Неофункционализм

О.Мөнхбат /Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал/
1930 –аад оноос 1960 он хүртэл америкийн төдийгүй дэлхий дахины социологийн онолын тавцанд ноёлох байр суурь эзэлж асан бүтэц функционализм ХХ зууны жараад оноос хүчтэй шүүмжлэлийн дор нөлөөгөө алдаж эхлэв. Харин 80-аад оны дунд үеэс дээрх онолын үзэл баримтлалыг неофункционализм хэмээх нэрийн дор дахин сэргээх, шинэчлэх оролдлого эхэлсэн юм. Эл нэр томьёо нь Бүтэц Функционализмыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ түүнийг өргөжүүлэх, шүүмжлэлт хамгийн өртөж асан гол гол дутагдлыг арилгах эрмэлзлэлийг илэрхийлж байлаа.
Неофункционализмын гол төлөөлөгчид болох Жэфрэй Александр Паул Коломи (Jeffrey Alexander, Paul Colomy) нар шинэ функционализм бол “функционализмын гол цөмийг хадгалахын хамт түүний оюуны хүрээг тэлэхийг эрмэлзэж буй функционал онолын өөрийн шүүмжлэлт чиглэл юм” хэмээн тодорхойлсон байна . Энэ утгаараа тэд илүү нийлэгжсэн онол бүтээхийг эрмэлзсэн гэж хэлж болно. Зарим судлаачид неофункционализм нь бүтэц функционализмын олон суурь зарчмуудыг таягдан хаясан тул функционал онол биш юм гэх нь бий .
Неофункционализм нь хувь хүнийг эрхэмлэн үзэхийг үгүйсгэсэн, өөрчлөлтийг эсэргүүцсэн, консерватизм, идеализм хийгээд эмпирик үндэслэгээг эсэргүүцдэг зэрэг уламжлалт бүтэц функционализмын дутагдалтай талуудыг даван туулах хэрэгтэй хэмээн Александр үзэж байна.
Тэрбээр хэдий неофункционализмын гол дэмжигч авч энэ бол онол гэхээсээ илүү чиглэл гэх нь зөв юм хэмээн хэлжээ. Үүнээс таван жилийн дараа түүний үзэг нэгт нөхөр Коломи “таван жилийн дотор неофункционализм нь чиглэлээсээ өөрийгөө ухамсарласан оюуны хөдөлгөөн болон бүтцэж байна. Ерөнхий онолын түвшинд чухал дэвшил хийж социологийн мета онолыг илүү нийлэгжсэн чиглэл рүү түлхэн уриалахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэж энэ талаар ихээхэн найдлага төрүүлж байна. Өнөөдөр неофункционализм амлалт төдий бус онол эмпирик эрэл хайгуулын салбар болжээ” гэж үнэлжээ .
Александр болон Коломи нар шинэ функционализмын гол баримжааллыг дараах байдлаар тодорхойлжээ.
Нэгдүгээрт: Неофункционализм нийгэм нь нэг нэгтэйгээ харилцан үйлдэлд ордог элементүүдийн бүтцийн хэлбэр гэж тодорхойлж, эн бүтэц нийгмийн системийг хүрээлэн буй орчноосоо ялгаруулдаг гэжээ. Системийн эдгээр хэсгүүд бие биентэйгээ символик байдлаар холбогддог бөгөөд тэдний харилцан үйлдлийг ямар нэгэн бүхэллэг хүчин зохицуулдаггүй гэжээ. Ингэснээр моно учир шалтгаанчлалыг үгүйсгэн нээлттэй, олон ургальч учир шалтгаанчиллыг хүлээн зөвшөөрч байна. Түүнчлэн неофункционализм нь рациональ төдийгүй үйлдлийн бусад хэлбэрийг хүлээн зөвшөөрч байна.
Хоёрдугаарт: Неофункционализм нь үйлдэл болон эмх журамд ижил анхаарал тавьдаг хэмээжээ. Ингэснээр зөвхөн нийгмийн бүтэц болон соёлын макро түвшний эмх журамд гол анхаарлаа хандуулдаг бүтэц функционализмын зарчмыг зарим талаар үгүйсгэн улмаар микротүвшний үйлдлийн хэлбэрт илүү анхаардаг аж.
Гуравдугаарт: Неофункционализмын зүгээс бүтэц функционализмын нэгдэл, интеграцийг чухалчилдаг үзлийг хадгалсан хэдий ч интеграцийг зайлшгүй төгс байдал бус харин социаль боломж хэмээн үздэг. Ингэснээрээ неофункционализм гажуудал, девиант болон нийгм йин хяналт бол нийгмийн системийн бодит байдал хэмээн хүлээн зөвшөөрдөг аж.
Дөрөвдүгээрт: Неофункционализм Парсонсын чухал ойлголтууд болох хувийн шинж, соёл, анд социаль системийг уламжлан авсан бөгөөд эдгээр системүүдийн гүнзгийрэн холбогдсон байдал нь зөрчилдөөнийг бий болгодог агаад зөрчилдөөн нь өөрчлөлт, хяналтын аль алины нь эх сурвалж болдог байна.
Тавдугаарт: Неофукционализм нь бие хүн, соёл, социаль системийн хүрээн дэх ялгарлын явц дахь социаль өөрчлөлтөнд анхаарлаа төвлөрүүлдэг байна.
Эцэст: Неофункционализм нь социологийн дүн шинжилгээний өөр бусад түвшнээс онолчлолын хувьд бие даасан хэмээн нотолдог.

1 comment:

GeorginA said...

Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481