Судалгааг судлахуй...

Өмнөх 2008 онд их хурлын сонгуультай холбогдоод есөн шидийн судалгааны дүнг мэдээлдэг хэвлэл мэдээллийн байгууллагууд, янз бүрийн аргачлалаар яадгаа алдсан судалгаа хийдэг "судалгаан"-ы төвүүд олширсон билээ. Намуудын болон нэр дэвшигчдийн рейтингээс эхлээд улс орны өнөөгийн нийгэм эдийн засгийн байдал, улс төрийн орчин, тухайн дүүрэг хороо, аймагт тулгамдаж байгаа асуудлуудыг хүртэл хангалттай гэгч нь судлаад гаргаад ирсэн гэхэд хилсдэхгүй. Өдгөө тэр сүржин нэртэй, даржин "судалгааны" гэх шошгийг зүүсэн төвүүд хааччив. Газрын гаваар оров уу? Гашилж ээдээд алга болчихов уу? Зорилгоо биелүүлээд тарцгаав уу? Зовлонгоо тоочоод төсөл аргацаан байна уу?
Төрийн болон төрийн бус, намын болон намын бус ганц хоёр судалгааны төвүүдийн мөрийг мөшгөв. 2004 оны сонгуулийн өмнө "Монголын PR ассоциаци" хэмээх байгууллагаас "Шилдэг 76" улстөрчийг шалгаруулаад бөөн шуугиан тариад байсныг санаж байна. Түүний араас хамгийн лаг 99, мундаг 100, буянтай 108 улстөрч, төрийн түшээ хэд ч билээ гэх мэтээр явж өгсөн. Сонгуулийн дараа ажилаа сайн хийсэн хүүхэлдэй хэмээгдэж шагнуулаад улс төрийн албан тушаалтай болоод алга болсон байх. Өнөөдөр, Сэрүүлэг сонинууд хамтран зохион байгуулж байгаа хэмээн шоудаж ямар шинжлэх ухааны хэн гээч эрдэмтэн докторын боловсруулсан судалгааны арга зүй, аргачлалаар судалгаагаа явуулсан нь мэдэгдэхгүй шалгаруулаад л дууссан санагдана.
"UB PR" гээд төвийхөн 2008 оны 3 сард АНУ-ын "Ардчилал, хүний эрх" хэмээх сангын захиалгаар нийслэл хот болон Дархан-Уул аймагт судалгаа хийж байжээ. /Нийгмийн толь сонин 2008-04-24/ Ярилцлага, анкетын аргаар авахдаа 12555 хүнийг судалгаандаа хамруулжээ. Ээ тэнгэр минь. Ямар гээчийн тоо вэ. "Olloo" портал сайт хэзээ судалгаа хийдэг байсан юм бэ...Ард түмний элч санал асуулга гэдэг олон шаттай судалгаандаа дор хаяж 6000 хүн оролцуулж байгаа гээд л цацаад байсан. За яахав энэ тооны хүнийг хамруулсан гэж үзэхэд түүвэр олонлог, түүврийн найдвартай байдал, түүвэр сонголт хэр бодитой вэ? МАХН-ын бололтой сүртэй нэртэй "Ард түмний санаа бодлыг судлах нийгэмлэг", АН-ын бололтой 25-р тойрогт судалгаа хийгээд байсан "Төгс Эрдэм" төв зэрэг байгууллагууд хаачваа...Сонгуулиас хойш тэдний тэрийг ч сонссонгүй...

Дараагийн сүрхий судалгаа хийгээд мэдээлээд байсан байгууллагууд нь Үндэсний PR, Face PR, Next PR, Жинлүүр PR /сургалт судалгааны гээд байгаа бас/ гээд их ойрхон нэртэй төвүүд юм. Саяхан УИХ-ын Хэвлэл Мэдээллийн Албаны даргаар томилогдсон Л.Нинжжамц гээд нөхөр л лав Face PR гэдэг байгууллагыг байгуулсан бол Үндэсний PR гэдгийг түүний үнэнч нөхөр А.Энхбаяр гэгч бууны нохой байгуулсан болохыг судлаач Д.Ганхуяг тэмдэглэж байжээ. Бүгд МАХН-ын улаан хамгаалагчдын байгуулсан шоуны, түр зуурын төвүүд байсан байна. За тэр Next PR-ыг нь ёстой мэдэхгүй юм. Ямар ч байсан PR-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 7 байгууллагын нэг нь л байх.

Бvгдийнх нь цаана мєнгє л нуугдах. “Ард тvмний элч”, “мєрєєдлийн парламент”, "олны хvсэмжилсэн 76 улс тєрч" гээд олон янзын санал асуулга болж єнгєрсөн санагдана. Телевиз, гар утас, тусгай утас, интернэт… ашигласан Монголдоо хамгийн том санал асуулгыг дээрх 2 агентлаг явуулсан. Далайцтай боловч дэндүү эмх замбараагүй, зохион байгуулалтгүй зүгээр л тааралдсан хүнээс мэдээлэл цуглуулах үйл явц, мэдээлэлтэй ойр нэгнээр анкет бөглүүлэх процесс болж өнгөрснийг бүгд мэднэ. Судалгааг холион бантан, улс төрийн зэвсэг болгодог улс Монголоос өөр байдаггүй байх гэж бодож байна. Цаана нь баруунд хамгийн нэр хүндтэй нийгмийн зүг чигийг заагч луужин, удирдлага болсон "СОЦИОЛОГИ" хэмээх бүхэл бүтэн социал шинжлэх ухаан байхад ингэж аяглах эрх тэдэнд байна уу...
Тєрєл бvрийн санал асуулга, шvvмжл‎эл, захиалгат нэвтрvvлэг, тєлбєртэй гутаалга, зорилготой онигоо, цуу, онилсон байтай хэвлэлийн бага хурал, хэрvvл, хараал, нус нулимс, занал зvхэл…Энэ бол Монгол Улс дах сонгуулийн үнэн бодит төрх.

Харин 2008 оны сонгуулиар “Миний дэлгvvр”, “Таны дэлгvvр” гэдэг шиг “Миний 76”, “Чиний УИХ”, “Бидний парламент” гэсэн санал асуулгууд vргэлжилж, сонгогч тvмний тархийг угааж, сэтгэл зүйн манипуляци лоббитой хамт явагдсан. Тоогүй хэрэг. Гэтэл мэргэжлийн социологийн судалгааны байгууллагууд сонгууль болохоос өмнө хангалттай судалж аль нам эвсэл хэдэн суудал авахыг хэлчихсэн байсан шүү дээ. Үр дүнг нь прогнозлочихсон байсан гэсэн үг. МУИС-ын Социологийн тэнхим, "Нийгмийн тодотгол", "Сант марал", "Richzone" зэрэг мэргэжлийн судалгааны байгууллагууд 1-5 хувийн зөрүүтэй тун ойрхон хэлж байсан бол Баабар МАХН нам 25 орчим, АН 39 суудал авах магадлалтайг судалгаан дээр үндэслэн хэлж байсан боловч зөрлөө. Энэ зөрөөнд хоёр намын сонгуулийн луйвар хамгийн их нөлөөллөө. Гэтэл илт булхай, луйвар явагдаж бохир гар дүрэгдсэнээс судалгааны бодит дүн нэлээд хол зөрүүтэй гарч судлаачид бухимдав. Өдгөө хүртэл бүрэн бүрэлдэхүүнээрээ чуулганаа хийж чадахгүй бойкотлон шуудайнд хийсэн үхрийн эвэр мэт хатгалцан байна. Хамгийн гашуун сургамж нь
Нийгмийн бухимдлын тэсрэлт, эмх замбараагүй байдал, олон түмний хамтын зан төлөвийн түрэмгий хэлбэр болох үймээн самуун болж нийгмийн бунт /Р.Мертон/ хэсэг улс төрийн хоригдол болон үлдлээ...Аймшигт 7 сарын нэгэн...
5 сарын 24-нд Ерөнхийлөгчийн сонгууль. Аль хэдийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар санал асуулгууд эхэлчиж. Интернет санал асуулга, хэвлэлийн санал асуулга, тв санал асуулгуудын үр дүнд эргэлзэж байна. Мэргэжлийн судалгааны үр дүнг одоогийн байдлаар хараахан ямар ч судалгааны институт,
төв мэдээлэгдээгүй байгаад гайхах юм алга. Яг адилхан. Прогнозлоод үр дүнгүй. Системийн эвдрэл, бүтцийн хөгзрөлд орсон нийгэмд сонгууль хийгээд түүнийг социологийн судалгаагаар таамаглах нь үлгэр байдаг юм байна.
Хотын аль нэг хэсэгтээ анкет барьсан гар хаалга тогшин яваа бизээ. Эрэлзэх зүйл алга
Социологич: Н.Батзориг 2009-04-19


8 comments:

A.Амарсайхан said...

Судалгааг тархи угаах хэрэгсэл болгоод байна даа. Манайхан шиг биенээ дуурайдаг улсын сэтгэл зүйг сайн мэдрээд байгаа юм аа, цаад луйварчид чинь. "Хүмүүс ихэнх нь Энхба ярт өгөх гэж байна би ч бас" гэх хүн сонгогчдын 99 хувийг бүрдүүлж байгаа шүү дээ.

Ganaa said...

Их сайн өгүүлэл болж. Манайд социологийг хөгжүүлье гэвэл энэхүү сайн дурын судлаачидтай тэмцэх ёстой. Ийм новшнуудыг Ринчин Бямбаев "хуурамбууд" гэж тун ч онож нэрлэсэн байдаг. Чи үүнийг эхэлж байгаа чинь их том зүйлийн эхлэл гэж бодож байна. Ингээд л бичээд байвал АМЖИЛТАД хүрнэ гэж бодож байна. Би л лав чиний насанд ингэж сэтгэж чаддаггүй байсан.
Судлаач Д.Ганхуяг.

3apaa said...

Судалгааны байгууллагууд бүгд хэд гурван төгрөг харангуутаа ч юм уу судалгаанд сул үзүүлэлттэй нөхдүүдэд судалгаагаа үзүүлж рекетлэдэг ч юм уу ямар ч байсан судалгаа бол шал худлаа л харагдаад мөнгө үнэртээд байх шиг байдаг болсон нь үнэн шүү.

ЗОРИГТ 8 said...

Амараа ах: Яг үнэн Монгол хүний менталитетийг л ашиглаж бохир ажиллагаа явуулаад байгаан...Иймэрхүү цуу яриа, судалгааг түрүү барьсан шумууд л их аюултай байгаад байгаан. Иймээс сонгогчдын боловсрол л чухал санагдаад байгаа юм даа..
Баярлалаа Амараа ах

ЗОРИГТ 8 said...

Ганхуяг ахад: Үнэхээр их баярлалаа танд..Өчүүхэн социологич миний бие блог орон зайгаа нээгээд 8 орчим сар болж бйагаа хэдийч сэтгэлд хүрсэн өгүүлэл нийтлэл бичсэн нь ховор билээ.
Сайн дурын социологич, делитантууд, хуурамбууд Монголоор л нэг болж...Тэднээс бид шинжлэх ухаанч байдал, арга зүйгээрээ ялгарах нь хамгийн чухал гэж бодож байна.
таны нийтлэлийг уншаад ямар их урам зориг авдаг гээч..Таны энэ л үгийг хүлээгэд байсан юм..
Баярлалаа танд...
Социологич: Н.Батзориг

ЗОРИГТ 8 said...

3apaa: Судалгаа ба мөнгө...
Мэдээж ямар ч судалгаанд мөнгө, хөрөнгө зарцуулж хийх нь үнэн. Иймээс мөнгө үнэртэх нь гарцаагүй...
Магадгүй судалгаагаар айлгах сүрдүүлэх, рекетлэх явдал бол байгаа нь үнэн..
Үүнтэй мэргэжлийн социологич бид л тэмцэх учиртай гэж бодож.
Санал бодлоо хуваацсан Зараад баярлалаа

zeregle said...

ene udaad ch enhbayar dahiad garchih baihaadaa. elbeg guai arai amjku haragdanalee.

ЗОРИГТ 8 said...

Зэрэглээ: Энхбаярын хатуу элькторатууд хөдөө орон нутгаар бол дүүрэн байгаа..
Харин УБ-т бол Элбэгдорж гарах магадлал өндөр.
Одоогоор үүнийг таамаглаж байна. Удахгүй нэг судалгааны дүн гарахбиз.
Баярлалаа