Эдийн засгийн сэдэвтэй сэтгүүл зүйн бүтээлд нэр нь хамгийн олон дурдагдсан эдийн засагч, шинжээч, нийгмийн зүтгэлтнийг тодруулах судалгааны тайлан

The Mongolian Mining Journal нь судалгааны мэргэжлийн байгууллагуудтай хамтран уул уурхай, эдийн засгийн чиглэлээр судалгаа, санал асуулга тогтмол явуулдаг билээ.

Энэ удаа ММJ сэтгүүлийн жил тутмын уламжлалт санал асуулгын дүнг толилуулж байна. 2010 оны эхний хагас жил нь МонголУлсын эдийн засагт онцгой сонирхолтой цаг үе бөгөөд хөгжлийн суурь болсон олон асуудлыг Засгийн газар шийдвэрлэхийг чармайжээ. Энэ цаг үед нийгмийн санаа бодолд хамгийн хүчтэй нөлөөлж чадсан судлаач, эдийн засагч, улстөрч, олон нийтийн байгууллагын төлөөлөгчдийг ММJ нэрлэж байна.
Эдийн засгийн чиглэлээр төр засгаас гаргаж буй бодлого, шийдвэртэй холбоотой сэтгүүлзүйн бүтээлд түгээмэл дурдагдсан эдийн засагч, шинжээч, нийгмийн зүтгэлтэн
1.1 Эдийн засгийн сэдвээр хамгийн олон удаа нийтлэл бичиж хэвлүүлсэн эдийн засагч, шинжээч, нийгмийн зүтгэлтэн

Судалгааны дүнгээс үзэхэд 24 нийтлэлчийн 48 нийтлэл гарсан бөгөөд тэднээс эдийн засагч Н.Дашзэвэг 13 удаа (27.1%), эдийн засагч Б.Баттөмөр 5 удаа (10.4%), эдийн засагч Д.Жаргалсайхан 4 удаа (8.3%) нийтлэл хэвлүүлжээ. Эдгээрийг нийтлэгдсэн тоо, аль нүүрт, нийтлэлийн зай талбай, нийтлэгчийн зургийг нийтэлсэн эсэх зэрэг шалгуураар эрэмбэлвэл дараах үр дүн харагдаж байна.

1.1.1 Н.Дашзэвэг Эдийн засагч 13 удаа (27.1%)
Эдийн засагч Н.Дашзэвэг 2010 оны эхний хагасд эдийн засгийн сэдэвтэй 13 нийтлэл өдөр тутмын сонинд нийтлүүлж “хамгийн олон удаа нийтлэл хэвлүүлсэн” эдийн засагчаар шалгарч байна. Н.Дашзэвэгийн нийтлэлүүд нь “Зууны мэдээ” сонины эдийн засгийн мэдээллийн булан болох 5-8-р нүүрт нийтлэлчийн зурагтай хамт гарчээ.

Уул уурхай, ашигт малтмал; Төсөв мөнгөний бодлого, инфляци; Хөдөө аж ахуй зэрэг сэдвийг зонхилон хөндөж, “Бодлогогүй зуднаас хэзээ гарах вэ?”/2010.03.29/, “Де Сотогийн хожимдсон зөвлөгөө, хоосон тооцоо”/2010.02.23/, “Таван толгой гарц №1 Кореа”/2010.04.02/, “Таван толгой гарц №2 Япон”/2010.04.16/ зэрэг нийтлэлүүдээрээ төр засгаас гаргаж буй шийдвэр бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, шинэ гарц хайсан, асуудал дэвшүүлсэн нийтлэлүүдийг бичиж хэвлүүлсэнээрээ онцлогтой байна.

1.1.2 Б.Баттөмөр Эдийн засагч 5 удаа (10.4%)
2010 оны эхний хагасд эдийн засагч Б.Баттөмөр эдийн засгийн сэдвээр 5 нийтлэл бичиж хэвлүүлжээ. Нийтлэлүүд нь “Зууны мэдээ” сонины 5-р нүүрт, нийтлэлчийн зурагтай хэвлэгдэж гарсан бөгөөд нийтлэлүүд нь нилээн том хэмжээтэй байдгаараа бусдаас онцлог байв. Өөрөөр хэлбэл Б.Баттөмөрийн нийтлэлүүд дунджаар А2-ийн 1/3 зай талбайг эзэлсэн байдаг.
Улмаар уул уурхай, ашигт малтмал; Төсөв мөнгөний бодлого, инфляцийн асуудлаар голлон “Мэдлэгийн менежмент”/2010.03.18/, “Баялгийн менежмент”/2010.04.29/, “Эрчимтэй хөгжил гэж юу вэ”/2010.04.12/ “Голланд өвчнийг эмчлэх нь”/2010.04.26/ зэрэг танин мэдэхүйн, асуудал дэвшүүлсэн нийтлэлүүдийг бичжээ.

1.1.3 Д.Жаргалсайхан Эдийн засагч 4 удаа (8.3%)
Эдийн засагч Д.Жаргалсайхан энэ оны эхний хагас жилд 4 удаа эдийн засгийн чиглэлээр нийтлэл бичиж хэвлүүлжээ. Д.Жаргалсайхан бүх нийтлэлээ “Өнөөдөр” сонины эдийн засгийн булан буюу 3-р нүүрт хэвлүүлжээ. Нийтлэлүүд нь дийлэнхдээ зурагтай байв. Мөн нийтлэлч Б.Баабар, Монгол банкны Мөнгөний бодлого судалгааны газрын ахлах эдийн засагч Б.Лхагважав нар энэ хугацаанд 4 удаа нийтлэл бичиж хэвлүүлсэн боловч сэдэв болон асуудлын хувьд эдийн засагч Д.Жаргалсайхны нийтлэл илүү байсан юм.

Түүнчлэн эдийн засагч Д.Жаргалсайхан “Ширэнгэ засаглал”/2010.01.13/, “Шинэ сэтгэлгээ”/2010.01.20/ зэрэг банк санхүү, хөрөнгийн зах зээл; төсөв мөнгөний бодлого, инфляцийн сэдвийг хөндсөн танин мэдэхүйн, Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн, шинэ санал санаачлага дэвшүүлсэн нийтлэлүүд бичсэнээрээ ялгарч байна.

Хамгийн их нийтлэл бичиж хэвлүүлсэн дээрх 3 эдийн засагчид төсөв мөнгөний бодлого, инфляцийн асуудлыг хөндсөн байна. Мөн мэдээлэл бүрдүүлэх явцад эдийн засагчид өөрийн нийтлэлээ дагнан хэвлүүлдэг сонинтой бөгөөд нийтлэл нь эдийн засгийн мэдээллийн нүүрт хэвлэгддэг нь харагдсан юм.

Дээрх гурван эдийн засагчдаас гадна нийтлэлч Б.Баабар мөн 4 удаа, Монгол банкны Мөнгөний бодлого судалгааны газрын ахлах эдийн засагч Б.Лхагважав 4 удаа, эдийн засагч С.Авирмэд, Д.Готов, Ч.Баянжаргал, И.Саньцар, Т.Энхбаяр нар, мөн УИХ-ын гишүүн Х.Баттулга, Батж.Батбаяр, С.Баярцогт, Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж зэрэг хүмүүс тус бүр 1 удаа нийтлэл бичиж хэвлүүлжээ. /Дэлгэрэнгүйг Хавсралт 1-с үзнэ үү/

1.2 Эдийн засгийн сэдвээр хамгийн олон удаа ярилцлага өгсөн эдийн засагч, шинжээч, нийгмийн зүтгэлтэн
Судалгааны хугацаанд нийт 105 хүний 153 ярилцлага нийтлэгдсэн бөгөөд үүнээс Сангийн сайд С.Баярцогт 12 удаа (7.8%) ярилцлага өгч энэ төрөлд тэргүүлэв. Удаах байрт эдийн засагч Д.Жаргалсайхан 6 удаа (3.9%), МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар 5 удаагийн (3.3%) ярилцлага өгсөнөөрөө жагсаж байна.

1.2.1 С.Баярцогт Сангийн сайд 12 удаа (7.8%)
Тэрээр ярилцлагадаа Уул уурхай, ашигт малтмал; Төсөв мөнгөний бодлого, инфляци; Банк санхүү, хөрөнгийн зах зээл зэрэг сэдвийг хөндсөн бөгөөд судалгаанд хамрагдсан бүх сонины эхний нүүрүүдэд (1-5) нийтлэгдсэн нь сангийн сайдын ярилцлагын сэдэв болон асуудлыг сонины редакцууд чухалчилсан нь илэрхий байна.
Сангийн сайд С.Баярцогт эрхэлж буй ажилтайгаа холбоотой “Зэсийн үнийн өсөлтөөс 209.3 тэрбум төгрөгийн орлого олно” /2010.04.30 Өдрийн сонин/, “Оюутолгойн гэрээ хүчингүй болж ч болно шүү дээ” /2010.03.03 Үндэсний шуудан/ зэрэг ярилцлагадаа төр засгаас явуулж буй бодлого үйл ажиллагааг сурталчилсан, тайлбарлан таниулсан ярилцлагууд өгчээ.

1.2.2 С.Ганбаатар МҮЭХ-ны ерөнхийлөгч 6 удаа (3.3%)
С.Ганбаатарын ярилцлагууд нь судалгаанд хамрагдсан бүх сонинд, 4-6-р нүүрт эдийн засагчийн зургийн хамт нийтлэгдсэн байна.

“Эрчим хүчний үнийн эсрэг тэмцэнэ” /2010.01.05 Ардын эрх/, “1990 оны хямралтай адил нөхцөл ойрхон байна” /2010.01.08 Үндэсний шуудан/ гэх зэрэг ярилцлагаараа төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчний үнийг өсгөхгүй байх талаар өөрийн байр суурийг илтгэсэн ярилцлагуудыг өгчээ.

1.2.3 Д.Жаргалсайхан Эдийн засагч 5 удаа (3.9%)
Өмнөх эдийн засагчдаас ялгаатай нь түүний ярилцлага бүх сонинд бус, нийтлэлээ хэвлүүлдэг “Өнөөдөр” сонины 3, 4-р нүүрт мөн “Зууны мэдээ” сонины 5-р нүүрт зурагтайгаа нийтлэгджээ. Зонхилж хөндсөн сэдэв нь Уул уурхай, ашигт малтмал; Төсөв мөнгөний бодлого, инфляци; Банк санхүү, хөрөнгийн зах зээл; Хөрөнгө оруулалт, зээл тусламж зэрэг болно.

Ярилцлагуудаас дурдвал: “Монголд нэн даруй нэвтрүүлэх шаардлагатай гурван төрлийн санхүүгийн үйлчилгээ байна” /2010.02.01 Өнөөдөр/, “Иргэдэд 625 их наяд төгрөг өгөх боломж Засгийн газарт байхгүй” /2010.04.06 Зууны мэдээ/ зэрэг цаг үеийн холбогдолтой эдийн засгийн бодлого үйл ажиллагаа, тухайлбал Хүний хөгжил сангаас иргэдэд 70 мянган төгрөг бэлнээр тарааж байгааг шүүмжилж өөрийн байр суурийг илтгэсэн ярилцлагуудыг өгчээ.
Эдгээр эдийн засагчдын нэг ярилцлага дунджаар А2 хэмжээтэй нэг нүүрийн 1/3 хэмжээтэй зай талбайг хамарсан байна.
Эдийн засгийн сэдвээр хамгийн олон удаа ярилцлага өгсөн бусад хүмүүсийг доорх графикаар үзүүлэв. /дэлгэрэнгүй мэдээллийг Хавсралт 2-с үзнэ үү/

График 2. Эдийн засгийн сэдвээр хамгийн олон удаа ярилцлага өгсөн 10 хүн*
Хамгийн олон удаа ярилцлага өгсөн эхний 10 хүний 6 нь /С.Баярцогт, Д.Зоригт, Л.Пүрэвдорж, С.Батболд, Т.Очирхүү, Ч.Хүрэлбаатар/ төр засгийн өндөр албан тушаал хашдаг хүмүүс байна.

1.3 Сэтгүүлчдийн бүтээлд хамгийн олон удаа нэр дурдагдсан эдийн засагч, шинжээч, нийгмийн зүтгэлтэн
Тухайн эдийн засагчийн ярилцлага, эсвэл өөрийн бичсэн нийтлэл нь тухайн хүний өөрийн нь байр суурийг илэрхийлээд зогсохгүй, өөрөө гол эзэн нь байж, мэдээллийн эерэг хандлагыг агуулж байдаг. Тиймээс ч мэдээллийн нийтлэгдсэн тоо, аль нүүрт, зай талбай, зурагтай эсэх зэрэг шалгуурын дагуу ач холбогдлыг нь тодорхойлсон. Тэгвэл сэтгүүлчдийн бүтээл дэх хамгийн их нэр дурдагдсан эдийн засагчийг дээрх шалгуураас гадна мэдээллийн гол эзэн байсан эсэх, өөрийн байр сууриа илэрхийлсэн эсэх мөн мэдээллийн хандлагаар нь тодорхойлох шалгуурууд нэмэгдсэн юм. Үүний дагуу эхний 3 байрт орж байгаа эдийн засагчдыг тодрууллаа.
2010 оны эхний хагасд эдийн засгийн сэдвээр бичсэн сэтгүүлчдийн бүтээлд 116 хүний нэр дурдагдсан бөгөөд эдгээрээс МУ-ын Ерөнхий сайд С.Батболд 22 удаа (8.3%), Сангийн сайд С.Баярцогт 16 удаа (6.1%), ЭБЭХ-ний сайд Д.Зоригт 14 удаа (5.3%) дурдагдсанаараа тэргүүлж байна.

1.3.1 С.Батболд МУ-ын Ерөнхий сайд 22 удаа (8.3%)
Сэтгүүлчдийн бүтээлд хамгийн олон удаа нэр дурдагдаж, улмаар тухайн мэдээллийнхээ 77.3%-д нь гол эзэн нь байснаараа МУ-ын Ерөнхий сайд С.Батболд энэ номинацид тэргүүлж байна. Тэрээр мөн судалгаанд хамрагдсан бүх сонины эхний нүүрүүдэд, голдуу А2-ийн 1/2 хэмжээтэй зай талбайг эзлэх том нийтлэлд нэр нь дурдагдсанаараа бусдыг хошуучилж байна.

1.3.2 С.Баярцогт Сангийн сайд 16 удаа (6.1%)
С.Баярцогтын нэр дурдагдсан мэдээллийн 62.5%-д нь тэрээр гол эзэн нь байж, тэдгээрт төвийг сахисан мэдээлэл давамгайлж, 2 мэдээлэл тутмын 1 нь зурагтай байгаа зэрэг нь бусад тэргүүлж буй эдийн засагчдаас онцлох ялгаа нь болж байна.

1.3.3 Д.Зоригт ЭБЭХ-ний сайд 14 удаа (5.3%)
Д.Зоригтын нэр дурдагдсан мэдээллийн 50%-д нь гол эзэн нь байсан ба нийт мэдээлэлд сөрөг хандлага огт байгаагүй, судалгаанд хамрагдсан бүх сонины эхний нүүрүүдэд нэр нь дурдагдсанаараа онцлог болж байна.

Эдгээр эдийн засагчдын нэр дурдагдсан нийт мэдээлэл тус бүрийн 30 орчим хувьд нь эдийн засагчийн өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Эдгээр хүмүүсийн нэр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамгийн олон удаа дурьдагдаж байгаа нь нэн тэргүүнд төр засгийн өндөр албан тушаал хашиж байгаатай нь, хоёрдугаарт дээрх хүмүүсийн шууд оролцоотойгоор Оюутолгойн ордыг ашиглах гэрээний техник эдийн засгийн үндэслэлийг батлах, Эдийн засгийн форум уулзалтыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа тохиосонтой холбоотой юм.

Дээрх гурван нэр бүхий эдийн засагчаас гадна хамгийн олон удаа нэр дурдагдсан бусад хүмүүсийн нэрсийн жагсаалтыг доорх графикаар харуулав. 10 хүний 8 нь төр, засгийн өндөр албан тушаалтан байна. /Дэлгэрэнгүйг Хавсралт 3-с үзнэ үү/

График 3. Сэтгүүлчдийн бүтээлд хамгийн олон удаа нэр дурдагдсан эхний 10 эдийн засагч

1.4 Сэтгүүлчдийн хамгийн их ач холбогдол өгч, санал бодолд нь дурдагдсан эдийн засагч, шинжээч, нийгмийн зүтгэлтэн /санал асуулгын судалгааны дүнгээр/


Сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгын үр дүнд 44 хүний нэр давхардсан тоогоор 134 удаа нэрлэгдсэнээс хамгийн их санал авч 1-р байранд эдийн засагч Н.Дашзэвэг 20 санал /14.9%/, 2-рт Сангийн сайд С.Баярцогт 13 санал /9.7%/, 3-рт УИХ-ын гишүүн О.Чулуунбат 9 санал /6.72/ авчээ.

* Н.Дашзэвэгийг сонгосон шалтгаан нь эдийн засгийн бодлого үйл ажиллагааны алдаа дутагдлыг олж харж, шүүмжилж чаддаг, үүгээрээ ч иргэд олон нийтэд эдийн засгийн бодитой мэдээллийг өгдөг учир төрийн бодлогод тодорхой хэмжээгээр нөлөөлж чаддаг гэсэн тайлбар дээр санал нэгдсэн байна.

* С.Баярцогтыг Оюутолгойн ордыг ашиглах гэрээг батлахад санаачлагатай ажиллаж, баталж чадсан, улмаар Монгол улсын төсвийн бодлогод өөрчлөлт оруулж, эдийн засгийн том эргэлт хийсэн учраас онцолж нэрлэсэн аж.
* О.Чулуунбатын хувьд Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа төв банкинд их хувь нэмэр оруулсан, улмаар эдийн засгийн хямралын асуудлыг эхнээс нь анхаарсан, сүүлийн үед эдийн засгийн асуудлаар сайн ярьж хэлж байгаа гэсэн үндэслэлээр сонгожээ.

Харин бусад буюу эхний 10-т дараах хүмүүс оржээ.

Сэтгүүлчдийн хамгийн их ач холбогдол өгч, санал бодолд нь дурдагдсан эдийн засагч, шинжээч, нийгмийн зүтгэлтэн (Эхний 10 байрт)
/Эдгээр эдийн засагчдыг ямар үндэслэлээр сонгосон талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хавсралт 4-с үзнэ үү/

ДҮГНЭЛТ

* Төр засгаас гаргаж буй эдийн засгийн бодлого шийдвэр, үйл ажиллагааны алдаа дутагдлыг олж харж, шүүмжилж чаддаг, улмаар шинэ гарц хайсан, асуудал дэвшүүлсэн нийтлэлүүдийг хамгийн олон удаа бичиж хэвлүүлэн, үүгээрээ ч иргэд олон нийтэд эдийн засгийн бодитой мэдээлэл өгдөг учир төрийн бодлогод тодорхой хэмжээгээр нөлөөлж чадаж байна гэсэн үндэслэлээр эдийн засагч Н.Дашзэвэг “Хамгийн олон удаа нийтлэл бичиж хэвлүүлсэн”, “Сэтгүүлчдийн хамгийн их ач холбогдол өгч санал бодолд нь дурдагдсан” хэмээх 2 номинацид тэргүүлсэн байна.

* Сангийн сайд С.Баярцогт нь өөрийн эрхэлж буй ажилтайгаа холбоотой төр засгаас явуулж буй бодлого үйл ажиллагааг сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг сайн гүйцэтгэж, Оюутолгойн ордыг ашиглах гэрээг батлахад санаачлагатай ажиллан, баталж чадсанаараа “Хамгийн олон удаа ярилцлага өгсөн” номинацид тэргүүлж, “Сэтгүүлчдийн бүтээлд хамгийн олон удаа нэр дурдагдсан”, “Сэтгүүлчдийн хамгийн их ач холбогдол өгч санал бодолд нь дурдагдсан” эхний 3 эдийн засагч, шинжээч, нийгмийн зүтгэлтний тоонд зүй ёсоор орж байна.

* Цаг үеийн холбогдолтой эдийн засгийн бодлого үйл ажиллагаа, тухайлбал Хүний хөгжил сангаас иргэдэд 70 мянган төгрөг бэлнээр тарааж байгааг шүүмжлэлтэй хандаж, Монголын эдийн засгийн одоогийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн, шинэ санал санаачлага дэвшүүлсэн нийтлэлүүдийг бичиж, нийтэлж байснаараа эдийн засагч Д.Жаргалсайхан “Хамгийн олон удаа нийтлэл бичиж хэвлүүлсэн”, “Хамгийн олон удаа ярилцлага өгсөн” зэрэг номинацийн эхний гурван эдийн засагчийн тоонд багтлаа.

* Оюутолгойн ордыг ашиглах гэрээг батлахад хувь нэмрээ оруулсан, Бизнесийн шинэтгэлийн жил зарласан, Эдийн засгийн форум уулзалтыг зохион байгуулсан болон бусад үйл ажиллагаагаараа сэтгүүлчдийн бүтээлд хамгийн олон удаа нэр дурдагдаж, улмаар тухайн мэдээллийнхээ дийлэнх хувьд нь гол эзэн нь байснаараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Сэтгүүлчдийн бүтээлд хамгийн олон удаа нэр дурдагдсан” хэмээх номинацийг хошуучилжээ.

* Үнийн хөөрөгдөл, инфляцийн түвшний өсөлт, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газарт хандан, хэлэлцээр хийж чадсан зэрэг үйл ажиллагаатайгаа холбоотойгоор МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар “Хамгийн олон удаа ярилцлага өгсөн эдийн засагч”-ийн эхний 3-т багтжээ.

* Сүүлийн үед Монголын эдийн засгийн салбарт голлон өрнөж буй үйл явдалтай холбоотой уул уурхай, ашигт малтмал, төсөв мөнгөний бодлого, инфляци зэрэг сэдвүүдийг хөндөн асуудал дэвшүүлсэн, танин мэдүүлэх зорилготой нийтлэлүүдийг бичиж, хэвлүүлсэнээрээ эдийн засагч Б.Баттөмөр “Хамгийн олон удаа нийтлэл бичиж хэвлүүлсэн” эдийн засагчдын эхний гуравт багтлаа.

* УИХ-ын гишүүн О.Чулуунбатыг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа төв банкинд их хувь нэмэр оруулсан, улмаар эдийн засгийн хямралын асуудлыг эхнээс нь анхаарсан, сүүлийн үед эдийн засгийн асуудлаар сайн ярьж хэлж байгаа гэсэн үндэслэлээр “Сэтгүүлчдийн хамгийн их ач холбогдол өгч санал бодолд нь дурдагдсан” эхний 3 эдийн засагчийн нэгд сонгосон байна. ЭБЭХ-ний сайд Д.Зоригт Оюутолгойн ордыг ашиглах гэрээг батлахад санаачлагатай ажилласан, стратегийн ач холбогдол бүхий бусад орд, ашигт малтмалын газрыг үр дүнтэй ашиглах талаар төр засгийн түвшинд хэлэлцэгдэж буй, мөн эдийн засгийн форум уулзалтыг зохион байгуулах зэрэг эрхэлж буй ажил, албан тушаалтай нь нягт холбогдсон мэдээллээрээ “Сэтгүүлчдийн бүтээлд хамгийн олон удаа нэр дурдагдсан” эдийн засагч, шинжээч, нийгмийн зүтгэлтний тоонд багтсан байна.


ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН. СУДАЛГААНЫ АЛБА

No comments: