Социологи хийгээд Нийгмийн философийн харилцааны тухайд хэдэн зүйл хэлэхүй

МУИС-ын Нийгмийн Судалгааны Хүрээлэнгийн Захирал, Социологийн тэнхмийн эрхлэгч О.Мөнхбат
Үгүүлэх нь
Социологич бэлдэх мэргэжлийн тэнхим МУИС-д анх байгуулагдаж, В.Отгон насан багш болон түүний ганц цэрэг, үүнийг бичигч би бээр орох өрөө байхгүй тул философийн тэнхимд ширээ зээлдэн түр толгой хоргодож, Оюун эгчийн гарын байхууг ууж асан тэр цагаас эдүгээ арван таван намар элжээ. Энэ үеэсээс манай хоёр тэнхмийн хооронд бусдаас илүүтэй дотно элэгсэг харьцаа бий болж, одоо ч хэвээр үргэлжилсээр байдаг билээ. Харин бидний заадаг социологи, тэдний заадаг нийгмийн философи хоёрын харилцааны тухайд энэ мэт ойлгомжтой, биеэсээ ойлгосон байдал тэр бүр байсангүй.
Манай нийгмийн философичид цайлж суухын завсар болон мэргэжлийн сэтгүүлээр дамжуулан нийгмийн сэтгэлгээнд социологи, нийгмийн философийн эзлэх байр суурь болон тэдний хоорондын харилцааны талаар өөрсдийн санаа бодлоо илэрхийлсэн нь цөөнгүй бол социологичдын хувьд нам гүм чимээгүй байх нь түгээмэл билээ. (Эл асуудлаар манай философичдын бичсэн сүүлийн бүтээлүүдээс профессор Н.Хавхын “Гүн ухаан, социологи хоёрын холбоо хамаарлын тухайд” үгүүллийг нэрлэж болно. Тэрээр пирамидын дүрсээр нийгмийн шинжлэх ухаанууд хийгээд философийн харилцааг тодорхойлжээ. Дөрвөн шаттай эл пирамидын оргилд Диалектик буюу Төв үзэл, удаахь нь нийгмийн философи. Гутгаарт социологи, эдийн засаг, улстөр зэрэг салбар ухаанууд Дөтгөөрт, тодорхой судалгаа байрлах аж. Доод түвшний шат бүр дээд шатандаа захирагдан интеграчлагдсаар хэт ирээдүйд сонгодог гүн ухааны хууль, сэтгэлгээр зангидагдсан нийгмийн тухай нэгдмэл нэг мэдлэг ухаан болно гэж док Н.Хавх үзжээ. үз: Социологи сэтгүүл ¹4, 2003. Н.Хавх Нийгмийн гүн ухаан УБ.,1997. Профессор Ц.Гомбосүрэн бээр нийгмийн гүн ухаан бол социологийн ерөнхий онол мөн гэсэн байр суурийг илэрхийлдэг. Ингэхдээ ямар нэгэн нэгдмэл супер мэдлэг бий болох боломжийг интеграль философийн тогтолцоогоор тайлбарлах нь бий. Үз: Ц.Гомбосүрэн Нийгмийн тухай философийн интеграль (нэгтгэгч) хувилбарыг боловсруулах эхлэл (онол аргазүйн асуудал), УБ., 1999.Социологичдоос МУИС-ийн багш Ч.Тамирын “ Социологи ба философийн хоорондын харьцаа, социологийн судлах зүйл” гэсэн гарчигтай үгүүллийг дурдаж болно. Ч.Тамир нийгмийн философи хийгээд социологийн судлах зүйлд шинжилгээ хийн тэдгээрийн тулгуур ойлголтуудыг харьцуулан үзсэн байна. Үз: Социологи сэтгүүл. ¹1.2001.)
Энэ асуудлаар философичид ихэнхдээ социологийн хоёр багшийг толгой хоргодуулж байсан шигээ “том” ахын сууринаас хандаж, нийгмийн философи бол социологийн ерөнхий онол гэх юм уу түүний онолчлолын дээд хэлбэр гэх нь олонтой байдгийг хэлэх юун. (Дээр дурдсан хоёр эрдэмтний байр суурь нь чухамдаа социологийн онолын түвшинг нийгмийн философи, эсвэл диалектикт шилжүүлэх гэсэн оролдлогоороо ижил.)
Санал болгож буй энэ үгүүлэлд би социологи хийгээд нийгмийн философийн харилцааны тухай асуудалд анхаарал хандуулан эл асуудлаарх өөрийн байр сууриа илэрхийлэхийг хүслээ.

Асуудлыг томьёолох нь
Социологийг судалгааны аргын түвшинд аваачин, түүний онолын функцийг нийгмийн философид үүрүүлэхийг эрмэлздэг эрмэлзлэл олон арван жилийн уламжлалтай агаад шалтгааныг нь марксизм, ленинизм хийгээд сталинизм, коммунист үзэл суртал болон улстөрийн дэглэм зэрэг хүчин зүйлстэй холбон тайлбарлах нь бий. (Осипов Г.В. Социология и Социализм. М.: Наука, 1990. Randall Collins, Michael Makowsky. The Discovery of Society. 1993. 5th edition.)
Энд дурдсан зүйлсээс чухам аль нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн буюу гол хэргийн эзэн хэнгэргийн дохиурыг тодорхойлох нь хэцүү авч социологийн статуст хандах энэ хандлага ЗХУ болон Дорнод Европын улс орнуудын социаль сэтгэлгээнд зонхилж байсан нэг онолын монополь болон түүнээс үүдсэн шинжлэх ухааны бүтцийн шаталсан тогтолцооны зарчимд маш хүчтэй илэрдэг билээ. Энэ утгаараа дурдсан бүх хүчин зүйлс социологийг авч үздэг дээрх хандлагатай ямар нэг байдлаар холбогдох авч Марксизмын хувьд ямар марксизмын тухай яригдаж байгааг тодруулах нь зүйтэй юм.
Чухамдаа энд Марксын бүтээл туурвилд тусгалаа олж, бүрэлдэн бий болж, арван ёсдүгээр зууны үед үүссэн олон социаль онолын адил хөгжиж, өөрчлөгдөж, унаж тусаж явсан марксизмыг бус харин албан ёсны үзэл суртал болон хувирсан тэр л догматик марксизмын тухай ярих нь шударга ажгуу.
Өөрөөр хэлбэл байгаль, нийгмийн ухааныг удирдан манлайлахаар “заяагдсан” диалектик материализм болон түүхэн материализм, ирээдүйн коммунизмыг судлахаар “заяагдсан” шинжлэх ухааны коммунизмын онолоос бүрддэг, К.Марксыг өөрийг нь би бол марксист биш хэмээн хашгирахад хүргэсэн тэр л марксизм социологид хандах дээрх хандлагын гол шалтгаан болсон юм. ( Randall Collins, Michael Makowsky. The Discovery of Society. 1993. 5th edition.)
Үнэндээ аль 19-р зуун лугаа мухардалд орж, нийгмийн сургаалийн хувьд үеэ өнгөрөөсөн нийгмийн философийг (Нийгмийн философи гэж юу болох талаар монголын томоохон философичдын нэг Г.ЧУлуунбаатар хэлэхдээ энэ бол түүхийн, улс төрийн философи зэргийг нэгтгэн хураангуйлсан нэр юм гэжээ. Өөрөөр хэлбэл урьд бидний нийгэм судлал (обшестоведение) гэдэг шиг хураангуйлан хялбарчилсан хэрэг аж. Үз: Г.Чулуунбаатар. ХХ-ХХI зууны зааг үеийн монгол дахь иргэний нийгмийн төлөвшил. ШУА.ФСЭХ.1999) түүхэн материализм гэсэн шинэ нэрийн дор шинжлэх ухааны статус олгон дахин амилуулах оролдлого чухам ийм л марксизмаас гаралтай билээ.
Оросын хөрснөө дөнгөн данган үндэслэж асан марксизм арван долоон оны октябрын хувьсгалын дараа большевизм, ленинизм гэсэн экстремист хэлбэрийг олж, албан ёсны үзэл суртал болсноор хөгжин өөрчлөгдөх, бүрэлдэн бий болсон нөхцөл байдлыг бүтээлчээр үнэлэн, бусад онол үзэл баримтлалуудад хүлээцтэй хандах чадвараа алдаж, онолын монизмыг тунхаглах болсон юм.
Тэр үеэс түүхэн материализм марксизмын нийгмийн философи гэсэн утгаараа социологи зэрэг нийгмийн шинжлэх ухааныг орлох, улмаар танин мэдэхүйн тавцнаас захиргаадалтын аргаар шахан зайлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлжээ.
Чухам энэ марксизмын хүрээнд социологийн шинжлэх ухааныг философийн мэдлэгийн нэг хэсэг гэх юм уу эс бөгөөс хөрөнгөтний хуурамч ухаан хэмээн нэрлэдэг максимум нигилист хандлагаас судалгааны өвөрмөц арга гэж хүлээн зөвшөөрдөг минимум хүлцэнгүй хандлага төрөн гарсан билээ.( Эхний хандлагын үр хөврөлийг бид Бухарин, Нагиев, Сталин нарын бүтээлээс харж болох бол хоёрдох хандлагыг Хрушевын “дулаарлын” үеийн сэтгэгчдийн бүтээлээс олж харах боломжтой. Үз: Бухарин Н.И. Теория исторического материализма. Учебник марксистской социологии. Пг., 1921. Нагиев Д. Луппол И. Ленин и философия: К вопросу об отношении философии к революции. Журнал Вестник ком Акад. 1927. Осипов Г.В. Социология и Социализм. М.: Наука) Хэдийгээр илэрхийлж байсан төлөөлөгчид болон цаг хугацааны хувьд эдгээр хандлагууд өөр өөр байсан авч социологийн шинжлэх ухааны статусыг эргэлзээнд оруулж буй нэгэн шижмээр холбогдож байгаагаараа ижилхэн юм.
Эс нуршин товчлон хэлэхүйд, ЗХУ болон түүний дагуул улс орнуудад социологийг бие даасан шинжлэх ухаан хэмээн хүлээн зөвшөөрсөн хорьдугаар зууны төгсгөл үе болон дэлхийн коммунист систем нуран унасан 1990 он хүртэл социологийг тойрон өрнөсөн үйл явц үндсэндээ төрийн эрх барьж асан коммунист намын номенклатур ангийн хүсэл зоригоос шууд хамаарч байжээ. ( Социологийг хориглон хавчих, зөвшөөрөн амьдрал олгох бүрийн ард хэн нэгэн Ерөнхий нарийн бичгийн дарга эсбөгөөс Намын төв хорооны тогтоол байдаг. Жиш-нь, генералиссимус И.В.Сталин, Генсек Брежнев, Генсек М.С.Горбачев хийгээд Постановление ЦК КПСС от 1967, 1986гг. Заседание Политбюро ЦК КПСС от 1988г.) Өнөө үед социологийг шинжлэх ухаан биш гэх юм уу эсвэл хөрөнгөтний хэмээн нэр хоч зүүх нь боломжгүй болсон хэдий ч судалгааны арга гэж үзэх үзэл оршсоор байгаа нь нууц биш бөгөөд нийгмийн философийг социологийн онолын түвшин гэж үзэх үзэл үүний нэгэн өвөрмөц хэлбэр юм.
Эл чиглэлийн марксистууд бүхий л нийгмийг хамран, хамгийн ерөнхий түгээмэл нийгмийн хууль тогтлыг судалдаг түүхэн материализм бол “ зөвхөн социологи төдийгүй өөрсдийн судлах зүйлийн явцуу хүлээсэнд баригдсан бүхий л нийгмийн шинжлэх ухаануудын” онол арга зүйн үндэс мөн хэмээн үзэж байлаа. (Проблема закона в обшественных науках. Под ред. П.А. Рачкова. М.: Изд-во МГУ, 1989.) Энэ үзлийг хүлээн зөвшөөрөх ахул социологид ганцхан салангид тархай анхдагч мэдээлэл, баримт сэлтийг цуглуулах л үүрэг оногдож байгаа бөгөөд онолын боловсруулалт, тайлбарлал нь түүхэн материализмд (одоо бол нийгмийн философи гэгдэж буй) хүртэх аж.
Энэ үзэл бодол социалист системийн улс орнуудаас Югослав, Унгарын нийгмийн ухаанд төдийлөн хүчтэй нөлөөлөөгүй бол ЗХУ, Болгарт түүнчлэн Европын социаль сэтгэлгээг Зөвлөлтийн цонхоор дамжуулан авсан Монголын нийгмийн шинжлэх ухааны жанжин шугам болж байв. 1990 оноос өрнөсөн үйл явцын дүнд догматик марксизм албан ёсны үзэл суртал байхаа больж, социалист гэгдэж байсан орнууд өмнө тахин шүтэж байсан социаль сэтгэлгээний олон зарчмаас татгалзсан юм. Зарим улс орнуудад эл үйл явц тун эрчимтэй, магадгүй ихээхэн туйлширсан байдлаар өрнөн марксизмыг бүхэлд нь үгүйсгэсэн бол Монгол мэтийн азийн улсуудад нэлээд аядуу хэлбэрээр явагдсан ажгуу.
Эдгээр улсуудын социаль сэтгэлгээнд марксизмын дээрх хэлбэр өнөөг хүртэл тун хүчтэй байр суурьтай хэвээр, “супер” онолын байр сууриа хадгалахыг эрмэлзсээр байгаа юм. Ийм улс оронд түүхэн материализмыг эдүгээ нийгмийн философи хэмээн нэрлэдэг болсон авч социологийг халамжлах, түүний онолын функцийг хураан авах хандлага төдийлөн өөрчлөгдөөгүй аж.
Эл хандлагын дагуу социологийн шинжлэх ухааны бүтэц бол ерөнхий онолын, салбар буюу тусгай онолын хийгээд тодорхой судалгааны гэсэн түвшинд хуваагддаг байна. Түвшин бүр илүү өндөр түвшиндээ захирагдах бөгөөд тодорхой судалгааны түвшин эмпирик баримт сэлтийг цуглуулдаг бол салбар буюу тусгай социологийн түвшинд юмс үзэгдлийн тодорхой болон өвөрмөц зүй тогтлыг судалж, нийгмийн институт болон хүрээг авч үздэг бол ерөнхий онол нь бүхий л нийгмийн хүрээнүүдийн түгээмэл ерөнхий хууль зүй тогтлыг судалж, онолын тайлбарлал хийдэг аж. (Федосеев П.Н. Ильичев Л.Ф. О некоторых методологических проблемах исторического материализма. Журнал Коммунист. 1986. ¹ 18. Проблема закона в обшественных науках. Под ред. П.А. Рачкова. М.: Изд-во МГУ, 1989)
Эл үзлийн үүднээс харах ахул социологийн бүтэц нь хатуу чанд иерархи бүхий шаталсан тогтолцоо бөгөөд түүхэн материализм (нийгмийн философи) социологийн ерөнхий онол гэсэн утгаараа шаталсан тогтолцооны оргилыг эзлэх амой. (Түүхийн материализмын (нийгмийн философи) судлах зүйлийг зөвлөлтийн философичид хүртэл олон янзаар тайлбарласан нь бий. Г.В. Осипов гэхэд л 1.нийгэм байгалийн түгээмэл хууль тогтол, 2. нийгмийн түгээмэл хууль зүй тогтол. 3. янз бүрийн системийн хөгжих, оршихуйн асуудал, 4.нийгмийн харилцааны тогтолцоо, түүний хууль зүй тогтол, 5. нийгмийн ахуй болон нийгмийн ухамсар болон 6. хүний нийгэм болон түүний хөгжлийн зүй тогтлыг судалдаг гэсэн зургаан өөр тодорхойлолт байдаг хэмээн тооцсон байна.Үз: Осипов Г.В. Социология и Социализм. М.: Наука, 1990 Түүнчлэн Док Ц.Гомбосүрэн нийгмийн философийг нийгмийн амьдралын бүх хүрээ, харилцаа, түүх, орчин үеийн гол гол асуудлыг судалдаг мэдлэгийн салбар гэж тодорхойлсон бол Док Н.Хавх дорно дахины арга билгийн сургаалийг өрнийн диалектик сэтгэлгээтэй уялдуулан нийгмийг судална гэж үзсэн аж. Үз:Г.Чулуунбаатар. Шинэчлэлийн үеийн нийгмийн философийн суурь судалгаа. Илтгэл. Дэлхийн философийн өдөрт зориулсан ЭШБХурал. УБ. 2005.)
Социологийн шаталсан энэ бүтэц зөвхөн нэг онолын монополь байдал буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн буюу зөвшөөрөхөд хүрсэн онолын моно тайлбарлалын хувьд л боломжтой юм. Гэтэл энэ нь онолын плюрализм ноёрхсон, үзэл бодлын чөлөөт мэтгэлцээн, санал зөрөлдөөнийг хэвийн үзэгдэл хэмээн үздэг шинжлэх ухааны хувьд тун боломжгүй зүйл билээ.
Плюралист зарчмын үүднээс социологийн бүтцийг захирах захирагдах чанд шатлалтай гэсэн байдлаар биш харин өөр өөрийн тулгуур онол, арга зүйтэй, эмпирик арга хэрэгсэл, үнэлэмжийн системтэй харьцангуй бие даасан парадигмуудын тогтолцоо хэмээн үздэг.
Өөрийн байр суурийн үндэслэгээг бусдад ойлгуулахын тулд социологийн онолын маргаан хийгээд үнэн, түүний шалгуурын тухайд хэдэн зүйл хэлсүү.

Социологи дах онолын олон талт байдал буюу үнэний тухайд
Нэгэн зууны тэртээ Өрнөд Европын социаль сэтгэлгээ лугаа анхлан үндэс сууриа тавьсан социологийн шинжлэх ухааны онол аргазүйн асуудлаар өрнөсөн мэтгэлцээн маргаан бээр нэгэнтээ дүрэлзэн асах мэт эрчимжиж, нөгөөтэй цурванд орсон гал адил амаржин намжсаар хорьдугаар зууныг ардаа хийжээ.
Энэхүү маргаан, мэтгэлцээний гольдрил хийгээд мөн чанар, үндсэн шинж нь дэлхий дахины хөгжлийн хандлага болон түүнд нөлөөлдөг нийгэм, улстөр, эдийн засгийн зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалж ирсэн юм. Ингэхдээ хэдий эмпирик судалгаа, түүний аргууд ч цөөнгүй өртөж байсан авч онол, аргазүйн асуудлууд санал зөрөлдөөний гол цөм байсан ажгуу.
Энэ тухай Английн социологич Гиддэнс бээр (Giddens )“Социологичдод нийтээр хүлээн зөвшөөрсөн онолын эхлэл байр суурь гэж үгүй агаад хүний зан үйлийг судлахдаа чухам ямар талаас нь эхэлбэл зохистой хийгээд судалгааны үр дүнг хэрхэн тайлбарлавал зүйтэй талаар олонтоо маргалддаг. Байгаль судлаач эрдэмтдийн хүрсэн лугаа адил бат бэх зөвшилд социологичид яагаад хүрч чадахгүй байна вэ?
Энэхүү асуултын хариу нь социологийн мөн чанартай холбоотой юм. Эл шинжлэх ухаан бол бидний амьдралын тухай, та бидний зан үйлийн тухай ухаан агаад өөрийгөө судална гэдэг нь байж болох хамгийн түвэгтэй, хэцүү ажлын нэг билээ. Бүхий л шинжлэх ухаануудад, түүний дотор байгалийн ухаанд ч тэр, эмпирик судалгаанаас илүүтэйгүүр онолын тал дээр санал зөрөлддөг. Учир нь ямар нэгэн баримт сэлтийн тухайд санал зөрөлдөөн үүсэх ахул түүнийг амархан шалгах юм уу давтаж болдог бол онолын маргаан нь тайлбарлалаас ямар нэгэн байдлаар байнга хамаарч байдаг тул ийм арга замаар нэгэн мөр шийдвэрлэгдэх нь ховор”( Giddens(1997) A.Sociology.Third edition. Polity Press) хэмээн тэмдэглэн бичжээ.
Онол, үзэл баримтлалыг тойрсон эл нөхцөл байдал социологийн судлагдхууны онцлогоор тайлбарлагдах бөгөөд социаль үзэгдэл юмс хийгээд хүний зан үйл, харилцан үйлдэл тун баялаг агуулга, олон талтай тул нийтээр хүлээн зөвшөөрсөн нэгэн мөр тайлбарлал бараг боломжгүй аж.
Чухамдаа хүний нэг л үйлдлийг гэхэд бид тун олон янзаар тайлбарладаг бөгөөд тайлбарлал бүр нь уг үйлдэл хаана, хэзээ болж, хэр удаан үргэлжилсэн зэрэг цаг хугацаа, орон зай төдийгүй ямар өнгө аяс, утга учир агуулсан, тухайн хүн сэтгэл санааны хувьд ямаршуу байсан зэрэг асар олон хүчин зүйлсийн нөлөөллөөс хамаардаг байна. (Америкийн социологич Бандер Занден (James W. Vander Zanden) хүн харцаа аль нэг зүйлд хэр хурдан удаан тусгаснаас үүдэн гарах олон утга учрыг судалсан байна. Хүн харцаа үл таних хүн дээр 3 хором орчим тусгах нь хамгийн тохиромжтой аж. Хэрэв та үүнээс илүү байлгавал харцны утга учрыг хүмүүс өөрөөр тайлбарлаж эхэлдэг байна. Тухайлбал, та автобусанд ороод танихгүй хэн нэгнийг 3 –аас илүү хором ажиглавал наад зах нь цаад хүнд чинь эвгүй мэдрэмж төрөх, эгдүүцэх юм уу эсвэл бүр чи юугаа гөлрөөв гэсэн түрэмгий ааш авир ч гаргаж мэднэ. Гэтэл хэрэв та багштайгаа ч юм уу танаас өндөр статустай хүнтэй ярилцахдаа аль болох түүнээс харцаа салгахгүйг хичээдэг. Харин ийш тийш харцаа буруулах юм уу өөр зүйл рүү хараад байвал түүнийг хүндэтгээгүйн илрэл болж болно. Мөн эрэгтэй хүн бүсгүй хүнийг харц унаган тасралтгүй харах аваас тэр танд таалагдаж байгааг илэрхийлж болно. Ийнхүү хүний ганц харцанд л асар олон утга учир агуулагдаж, түүнийг хүн бүр янз бүрээр тайлбарлаж болдог)
Эдүгээ үнэнийг нэгэн шалгуураар (жишээ нь практик бол үнэний шалгуур гэж үздэг зарим социаль онол шиг) хэмжихийг оролдох аваас амжилтанд эс хүрэхийг онолын хийгээд практик боломж бололцооны харьцаа харуулдаг. Хэмжилтэнд өртөхын хувьд хамгийн их магадлалтай байгалийн ухааны хувьд гэхэд л байж болох нь онолоор батлагдсан авч өнөөгийн техникийн боломжоос үүдэн амьдралд хэрэгжүүлэх боломжгүй шинэ мэдлэг, нээлт өдрөөс өдөрт нэмэгдэхийн хирээр онол, практик хоёрын зай улам л холдсоор байна.
Түүнчлэн практик дээр үр дүнгээ өгч байгаа боловч үнэний шалгуурыг давж чаддаггүй тохиолдлыг (Э.Дюрхэйм нар сар биднийг тойрон эргэдэг гэсэн эртний ойлголтыг хэдий цаг хугацааг тодорхойлоход ашиг тусаа өгч байсан авч шинжлэх ухааны үүднээс үзэх ахул худал байсан гэж тэмдэглэснийг энд дурдаж болно. Үз:Дюрхэйм Э О разделении обшественного труда. Пер. с фр М:1990. О.Мөнхбат Э. Дюрхэймын социологийн үзэл баримтлал. Социологи сэтгүүл ¹ 3) төдийгүй бүр ёс суртахуун, хүмүүнлэг ёсны үүднээс шинэ мэдлэгийг практик дээр хэрэгжүүлэхийг хорьсон жишээг ч дурдаж болно. (Генетикийн ухааны эргэн тойронд үүссэн нөхцөл байдлыг энд дурдаж болох юм. Долли хонийг бүтээснээр эдүгээ хүнийг ч гэсэн генетик инженерчлэлийн тусламжтайгаар бүтээж болох нь нотлогдсон авч дэлхийн олон орон энэ чиглэлийн судалгаа шинжилгээг хориглосон билээ.)
Энэ бүхэн нийгмийн ухаан түүний дотор социологийн хувьд үнэний шалгуурыг ганц байх тэр тусмаа практик юм гэж хэлэх боломжгүйг харуулж байгаа билээ. Эл утгаараа нийгмийн үзэгдэл юмсын талаар олон янзын тайлбарлал буюу олон онол үзэл баримтлалууд байх нь нийгмийн ухааны хэвийн байдал аж. ( Энэ нь үнэн байхгүй гэсэн үг биш бөгөөд нийгмийн ухааны аль нэгэн онол үнэнийг хувьчлах, түүний цорын ганц шалгуур байх боломжгүйг л тэмдэглэж байгаа юм. Үнэний шалгуур олон хэмээн хүлээн зөвшөөрөх нь үнэн басхүү олон байж болохыг үгүйсгэхгүйг хэлэх хэрэгтэй. Үнэнийг авч үзсэн орчин үеийн судлаачдаас Жоус Апплебай, Линн Хант, Маргарит Якоб нарын бүтээл ихээхэн шинэлэг аж. Үз: Жоус Апплебай нар. Түүхийн тухай үнэнийг өгүүлэх нь. Англи хэлнээс орчуулсан Т.Болдгэрэл. УБ. 2002.)
Социологи тэр тусмаа олон парадигмт шинжлэх ухаан болохын хувьд ямар нэгэн онолыг өөрийн онолын түвшин, онолчлолын дээд хэлбэр хэмээн хүлээн зөвшөөрөх нь бүтэшгүй зүйл билээ. Тэр тусмаа социологи нь өөрөө эмпирик шинжлэх ухааны (Эмпирик шинжлэх ухаан гэхээр онолгүй, дан ганц баримт сэлтийн хуримтлал юм уу, аливаа онолыг үгүйсгэн үзэх хар эмпиризмтэй адилтгах нь тун гэнэн болох биз. Нийгмийн хийгээд хувь хүний туршлагад баримжаалсан, зан үйл, харилцан үйлдлийн бодит буюу сэтгэхүйн хэв шинжээс хийсвэрлэж буй онолчлолын хэв маяг бүхий ухааныг бид эмпирик хэмээн ойлгож байгаа юм. Веберийн идеаль хэв шинж ч гэсэн эмпирик байдлаас сэтгэхүйн хийсвэрлэлийн тусламжтайгаар бий болгож байгаа оюуны байгууламж билээ. үз: Дарендорф Р. Дарендорф Ральф. Тропы из утопии. Пер с нем, Праксис, М:2002. М.Вебер. Избранные Произведения: Пер. с нем. М.: Прогресс, 1990.) хувьд, бодит асуудлыг зөвхөн гаргаж тавих төдийгүй тэдгээрийг шийдвэрлэх арга хэрэгсэл, тодорхой шийдлийн хувилбаруудыг дэвшүүлдэг шинжлэх ухаан болохын хувьд хийсвэр бясалгалын шинжтэй мэдлэгийн тогтолцоог ийн хүлээн авах нь бодлогогүй явдал болох бус уу.
Дараагийн хэсэгт социологийг үүсэн бүрэлдэхэд нөлөөлсөн хүчин зүйлсийг шинжлэн үзэх бөгөөд энэ нь яагаад социологи нийгмийн философийг өөрийнхөө онол хэмээн хүлээж авах боломжгүйг дахин нэг нотлон харуулах буй заа.
Социологийг үүсэхэд нөлөөлсөн хүчин зүйлсийн тухайд
Эхэн үеийн буюу 19-р зууны сүүлч үед социологийн шинжлэх ухааны статус, түүний онолчлолын хэв шинж, судлах зүйл хийгээд нийгмийн философитой харьцах харьцааны талаар голлон яригдаж байсан агаад онолын эл маргаан, мэтгэлцээн бээр хамтын үйлдэл гэхээсээ өөр өөр улс оронд амьдарч асан сэтгэгчдийн бүтээл туурвилын хязгаарлагдмал хүрээнд явагдаж байв. (Герман, Франц, Англи зэрэг 19-р зууны Европын тэргүүлэх хөгжилтэй улс оронд ойролцоо цаг үед амьдарч туурвиж байсан социологийн сонгодог сэтгэгчид нэг нэгнийхээ ном бүтээлтэй танилцаагүй байх нь нийтлэг байв. Тухайлбал, Г.Спенсерийн социологийн гол бүтээл)
Монтэскье, Конт, Спенсер нар орчин үеийн нийгэмд эдүгээг хүртэл нийгмийн ухааны хөндөөгүй буюу маш бага хөндсөн өвөрмөц асуудлууд оршин буйг тэмдэглэхийн хамт түүнийг судлах шинэ социаль шинжлэх ухаан зайлшгүй шаардлагатайг дурдаж байлаа. Конт, Спенсер бээр зөвхөн ингээд зогсолгүй энэхүү шинжлэх ухааны судлах зүйл, судалгааны арга болон онолчлолын хэв шинжийг томьёолон гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. (Социологийн түүх судлалд энэ шинжлэх ухааны анхдагч нь хэн бэ? гэсэн асуудал олонтоо тавигддаг. Нийгмийн эл ухаанд социологи хэмээн нэр өгч загалмайлсны хувьд О.Контыг үндэслэгч гэж үзэх явдал нийтлэг байдаг нь олон талаар шударга бус бүлгээ. Чухамдаа цорын ганц анхдагчын тухайд бус харин анхдагчуудын тухай ярих нь аргазүй хувьд зөв юм. Социологийн мэдлэг үүсэн бий болсноосоо авахуулаад шинжлэх ухааны статусыг олж авах хүртэл урт хугацаа туулсан агаад энэ үйлсэд олон арван нийгмийн сэтгэгчид өөр өөрсдийн хувь нэмрийг оруулсан билээ. О.Конт төдийгүй Сен Симон, Ш. Монтескье гэх зэрэг олон сэтгэгчид анхдагчын тоонд орох гавъяатай болохыг хэлэх юун. Үз:Collins Randall and Michael Makowisky, The Discovery of Society, 1993, 5th edition, NY:McGraw-Hill, Inc. Түүнчлэн эл ухааныг зөвхөн өрнийн эрдэмтэн сэтгэгчдын оюуны бүтээл гэдэг уламжлалт хандлагыг зарим судлаачид үгүйсгэж Ибн Халдун (Abdel Rahman Ibn-Khaldun) зэрэг исламын ертөнцийн төлөөлөгчдын үзэл санааг социологийн эх сурвалжийн нэг хэмээн нэрлэдэг. Ritzer G. Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc.1996. p 8)
Ингэхдээ тэд социологийг байгалын ухааны хэв шинж лугаа адил бүтээн, энэ ухааны обьектив аргуудыг ч судалгаа шинжилгээндээ авч хэрэглэх, нийгмийг обьектив бодит байдал хэмээн биологийн организмтай адилтган үзэхийг санал болгож байсан бөгөөд энэ нь яваандаа социологийн онолын сэтгэлгээнд позитивист болоод функциональ хандлагын үндсэн суурь болсон билээ. (Үүний зэрэгцээ В. Дильтей зэрэг (W. Dilthey) сэтгэгчид хүний зан үйл, үйлдлийг урьдчилан таах боломжгүйг цохон тэмдэглэж, ийм зүйлийг судлах бие даасан шинэ ухаан буюу социологийг оршин байх эрхтэй эсэхэд эргэлзэж байсныг тэмдэглэх нь зүйтэй. Үз: Kenneth D.Balley Methods of social research, 1994. Free Press, NY)
Социологийн энэ үеийн хөгжил нь социаль сэтгэлгээ лугаа шинэ тулгар социологийн эзлэх байр суурийг тодорхойлох, уг ухаан нь хэлбэр, агуулга, судалгааны аргын хувьд ямар байх тухай асуудлууд хөндөгдөж байснаар тодорхойлогдох бөгөөд философи, нийгмийн философиос ангид, бие даасан ухаан болохоо батлахыг эрмэлзсэн эрмэлзлэл онцгой байр суурийг эзэлдэг.
Социологийг үүсэн бий болоход философи, философичид чухал үүрэг гүйцэтгэсэн авч дөнгөж мэндэлсэн залуу шинжлэх ухаан маань бүр "төрөх орноосоо" эхлэн философийг сөрөн зогсож, түүний халамжаас үтэр түргэн салахыг хүсч байлаа.(О.Мөнхбат Социологийн шинжлэх ухааны парадигмын асуудал, хөгжлийн чиг хандлага. МУИС –ийн Эрдэм Шинжилгээний Бичиг ¹1.(107)УБ.1992)
О.Контын эхэн үеийн томоохон бүтээлүүд “ Позитивист философийн курс”/1830/ Түгээмэл одон орон судлалын гүн ухааны шаштир"/1844 он/ гэсэн нэртэй байсан хэдий ч түүний гол зорилго нь цоо шинэ социаль шинжлэх ухааныг бий болгохыг эрмэлзэж байлаа. Тэр аажмаар философи гэсэн нэр томьёог хэрэглэхээс түдгэлзсэн нь 1851-1854 онуудад хэвлэгдсэн О.Контын "Позитив бодлогын тогтолцоо буюу хүн төрөлхтөний шашны тухай социологийн шаштир" хэмээх 4 боть зохиол болон бусад бүтээлүүдээс харагдана. Э.Дюрхэймын хувьд ч социологийг философиос, социаль шинжлэх ухааны нэр хүндийг унагаж буй спекулятив бясалгалаас чөлөөлөхийг эрмэлзэж байв. (Философид хандах О.Конт, Э.Дюрхэймын хандлага хоёрдмол шинжтэй байлаа. Тэд хэдийгээр туршилтанд суурилсан рациональ, эмпирик арга зүй рүү тэмүүлж байсан авч социаль асуудлыг тайлбарлах философи хэв маягаас бүрэн салж чадаагүй юм. Энэ тухайгаа Дюрхэйм “ би философиос холдох авч судалж буй асуудлынхаа мөн чанараас үүдэн эргэн ирэх буюу” хэмээн бичсэн нь бий. Үз: Дюрхэйм Э О разделении обшественного труда. Пер. с фр М:1990.)
Үүнд хэд хэдэн хүчин зүйл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Хамгийн анхдагч шалтгаан аваас философи, түүний дотор нийгмийн философи 18-19-р зуун лугаа бүрэлдэн бий болсон нийгмийн захиалгыг биелүүлж чадахгүй нь тодорхой болсонтой холбоотой. Капитализмын мандан бадралын бэлэг тэмдэг болсон энэ зуун бол шашны бурангуй ёсон ноёрхсон дундад зуун юм уу, философийн хүүрнэл, бясалгал дүүрэн Платоны эрин үеэс эрс ялгаатай байлаа. (Платон өөрийн Төр Улс зохиолоо Сократаас Фрасимах, Главкон, Адимант лугаа хүүрнэн бясалгасан хэлбэрээр бичжээ. Олон олон үеийн философичдын бичлэгийн хэв загвар болсон эл бүтээлдээ тэрээр төр засаг, эрх баригчид болон шударга ёс, ёс суртхуун зэрэг олон сэдвээр өөрийн үзэл санааг илэрхийлсэн байна. Үз:Платон. Төр Улс грек хэлнээс орчуулсан Д. Отгонтуяа УБ:2005)
Энэ бол рационализм, либерализм, прагматизмыг эрхэмлэж, эргэлтэнд оруулсан нэг зоос ч болов ашиг авчрах ёстой гэсэн үзэл санаа ноёрхсон нийгэм хүчирхэгжсэн эрин цаг байв. (Социологичдоос чухамхүү М.Вебер өрнө дахины капиталист тогтолцоо, түүний эдийн засаг, эрх зүй, улс төр, социаль харилцаа зэрэг бүрэлдхүүн хэсэг бүрийг рациональ байдал, рационализмын үүднээс хандан судалсан билээ. Стефэн Калберг “ Өрнөдийн соёлын рациональ байдлын тухай сургаал нь М.Веберийн социологийн гол цөм үзэл санаа юм хэмээн хэлсэн нь тун оновчтой тодорхойлолт юм. Чухамхүү өрнө дахины капиталист тогтолцоо, эдийн засаг, эрх зүй, улс төр, социаль харилцаа зэрэг түүний бүрэлдхүүн хэсэг бүрийг авч судлахдаа М.Вебер рациональ байдал, рационализмын үүднээс хандан судалсан билээ. Үз: Kalberg Stephen. M.Weber,s Comparative-Historical Sociology. Chicago; University of Chicago Press 1994. О.Мөнхбат М.Веберийн социологийн үзэл баримтлал. Социологи сэтгүүл ¹ 5, 2005) Шинжлэх ухаан үйлдвэрлэх хүчин болж, ашиг авчрах хэрэгсэл болсноор нийгмийн онол сургаалийг ч энэ өнцгөөр харж эхэлсэн юм. Капитализм нийгмийн сэтгэгчдээс оюуны хийсвэр дүгнэлтэнд тулгуурласан бясалгалын шинжтэй философийн сүрлэг системийг бус бодит амьдралд хэрэгжүүлж болох, үүсэн бий болсон нийгмийн хэв журмыг бэхжүүлэн дэмжиж, үр өгөөжөө өгч чадахуйц алхам хийхийг хүлээж байлаа. Өөрөөр хэлбэл нийгэм судлаачийг инженер, физикчийн нэг адил мэргэшихыг, бодит асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулахыг, тодорхой шийдлийг шаардаж байв.
Гэтэл нийгмийн философи урьдын адил тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэх маягийн эцэс төгсгөлгүй маргаан мэтгэлцээнд живсэн хэвээр, урьд хожид үзэгдээгүй хөгжлийн үйл явцыг тайлбарлан, нийгмийн хүлээхүйг зөвтгөж чадахуйц танин мэдэхүйн онол, арга хэрэгслийг өгч чадсангүй. Чухамхүү философид итгэл алдарсан эл нөхцөл байдал танин мэдэхүйн аргазүй, онолчлолын шинэ зарчмуудыг илэрхийлсэн шинэ залуу ухааныг бүрэлдэн бий болоход чухал түлхэц болсоны сацуу тухайн үеийн философидолтын хэв загвараас татгалзахад нөлөөлжээ.
Социологи ийнхүү философиос холдон хөндийрөхийн хэрээр тухайн үед асар их амжилтанд хүрч, хүн төрөлхтөний сайн сайханы төлөө шинжлэх ухаан хэрхэн үйлчилж чадахыг нотлон харуулж асан байгалийн ухааны онол арга зүй, танин мэдэхүйн үндсэн зарчмуудыг ашиглах замаар институцичлагдаж эхлэв.
Социологийн сонгодог төлөөлөгч О.Конт, Г.Спенсер нар өөрсдийн үзэл баримтлалыг "Нийгмийн физик" хэмээн нэрлэн О.Конт “Оюун санааны хөгжлийн гурван шатны хууль”, Г.Спенсер "Түгээмэл хувьслын хууль, Ф.Теннис "Бүх нийтийн тэгш бус байдлын доторх тэгш байдлын тухай хууль" гэх зэргээр байгалийн хуулиудын адил баталж болохуйц нийгмийн хуулиудыг бий болгохыг хүсэж байсан ажгуу. (История теоретической социологии. В 4-х т. Т.1 Ответ.ред Ю.Н.Давыдов.-М., Канон, 1997. История социологии в Западной Европе и США. Учебник для вузов. Отв. Ред Осипов Г.В. Изд группа Норма-Инфра М:1998. . Ritzer G. Sociological theory.The McGraw- Hill Companies, Inc.1996. J.McKay B.Hill, J.Buckler A History of World Societies. Fourth edition. Houghton Milfflin Company 1970.)
Шинжлэх ухааныг магтан дуулж, түүний хүчээр бүх асуудлыг шийдэж болно гэж олонхи хүмүүс хүсэж, чин сэтгэлээсээ итгэн хүлээж асан энэ цаг үеийг эдүгээ цагийн эрдэмтэд шинжлэх ухааны баатарлаг загвар, оюун ухааны туйлшралын эрин хэмээн нэрлэх нь бий. (Жоус Апплебай, Линн Хант, Маргарит Якоб. Түүхийн тухай үнэнийг өгүүлэх нь. Англи хэлнээс орчуулсан Т.Болдгэрэл. УБ. 2002. Шинжлэх ухааныг бурханчлан шүтэх нь утга уран зохиолд хүртэл гүнээ нэвтэрснийг бид Жюль Вернын нэгэн зохиолын баатар инженер Смит өөрийн дөрвөн нөхдийн хамт далайн нэгэн эзгүй арлыг танишгүй сайхан болгож хувиргасан түүхээс харж болно. Үз: Жюль Верн. Нууцат арал.УБ. 1996.)
Социологийг төрөн гарахад нөлөөлсөн гол хүчин зүйлсийг товчоолон үзэх ахул ийм агаад энэ нь нийгмийн философи яагаад социологийн ерөнхий онол ч юм уу эс бөгөөс түүний хөгжил интеграчлалыг зангидах гол зангилаа болж чадахгүй тухайд хариулт өгч чадах буй заа хэмээн бодно.
Чухамдаа социологи нь тэртээ 18-19-р зуунуудад шинэ эрин үеийн дохио болон өрнөсөн улстөрийн хийгээд аж үйлдвэрийн хувьсгалууд, капитализмын мандан бадрал, хотжилт, шашин шүтлэг, итгэл үнэмшлийн өөрчлөлт болон шинжлэх ухааны хөгжил зэрэг социаль хүчнүүдийн бодит хэрэгцээ шаардлагад хариу болж үүсэн бүрэлдсэн шинжлэх ухаан бүлгээ. (Georg Ritzer. Sociological theory.The McGraw- Hill Companies, Inc.1996. Kenneth D.Balley Methods of social research, 1994. Free Press, NY. Michael S. Bassis, Richard J. Gelles, Ann levine Sociology: an introduction. 4 ed. The McGraw- Hill Companies, Inc 1991.)
Хорьдугаар зууны турш социологийн шинжлэх ухааны мэдлэгийн хүрээнд макро болон микро түвшний социологийн олон арван онол үзэл баримтлал хийгээд судалгааны шинэ арга зүй, аргууд төрөн гарсан нь эл ухааны статус, байр суурийг улам бататгасан билээ. Социологи зөвхөн өөртөө зориулагдсан түгжигдмэл байдлаар хөгжөөгүй агаад түүний танин мэдэхүйн онол арга зүй түүх, улс төр, хууль зэрэг нийгэм-хүмүүнлэгийн олон шинжлэх ухаануудын хөгжилд ихээхэн нөлөө үзүүлсэн юм. (Эл нөлөөлөл нь хэн нэгэндээ заасан сургасан байдлаар бус харилцан нөлөөлсөн тэгш харилцаа байдлаар илэрч байв. Энэ тухайд М.Веберийн санаа их сонирхолтой. Социологи, түүхийн харилцааны тухайд М.Вебер “социологи нь өөрийн бүтээсэн түгээмэл ертөнц буюу “идеаль хэв шинж”-ийн тусламжтайгаар эмпирик ертөнцийг судлах агаад хэдийгээр эдгээр хэв шинж эмпирик бодит байдлыг бүрэн дүүрэн илэрхийлэн хамарч эс чадах авч түүнийг илүү сайн ойлгох боломж олгодог байна. Түүх бол эмпирик түвшинд ерөнхийлөн нэгтгэх боломжгүй эмпирик үйл явцуудаас бүрддэг тул социологийн боловсруулсан дээрх түгээмэл ертөнцийн тусламжтайгаар түүхийн тэдгээрх үзэгдэл,үйл явцын учир шалтгааныг тайлбарлан таньж болох аж” гэж хэлсэн байдаг. Ийнхүү М.Вебер өвөрмөц үзэгдэл юмсын шавхагдашгүй талбар болох түүхийг шинжлэхэд бодит ертөнцийг судалдгийн нэгэн адил аргазүй, үзэл баримтлал шаардлагатай агаад үүнийг социологи үүсгэн боловсруулж, түүх нь тэдгээрийг өөрийн үзэгдэл юмсын учир шалтгааныг задлан шинжлэхдээ авч хэрэглэх ёстой хэмээн үзэж байлаа. Социологи нь өөрийн танин мэдэхүйн арга зүйгээрээ түүх тун эерэг нөлөө үзүүлснийг түүхчид мөн тэмдэглэдэг. Үз: О.Мөнхбат М. Веберын социологийн үзэл баримтлал. Социологи сэтгүүл. ¹5. 2005. Жоус Апплебай, Линн Хант, Маргарит Якоб. Түүхийн тухай үнэнийг өгүүлэх нь. Англи хэлнээс орчуулсан Т.Болдгэрэл. УБ. 2002.)
Түүнчлэн социологи нь өөрийн танин мэдэхүйн хүрээнд хуримтлуулсан мэдлэгээ хүний сайн сайхан амьдралын тусын тулд үр ашигтайгаар ашиглах арга зам, гарцын тухайд ихээхэн амжилтанд хүрсэн бөгөөд үүний илэрхийлэл нь бодлогын судалгаа хэмээх судалгааны өвөрмөц хэлбэр хийгээд нийгмийн ажил гэсэн мэргэжлийг төрөн гарахад чухал үүрэг гүйцэтгэснээс харагдана.
Нийгмийн хэрэгцээ шаардлага, хүлээхүйд зохицон өөрчлөгдөн хөгжиж, хөрвөж чадаж буй ийм динамик шинжлэх ухаан нь хийсвэрээр номлон сурталдах, бясалгал, үл гүйцэлдэх үзлээр жигүүрлэсэн аль нэг онол сургаальд онолын функцээ шилжүүлнэ гэдэг нь байж болшгүй зүйл гэдэгтэй номын эрхэм нөхөд маань санал нийлэх буй заа.

No comments: