Улс төрийн нам ба социологийн судалгаа

Нэр хүндийн араас хөөцөлдөх улс төрийн намуудын сунгаа идэвхжиж эхэллээ. “Нэр хүнд” гэдэг барианд түрүүлж орсон нам нь “эрх баригч” хэмээх эрхэм шагнал хүртэх учиртай. МАХН, АН хоёр эл сунгааны гол өрсөлдөгчид байх бол жижиг намууд УИХ-д бүлэгтэй болох, суудлын тоогоо нэмэх, парламентад суудалгүй нь ядаж нэг төлөөлөгчтэй болох зорилготойгоор бэлтгэлдээ гарчээ. Мөн 2008 оны сонгуульд оролцох “нялх” намуудын тоо улам нэмэгдсэн нь хууччуулыг хурдлахаас аргагүйд хүргэж байна. МоАХ-ны анхдагчдын байгуулсан Ардчилсан холбоо хөгжлийн нам, гудамжны “шошго”-той Иргэний хөдөлгөөний гэх мэт намууд төрөн гарснаар сонгогчдын саналаас хумсалж таарна.

Ийм нөхцөлд том, жижиггүй бужигнасан улс төрийн намууд социологийн судалгааг “зэвсэг” болгон сонгожээ. Учир нь олон нийтийн сэтгэл зүй хамгийн хүчтэй. Тэднийг мунхруулж чадвал амжилтын түлхүүрийг өвөртөлсөнтэй адил. Уг нь социологийн судалгаагаар олон нийтийн санаа бодол ямар байгааг тандаж, тэд юу хүсэж буйг тогтоох нь зөв бодлого явуулах үндэс суурь болдог. Харамсалтай нь улс төрд үүнийг мушгин ашиглах боломжтой байдаг.

40 орчим судалгааны төв ажиллаж байна

Социологийн судалгаа хийдэг төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө ХЗДХЯ-наас авдаг. Харин зарим жижиг намын дэргэдэх судалгааны төвд ийм зөвшөөрөл авах шаардлага гардаггүй бололтой. Тэд “Намын бүтцийн байгууллага юм чинь зөвшөөрөл авч, бүртгүүлэх шаардлагагүй” гэж үздэг байна.

Хэдийгээр социологийн судалгаа хийдэг 40 орчим төв бий ч “Сант марал”, “Прогноз” зэрэг 3-4 нь л үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг аж. Сүүлийн үед 4-5 залуу нийлээд л нэг төв байгуулах болжээ. Заримд нь сургуулиа төгсөж амжаагүй оюутнууд ч ажилладаг гэнэ. Үнэндээ намуудын захиалга социологийн судалгааг “тархи угаах” зорилготой нэг төрлийн бизнес болж хөгжихөд хүргэсэн байна. Нам эсвэл хувь улстөрчид өөрт ашигтай дүнг судалгааны төвүүдэд захиалж гаргуулдаг аж. Судалгаа хийлгэх захиалга өгөхдөө үр дүнг нь хамт захиалдаг гэсэн үг.

Тиймээс ч мэргэжлийн эсэх нь хамаагүй хэдэн залуу нэг төв байгуулаад захиалгат дүн үйлдвэрлэх нь түгээмэл болж буйг мэргэжлийн хүмүүс шүүмжилдэг юм билээ.

МАХН, ИЗН, МЛН…

Дэргэдээ судалгааны төвтэй намуудын жагсаалт ийн хөвөрнө. Олон жил төр барьсан МАХН нэр хүндийн сунгаанд өрсөлдөгчөөсөө арай давуу явна. Учир нь тус нам дэргэдээ “Прогноз” хэмээх Сургалт, судалгааны төвтэй, мэргэшсэн, олон жилийн дадлага туршлагатай багтай. Тэд нь намын төлөө “сайн” ажилладаг аж. Тус төв хамгийн сүүлд зургаан аймаг, зургаан дүүрэгт улстөрчид, намуудын нэр хүнд ямар байгааг судлаад одоо дүнгээ нэгтгэж байгаа гэнэ.

ИЗН саяхан өөртөө “данс”-тай судалгааны төвтэй болжээ. “Жинлүүр” нэртэй социологийн судалгааны эл төв “бие даасан, бизнесийн зорилготой” гэсэн тодотголтой ч багийн бүрэлдэхүүнд нь ИЗН-ын гишүүдээс багтдаг юм байна. Тус төвөөс арванхоёрдугаар сарын 13-16-ны нийгэм, улс төрийн нөхцөл байдалд дүгнэлт хийжээ. Нийслэлийн зургаан дүүргийн 1400 гаруй иргэн оролцсон уг судалгааны “Маргааш сонгууль болвол аль намыг дэмжих вэ” гэсэн асуултад 26.5 хувь нь МАХН, 21.2 хувь нь АН, 8.9 хувь нь ИЗН, 4.5 хувь нь АТН гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл, ИЗН жижиг намуудаасаа тэргүүнд жагсчээ.

Тэгвэл өөр нэг намын судалгааг харъя. Монголын либерал намын /МЛН/ дэргэдэх социологийн судалгааны төв 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй, эдгээрээс 5-6 нь голлох үүрэгтэй бөгөөд тэд эдийн засагч, хуульч, социологич мэргэжилтэй гэнэ. Тус төв 2008 онд саналаа өгөх намыг тодорхойлсон судалгаа өнгөрсөн арванхоёрдугаар сард хийсэн байна. Ялгаатай нь тэд парламентад суудалгүй жижиг намуудынхаа хүрээнд тодорхойлолтоо хийжээ. Судалгаанд оролцсон 300 гаруй хүний 27.1 хувь нь МЛН, 9.7 хувь нь Социал демократ нам, 13.8 хувь нь Ногоон нам, 23.1 хувь нь Иргэний хөдөлгөөний нам, 6.8 хувь нь МУНН-д санал өгсөн байна. Өөрөөр хэлбэл, МЛН-ыг намынхан нь судалгааны төв нэр хүндээр хамгийн өндөр гэсэн дүн гаргажээ.

Улс төрийн намуудын дэргэдэх судалгааны төвийг больё

Дэргэдэх судалгааны төвөөрөө өөрийгөө магтсан дүн гаргуулаад шоудаж суудаг улс манайхаас өөр байдаггүй биз. Дэлхийн зарим оронд улс төрийн намууд нь дэргэдээ социологийн судалгааны төвтэй байдаг юм байна. Гэхдээ уг төвүүд нь хэн нэгэнд таалагдах, эсвэл олон нийтийг будилуулах хуурамч мэдээлэл гаргадаггүй. Намууд голдуу үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор иргэдийн санаа бодлыг танддаг бөгөөд үр дүнг нь дотооддоо л ашигладаг аж. Мөн судалгааных нь дүн бодит эсэх нь сонгуулийн үр дүнгээр батлагддаг.

Социологийн судалгааны төвийг үйл ажиллагаагаа сайжруулах, ард түмэнд хүргэх бодит зорилгын үүднээс ашигладаг олон улсын эрүүл системийг манай улс төрийн намууд мөрдөх, тэгж чадахгүй бол төвүүдээ татан буулгах нь зөв санагдана. Иргэдийн сэтгэл зүйгээр тоглох эрх тэдэнд байхгүй. Одоохондоо АН олон улсын жишиг рүү алхам дөхжээ. Тэд захиалгаар хөндлөнгийн судалгаа хийлгэхдээ аль болох өөр өөр байгууллагад хандахыг эрмэлздэг гэнэ. Улс төрийн намууд судалгааны төвөө татан буулгадаггүй юм гэхэд “Манай нам шилдэг нь” гэсэн хуурамч судалгаа гарган шоудахаа больж, социологийн судалгаа эрүүл, бодит үр дүнтэй байх ёстойг хүлээн зөвшөөрвөл яасан юм бэ.

Эх сурвалж: 2008 оны 04 сарын 29 "Өдрийн сонин"

No comments: