АНДДАА БИЧСЭН ЗАХИДАЛ

Алтан үсгээр бичиж титэм хийж өмсмөөр

Анд нөхөр минь миний цорын ганцхан гангараа юм.

-Ц.Хулан-

...Сайн байна уу? Арван тавны дүгрэг том гэрэлт сар шиг дүүрэн төгс гэгээн сэтгэлт анд минь. Зүрхнээс ундран гарах сэтгэлийн үгсээ урсгасан энэ захидалыг унших өдрийн мэндийг хүргэе!

“Захидал бүхэн хариутай” гэсэн билэгт үгийг бодолцон хариу захидал мутарлан суух нь сайхан захидал уншин сэтгэл догдлон омогшисоных бизээ. Чиний хэлсэн шиг “Улаанбаатар” хэмээх их хотын саарал өдрүүд үргэлжилсээр, өчүүхэн биеэ цаг хугацааны машинд тээн, битүү манан буданд баримжаа алдан зомгол лугаа ийш тийш шидлэн байна.

Урд минь зөндөө их ажил овоорч байна. Өнөөдөр тун ч их завгүй байна. Тиймээ, өдөр бүхэн би өмнөх ажилдаа хөтлүүлэн тэмцсээр, урагшилсаар л байна. Гэхдээ нэг л биш байгааг би хамгийн сайн мэдэж байгаа хэрнээ яаж ч чадахгүй байна. Цалин хэтэрхий бага байна, хэрэгцээний маань хаана нь ч хүрэлцэхгүй байна, ялангуяа энэ хямралын гэх тодотголтой цөвүүн цагт бүүр ч бараадахгүй байна. Хэрхэн байр савтай болох, яаж машин тэрэгтэй болох, яавал аз жаргалтай байх бол гэсэн “Америк мөрөөдөл” халзан толгой цагираглан эргэх нь хяслан. Ялгарал нь дэндсэн нийгэмд жаргалын тухай яриад ч хэрэг алга. Санаа зовох л юм хааяа. Ажил хүлээн гэртээ бясалган суугаа анд чи үүнийг гярхай гэгч нь ойлгож буй бизээ.

Ажилдаа биеэ нухлуулах, сэтгэлээ өгөн завгүй ажиллахаас илүү өөрийнхөө тухай эргэцүүлэн, нөхцөл байдалдаа свот хийн, прогноз таамаг дэвшүүлэн тааз ширтэн хэвтэх нь жаргалын жаргал, тав тухын дээд мөн гэдэгтээ санал нэг байна.

Пиво ууж, караокедаж асан тэр л хоромд андын хэлсэн үгс цээжинд уяатай яваа найзынх нь. “Хамтрахаас хэзээ ч буцахгүй нөхөрлөл”-өө санагалзан янз бүрийн булан тохой, салбарыг хайн мэргэн санаа өвөрлөх авч ажил хэрэг болгох хэсэг дээрээ нойл заах юм. Ажилаа хийх, залуу лидерийн хичээлдээ явах, мөн нийгмийн хөгжлийн төсөл хэрэгжүүлэх гэх мэтийн ажилд гар дүрэн орсон болохоор зав гэж өчүүхэн төдий байна үнэндээ. Эхний удаад “Мэргэжлийн Социологичдын Клуб” хэмээх мэргэжилдээ хандсан ажил дээр хамтран ажиллах санааг чамд цухуйлгаад удаж байна. Би бээр энэхүү ажилыг заавал хийвэл зохих мэргэжлийн ёс зүйн үйл хэрэг хэмээн үзэж бодит ажил болгоход анд чамтай түншлэх бодолтой байгаа.

Мөнгө үрэхгүй ажил. Энэ мэдээж боломжтой. Мөнгө үрэх ажил бол бид 2-ын хувьд гарцаагүй асуудал. Социологичдод боломж байна. Давуу тал, нөөц байна. Үүндээ л тулгуурлах, дөрөөлөх нь чухал. Чадах зүйл гэхийн оронд чадахгүй зүйл байна уу гэж энэнээс хойш асууж байхаар тохиролцвол ямар вэ Гончигоо. Бидний чадахгүй зүйл бусад мэргэжлийн хүмүүсийн чадах зүйлтэй тэнцэнэ хэмээн бодох болоод байгаа шүү.

Дөрвөн жил оюутны намхан ширээний ард лекц, семинарт тохой холбон суусан яруу цагийн сурсан эрдэм шиг луужин алга. Сураагүй эрдэм шиг хэрэгтэй зүйл ч алга. Иймдээ ч сурсаар байна найз нь. Үндэсний их сургууль, Залуу Лидер Хөтөлбөр, ..... гээд цаашид үргэлжлэх биз. Үхчихгүй бол ...

За тэгээд радиог бараг хаясан дээр. Радио сонсогчидын тоо эрс багасч байна. Фм радионууд үнэхээр санхүүгийн хувьд хэцүү байдаг сураг байсан. Бараг дэмий. Сонин сэтгүүлийн талаар судалгааг Хаан банк гэх мэт банкууд, Томоохон реклам захиалагчид нэлээд сонирхдоод байх шиг. Энэ тал дээр нэг сайн төсөл бичвэл амжилт олох магадлалтай хэмээн үзэж байна. Реклам сурталчилгаа. Энэ тал дээр Максима үнэхээр сайн ажиллаж байна. Дангаар ноёрхож байна. Гэхдээ мониторинг л доо. Реклам сурталчилгааы үндэсний хэмжээний олон нийтийн санал асуулгын төсөл байж болох юм.

Андын бичсэн сайхан бизнесийн санааг чин сэтгэлээсээ дэмжиж буйгаа илэрхийлээд социологичдын хөдөлмөрийг мөнгө болгох цаг болсныг дурдсуу.

Жаргалдаа ташууран алдаж, эндэж явсан гэнэхэн насны минь дуудлага, анхны алтанхан дурсамж минь болсон өнгөрсөн үе-оюутан ахуй нас чамдаа аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсье!

Хүндэтгэсэн журмын нөхөр: Н.Батзориг

2008-02-12

No comments: