинд (эхийн одонгийн мөнгө, хүүхдийн үдийн хоол, цэцэрлэгийн хоолны мөнгө, шинэ гэр бүлийн 500, хүүхдийн 3000, 25000 төг, ямааны мөнгө) зарцуулж байна. Мэдээж ард түмэн мөнгө авах сонирхолтойдоо аваагүй (гэхдээ зүгээр өгч байгаа юмыг хэн цааш гэхэв дээ?) улс төрийн нам хүчнүүдийн сонгуульд ялах гэсэн санааны илрэл нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулахад хүргэсэн. Хэрэв нийгмийн асуудлаар хийгдсэн олон төрлийн судалгааг төрийн өндөр албан тушаалтан, шийдвэр гаргагчид үр дүнтэй ашигладаг бол ард түмний орлогийг (өмнө хийгдсэн олон удаагийн судалгаанд үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох тухай санал багагүй хувьтай дурдагдсан байдаг) нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах өргөн боломж байсан. Эдгээрийг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бол нам хүчнүүд олны дэмжлэгийг хүлээх нь дамжиггүй байлаа.

Нийгэм судаачдын хувьд 1990 оноос хойш монголын нийгмийн амьдралд өрнөж буй бүхий л асуудлыг цэгцтэй судлаж, шинжилсэн. Энэхүү нөөц бололцоог одоогийн тулгамдаж буй асуудлыг даван гарах арга замыг тодорхойлоход зөв зүйтэй ашиглах хэрэгтэй.

2004 оны Засгийн газар байгуулагдах үеэс улс орны амьдралын талаар ул суурьтай судалгаа хийж нийгэм-эдийн засгийн талаар ард түмний байр суурь, амьдралын түвшнийг нь судалж холбогдох байгууллагуудад мэдээлж байсан боловч төрийн удирдах албан тушаалтнуудын зүгээс үл тоомсорлосон явдал нь цаг хугацааны явцад алдаатай, алдагдалтай ажиллахад хүргэсэн. Байдал бүр мөсөн хүндрээгүй байгаа энэ үед хямралыг эрсдэл багатай даван туулахын тулд нийгэм судлаачид төдийгүй бусад салбарын мэргэжилтэн, судлаачидтай хамтран ажиллаж, тэдний заавар зөвлөгөөг сонсож ажиллах нь төсвийн хөрөнгийг шаардлагатай зүйлд (хэнд, хаана, юу хэрэгтэйг тодорхойлох) нь зарцуулж, нийгэм-эдийн засгийн асуудлаар зөв бодлого баримталж ажиллахад илүү үр дүн үзүүлэх нь лавтай.

Ер нь үндэстний сэхээтэн, эрдэмтэдийн саналыг үл тоомсорлож гадаадынхны зөвлөгөө, зааварыг урьтал болгодогоо төр, засаг, намууд хэзээ болих юм бол доо?!


2 comments:

Алагсэндэр said...

http://elbegdorj-fun.blogspot.com

ЗОРИГТ8 said...

Алагсэндэр:
Ерөнхийлөгчөө гэж...