
ХБӨ-өөс сэргийлэхийн тулд зан үйлийн буруу дадлаас зайлсхийж, хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгон хэрэглэж, биеийн жингээ тогтмол хэмжээнд барин архи, тамхины хэрэглээг багасгах хэрэгтэй юм. Монгол улсын хувьд 95 оноос хойш хүн амын дунд цусны эргэлтийн тогтолцооны өвчин хавдрын шалтгаант нас баралт, тогтмол эхний байруудыг эзлэж, жил ирэх тусам тухайн өвчний улмаас нас барсан хүний тоо нэмэгдсээр байна. Хүн амын нас баралтыг тэргүүлэх таван шалтгааныг цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хавдар, бэртэл хордлого, гадны шалтгааны үр дагавар, хоол шингээх эрхтэний өвчлөл, амьсгалын тогтолцооны эмгэг эзлэж байна.
Хүн амын дунд нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг зүрх судасны өвчнөөр өвчлөх нь 50 онд 7,1 хувь, 85 онд 23,4 хувь, 95 онд 30,8 хувь байсан бол 2000 оноос 35-38 хувь болж нэмэгдсээр байна. Үүний гол суурь болсон илүүдэл жин буюу таргалалттай хүний эзлэх хувь 1993 онд хийгдсэн судалгаагаар 17,3 хувь, 1999 онд 26,5 хувь, 2002 онд Улаанбаатар хотод хийгдсэн судалгаагаар 27 хувь болж нэмэгджээ. Монгол эрэгтэй хүний дундаж өндөр 167,4 см, жин нь 67,5 кг, эмэгтэйчүүдийн өндөр нь 154, 9 см, жин нь 59,4 кг байна. Эмэгтэйчүүдийн дундх таргалалт эрэгтэйчүүдийнхээс 18,24 хувиар илүү байна. Насанд хүрэгсдийн 31,3 хувь нь илүүдэл жинтэй байгаа бөгөөд таргалалт 9,1 хувьтай байгаа юм. Харин Улаанбаатар хотын төвийн дүүрэгт оршин суугчдын илүүдэл жин ба таргалалт 37,7 хувь байжээ. Хүн амын бие бялдрын хөгжлийн түвшинг тодорхойлох сорилоор 15-24 насныхны 80,2 хувь нь С буюу түүнээс доош үнэлгээ авсан байна. Ялангуяа эрэгтэйчүүд илүү буюу 89,1, эмэгтэйчүүд 69,4 хувь байна.
Ид бие бялдар нь хөгжиж байх ёстой залуус ийнхүү муу үнэлгээ авсан нь хөдөлгөөний идэвхийг сайжруулж, биеийн тамираар хичээллэх болсныг яах аргагүй анхааруулж байгаа хэрэг. Тэр бүү хэл 15-34 насны хүн амын бие бялдрын хөгжлийн үзүүлэлт 15-64 насны бүлгийн үзүүлэлтийн дундаж төвшингөөс доогуур үзүүлэлттэй гарчээ. Одоогийн байдлаар манай залуусын тавны нэг нь бие бялдраар, гуравны нэг нь эрүүл мэндээр цэргийн албанд тэнцдэггүй гэсэн судалгаа байдаг. Хөдөлгөөний дутагдалд орох нь нийгмийн хөгжлийг даган ихсэж байгаа.
Судалгааны дүгнэлтээр Монголын 10 хүн тутмын есөд нь ХБӨ-ий нийтлэг эрсдлийн ямар нэгэн хүчин зүйл илэрсэн бөгөөд 5 хүн тутмын нэг нь 3-аас дээш эрсдэл хавсран тохиолдсон байна. Түүн дундаа 45-аас дээш насны 2 эрэгтэй тутмын нэг нь ХБӨ-өөр өвчлөх өндөр эрсдэлтэй болохыг тогтоожээ. Монгол улсын хүн амын дундаж наслалт 2004 оны байдлаар 64,58 байна. Эрэгтэйчүүдэд 61,64, эмэгтэйчүүдэд 67,77 байна. Хүний хөгжлийн үндсэн үзүүлэлтийн нэг болох хүн амын дундаж наслалтаараа манай улс дунд зэргийн орны ангилалд багтаж байна. Энэ мэт судалгааны дүнгээс харахад бид хүүхдүүдээ биеийн тамираар хичээллүүлж, өөрсдөө ч дасгал сургуулилт хийж байхгүй бол өвчний үүр болж, цаашид Монгол улсын хөдөлмөрийн насны хүн амын байдал тун хэцүүхэн байдалд орж мэдэх нь ээ. Үүний тулд яаралтай дунд сургуулийн хүүхдүүдийн биеийн тамирын хичээлийн стандартыг шинэчилж, хүүхдүүдийг өргөнөөр хамруулах мөн дээд сургуульд биеийн тамирын заал, талбайг зайлшгүй байлгах шаардлагыг тавих нь зүйтэй юм.
No comments:
Post a Comment