Иргэний нийгэм ба төр МУИС-ийн багш Ч.Тамир

1992 оны Үндсэн хуульд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэсэн нь иргэний нийгэм гэж ямар нийгмийг хэлэх, тэр нь социализм, коммунизмаас юугаараа ялгагдах, ер нь бидний хүрэх нийгэм мөн эсэх талаар мэтгэлцээн өрнүүлжээ. Уг заалтыг тэр үеийн нөлөө бүхий эрдэмтэн К.Зардыхан томьёолж батлуулсан гэлцдэг бөгөөд АИХ-ын депутатууд эргэлзэж байсан нь Монголчууд иргэн гэж хятад хүнийг ойлгодог түүхэн уламжлалтай холбоотой байжээ.

Нэрт эрдэмтэн Р.Дарендорьф хэлэхдээ, аливаа зүйлийг хийж бүтээнэ гэдэг нь өчүүхэн ч атугай бусадтай чөлөөтэй хамтран ажиллана гэсэн үг. Энэ нь чөлөөт эвсэл холбоо болон байгууллагуудын холилдсон ертөнц, хожим нь мөн бие даасан институтууд бий болоход хүргэнэ. Энэ бол утга агуулга бүхий бүрэн дүүрэн эрх чөлөөтэй амьдралын хэрэгсэл юм. Иргэний нийгэм бол хувь хүнд төрийн оролцоогүйгээр амьдрах боломж олгодог ертөнц юм хэмээн бичжээ. Маш энгийнээр хэлэхэд иргэний нийгэм бол иргэд төрийг хянаж, төрд хариуцлага хүлээлгэж чаддаг тийм л хүмүүсийн нэгдлийг хэлж байгаа юм. Нөгөө нэг санаа нь иргэний нийгэм бол иргэд ТӨР байхыг биш харин ИРГЭН байхыг хүсдэг тийм нийгэм юм. Дүгнэвэл иргэний нийгэм гэдэг бол жирийн иргэн сайхан амьдардаг тийм л нийгмийг хэлнэ. Дээрх гурван санааны үүднээс өнөөгийн нийгмийг авч үзвэл Монголд иргэний нийгэм төлөвших яагаа ч үгүй байна.

Иргэний нийгэм гэдэг хэдэн ТББ, төртэй хамтарч ажилладаг байгууллагуудыг хэлдэг юм биш. Иргэний нийгэм хэзээ төлөвшдөг вэ? Ф.Фукияма ардчилал нь хөгжлийн төвшингээс хамааран нийтлэг орших дөрвөн шатаас бүрддэг хэмээн тэмдэглээд эхнийх нь үзэл суртлын төвшинд ардчилсан институт, ардчиллын зөв буруугийн тухай норматив итгэл үнэмшил бүрэлдэн бий болох үеийг, дараахь төвшинд ардчилсан үндсэн хууль, хуулийн систем, намын тогтолцоо, зах зээлийн бүтэц бүрэлддэг аж. Харин иргэний нийгмийн төвшинд ардчилсан улстөрийн институт, төрөөс тусдаа иргэний нийгмийн бүтэц бүрэлдэж эрх мэдэл, бодлого боловсруулах үйл явцад нөлөөлөх чадвартай болдог. Сүүлчийн шатанд гэр бүлийн бүтэц, шашин, үнэт зүйл, ёс суртахуун зэрэг соёлын бүхий л шатанд ардчилал нэвчин орж бэхждэг ажээ. Аргазүйн шинжтэй эл ангиллаас үзвэл манай орны хувьд дөнгөж хоёр дахь шатандаа явж байгаа болов уу.

Чухамдаа иргэний нийгэм төлөвшөөгүй байгаа учраас жирийн иргэд ИРГЭН биш ТӨР байхыг хүсч байна. Өнөөдөр олон хүн төрийн алба руу улайран тэмүүлж байна. Тэд төрийн иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах гэж ингэж яарч байна уу, эсвэл үгүй юу? Эрхээ алдсан иргэний талын дуу хоолой улам бүр хорссон, цөхөрсөн өнгө аястай дуугарч байхад эсрэг талд өөрийн хүч чадлыг улам бүр бэхжүүлж, зүсэн зүйлээр өөрийгөө хуяглаж байгаа төрийн бүтцийг харж болохоор байна. Төр хаана улам хүчирхэг байна тэнд хүмүүс төрийн дүрэмт хувцас өмсөхийг улам бүр хүсэх боллоо. Тэгээд өөрсдийгөө төр гэж харуулж хүндлүүлж, иргэдийг айлгаж байхыг хүсдэг байна. Яагаад цэрэг, цагдаагаас гадна онцгой байдлынхан, даатгалынхан, бүр татварынхан хүртэл төрийн сүр хүчийг харуулсан дүрэмт хувцастай байна вэ? Иргэнээс холдож өөрийгөө төр гэдгийг улам хүчтэйгээр мэдрэхэд үү, эсвэл өөрийг улам хүчирхэгжүүлэхийн тулд уу?

Ф.Фукияамагийн “Төрийг бэхжүүлэх нь” гэдэг ном яагаад Фридманы “Хувь заяагаа сонгох нь” гэдэг номоос илүүтэй төрийн албан хаагчдын унших дуртай ном болно вэ? Дүгнэвэл иргэд эрхээ төрд алдчихсан учраас хүмүүс ИРГЭН байхаас ТӨР байхыг илүүтэй үзэж байна.

Иргэд алдагдсан эрхээ төрөөс эргүүлэн авдаг, төрөө хянадаг, төр хариуцлага хүлээдэг үе хэзээ ирэх вэ? Ийм болоход юу саад болж байна вэ? Эрхээ алдсан иргэдийн талаар нэлээд түгээмэл байдаг дүгнэлт бол иргэдийн улстөрийн ухамсар хоцронгуй, боловсрол нимгэн, мэдээллийн эх үүсвэр ашиглах боломж, чадавхи жигд биш, идэвхгүй байдал зэрэг хувь хүнээс өөрөөс нь зонхилж хамаарах хүчин зүйлсийн тухай юм. Иргэд бодитой оролцогчийн төвшинд хүрч төлөвшөөгүй байгаа явдал нь асуудлын бэрхшээл үү, эсвэл үр дагавар уу гэдгийг нягтлах хэрэгтэй юм. Бидний бодлоор асуудлыг арай өөр өнцгөөр харвал иргэн шууд идэвхтэй оролцогч болж төрдөггүй харин тийм болгож төлөвшүүлэхэд нөлөө үзүүлэгч хүчин зүйлс нь парламентын ил тод байдал, хүрэлцээтэй мэдээлэл, олон нийтийн хэлэлцүүлэг, хууль эрх зүйн орчин зэрэг юм. Иргэд болж байгаа үйл явцын талаар үнэн бодит мэдээлэл авах бололцоо нөхцөл хязгаарлагдмал, улстөрийн хүсэл зориг бүрэлдээгүй, хууль эрхийн орчин саад тотгор болж буй нөхцөлд иргэдийн өнөөгийн оролцоог хангалттай гэж үнэлж, иргэд өөрт нь байгаа боломжийг муу ашигладаг гэж бурууг чихэх замаар асуудлыг хаах гэж оролдох нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулах эцсийн зорилготой зөрчилдөх юм.

Нөгөө талаас өнөөдөр нийгэмд өрнөж байгаа улстөрийн үйл явдлыг үнэлж цэгнэх гэж оролдвол монголчуудыг идэвхгүй, оролцоо багатай гэж хэлэхэд түвэгтэй. Гагцхүү иргэд идэвхтэй оролцогч болон төлөвшихөд олж авч байгаа мэдээлэл хангалттай байна уу? Түүнийг хүргэж байгаа мэдээллийн сүлжээ тогтвортой ажиллаж байна уу? Иргэдийн оролцоог шаардсан ардчиллын арга хэрэгслийг ашиглах боломж бүрдсэн үү? (Жишээлбэл ард нийтийн санал асуулга явуулах,) Хууль эрх зүйн орчин нь орчин үеийн стандартад нийцэж байна уу? Институт нь ажиллаж байна уу? Ер нь улстөрчдөд нь хүсэл зориг бий юу зэрэг асуултад хариулах хэрэгтэй юм. Энэ бүх асуултад шууд хариулж чадахгүй бол иргэд идэвхтэй оролцогч байж чадахгүй байгаа тухай биш харин иргэнийг идэвхтэй оролцогч болгоход учирч байгаа саад бэрхшээлийг арилгах тухай ярилцах учиртай.
Өнгөрсөн 15 жилийн хугацаанд чухамдаа бид ардчиллыг институтийн төвшинд бий болгож чаджээ. Үндсэн хууль ба бусад хуулийн тогтолцоо, эрх мэдлийн хуваарилалт, зах зээлийн эдийн засаг, бие даасан шүүх тогтолцоо, ТББ гэх мэт. Хууль эрхийн ба институтийг бүрэлдүүлэхэд 15 орчим жил шаарджээ. Гэвч энэ бүгд иргэдийн оролцоогүй бол бензингүй машинтай адил юм. Өөрөөр хэлбэл энэ бүх арга хэрэгсэл, механизмыг иргэдийн идэвхтэй оролцоо л хөдөлгөж ажиллуулж байдаг. Тиймээс иргэдийн идэвхтэй оролцоог хангаснаар бодлого боловсруулах үйл явц сайжирна, бодлогын хэрэгжилт сайжирна, бодлогын тогтвортой байдал бий болно. Бодлого хэдийчинээ сайн байх тусам бид төдийчинээ хурдан хөгжинө. Иргэний нийгэм бүрэлдэнэ. Монголд иргэний нийгэм төлөвших эсэх нь иргэд бодлого боловсруулах үйл явцад идэвхтэй оролцогч болж чадахаас ихээхэн хамаарна. Энэ үйл явц нь институт, хууль эрхийн орчин бүрдүүлэхээс илүү хүнд хэцүү цаг хугацаа шаардах юм.

Төр иргэдийнхээ эрх чөлөөг хамгаалах нэрээр эрх болон засаглалаа хэтрүүлж, шударага ёсыг алдагдуулдаг. Үнэн хэрэгтээ төр өөрөө хуулийг хамгийн их зөрчдөг, тэр хэрээрээ хариуцлага хүлээдэггүйг өнгөрсөн 17 жилийн түүх харууллаа. Тийм ч учраас төрийн хяналтыг сайжруулах биш, иргэний хяналтыг төрд тогтоох хэрэгтэй байна. Иргэд төрийг хянаж чаддаг болсон цагт л төр бэхжиж, тогтвортой байдал хангагдана. Иргэд төрийг шүтдэг бус харин сэрддэг байх ёстой, иргэд төрөөс айдаг бус харин итгэдэг байх ёстой, иргэд төрийг дээдэлдэг бус харин хүлээн зөвшөөрдөг байх ёстой. Харин төр нь иргэдийг халамжилдаг бус бие даасан байдлыг нь хангадаг байх ёстой, төр иргэдийг хянадаг бус эрх чөлөөг нь хамгаалдаг байх ёстой, төр иргэдэд зааж ухаантай дүр гаргадаг бус харин иргэдээсээ асуудаг, сонсдог байх ёстой юм. Өөрөөр хэлбэл иргэн төр хоёрын хооронд түншийн харилцаа тогтох учиртай.

No comments: