Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэцэд итгэх итгэл “навс унасан” байна

Монголд сүүлийн арван жилд хэрэгжсэн шүүхийн шинэтгэлийн үр дүнг үнэлэх зорилгоор Нээлттэй нийгэм форум өнгөрсөн оны сүүлээр хийсэн судалгааныхаа тайланг гаргажээ. Судалгааг АНУ-ын БАР-ын холбооноос боловсруулсан олон улсын хэмжээнд хэрэглэгддэг “Шүүхийн шинэтгэлийн индекс”-ийн үзүүлэлтийг ашигласан байна.

Уг тайланд дурдсанаар шинэтгэл эхлээд арваад жил өнгөрсөн боловч манай улсын шүүхийн тогтолцоонд итгэл олон нийтийн итгэл доод төвшинд байгаа аж. Түүгээр ч зогсохгүй иргэд шүүхийн байгууллагад таагүй хандах болж, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэцэд итгэх итгэл “навс унасан” байна. Уг нь 1990-ээд оны сүүлчээс эхлэн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг, “Ханнс Зайделийн сан”, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг зэрэг байгууллага өч төчнөөн хөрөнгө мөнгийг Монголын шүүхийн шинэтгэлд зориулжээ. Харамсалтай нь шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд иргэд сэтгэл дундуур буйг судалгааны дүн харуулсан байна.

Зөвхөн дурдсан судалгаа ч бус өөр бусад судалгааны дүн ийм байгааг мөн тайланд дурджээ. Тодруулбал, “Сант марал” төвийн судалгаагаар монголчуудын дөнгөж 28 хувь нь шүүхэд очсон тохиолдолд асуудлаа шударгаар шийдвэрлүүлж чадна гэдэгт итгэдэг аж. Гэтэл 85 хувь нь эсрэгээрээ шүүх хөрөнгө чинээ, төрийн албан тушаал, садан төрлийн болон найз нөхдийн холбоо, компани, хувь хүн үү гэдгийг харж шийдвэр гаргадаг гэж үзсэн байна. Мөн үүнтэй адилаар 75 хувь нь шүүхийн шийдвэр улстөрийн нөхцөл байдлыг харгалзан үзэх, шүүгчийн хувийн ашиг сонирхол, төрийн албан тушаалтан зэргийн нөлөөнд ордог гэж дүгнэжээ.

Эхэнд өгүүлсэн судалгааг хийхдээ Нээлттэй нийгэм форум шүүхийн шүүгч, өмгөөлөгч, хуулийн багш, төрийн бус
байгууллагын удирдлага, төрийн албан хаагч, хууль сахиулах байгууллагын ажилтан зэрэг мэргэжилтнүүдээс Монголын шүүхийн талаар ярилцлага авчээ. “Шүүгчид мэргэжлийн хувьд сайн бэлтгэгдсэн” гэдэгтэй мэргэжилтнүүдийн 66 хувь нь санал нийлээгүй бол 20 хувь нь хүлээн зөвшөөрч, 14 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ. Харин шүүгчид хууль эрх зүйн талаархи, мэргэжлийн сургалтад хангалттай хамрагддаг гэдгийг 43 хувь нь зөвшөөрч, 19 хувь нь санал нийлсэнгүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд шүүгчдэд зориулсан хууль зүйн үргэлжилсэн сургалтад олон улсын байгууллагууд багагүй анхаарч, бүр Хууль зүйн үндэсний төвийг байгуулахад тусламж үзүүлсэн билээ. Мөн олон мэргэжилтэн шүүгчийг сонгон ажиллуулахад садан төрлийн холбоо харилцаа хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг хэмээн шүүмжилжээ. Шүүгчийг сонгоход бас улстөрждөг гэдгийг ч шүүмжлэлийн гадна орхисонгүй.

Нөгөөтэйгүүр Монголын шүүхэд хуулиар эрх мэдэл, хүч нөлөө үзүүлэх боломж олгосон хэдий ч энэ нь тийм ч
хангалттай хэрэгжиж чаддаггүй бололтой. Санал асуулгад оролцсон мэргэжилтнүүдийн 50 хувь нь “Шүүхийн шийдвэрийг төрийн эрх мэдлийн бусад салаа мөчир нь хүндэтгэж, албадан биелүүлдэг” гэдэгтэй санал нийлээгүй байна. Тэр ч бүү хэл зарим ярилцлага өгсөн мэргэжилтэн хэлэхдээ гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага өөрт таалагдаагүй шүүхийн шийдвэрийг хүндэтгэдэггүй гэжээ.

Энэчлэн “шүүхийн дээр хууль л байдаг” гэх ойлголтыг өнөө хэр хүмүүс толгой дохин хүлээж авахгүй байсаар. “Шүүгчийг сонгож, томилох үйл ажиллагаа хараат бус, голч хандлага бүхий шүүгчийг гаргаж ирэх нөхцөл бүрдсэн” гэдгийг оролцогсдын 54 хувь нь “үгүй”, 32 хувь нь “тийм” гэж үзжээ. “Шүүгчийг дарамт шахалтад орох, халдлагад өртөх, амь насыг нь хороох зэрэг аюулаас хамгаалах бололцоо хангалттай бүрдсэн” гэдэгтэй мөн 55 хувь нь санал нийлсэнгүй. Төрийн өндөр албан тушаалтнууд Дээд шүүх болон Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нөлөөлдөг гэж тэд дүгнэсэн байна.

Уг нь шүүх хараат бус, бие даасан байх ёстой ч шүүхийн шийдвэрт улстөрийн нөлөө орж байгааг оролцогчид шүүмжилжээ. Тэр ч байтугай шүүгчийн ажил нь хэн нэг өндөр албан тушаалтан цаашид өөрийг нь дэмжиж, үнэнчээр зүтгэнэ гэж амласны хариуд өгдөг тэтгэмж маягийн зүйл болсон байна. Шүүгчийг томилох, өөрчлөхөд Ерөнхийлөгч тэнцвэргүй их эрх мэдэл эдэлдэг, шүүхийн төсөв болон шүүгчийн цалин жил бүр хасагдахад бэлэн байдаг зэргийг ч оролцогчид шүүмжилжээ. Нээлттэй нийгэм форумаас асуулга авсан мэргэжилтнүүдийн дунд бараг нийтлэг байсан нэг зүйл бол шүүхийн шийдвэрт зүй бус төлбөр, шүүгчийн хувийн сонирхол нөлөөлдөг гэж үзсэн явдал байж. Нэгээс бусад бүх мэргэжилтэн буюу тэдний 77 хувь нь “Шүүхийн шийдвэр хэргийн зохигчид эсвэл бусад сонирхогч талаас өгсөн төлбөр, бэлэг, сэлтийн нөлөөнд ордоггүй” гэдэгтэй санал нийлээгүй байна. Гэтэл шүүхийн шинэтгэлийг хийхэд дэмжлэг үзүүлж буй байгууллагуудын нэг нь ч шүүхийн авлигын асуудалд анхаараагүй гэнэ. Тэгвэл шүүхийнхэн авлига авдаг гэсэн хардалт, нь шүүгчийн ёс зүйн дүрэм бүрхэг байгаатай холбоотой аж. Мөн шүүгчийн ёс бус үйлдлийг бүрэн тодорхойлж, хориглоогүй төдийгүй ийм үйлдлээс сэргийлэх тухай заагаагүй нь нөлөөлдөг байна. Тухайлбал, шүүгч болон талуудын хооронд ганцаарчилсан харилцаа холбоо үүсэхийг шүүгчийн ёс зүйн дүрэмд хориглоогүй юм байна.
Ийн ганцаарчлан уулзахдаа ямар асуудлыг ярьдгаас үл хамааран авлигад өртөх нөхцөлийг бүрдүүлж буй. Хэдийгээр Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан ч асуулгад оролцсон олон мэргэжилтэн “Сахилгын хороо хахуульд зуучлах, авлига авах зэргээр эрх мэдлээ урвуулан ашиглах, эсвэл өөр ямар нэг хэлбэрээр хувийн сонирхлоо хангаж байгаа шүүгчийг биш харин хэтэрхий хараат бус шүүгчийг шийтгэх гол хэрэгсэл болсон” гэнэ. Юутай ч тус хорооноос гаргасан тоо баримтаас үзвэл шүүгчийн эсрэг гаргасан гомдлын олонхийг ямар ч арга хэмжээ авалгүй, тайлбар үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгодог байна. Жишээ нь, 2003-2005 оны хооронд Улаанбаатар хотоос гарсан 28 гомдлын 22-ыг ийм байдлаар хэрэгсэхгүй болгожээ. Нөгөө зургаан гомдол нь чухам юу болсон талаар нийтэд мэдээлээгүй байна. Олон нийтийн өмнө ил тод биш эсвэл хөндлөнгийн шалгалт хийгдээгүй болохоор энэ нь шүүхийн дотор авлига байна гэж хардах боломжийг нээж буй. “Шүүхийн танхим хэвлэл мэдээллийнхнийг багтаах хангалттай зайтай” гэдэгт оролцогсдын 82 хувь нь санал нэгдээгүй бол шүүхийн шийдвэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон түмэнд хүрдэг гэдгийг 66 хувь нь үгүйсгэжээ.

Шүүхийн тогтолцоонд хэргийг боломжийн хугацаанд шуурхай шийдэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хэргийг хүлээн авч бүртгэх, хэргийн явцыгхянах үр дүнтэй, хүртээмжтэй тогтолцоо үйлчилдэг гэдэгтэй мвн 50 хувь нь санал нийлээгүй байна. Энэ мэт шүүмжлэл, анхаарч үзүүштэй дүгнэлтүүд олон байгаа юм. Тиймээс цаашид шүүхийн шинэтгэлд илүүтэй анхаарч, алдаа зөрчлийг засч залруулах нь чухал болохыг тайланд онцлоод санал зөвлөмж гаргажээ. Тухайлбал, шүүгчийг ажил үүргээ хэрхэн биелүүлж байгаад тогтмол шалгалт хийх, шалгалтыг шүүгчдийн өмнө хэрэг өмгөөлж байсан Өмгөөлөгчдийн холбооны гишүүдийн дунд нууц санал асуулга явуулах замаар хийх. Уг шалгалтын дүнг нийтэд мэдээлдэг байхыг зөвлөжээ. Шинээр томилогдсон шүүгч нарт тавих гол шаардлагыг тогтоох, шүүгчдийг сонгохдоо бодит шалгуурыг тавьж, хамгийн өндөр оноо авсан шүүгчийн нэрийн Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчид гаргаж өгснөөр түүнийг томилохоос татгалзах эрхгүй байх шаардлагатайг зөвлөмжид онцолсон байна.
Юутай ч шүүхийн тогтолцооны өнөөгийн байдал, шинэтгэлд иргэд, хуульчид дээр өгүүлсэнчлэн дүн тавьжээ. Шинэтгэлийн үйл ажиллагаандаа санаа авч, хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэх биз ээ.

Д.Элбэрэлт

Эх сурвалж www.sonin.mn

No comments: