Хүний эрхийн үндэсний комисс судалгаа үйлдвэрлэхээ болъё!

2000 онд “Хүний эрхийн үн¬дэсний комиссын тухай” хууль батлагдаж, 2001 оны хоёрдугаар сарын 2-нд Хүний эрхийн үндэсний комисс байгуулагдаж МУ иргэдийнхээ эрхийн төлөө томоохон алхам урагшиллаа. Бөөн баяр. Олон хүн төр засгийн дарамт шахалт, хүнд суртлаас хамгаалдаг газартай боллоо гэж тухайн үедээ ихээхэн баярлаж байсан санагддана.

Өдгөө байгуулагдаад бүхэл бүтэн 8 жилийн нүүрийг үзжээ. Тус байгууллагыг Д.Солонго гэх эмэгтэй даргалаад 3 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд энэ байгууллага хүний эрхийн төлөө хэрхэн тэмцэж, хэн гэдэг иргэний эрхийг хамгаалж чангаар дуугарсан юм бэ. Баръя гэвч баримт, тоолъё гэвч тоо олдохгүй нь. Харин ч иргэд бид хүний амьд явах эрхээ ч эдэлж чадалгүй аюул осол, дээрэм тонуул, аллага хядлагад өртөх болсон нь илт. Харин нөгөө байгууллага маань юу ч хийсэнгүй. Монголд Хүний эрхийн комисс гэж байна уу, үгүй юу...

Хуулинд зааснаар бол УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос нэг нь, Ерөнхийлөгчийн санал болгосноор нөгөө нь, харин гурав дахь нь Улсын дээд шүүхээс нэр дэвшиж УИХ-аар батлагдсанаар Хүний эрхийн комиссын гурван гишүүн зургаан жилийн турш энэ албан тушаалд тухлах эрхтэй болдог. Бас дээр нь халдашгүй дархан эрхтэй болж байгаа юм. Энэ комиссын гишүүдийн нэрийг эрх мэдэлтнүүд оруулж ирээд шууд томилдог учраас тэднийг иргэдэд бус эрх дархтнууддаа үйлчлэдэг гээд хэлчихэд болно. Ойлгомжтой асуудал. Бодох хэрэг байхгүй.
Тэгээд ч Хүний эрхийн комисст яахаараа ч дандаа хүчний байгууллагад ажиллаж байсан хүмүүс байдаг юм дээ хэмээн гайхширмаар. Монголд л энэ жишиг байдаг байх. Хүчнийхэн хамгийн ихээр хүний эрхийг зөрчдөг болохыг социологийн судалгаанууд хангалттай их харуулдаг.

Хүний эрхийн комисс байх хэрэгтэй юу гэвэл түүн шиг хэрэгтэй байгууллага байхгүй ээ. Гэхдээ гудамжинд нохой мэт амьдарч байгаа иргэдийнхээ эрхийг хамгаалж чадахгүй, өөрсдийгөө томилсон эрх мэдэлтнүүдийн төлөө дуугараад байх юм бол энэ шиг хэрэггүй байгууллага Монголд алга.

Хүний Эрхийн Үндэсний Комиссд төсвийн мөнгөөр голоо зогоон, хийсэн ажилгүй суудаг БОДЛОГО ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ БАГ гэж байх. Хүний эрхийн асуудлаар санал боловруулах, зөвлөмж гаргах л үүрэгтэй нэг ёсны хэлтэс. Хүний эрхийн асуудлаар судалгаа, шалгалт хийх, бодлого, дүн шинжилгээ боловсруулах ажлын хүрээнд хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Үүнд:
•Монгол Улс дахь хүний эрхтэй холбоотой аливаа асуудлаар санал гаргах;
•Хууль тогтоомж, захиргааны шийдвэр хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар зөвлөмж, санал гаргах;
•Олон улсын хүний эрхийн гэрээний биелэлт, энэ тухай Засгийн газрын илтгэлийг боловсруулахад санал өгөх;
•Тодорхой асуудлаар судалгаа явуулж, шаардлагатай мэдээлэл цуглуулах, дотоодын хууль тогтоомж, олон улсын гэрээнд харьцуулсан судалгаа хийх, хэрхэн нийцэж байгаад дүгнэлт хийж, санал боловсруулах.

Хоёр референт хүүхэнтэй. Юун социологи, бодлогын шинжлэх ухааны талаар цухас ч мэдлэг үгүй. 2001 оноос хойш тоо тоймоо алдсан замбараагүй олон судалгаа шинжилгээний ажил хийсэн гэж бахархдаг. Жилд л 5-10 томоохон судалгаа хийж орхидог томоохон судлаачид. Үр дүн, нөлөөлөл, ашиг гэж юм юу ч байхгүй. Хийлээ, тайлан бэлтгэлээ, номын сан, архивтаа хадгаллаа, үлдсэнийг нь үнэгүй тараалаа. Нөгөө гол чиг үүрэг, бүрэн эрх нь хаана байгаан мэдэхгүй.

Энэ багт нь ганц хоёр хууль зүйн социологиор мэргэшсэн, бодлого судлаач яагаад ажиллуулдаггүй юм бол. Ямар ч хэрэггүй референт нэртэй хуульч хүүхэн, судлаач нэртэй албан тушаалтны хамаатан саднаар бид яанам бэ... Хүний эрхийн асуудлаарх арвин их сан хөмрөг, судалгааны тайлан мэдээллээр бид яах вэ? Гол нь ҮР ДҮН... Нэг хүний эрхийг судалгаа, бодлогын хувилбарт суурьлан, тулгуурлан хамгаалах... Өөр зорилго үгүй...

2009 онд хийсэн судалгаа, шинжилгээний ажлууд:
1. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт дүн шинжилгээний ажил
2. Хүүхдийн асрамж, халамжийн үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээний ажил
3. Эрх зүйн боловсрол олгож буй их дээд сургуулиудын “Хүний эрх” хичээл зааж буй байдалд хийсэн дүн шинжилгээний ажил
4. 2008 оны эхний хагас жилд ХЗДХЯ-нд бүртгэлтэй эрүүл мэндийн чиглэлээр батлан гаргасан эрх зүйн актууд хүний эрхийн үндсэн зарчим, шаардлага, хэм хэмжээнд хэрхэн нийцэж буй эсэхэд хийсэн дүн шинжилгээний ажил
5. Иргэдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилт судалгаа
6. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа ба хүний эрх
7. Үндэсний цөөнх иргэдийн эрхийн хэрэгжилт
8. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилт

2008 онд хийсэн судалгаа, шинжилгээний ажлууд:
1. “Уул уурхай, байгаль орчин ба хүний эрх” дүн шинжилгээний ажил
2. “Химийн хорт бодисын зохисгүй ашиглалт, хэрэглээ” дүн шинжилгээний ажил
3. Мансард төслийн үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээний ажил
4. Зохистой хоол хүнсээр хангагдах эрхийн хэрэгжилт дүн шинжилгээний ажил
5. Үндэсний хууль тогтоомжууд Монгол Улсын олон улсын гэрээнд нийцэж буй эсэхэд шинжээчийн үнэлгээ өгөх судалгаа
6. Нийслэл Улаанбаатар хотод үүссэн нийтийн эмх замбараагүй байдал ба хүний эрх
7. Хүн худалдаалах гэмт хэрэг ба хүний эрх
Комисс 2008 онд “Уул уурхай, байгаль орчин, хүний эрх”, “Химийн хорт бодисын зүй зохисгүй ашиглалт”, “Мансард төсөл”-ийн мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх ажлуудыг хийсэн байна.

2007 онд хийсэн судалгаа, шинжилгээний ажлууд:
1. “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд” судалгаа
2. “Гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчдын эрхийн хэрэгжилтийн төлөв байдал” судалгаа
3. “Захиргааны шийдвэрийн улмаас хохирсон хохирогчдын эрх” судалга
4. “Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон хохирогчдын эрх” судалгаа
5. БНСУ-д ажиллаж буй Монгол иргэдийн зарим эрхийн хэрэгжилт судалгаа
6. Эмэгтэйчүүдийн эрхийн тухай олон улсын стандартын заалт, үзэл санааг үндэсний хууль тогтоомж, эрх зүйн зарим актуудад тусган хэрэгжүүлсэн байдлыг харьцуулсан судалгаа

2006 онд хийсэн судалгаа, шинжилгээний ажлууд:

1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн байдал
2. Хөгжлийн бэрхшээлтэй тэгш боломж олгох стандартын хэрэгжилт судалгаа
3. Цэргийн алба хааж буй албан хаагчдын эрхийн хэрэгжилтийн судалгаа
4. Хурдан морь унадаг хүүхдүүдийн эрхийн хэрэгжилтийг хянах судалгаа
5. Цаазаар авах ялын судалгаа

2005 онд хийсэн судалгаа, шинжилгээний ажлууд:
1. Сонгох, сонгогдох эрхийн төлөв байдлын талаар судалгаа
2. Аюулгүй орчинд амьдрах эрхийн талаар судалгаа
3. Зохистой хоол хүнсээр жигд, хүртээмжтэй хангагдах эрхийн судалгаа
4. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн төлөв байдлын судалгаа
5. Мэдээлэл хайх, хүлээн авах эрхийн хэрэгжилтийн төлөв байдлын судалгаа
6. Ажлын байран дахь бэлгийн дарамтын талаарх судалгаа
7. Үйлдвэрчний эвлэлд нэгдэх болон хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах эрхийн судалгаа
8. “Хүний эрхийн боловсрол- Ерөнхий боловсролын сургуульд” судалгаа

2004 онд хийсэн судалгаа, шинжилгээний ажлууд:
1. Үндэсний зөвлөхийн хийсэн Тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний талаарх судалгаа
2. Газар эзэмших, өмчлөх эрхийн тухай судалгаа
3. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн төлөв байдлын судалгаа
4. Эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн хамгаалал, хуульд заасан тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхийн судалгаа
5. Хөдөлмөр эрхлэлтэд ялгаварлан гадуурхахгүй байх зарчмын хэрэгжилтийн талаарх судалгаа

2003 онд хийсэн судалгаа, шинжилгээний ажлууд:
1. Хүүхдийн эрхийн асуудлаарх судалгаа /Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран/
2. Тахир дутуу хүмүүсийн эрхийн асуудлаарх судалгаа /Төрийн бус байгууллагуудтай хамтран/
3. Нэн ядуу иргэдийн эрхийн хэрэгжилтийн судалгаа
4. Татвар хураамжийн талаар судалгаа
5. Яам, төрийн захиргааны байгууллагууд болон нийслэлийн ИТХТ, ЗД-ын баталсан нийтгээр дагаж мөрдөх нийтлэг хэм хэмжээ тогтоосон шийдвэр нь хүний эрхийн зарчимд нийцэж буй эсэх талаарх судалгаа
6. Монгол улсын зарим хууль тогтоомж Монгол улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ хэлэлцээр болон Үндсэн хуульд заасан хүний эрхийн зарчимд нийцэж буй эсэх талаарх судалгаа
7. Монгол улсын нэгдэн орсон гэрээ, конвенцийн заалттай хууль тогтоомж нийцэж буй эсэх асуудлаар /ИУТЭТОУП, ЭЗНСЭТОУП, ЭШЭК, ЭЯГБХУТК, ХЭК, Хөдөлмөрийн суурь конвенциуд/ хийсэн судалгаа
8. Уул уурхайн салбарт хөдөлмөрийн суурь зарчмууд болон хөдөлмөрийн эрхийн судалгаа
9. Иргэдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлын хэрэгжилтийн байдлыг судлах судалгаа
10. Цаатан иргэдийн эрхийн асуудлаарх судалгаа
11. 12 аймгийн хурал, захиргааны байгууллагын тогтоол шийдвэрийг хүний эрхийн зарчимд нийцэж буй эсэхийг уншиж судалсан.
12. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, Монгол Улс дахь тайван жагсаал, цуглаан хийх эрх, хөдөлмөр эрхлэлтэд ялгаварлан гадуурхахгүй байх зарчмын хэрэгжилт, эмзэг бүлгийн нийгмийн хамгаалал, үл хөдлөх хөрөнгө /газар/ өмчлөх, эзэмших эрхийн хэрэгжилт, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд хүний эрхийн зарчимд хэрхэн нийцэж байгаа тухай сэдвүүдээр үндэсний зөвлөх шалгаруулж, судалгаа хийлгэсэн

2002 онд хийсэн судалгаа, шинжилгээний ажлууд:
1. Нийслэлийн болон дүүргүүдийн шүүх, прокурор, цагдаагийн байгууллагуудад 2001, 2002 оны эхний хагас жилд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн эрүүгийн хэргүүдэд хийсэн судалгаа
2. Нийслэлд хөдөө орон нутгаас шилжин суурьшсан иргэдийн талаар явуулсан судалгаа
3. Иргэдийн өмгөөлүүлэх, эрх зүйг туслалцаа авах эрхийн талаарх судалгаа
4. Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хороодын хэсгийн байцаагч, цагдаа, олон нийтийн байцаагчийн үйл ажиллагаанд хийсэн судалгаа
5. Иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийн талаар хийсэн судалгаа
6. Эмэгтэйчүүд, хүүхдийг худалдах гэмт хэргийн талаар хийсэн судалгаа

2001 онд хийсэн судалгаа шинжилгээний ажлууд:
1. Нийслэлийн болон дүүргүүдийн шүүх, прокурор, цагдаагийн байгууллагуудад 2000, 2001 оны эхний хагас жилд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн эрүүгийн хэргүүдэд хийсэн судалгаа
2. Хүний хувийн эрх, эрх чөлөөний хэрэгжилт
3. Улс төрийн эрх, эрх чөлөөний хэрэгжилт
4. Эдийн засгийн эрх, эрх чөлөөний хэрэгжилт
5. Нийтин эрх, эрх чөлөөний хэрэгжилт
6. Итгэл үнэмшилтэй байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх
7. Иргэдийн хөдөлмөрлөх эрх
8. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрх

No comments: