Нийгмийн ажилд онол хэрэгтэй юу? О.Мөнхбат


Түлхүүр ойлголтууд: зөв үйлдэл, праксиологи, нөлөөллийн судалгаа, сэтгэл зовнихуй, хэрэгцээ, онол, чанарын судалгаа,амьдралын төлөө тэмцэл

Үүсгүүрийг ажлын горимд бэлдэнэ. Нэгдүгээрт, үүсгүүрийн үүр бүр дэх хүчил, нэрсэн усны хэмжээ зохих түвшинд байгаа эсэхийг шалгана. Холимог шингэний хэмжээ “maximum” тэмдэглэгээнээс дээш “minimum” тэмдэглэгээнээс доош байж болохгүй. Хоёрдугаарт, үүсгүүрээс гарах хасах – болон нэмэх  цэнэгийн утасны үзүүр хэрэглэгчид орох хасах - ба нэмэх  цэнэг дээр очих ёстой. Цэнэгийг зөрүүлж үл болно. Гуравдугаарт, бээлий өмссөн баруун гараар асаагуурын модон ишнээс барьж, аажмаар түлхэн “On” тэмдэглээгээнд тултал нь өргөнө […]
Цахилгаан үүсгүүртэй ажиллах аюулгүй ажиллагааны дүрмээс.

Ийм төрлийн дүрмүүд нь урт удаан хугацааны мэргэжлийн туршлага, ажиглалт болон туршилт дээр үндэслэн зохиогддог бөгөөд тавигдсан зорилго, хүлээгдэж байгаа үр дүнд хамгийн богино хугацаанд, эрсдэлгүй хүрэх рациональ арга зам, зөв үйлдлийг заадаг. Ингэхдээ тохиолдож болох бүхий л нөхцөл байдлыг урьдчилан тооцсон байдгийн сацуу тухайн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа субьектээс уг дүрэм зааврыг хазайлтгүй яв цав даган мөрдөхийг шаарддаг билээ.
Шинэ тулгар монголын нийгмийн ажлын хөгжлийн явцад одоогоор хүчтэй нөлөө үзүүлэхгүй байгаа боловч алсдаа нэлээд сөрөг үр дагавартай байж болох хоёр хандлага бий болж байна. Үүний нэгдэх нь нийгмийн ажлыг бүхэлд нь тогтсон нэг стандарт, горим журамд оруулах буюу дээр дурдсан шиг аюулгүй ажиллагааны “дүрэмтэй” болгох хандлага бол нөгөө нь нийгмийн ажлын онолын асуудлыг үл хайхран орхигдуулсан хоёрдахь хандлага юм.
Шинжлэх ухаан түүний дотор нийгэм-хүмүүнлэгийн ухааны хувьд зөв үйлдлийн горим журам байдаг төдийгүй хүний зөв үйлдлийг судалдаг “праксиологи” хэмээсэн бие даасан судлал хүртэл бий./Тэмдэглэл: Праксиологийг зөв үйлдлийн тухай судлал гэж тодорхойлдог. Судлагдахуун нь хүний үйл ажиллагааг түүний үр өгөөжийн үүднээс судлах явдал мөн.Yндэслэгч нь польш эрдэмтэн Тадаеуш Котарбиньский юм. Тэрбээр үзэхдээ праксиологи нь өндөр үр ашигт хүрэхийг эрмэлзэх бүхий л төрлийн үйл ажиллагаанд ашиглаж болохуйц зөв хөдөлмөрийн техникийг судална гэж үзсэн байна. Праксиологийн үндсэн зорилт бол хүний үйлдлийн үр ашгийг хангаж чадахуйц хэм хэмжээ, горим журмыг боловсруулахад оршино./
Аливаа ухаан дахь олон тооны онол үзэл баримтлал праксиологийн үүднээс зөв үйлдлийн загварыг үүсгэн, онолын хийгээд практик түвшний судалгаа шинжилгээндээ хэрэглэхийг эрмэлздэг. Тухайлбал, феноменологи үзэл баримтлал гэхэд л онолын түвшинд эхлээд “[…] онол, онолчлолын зорилгыг тодорхойлох, онолын үндсэн зарчмыг томьёолох, онолын хэв шинж болон тулгуур ойлголт, ухагдхууныг тодорхойлох, нэгжээс ерөнхий руу хандах […]”*хэмээн онол байгуулах үйл ажиллагааны дэс дарааллыг томьёолжээ./*Уолш.Д , Силверман. Д и др. (1990) Новые направлений в социологии. Пер с анг. М: Мысль/
Үүний нэгэн адил нийгмийн ажлын зөв үйлдлийн горим журмыг боловсруулсан нь бий. Жишээлбэл: нийгмийн ажлын практик үйл ажиллагааны тухайд гэхэд
• Үйлчлүүлэгчтэй харилцаа тогтоох
• Үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох
• Үйлчлүүлэгчтэй хамтран нөлөөллийн төлөвлөгөөг зохиох
• Боловсруулсан нөлөөллийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх
• Нөлөөллийн үйл ажиллагаа хийгээд үйлчлүүлэгчийн хувьд гарч буй ахиц дэвшлийг үнэлэн, мониторинг хийх
• Үйлчлүүлэгч-нийгмийн ажилтан гэсэн мэргэжлийн харилцааг дуусгавар болгох
хэмээн тодорхойлсон байдгийг иш татаж болно./ Mattaini.M. and Meyer.C. (Ed)(1996) “Direct practice in Social work” in Foundation of Social Work practice. NASW Press. Washington, DC. p.11/
Түүнчлэн сүүлийн жилүүдэд нийгмийн ажлын судалгаа шинжилгээний талбарт хүчтэй түрэн орж ирж байгаа нөлөөллийн судалгаа ч мөн үйл ажиллагааны үе шат, хийх ажлын логик дэс дараалал буюу зөв үйлдлийг заасан хувилбарыг санал болгодог. Ялангуяа байгууллага, нийгмийн үйлдэл, үйлчилгээг удирдан зохицуулах болон хөтөлбөрийн үнэлгээ зэрэг үйлчлүүлэгчтэй нүүр эс тулсан нийгмийн ажлын макро түвшинд явагдаж, бодлого, шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх зорилго бүхий судалгаа шинжилгээнд ийм зөв үйлдлийн загвар тод ажиглагдана./Тэмдэглэл: Нийгмийн ажлын нөлөөллийн судалгаа нь олон талаар бодлогын судалгаатай ижил төсөөтэй байдаг. Үүний сацуу бодлогын судалгаа нь шийдвэр гаргах буюу макро түвшний нөлөөлөлд анхаардаг бол нөлөөллийн судалгаа нь нийгмийн ажлын микро, мезо болон макро гэсэн бүх л түвшинд нөлөөлөх зорилготой байдгаараа өөр хоорондоо ялгаатай гэж хэлж болно./
Үүнийг товчоолон харуулбал ийм байна. Үүнд:
• Асуудлыг томьёолох (судлагдхууны тулгамдсан шинж, хувьсагч нарыг тодорхойлохын сацуу нөлөөлөл хийгдэхгүй тохиолдолд гарч болох боломжит үр дагавруудыг тооцон гаргах)
• Судалгааны арга зүйг тодорхойлох, мэдээлэл цуглуулах, боловсруулах (анхдагч болон хоёрдогч мэдээлэл цуглуулах үндсэн аргуудыг томьёолох, мэдээлэл авах, шинжлэх)
• Тайлан бичих, нөлөөллийн хувилбаруудыг боловсруулах (нөлөөллийн альтернатив хувилбаруудыг боловсруулах,мөнгө санхүүгийн болон бусад зардлын тооцоог гаргах, хувилбарын сонголт хийх, )
• Нөлөөллийн төлөвлөгөөг зохиох (сонгосон хувилбарыг хэрэгжүүлэх арга зам, үе шатыг нарийвчлан гаргах, нөлөөллийг хэрэгжүүлэх нөхцөл байдлын шинжилгээг хийж, сонирхогч талуудын байр суурыг тооцож, холбоотноо тодорхойлох)
• Нөлөөллийн үнэлгээ, мониторинг хийх (нөлөөлөл нь үйл явц болохын хувьд хүрсэн үр дүнг тооцон үзэх, цаашдын хөгжил, боловсронгуй байдалд төвлөрсөн үйлдлийг үргэлжлүүлэн хийх) гм. /Dunn W.N (1994) Public policy analysis: An introduction. USA, New Jersey: Prentice-Hall. Еоин Я, Квин Л. (2002) Үр нөлөө бүхий бодлогын баримт бичиг боловсруулах нь. Анг хэлнээс орчуулсан. УБ: Интерпресс хэвлэлийн компани./
Үүний сацуу Монголын судлаач, эрдэмтдийн бичсэн эрдэм шинжилгээний цөөнгүй бүтээл, өгүүллүүдэд нийгмийн ажил, түүний дотор салбар нийгмийн ажлын баримтлах ёстой зарчмууд, нөлөөллийн үе шат, дэс дараалал төдийгүй үйлчлүүлэгчээс асуух асуултуудын жагсаалтыг хүртэл нарийвчлан гаргахыг эрмэлзэх эрмэлзлэл хүчтэй ажиглагдаж байна./ Энд тухайлбал, Н.Оюут-Эрдэнэ, Ч.Байгальмаа, Т.Булганзаяа болон бусад судлаачдын бичсэн өгүүллүүдийг дурдаж болно. Үзнэ үү: МУИС. НШУС “Социологи” сэтгүүлийн 4-6-р дугаарууд./
Энэ бүхэн нийгмийн ажлын мэргэжлийн зөв үйлдлийн хэв загварыг бий болгоход зарим талаар ач холбогдолтой нь мэдээж. Гэхдээ нийгмийн ажлын судлагдхуун, нийгмийн ажилтан-үйлчлүүлэгчийн сонгох эрх чөлөө, зан үйл, үйлдлийн онцлогыг эс хайхран туйлшрах аваас дээрх эрмэлзлэл нь нийгмийн ажлын бүтээлч шинжийг үгүйсгэн, улмаар үүсгэл үнэн постулат дээр суурилсан, стандарт горим журамд хүлэгдсэн нэгэн болгон хувиргах аюултай юм.
Чухамдаа хувь хүн, бүлэг, институттэй ажилладаг нийгмийн ажлын хувьд бүх тохиолдолд таарч тохирдог, хэлбэрэлтгүй баримталдаг стандартыг боловсруулах аргагүй билээ. Учир нь нийгмийн ажилтантай тулгарч байгаа асуудал болгон өөрийн гэсэн өвөрмөц шинжтэй, харилцан адилгүй учир шалтгаан, нөхцөл байдалд өрнөдгөөрөө онцлог. Жишээ нь гэхэд Монгол дахь ядуурлын тодорхой тохиолдол кэйс бүр өөр өөрийн нүүр царайтай бөгөөд тэр бүрийг нэг жороор, нэг стандартаар шийдвэрлэх боломжгүй нь мэдээж.
Ийм учраас аливаа нийгмийн ухаан дахь онолын болоод практик үйл ажиллагааны дэс дараалал, горим журам гэдэг нь харьцангуй ойлголт бөгөөд хүний рациональ зөв үйлдлийн идеаль хэв загварыг л санал болгож байна гэсэн үг юм. М.Веберийн тодорхойлсончлон идеаль хэв шинж гэдэг нь эмпирик бодит байдалд оршин байдаггүй, хүний оюун санааны хийсвэр байгууламж бөгөөд танин мэдэхүйн ач холбогдолтой байдаг тул түүнийг үйл ажиллагааны шууд удирдамж болгох аргагүй./ Вебер. М. (1990) Избранные Произведения. Пер. с нем. М.: Прогресс. Мөнхбат О.(2004) Макс Веберийн социологийн үзэл баримтлал. “Социологи” сэтгүүл ¹ 4/
Гэтэл нийгмийн ажилтан ялангуяа эхлэн суралцагсад, оюутнууд зөв үйлдлийн хэв загварыг хэлбэрэлтгүй дагаж мөрдвөл зохих “аюулгүй ажиллагааны дүрэм” мэт хүлээн авч байгаа нь догматик схемчлэгдсэн хандлагыг өөгшүүлэн шүүмжлэлт, бүтээлч шинжийг үгүйсгэх аюулыг агуулж байна.
Чухамдаа нийгмийн ажилтан бүр зөв үйлдлийн идеаль хэв загварыг өөрийн нөлөөллийн үйл ажиллагаа хийгээд судалгаа шинжилгээг хэрэгжүүлэх явцад гарч байгаа шийдвэрлэх асуудал, кэйс бүрийн онцлогт тохируулан бүтээлчээр, сонголт хийх эрхтэйгээр авч ашиглах ёстой бус уу.
Ингэхээр нийгмийн ажлын хүрээнд судлаач, практик хүмүүсийн мэргэжлийн үйл ажиллагааны рациональ шинжийг дэмжин тэтгэхэд чиглэсэн зөв үйлдлийн хэв загварын идеаль хэв шинж байхаас биш харин заавал, хэлбэрэлтгүй даган мөрдвөл зохих, кэйс тохиолдол бүрд таарч тохирсон “супер” горим журам, “аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм” байх боломжгүй аж.
Онолын ач холбогдлыг үйл хайхрах хоёр дахь хандлага нь нийгмийн ажлын талаар бүх юм нь урьдаас шийдвэрлэгдсэн, хийх ажлын дэс дараалал нь тодорхой, баримтлах горим журам нь илэрхий “асуудалгүй” салбар мэт ойлголт төрүүлж байгаа юм. Гэтэл аливаа асуудлыг шийдвэрлэх аргазүй, арга зам нь онолын тайлбарлал, судалгаа шинжилгээний хүрээнд боловсруулагддаг зүйл бөгөөд нийгмийн ажилтаны практик үйл ажиллагаагаар дамжин бие хүн, бүлэг, олон нийтийн дунд хэрэгжиж байдаг билээ.
Онол аргазүйтэй холбогдсон асуудал бол нийгмийн ажлын тухайд наад зах нь 1) нийгмийн ажлын парадигмын статусыг батлах, 2) нийгмийн ажлын практикийг “бэлэн жор” бус эрэл хайгуул, бүтээлч үйл ажиллагаа болгон хувиргах, 3) судалгаа шинжилгээг тоо, баримт сэлтийн хуримтлал биш харин үндэслэл бүхий нөлөөлөл, эмчилгээний хувилбарыг үүсгэж чадах арга хэлбэр болгох гэсэн хэд хэдэн тун чухал ач холбогдлыг агуулж байгаа юм.
Ер нь онол, онолчлолоос болгоомжилдог өнөөгийн байр суурь бол нэг талаас ортодоксаль марксист үзэл суртлаас залхан хаширсан урьд өмнийн туршлагаас үүдэлтэй бөгөөд сүүнд халсан хүн тараг үлээв гэгчийн үлгэрээр практик мөн чанар бүхий нийгмийн ажлыг хоосон онолын тунхаглал болгох бий гэсэн бидний болгоомжлолтой холбоотой. Нөгөө талаас онолыг өдөр тутмын мэргэжлийн үйл ажиллагаандаа хэрэглэж сураагүй, бүр хатуухан хэлэхэд уншиж байсан болохоос ойлгож байгаагүй бидний хязгаарлагдмал чадавхиас үүдэлтэй гэж хэлж болох юм.
Түүнчлэн бид онолын тухай ярихдаа бодит байдлаас салсан, учир нь үл олдох нэр томьёоны “сюрреалист” сүрлэг байгууламж бус харин баримт сэлтийг ойлгомжтойгоор тайлбарлан, нийгмийн ажлын үйлчилгээ, нөлөөллийг үндэслэл, логиктойгоор удирдаж чадах онол, онолуудыг авч үзэх ёстой билээ. Хэдийгээр нийгмийн ажил нь олон тооны нийгмийн ухаан болон нийгмийн бодит эрэлт, хэрэгцээг хооронд холбосон гүүр гэсэн утгаар бий болсон авч, түүнийг онол аргазүйгээс ангид гэсэн онолын нигилизмын үүднээс авч үзэж болохгүй юм.
Нийгмийн ажлын онцлог байдал нь түүний судлагдхуунтай холбогдон тайлбарлагдана. Олонхи эрдэмтэд нийгмийн ажил бол сэтгэл зовнихуй болон хэрэгцээнд хариу өгөхөд анхаарлаа хандуулдаг хэмээн тодорхойлдог.
Сэтгэл зовнихуй бол ямар нэгэн юм зүйл нь буруу зөрүү болоод байна даа хэмээн санаа зовж байгаа хувь хүний түвшинд тохиолдож байгаа бэрхшээлтэй зүйл бөгөөд жишээлэхэд, хүүхдийн хичээл сурлага муудаж байгаа талаар санаа зовж байгаа эцэг эхийн кэйсийг нэрлэж болох юм.
Харин хэрэгцээ гэдэг нь зөвхөн хувь хүн төдийгүй нийгмийн макро түвшинд яригддаг бөгөөд хэн нэгэн хувь хүн, нийгмийн тогтолцооны хэвийн аж төрж, оршин тогтноход зайлшгүй шаардлагатай зүйлийг хэлэх буюу тухайлбал, нийгэмд хууль ёс журам зайлшгүй хэрэгтэйн адил хувь хүнд ойр дотны хүмүүсийн хайр халамж шаардагдахыг тэмдэглэдэг./ Нийгмийн ажлын сонгодог төлөөлөгчдын нэг Щарлотт Товэл (Ch. Towle) хэрэгцээг а) Бие бялдрын хамгаалал: хүнс хоол, орон гэр, эрүүл мэндээ хамгаалах, б) сэтгэл санаа болон ухааны өсөлтын боломж бололцоо, в) бусадтай тогтоох харилцаа, г) оюуны өсөлтийн хэрэгцээ гэж ангилсан байдаг. Түүнчлэн А.Маслоу (Abraham Maslow) шаталсан хэрэгцээний баримтлалдаа хэрэгцээг бие бялдрын хэрэгцээнээс аваад өөрийгөө болон гадаад ертөнцийг танин мэдэх, ойлгох гэсэн үндсэн зургаан төрөлд хуваасан нь бий. Үзнэ үү: Мattaini.M. and Meyer.C. (Ed)(1996) “Direct practice in Social work” in Foundation of Social Work practice. NASW Press. Washington, DC./
Хувь хүн, нийгмийн тогтолцооны хэрэгцээний аль алиныг нь судлан шийдвэрлэхийг зорьдгоороо нийгмийн ажил бусад нийгмийн ухаанаас ялгардаг. Социологи гэхэд л Р.Милльс үзсэнчлэн хэрэгцээг “социаль асуудал болон хувь хүний бэрхшээлтэй асуудал”/ Kenneth J.N, Glasberg D,S.(1996) Sociology. A Critical Approach. McGraw-Hill, Inc.P.6/ хэмээн ангилан, хамрах хүрээний хувьд өргөн, олонхийн ашиг сонирхлыг хөндөж байгаа социаль асуудлыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулдаг ажгуу./Тэмдэглэл: Монголын нийгмийн ажлын түүхийн судлаачид теологийн эх сурвалж, шашны төлөөлөгчдын үзүүлсэн нөлөөллийг нэлээд ултай судалсан нь бий авч хоёр дахь үзэл санааны талаар хийгдсэн дорвитой судалгаа одоогоор алга байгаа юм. Үзнэ үү: Түмэннаст.Г(2005) Аквины Томас: Нийгмийн ажлын шашны парадигмын эцэг. “Социологи” сэтгүүл ¹6. Түмэннаст (2005) Ж.Л. Вивес: Нийгмийн ажил дахь “Сэргэн мандлын үеийн Гуманизмын төлөөлөгч” мөн тэнд/
Ийнхүү микро, мезо болон макро түвшинд оршиж буй хувь хүний бэрхшээлтэй асуудлаас аваад өргөн олны ашиг сонирхлыг хөнддөг социаль асуудлыг шийдвэрлэхийг зорьсон нийгмийн ажил нь онол арга зүйн найдвартай бааз суурийг шаардах нь мэдээж.
Тэгэхээр нийгмийн ажил өөрийн гэсэн онол үзэл баримтлалыг боловсруулах ёстой юу гэсэн асуулт гарч ирэх нь магад. Гэтэл үнэн хэрэг дээрээ урьд өмнө байгаагүй нийгмийн цоо шинэ онол гаргаж ирнэ гэдэг нь тэртээ зуугаад жилийн өмнө боломжтой байсан бол социологи зэрэг нийгмийн олон шинжлэх ухааны эрчимтэй, өндөр хөгжлийн эдүгээ цагт бараг биелэгдэшгүй зорилго төдийгүй цаг хугацаа, хүч хөдөлмөрийг дэмий зарсан зүйл болох биз. Хэдийгээр өнөөдөр урьд өмнө нь сонсогдож байгаагүй нэр ус бүхий онолууд гарч ирж байгаа авч тэд чухамдаа хорьдугаар зууны туршид бий болсон социаль суурь тулгуур үзэл баримтлалаас салбарласан, эсбөгөөс тэдний шинэчлэл, интеграчлалын үр дүнд үүссэн гэж хэлж болно.
Ийм нөхцөл байдалд нийгмийн ажил нь социологи болон бусад нийгмийн шинжлэх ухааны онол үзэл баримтлалыг өөрийн практик шинж байдалд тохируулан хэрэглэх нь зохистой билээ. Тэр тусмаа ингэж үзэх бодит үндэслэгээ нь нийгмийн ажлын түүх болон түүний онолын хөгжлийн өнөөгийн төлөв байдалд агуулагдаж байгаа юм. Эл мэргэжлийн өнөөгийн байдлыг ойлгохын тулд эхлээд хөгжлийн түүхэн үйл явцыг эргэн харцгаая.
Чухамдаа нийгмийн ажлыг үүсэн бүрэлдэхэд бүтээгчийн хүсэл зоригт нийцүүлэн хүмүүний үйлдэж буй буян, бусдыг энэрэн туслах энэрэнгүй үзлээс үүдэлтэй теологийн үзэл санаа, нөгөөтэйгүүр амьдрахуйн утга учрыг хүний өөрийн нь социаль мөн чанар, хамтын амьдралын жам ёстой холбон тайлбарладаг шинжлэх ухааны үзэл санаа шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн билээ. Улмаар теологийн үзэл санаа нийгмийн халамж, тусламжаар хязгаарлагдан түүх болон үлдсэн бол хоёрдахь үзэл санаа нийгмийн ажлын бусад олон арван салбарын үндэс болж, цаашдын хөгжлийн онолын бааз суурь болон өргөжжээ.
Эл үзэл санаа нийгэм-хүмүүнлэгийн олон ухаан түүний дотор социологи, нийгмийн сэтгэл судлалд тусгалаа олж, бүр эхнээсээ тэдгээрийн онол аргазүйд агуулагдаж иржээ./ Мөнхбат О.(2001) Социологи ба Нийгмийн ажлын харилцан хамаарлын тухайд. “Социологи” сэтгүүлийн ¹1./
Ялангуяа нийгмийн ажлын үүсэн хөгжихөд үл гүйцэлдэх үзэлтнүүд, эхэн үеийн позитивистууд болоод социаль дарвинизмын үзүүлсэн нөлөөг бууруулан үнэлэх аргагүй юм. Үл гүйцэлдэх үзэлтнүүдын бүх нийтийн тэгш байдал, нийгмийн гишүүдийн талаар төрийн тавих халамж буюу халамжийн “төр”-ийн үзэл санааны утопи сургаал хийгээд амьдралын төлөө тэмцлийг туйлшруулан үнэлсэн социаль дарвинист, эволюционист үзэл баримтлалын эсрэг тэсрэг байр суурийн дунд нийгмийн ажил өөрийн гэсэн орон зайг олж хөгжиж чадсан юм.
Орчин цагийн нийгмийн ажлын онолын хөгжил дэхь социологийн нөлөөг онцлон дурдах хэрэгтэй билээ. Кэйс, бүлэг хийгээд олон нийттэй ажиллах ажил гэсэн бүрэлдхүүн хэсэг бүхий нийгмийн ажлын анхны онолын сургууль нь C.Фройдын (S.Freud) үзэл бодолд суурилсан диагностик (НА-ын сонгодог төлөөлөгч нь Мэри Ричмонд) чиглэл бөгөөд хоёрдахь том чиглэл нь функциональ (Отто Рэнк) сургууль ажгуу. Эдгээр онолын чиглэлүүд өнгөрсөн зууны хориод оноос эдүгээ хүртэл нийгмийн ажлын онолын орон зайд давамгайлах байр суурь эзэлсээр иржээ. Дээр дурдсан онолын хоёр чиглэлээс гадна мөн л социологийн гарал үүсэл бүхий системийн хандлага, экологийн хийгээд феминист гэсэн хандлага чиглэлүүд шинээр гарч ирсэн авч төдийлэн нөлөөтэй болж чадаагүй байна. Дашрамд дурдахад нийгмийн ажлын мэдлэгийн хөгжлийг авч үзэхдээ судлаачид голлон цаг хугацаа, орон зай гэсэн шалгуурыг сонгон авсан байдаг бөгөөд 1920-өөд он хүртэлх үе, 1921-аас 1930, 1931-аас 1945, 1946-аас 1960, 1961-аас 1975, 1976-аас 1990 болон 1991-ээс эдүгээ хүртэл гэсэн цаг хугацааны ангиллыг санал болгосон нь бий./Энэ ангиллыг АНУ-ын эрдэмтэд санал болгосон байдаг. Open Society Institute (2006) Andrew Hamid: Introducion to study, living and social work in the US. Social Work Summer School Materials Istanbul Turkey. Түүнчлэн МУИС-ийн багш док Ш.Оюунханд мөн ийм ангиллыг дэвшүүлсэн нь бий. Оюунханд,Ш (2005) Нийгмийн ажлын онолын эволюци хөгжил. “Социологи” сэтгүүлийн ¹6/
Нийгмийн ажлын онолын түвшинд социологийн шинжлэх ухааны онолын парадигмууд, тэдгээрийн тулгуур онолууд тун чухал үүрэгтэй юм. Жишээлбэл: нийгмийн баримт сэлтийн парадигмын тулгуур онол бүтэц-функционализм нийгмийн ажлын олон талт дүр ба функцийг тодорхойлж, тайлбарлахын сацуу үйлчлүүлэгчийн зан үйл, үйлдэлд нийгмийн томоохон бүтцүүдийн үзүүлэх нөлөөллийн хүчин зүйлийг тооцон үзэх боломж олгодог байна./Тэмдэглэл: Нийгмийн ажилтан мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд наад зах нь арав гаруй дүрд тухайлбал, хүний үйлчилгээний брокер, кейс менежер гм тоглох ёстой бөгөөд дүр бүр өөрийн функцитэй буюу нийлээд дөч орчим функцийг гүйцэтгэх учиртай гэж дурдсан нь бий. Үзнэ үү: Francine S. (Ed)(1977) Changing roles in Social work Practice. Philadelphia: Temple Uinversity Press./
Түүнчлэн нийгмийн ажлын макро түвшний нөлөөллийн хувьд нийгмийн дэд системүүд болон социеталь системийг ойлгох боломж олгож, нийгмийн ажлын үйлчилгээний эрх зүйн орчин, институцичсэн байдал, сонирхогч талуудын байр суурийг боловсронгуй болгохуйц бодлого боловсруулахад нөлөөлөх бололцоог бүрдүүлж байгаа юм.
Хувь хүнд учирч буй бэрхшээл, хэрэгцээг зөв оношлон нөлөөллийг төлөвлөхийн тулд нийгмийн ажилтан үйлчлүүлэгчээ ойлгох, түүний зан үйл үйлдлийн сэдэл, далд оршин буй нөөц, чадавхийг илрүүлэн мэдэх шаардлагатай байдаг. Үүний тулд зөвхөн хөндлөнгийн ажиглагч, харилцан ярилцагч ( судлаачийн ийм байр суурийг позитивист чиглэлийн онолууд санал болгодог) байх төдийгүй өөрийн өдөр тутмын амьдралын туршлага дээрээ тулгуурлан тухайн хүний оронд өөрийгөө тавьж, түүний үйлдлийг урьдчилан тааварлах чадвартай байх ёстой. Энэ тохиолдолд өдөр тутмын амьдралын онолууд хэмээн нэрлэгддэг феноменологи социологи, символик интеракционизм зэрэг социологийн үзэл баримтлал нийгмийн ажлын онолын чиг баримжаа болж чадах билээ. Мөн үйлдлийн, солилцооны хийгээд социаль бихевиорист онол нь аль ч түвшний нийгмийн ажлын практикийн суурь болох юм.
Түүнчлэн онол аргазүйн ач холбогдол нийгмийн ажлын судалгаа шинжилгээний үед хүчтэй илрэн гардаг. Нийгмийн ажлын нэгэн онцлог бол чанарын судалгааны аргуудыг өргөн ашигладагт оршино. Гэтэл дөнгөж эхлэлээ тавьж буй нийгмийн ажил төдийгүй монголын харьцангуй “ахмад” нийгмийн ухаануудын судалгааны салбарт чанарын судалгааг өргөн хэрэглэгдэггүй, тоон судалгаа дагнах төдий байгаа нь нууцгүй. Монголын нийгмийн ажил нухацтай эмпирик бааз суурьтай болохын тулд судалгаандаа чанарын шинжилгээг зүгээр хэрэглэх бус харин эл аргуудын онол аргазүйтэй нь уялдуулан ашиглах шаардлагатай байгаа юм. Ингэхгүйгээр хэдий хэлбэрийн хувьд чанарын аргыг ашиглаж буй мэт авч агуулга нь огт өөр байх тул гарах үр дүн нь ч мөн өөр болдог аж.
Тоон судалгааны аргуудын онолын үндэс нь позитив чиглэлийн бүтэц-функциональ, зөрчилдөөний гэх мэт үзэл баримтлал байдаг бол чанарын судалгааны үндэслэгээг феноменологи социологи, символик интеракционизм бүрдүүлдэг. Иймээс бид мөн л социологийн үндсэн парадигмууд, тэдгээрийн тулгуур онолд хандах шаардлагатай болж байгаа юм. Энэ бүхэн нийгмийн ажлын хөгжил зохих гольдролын дагуу явахад онол, арга зүй чухал ач холбогдолтой болохыг бас дахин харуулж байгаа билээ.
Эцэст нь товчоолон хэлэх ахуйд нийгмийн ажил ямар ч үед хэлбэрэлтгүй яв цав даган мөрдөх, бүх тохиол кэйсэд тааран тохирох “аюулгүй ажиллагааны дүрэмтэй” байх ёсгүй агаад харин нийгмийн ажилтны үйл ажиллагааны логик дарааллыг заасан, сонголт хийх боломж бүхий зөв үйлдлийн хэв загвар байх бололцоотой юм. Түүнчлэн нийгмийн ажил хэдий эмпирик шинжтэй авч аливаа онолыг үл хайхарсан нигилизм руу туйлшралгүй социологи болон бусад нийгмийн ухааны онолын туршлагад суурилах ёстой хэмээн дүгнэн хэлж болох бизээ.


Ашигласан ном зохиол:

Монгол хэлээр
Мөнхбат О. (2001) Социологи ба Нийгмийн ажлын харилцан хамаарлын
тухайд. “Социологи” сэтгүүлийн ¹1
Мөнхбат О. (2004) Макс Веберийн социологийн үзэл баримтлал.
“Социологи” сэтгүүл ¹ 4.
Оюунханд, Ш (2005) Нийгмийн ажлын онолын эволюци хөгжил. “Социологи”
сэтгүүлийн ¹6.
Түмэннаст.Г (2005) Аквины Томас: Нийгмийн ажлын шашны парадигмын
эцэг. “Социологи” сэтгүүл ¹6.
Түмэннаст (2005) Ж.Л. Вивес: Нийгмийн ажил дахь “Сэргэн мандлын үеийн
Гуманизмын төлөөлөгч” мөн тэнд.
Еоин Я, Квин Л. (2002) Үр нөлөө бүхий бодлогын баримт бичиг
боловсруулах нь. Анг хэлнээс орчуулсан. УБ: Интерпресс хэвлэлийн
компани.

Орос хэлээр

Вебер. М. (1990) Избранные Произведения. Пер. с нем. М: Прогресс.
Уолш.Д, Силверман. Д и др. (1990) Новые направлений в социологии. Пер с
анг. М: Мысль

Англи хэлээр

Dunn W.N (1994) Public policy analysis: An introduction. USA, New Jersey:
Francine S. (Ed) (1977) Changing roles in Social work Practice. Philadelphia:
Temple Uinversity Press.
Mattaini.M. and Meyer.C. (Ed)(1996) “Direct practice in Social work” in
Foundation of Social Work practice. NASW Press. Washington, DC.
Kenneth J.N, Glasberg D, S. (1996) Sociology. A Critical Approach. McGraw-Hill,
Inc.P.6
Open Society Institute (2006) Andrew Hamid: Introducion to study, living and
social work in the US. Social Work Summer School Materials Istanbul Turkey.
Зурагны эх сурвалж: http://www.pearsoned.co.uk/Bookshop/detail.asp?item=100000000106857

No comments: