Улаанбаатарт шилжиж ирсэн өрхийн тоогоороо Төв аймаг тэргүүлж байна

Улаанбаатар, Орхонд хүн амын 42,1 хувь нь оршин суудаг. Харин уугуул нутгийн 18 аймагт 51,2 хувь нь амьдарч буйг шилжилт хөдөлгөөний судалгаа харууллаа. Хүн амьдрах газар нутгаа чөлөөтэй сонгох эрхтэй. Хуулийн заалтаар эл эрх баталгаажсан. Гэхдээ өдгөө хүн амын талаас илүү хувь нь нийслэлд шахцалдан суурьшиж, хөдөөд эзэнгүй зэлүүд оуурин олширчээ. Энэ бол шилжилт хөдөлгөөний сөрөг тал.
“Монгол Улсын хүн амын дотоод шилжих хөдөлгөөний чиг хандлага, үр дагавар” судалгааны тайланг өчигдөр танилцууллаа. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны захиалгаар НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Хүн амын сургалт, судалгааны төв эл судалгааг хийжээ.
Сүүлийн арав гаруй жилд шилжих хөдөлгөөний нөлөөгөөр бүс нутгууд дахь хүн амын байршил, нягтрал эрс өөрлөгдсөн байна. Тухайлбал, уугуул нутагт хамрагдаж буй аймгууд 1481.3 мянган хавтгай дөрвөлжин км газрыг хамарч, нэг км.кв нутагт ногдох хүн амын тоо 1995-2007 оны хооронд 0.91-0.93 болжээ. Гэтэл шилжин суурьшигч нутагт 1995 онд иэг км.кв газарт ногдох хүн амын тоо нийслэлд 136.6, Орхонд 81.5 байсан бол 12 жилийн дараа Улаанбаатарт 1.6, Орхонд 1.3 дахин нзмэгджээ. 2007 оны байдлаар уугуул нутгийн 18 аймгийн хүн ам Монгол Улсын хүн амын 51.2 хувийг эзэлж буй. Ийм байтал шилжин суурьшигч хоёрхон хотод 42.1 хувь нь, үүний 39.1 хувь нь нийслэлд амьдран сууж байна. Орхон аймагт баруун аймгуудаас ирэх шилжин суурьшигчдын тоо нэмэгдэж байгаа бол эсрэгээрзэ эл аймгаас нийслэлийг зоригсод олширчээ. Сүүлийн таван жилд Улаанбаатарт шилжиж ирсэн өрхийн тоогоороо Төв аймаг тэргүүлж байна. Тодруулбал, Төв аймаг 17.6, Хэнтий 10, Завхан 8.4, Архангай 8.4 хувийг эзэлж байгаа юм. Ингэснээр хотын хүн амын өсөлт улсын дунджаас гурав дахин их байна. Харин хөдөөд эзэнгүй нутаг л үлдсээр.
Шилжих хөдөлгөөнд хамгийн идэвхтэй оролцогчид нь 15-44 насныхан. Өөрөөр хэлбэл, ид хийж бүтээх насны залуус ажил хайж хот сууринд төвхнөж байна. Хот бараадах, хамаатан, үр хүүхдээ түших, хүүхэддээ сайн боловсрол олгох, ажил олох, ган, зудад амьжиргааны хэдэн малаа алдах зэрэг нь шилжилт хөдөлгөөнд нөлөөлдөг аж.
Улаанбаатарт шилжин суурьшигчдын 9.1, Орхонд ирэгсдийн 11.9 хувь нь өөрийнхөө араас хэн нэгэн хүн дагаж шилжинэ гэж хариулсан байна. Энэ мэтчилэн ойрын жилүүдэд шилжилт хөдөлгөөн тасрахгүй, ихсэх хандлагатай байгааг судалгаанд дурджээ. Гэхдээ эхэнд дурдсанчлан шилжин суурьшилтын сөрөг үр дагавар бишгүй. Ажилгүйдэл, ядуурлыг нэмэгдүүлэх, шилжин мрэгсдийн дийлэнх нь боловсролгүйгээс ажил олддоггүй, олдлоо ч цалин бага, гэмт хэрэг ихэсч буй, гэр хороолол тэлснээр агаарын бохирдол хэрээс хэтэрсэн, хөрс, орчны доройтол сэтгэл түгшээх хэмжээнд хүрсэн гэхчилэн. Тэрчлэн нийслэлд шилжин ирсэн айлууд өрхийн бүртгэлд тэр бүр хамрагддаггүй, үүний улмаас боловсрол,эрүүл мэнд, нийгмийн халамж, дэмжлэгийг хүртэж чаддаггүй. Газрын зөвшөөрөл олдохгүй, гэрэл цахилгаагүй харанхуй амьдрах нь энүүхэнд.
Нийслэлд ирсэн өрхийн 22.8, Орхонд суурьшсан айлуудын 14.4 хувь нь цахилгаанд холбогдоогүй гэсэн баримт ч байгаа аж. Судалгаанд дурдагдсанаар Улаанбаатарт шилжиж ирсэн өрхийн 60 хүрэхгүй, Орхонд төвхнөсөн айлуудын 76 орчим хувь нь л өөрийн эзэмшлийн газартай байна. Гэхдээ эдгээрийн 39-56 хувь нь газраа өмчилж авчээ.
Цаашид шилжилт хөдөлгөөнийн зохицуулах бодлого, эрх зүйн орчныг өөрчлөх шаардлагатай гэж судалгааны баг үзсэн байна. Юуны түрүүнд шилжилт хөдөлгөөнийг бүртгэдэг тогтолцоог боловсронгуй, хурдан шуурхай болгох хэрэгтэй. Эс бөгөөс бүртгэлгүй өрх, хүний тоо нэмэгдэх нөхцөл бүрдэнэ. Мөн архиваас лавлагаа авах шалтгаанаар олон удаа ирж буцах нь шилжин суурьшигчдад бэрхшээл учруулдаг гэдгийг судалгаанд оролцогчид хөндсөн байна. Иймээс төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгохоос эхлээд хүн амын шилжилт хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх, хот, хөдөөгийн ялгааг арилгаж, нийслэлийг зорьсон нүүдэл, төвлөрлийг сааруулах нь чухал билээ.

Д.Энэрэл

No comments: