Олон нийтийн санал асуулгын загалмайлсан эцэг Ж.Геллап

Жорж Хора Гэллап АНУ-ын Айова мужийн Жефферсон хэмээх жижиг хотод 1901 оны арваннэгдүгээр сарын 18-нд мэндэлжээ. Аав нь газрын наймаа эрхэлдэг байсан бөгөөд таван хүүхдээ юугаар ч дутаалгүй өсгөжээ. Жорж хамгийн бага нь байв. Эцэг нь хүүхдүүдийнхээ хичээлийг байнга шалгаж зөвлөдөг байсан бөгөөд хамгийн бага хүүгээ сурвалжлагч бол гэдэг байв.

Аав нь хүүхдүүдээ зөвхөн хичээл хийлгээд байсангүй. Жоржийг долоо, ахыг нь есөн настай байхад тэдэнд арав гаруй үнээ худалдан авч өгсөн байна. Хөвгүүд үнээгээ арчилж, тэжээн, өөрсдийн саасан сүүг хөршүүддээ худалддаг байжээ. Хожим нь Жорж Америк даяар алдаршихад Жефферсон хотынхон “Хүүе, энэ чинь нөгөө сүү зардаг хүү л байна шүү дээ” гэцгээсэн гэдэг.

1919 онд эцгийнхээ зөвлөсний дагуу тэрээр Айова мужийн их сургуулийн сэтгүүлчийн ангид орж суралцсан бөгөөд сайн ч сэтгүүлч болжээ. Оюутан байхдаа их сургуулийнхаа өдөр тутмын сонинд редактор хийж байсан бөгөөд түүний ачаар сонин нь тун удалгүй их сургуулийнхан төдийгүй жирийн иргэдийн дунд ч эрэлт ихтэй болсон гэдэг.

1923 онд Гэллап их сургуулиа бакалаврын зэрэгтэй төгсөж зар сурталчилгааны нэр хүндтэй “D’Arcy Adүertising Agency” агентлагт ажилд орсон байна. Ард олны дунд явуулах санал асуулгын аргачлал түүний анхаарлыг гойд татаж тэрээр энэхүү аргачлыг өөрийн эрдмийн зэрэг хамгаалах бүтээлийнхээ сэдэв болгожээ. Гэхдээ тэрээр сэтгүүлийн талаар олон нийтээс зөвхөн санал аваад зогсохгүй, тэдэнтэй дугаарыг хамтран үзэж энэ үедээ тэдний саналыг сонсох шинэ аргачлал боловсруулжээ.

1929 онд тэрээр энэ сэдвээр эрдмийн зэрэг хамгаалж профессор болсон байна. Гэвч багшийн ажил түүнд нэг л таалагдахгүй байлаа. Жоржийн бичсэн “Уншигчдын санал бодлыг зөв тодорхойлоход саад болох оновчгүй санал асуултыг арилгах шинэ аргачлал” өгүүллийг уншсан зар сурталчилгааны “Young & Rubicam” компанийн эзэн түүнийг өөрийн компанид ажиллахыг урьсан байна. Ийнхүү Жорж энэ компанийн судалгааны тасгийг толгойлох болсон аж.

Энэ үед зар сурталчилгааны амжилт нь сурталчилгааны тоо, хэмжээнээс хамаардаг гэсэн онол үйлчилж байжээ. Гэллапын өмнө энэ онолын хэр зэрэг үнэн болохыг тогтоох, зар сурталчилгааны үр дүнг дээшлүүлэх шинэ аргачлал олох гэсэн зорилт тулгарсан байна.

Ийнхүү Гэллап зар сурталчилгааг гарахаас нь өмнө хүмүүсээс урьдчилан санал авах судалгааг анхлан явуулах болсон байна. Түүгээр ч зогсохгүй нэгэнт олон түмэнд танил болсон зар сурталчилгаа ямар үр дүнд хүрч буй талаархи судалгааны анхдагч нь болжээ.

Түүний судалгаа нь бас давхар үр дүнд ч хүргэсэн байна. 1930-д оны дундуур тэрээр ард олны дунд давамгайлж байгаа үзэл бодлыг урд нь хэзээ ч байгаагүйгээр нарийн тогтоож болохыг анзаарсан аж. Эртний Ромын үеэс яригддаг байсан “ард түмний санал, бодол”-ыг хэрхэн нарийн гаргаж болох аргыг чухамхүү Жорж Гэллап л анх олж тогтоосон билээ. Тэрээр 1935 онд Олон нийтийн санал бодлыг судлах Америкийн хүрээлэн байгуулахдаа өөрийн боловсруулсан нийгмийн санал бодлын судалгаа нь Америкийн ардчиллыг жинхэнэ “ард олны засаг” болгоно гэдэгт бүрэн итгэлтэй байсан гэдэг.

1935 оны аравдугаар сарын 20-нд Гэллапын хүрээлэн анхныхаа судалгааг явуулсан байна. Энэхүү судалгаа нь Улсын зардал үр дүнтэй эсэх талаар олон нийтийн санал бодлыг тодорхойлох зорилготой байжээ. Энэ судалгаа хэвлэлийнхний хараанаас мултарсангүй. Удалгүй Гэллап хэд хэдэн хэвлэлийн “Америк ярьж байна” булангийн хөтлөгч болсон байна. Жорж өөрийн судалгааг илүү үр дүнд хүргэхийг зорьж байсан бөгөөд иймээс ч жилийн дараа гэхэд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг урьдчилан гаргах судалгааны ажилд орсон аж.

Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан үр дүнг долоо хоног дутмын “Literary digest” сэтгүүл хариуцан явуулдаг байсан бөгөөд анхны урьдчилсан дүнг бүр 1916 онд гаргаж байжээ. Энэ судалгааг гаргахын тулд тэд “Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялах вэ” гэсэн асуулттай ил захидлыг маш олон хувиар тарааж үр дүнг нь тооцдог байсан гэдэг. “Literary digest” сэтгүүл урьдчилсан дүнгээ хэвлэхээс гурван сар хагасын өмнө Гэллап сонинуудад өөрийн урьдчилсан дүнг хэвлүүллээ. Тэрээр “Сэтгүүл өөрийн захиалагч болон утастай эсвэл хувийн машинтай гэсэн гурван янзын хүмүүст л өөрийн асуулгыг явуулдаг. Өөрөөр хэлбэл чухамхүү сонгуульд хамгийн идэвхтэй оролцох ядуусыг орхигдуулдаг. Иймээс тэдний энэ санал асуулгын дүн Франклин Рузвельтэд 44, харин Альфред Лэндонд 56 хувь гэж гарна. Харин жинхэнэ санал хураалтын дүн эсрэгээр буюу Рузвельт 56, Лэндон 44 хувийн санал авна” гэж бичжээ. Гэллап энэ мэдэгдлээ сонинд хэвлүүлэхийн тулд “Хэрэв би алдсан бол энэхүү судалгаанд зориулсан мөнгөө эргүүлж төлнө” гэж ам гарчээ. Энэ мөнгийг эргүүлж төлсөн нөхцөлд Гэллап судалгааныхаа хүрээлэнг дампуурсан гэж зарлахаас өөр аргагүй байдалд орох байв.

“Literary digest” сэтгүүл ч зүгээр суусангүй. Ерөнхий редактор нь “Бид санал асуулга явуулах олон жилийн туршлагатай. Гэтэл хэн нэгэн биднийг судалгаа явуулахаас ч өмнө санал асуулгын дүнг урьдчилан хэлж бүдүүлэгтэж байсныг би л лав санахгүй байна” хэмээн бичиж байжээ.

Тэр үед нэр хүндтэй “Literary digest” сэтгүүл ялагдана гэдэгт үнэндээ Гэллапаас бусад нь итгэхгүй байсан гэдэг. Гэвч тэрээр өөрийн санал асуулгын нарийвчилсан аргын үр дүнд бүрэн итгэлтэй байжээ. Энэхүү нарийн аргын нууц нь нийгмийг бүрдүүлдэг хэсэг бүрийн гишүүдээс хэсэгчилсэн санал асуулга авдагт оршиж байсан аж. Тухайлбал тэр үед АНУ-ын 49 хувь эмэгтэйчүүд харин 51 хувь нь эрэгтэйчүүд байв. Тиймээс сануулга асуулгад хүйсийн харьцааг яг энэ янзаар авч дээрээс нь нас, орлого, боловсролын байдал гэх мэт олон шалгуурыг нийгэмд байгаа байдалтай нь адил харьцаагаар авч санал асуулгын дүнг нэгтгэдэг байжээ. Тэрээр энэ тухайгаа “Ямар амттай шөл байгааг мэдэхийн тулд ганц халбагыг л амсахад хангалттай” гэж тайлбарласан байдаг.

Гэллапын эхний урьдчилсан дүн биеллээ олж “Literary digest” сэтгүүл 1936 оны аравдугаар сарын 31-нд Лэндон 57, харин Рузвель 43 хувийн санал авна гэсэн урьдчилсан таамгийг хэвлүүллээ. Хэд хоногийн дараа Гэллапын хэлснээр Рузвельт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялж 62.5 хувийн санал авсан юм.

Тэрээр шуудхан л бүх ард түмний дунд “од” болон тодорлоо. Ийнхүү түүний судалгааны дүнг улс төрийн сэдэвтэй л бол ямар ч зүйлд заавал хэрэглэх болжээ.

Гэллап алдар хүндийн оргилд хүрч түүний аргыг хаа сайгүй хэрэглэх болов. Тэрээр өөрөө судалгааны пүүсүүдийг шил дараалан нээж байлаа. Үүгээр ч зогссонгүй дэлхийн социологчид нэгдэж түүний нэрээр нэрлэсэн олон улсын “Gallup International” байгууллагыг 1947 онд байгуулж, анхны ерөнхийлөгчөөр нь Гэллапыг сонгожээ.

Гэвч дөрөв дэх Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг буруу тааснаас тэрээр 1948 онд золтой л дампуурчихаагүй юм.

“Хэдий өндөрт гарна тэр хэрээр чанга унана” гэдгийн үлгэрээр тэрээр гаргасан алдааныхаа хариуг тун ч сайн хүртсэн аж. Гэллаптай хийсэн гэрээгээ 30 орчим сонин шууд цуцалж, шуудангийн хайрцаг нь түүнийг доромжилсон захидлаар дүүрсэн байна. Хэн нэгэн түүнд “доктор Гэллап санал асуулгын талаар юу мэдэх вэ” гэсэн нэртэй ном явуулж хуудсыг нь сөхөөд үзэхэд бүгд хоосон байсан гэдэг.

1948 оны арваннэгдүгээр сарын 15-нд “The New York Times” сонинд хаагдсан “Literary digest” сэтгүүлийн редакторын захидал хэвлэгдсэн байна. Энэхүү захидалд “Би өшөө авагч болмооргүй байна. Гэхдээ болсон явдалд үнэхээр инээд хүрч байна” гэж бичсэн байлаа. Тэр ч байтугай машиныг нь зогсоосон цагдаа “Бас л худал цуурах гэж байна уу” гэх хүртэл нөхцөл байдал “хурцадсан” гэдэг.

Яагаад алдаа гаргаснаа тогтоохын тулд тэрээр дахин нэг шинжлэх ухааны судалгаа явуулсан байна. Судалгааныхаа дүнд тэрээр хүрээлэн нь санал асуулгыг хэтэрхий эрт зогсоосноо ойлгосон гэдэг. Учир нь сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө Трумэн “эргэлзэгчид”-ийн ихээхэн хэсгийг өөртөө татаж чадсан байжээ.

Үүнээс хойш Гэллап хэзээ ч Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан таамагт алдаа гаргаж байгаагүй билээ. Иймээс түүний шарил дээр зөвхөн “1948” гэсэн тоо бичигдэнэ гэж хүмүүс ярьдаг болсон гэдэг.

Жорж Гэллап 82 насалж 1984 оны долдугаар сарын 26-нд Швейцарьт нас эцэслэсэн байна.

Тэрээр хүмүүсийн сэтгэл зүрхэнд олон нийтийн анхны санал асуулгыг явуулагч хэмээн мөнхөрчээ. Иймээс олон хэлэнд “Гэллап” гэсэн үг шууд л олон нийтийн санал асуулга гэсэн утгаар буудаг байна. Харин тэрээр нас барахаасаа өмнөхөн “Хэрэв би бүхнийг эхнээс нь эхэлбэл зар сурталчилгааны ертөнцөд эргэж очих сон” гэж хэлж байсан аж.

Жорж Гэллап анхныхаа санал асуулгыг 1925 онд өөрийн сурч байсан коллежид явуулсан байна। Тэрээр оюутнуудад сургуулийнхаа хамгийн хөөрхөн охиныг нэрлэх санал тавьжээ. Энэ санал асуулгаар нэгэн багахан сонины эрхлэгчийн охин Офелия Миллер тодорчээ. Харин Гэллап тэр жилийнхээ зул сарын баяраар энэ охинтой гэрлэж байсан гэдэг. Мөн тэрээр 1932 онд өөрийн хадам эх Олы Бэбкок Миллерийг Айво мужийн нарийн бичгийн даргын сонгуульд ялна гэдгийг урьдчилан хэлж чадсан байна. Энэ сонгуульд урьд нь Ардчилсан намаас тэр тусмаа эмэгтэй хүн ялж байгаагүй учир Олы Миллерт ялах магадлал тун бага байсан байна. Гэвч Гэллапын зөв байсан төдийгүй түүний таамаглал зөвхөн нэг хувийн алдаатай гарчээ. Энэ санал асуулга нь түүний анхны шинжлэх ухааны үндэстэй явуулсан санал асуулга хэмээн тооцогддог байна.


No comments: