МОНГОЛ ДАХЬ НИЙГМИЙН ХӨДӨЛГӨӨНҮҮД: НЭЭЛТ БА ХААЛТ


П.Онон Кембрижийн их сургуулийн магистр
Удиртгал
2008 оны 6 сард болсон парламентын сонгуулын үр дүнг эсэргүүцэн 7 сарын 1нд иргэд болон сонгуульд ялагдсан нэр дэвшигчид эсэргүүцлийн жагсаал цуглааныг аймаг, хот хөдөө, дүүрэгт зохион байгуулав. Энэхүү жагсаал цуглааны гол зорилт нь сонгууль булхайтай явагдсаныг олон баримтаар нотлон, дахин сонгууль явуулах шаардлага тавиж байв. Жагсаал цуглаан аажимдаа өргөсөн олон нийтийг хамарч нийгмийн эмх замбараагүй байдлыг үүсгэн, зохион байгуулсан удирдагч нар эргэн зохицуулж чадахгүй болсноор гал тавих, эвдэн сүйтгэх, чулуу нүүлгэх зэрэг үйлдэл газар авчээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр шөнийн 23:30 онц байдлыг орон даяар 4 өдөр тогтоож, үндэсний олон нийтийн радио телевизээс бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааллаа. Үр дүнд МАХН-ын төв байр, соёлын төв өргөөний хэсэг, хэд хэдэн машин шатаж, 5 хүний амь эрсдэж, 1000 гаруй хүн баривчлагдаж, мэдээллийн хэрэгслүүд хаагдаж, их хэмжээний эвдрэл, хохирол учирсан байна.

Илтгэлийн ач холбогдол

Энэхүү үйл явдлыг өнгөрсөн 3-4 жилд гарсан Монголын нийгэм-эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлсөн хийгээд сүүлийн үед олноор үүссэн нийгмийн хөдөлгөөн, эсэргүүцлийн жагсаал цуглаан зэргийн түүхэн цаг үетэй нь давхцуулан судлахад сонирхолтой уялдаа холбоо, үзэгдэл гарч ирж байна.
Өнгөрсөн жилүүдэд өрнөсөн нийгмийн хөдөлгөөнүүдийн талаар мэрэгжлийн түвшинд судалсан судалгаа, ном товхимолын хувьд судлаач Д.Болдын бичсэн Мөргөлдөөний тухай гэдэг номноос өөр дорвитой бүтээл ховор ч 7 сарын 1-тэй холбоотой гадаад дотоодын сонин, хэвлэл сэтгүүл дээрх өгүүлэг, нийтлэлүүд цөөнгүй аж. Жишээ нь: Кембрижийн их сургуулийн багш нарын бичсэн Өвөр Азийн сэтгүүл дээр гарсан өгүүлэг, судлаач Ч.Тамир болон Наранжаргалын нийтлэл өгүүлэгүүд, Нээлттэй Нийгэм Форумаас санхүүжүүлсэн онц байдалтай холбоотой хүний эрхийн зөрчлийн мониторинг, хамгааллын эвсэлийн тайлан, интернет вэб хуудсаар нээлттэй хэлэлцүүлэг, Оросын хэвлэл мэдээлэл болон тэдний судлаачдын байр суурь, цахим сонин зэрэг олныг дурьдаж болно.

Олон улсын олон судлаачид онолын хүрээнд нийгмийн хөдөлгөөний талаар бичсэн ном, эрдэм шинжилгээний сэтгүүлд гарсан өгүүлэгүүдээс харахад Чарльз Тилли, Сиднэй Тарроу, Марк Бейссэнжир, Скотт Раднитз, Жошуа Голдстэйн, Хэрбэрт Блумэр, Макарфи, Залд нарын бичсэн зүйлс сонирхол их татлаа. Тухайлбал: Тилли, Тарроу нар нийгмийн хөдөлгөөнийг улс төрийн дэглэм, зөрчлийн улс төр болоод ардчилалтай холбож үзсэн байхад, Бейссэнжир үндэсний онцлог шинж болоод пост-коммунист орнуудад тулгарч байгаа нийтлэг үзэгдэл буюу энэ нь бие биендээ загвар болж өгдөг гэсэн бол Раднитз болон Голдстэйн шинэ техник технологи нийгмийн хөдөлгөөнд ямар үүрэг гүйцэтгэж байгааг харуулсан. Сэтгэл судлалын үүднээс ч олон нийтийн эвлэлдэн нэгдэх нь түр хугацааны зохион байгуулагдсан институци гээд хэрхэн сэдэл өгдөгийг үхэр дээр аналогоор буюу нэг үхэр мөөрөхөд бусад нь мөөрдөг, нэг үхэр ямар нэг юмнаас үргэн зугатахад бусад нь дагадаг тухай тайлбарласан байна.

Өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд нийгмийн хөдөлгөөнийг судлахдаа өргөн хүрээнд, олон талын өнцгөөс нийгэм, улс төрд гарсан өөрчлөлт, түүнийг бүрэлдүүлж байгаа орчинг давхар судлах зэрэг аргачлалууд хэрэглэдэг. Макарфи, Залд нарын дэвшүүлсэн нөөц хүчийг ашиглан нийтээр нэгдэх онол нь миний судалгаанд тулгуур зарчим болсон юм.

Иймд энэхүү сэдвийг цаг хугацааны дарааллаар болон нийгмийн үзүүлэлтүүдийн төлөв байдлуудыг харьцуулсан байдлаар судлах нь Монгол дах иргэний хөдөлгөөний талаархи судалгаа шинжилгээнд тодорхой хүвь нэмэр оруулна гэж үзлээ.. Тэдний судалгаанаас санаа оноо авах, өөрийн өвөрмөц онцлогийг илтгэхэд энэхүү илтгэл онол практикийн ихээхэн ач холболдолтой.

Судлах арга зүй
Судлах арга зүй 2 үе шаттай.
1. Түүхчлэн 2005 оноос хойшхи нийгэм-эдийн засаг, улс төрийн асуудлыг авч үзэх
2. Чанарын арга зүйн үүднээс төлөөлөл бүхий хүнээс нээлттэй ярилцлага авах

Дээрх арга зүйг тус тусад нь товчхон авч үзье.
Эхний арга зүй нь цэвэр статистик мэдээ мэдээлэл дээр тулгуурлах ба үндэсний статистикийн газрын мэдээлэл, дотоод гадаадын олон улсын ашгийн бус байгууллагын тайлан, мэдээ мэдээлэл дээр түшиглэнэ.
Дараагийн судлах арга зүйгээ ерөнхийд нь чанарын арга зүйгээр хийж байгаа боловч зарим нэг судалгааны явцад шинээр гарч ирж буй мэдээлэл нь тоон арга зүйн ерөнхий түвшинд хамтатган хийх байдал гарч байна.
Чанарын арга зүйгээр нийт 15 орчим хүнээс нээлттэй ярилцлага авч тэрийгээ боловсруулалт буюу кодод оруулна. 15 хүнээ 3 бүлэгт хуваан нийгмийн төлөөллийг тухайн сэдэвтэй уялдуулан сонгон ба санамсаргүй түүврийн аргаар сонгон авна. Үүнд:
• Иргэний хөдөлгөөний удирдагч, хүчтэй дэмжигч, идэвхитэн гишүүд нар
• Бослого үймээнд оролцсон хүмүүс болоод хохирогсдын ар гэр
• Улс төрийн лидерүүд болоод улсын их хурлын гишүүд, цагдаагийн ажилчид
Боловсруулсан асуултууд тухайн бүлгээсээ хамаарч бага зэргийн өөрчлөлттэй байна. Тухайлбал: Иргэний хөдөлгөөний удирдагчдаас анх яаж үүсэн байгуулагдсан, санаа нэгтэй нөхөдтэйгээ яаж танилцсан гэх зэрэг тухайн түүхэн цаг үетэй нь холбогдуулан яриулах бол үймээнд оролцогсдоос юу тэднийг тийш өдөөн чиглүүлсэн, хатгасан хүчин зүйлс, яагаад чулуу шидэх болсон гэхчлэн асуух тохиолдолд ялангуяа тэдгээр хүмүүс ял сонсож байгаа бол социологийн ёс зүйг баримтлан хүмүүсийн эрхийг хүндэтгэн харилцана.
Эдгээр ярилцлагыг хийхдээ өөрсдөөс зөвшөөрөл авч, ярилцлага өгөгчийн мэдээллийг нууцлах ба өөрсдөө сайн дураараа, үнэ төлбөргүйгээр судлаачийн ажилд туслаж байгаа гэсэн гарын үсэг авна. Мөн тэдний зөвшөөрлөөр аудио бичлэг хийнэ.
Гэхдээ одоо энд бичигдэж байгаа хэсэгт ярилцлагын үр дүнг тусгахгүй. Би эхний хэсгээс олсон мэдээлэл, судалгааны ажлаа тольлуулдах гэж байна.

Эдийн засгийн байдал
Монголд сүүлийн жилүүдэд үүссэн нийгмийн хөдөлгөөнүүдийг ард түмний амжиргааны төвшин доройтсонтой авч үзвэл ДНБ өсөлт, ажилгүйдэл, инфляци буюу үнийн өсөлт зэргийг авч үзэх хэрэгтэй. Одоо тус бүрд нь авч үзвэл дараах байдлууд харагдаж байна.
2000 оноос хойшхи эдийн засгийн үндсэн үзүүлэлт ДНБ-ийг харвал муу биш байгаа нь доoрхи графикаас харагдаж байна.


2004 оны байдлаар 10 дээш хувь өссөн бол 2005 оны байдлаар бараг 7 хувьтай. 2007 оны байдлаар 10 хувьд эргэн хүрч 2008 оны сүүлчээр 8-аас дээш хувийн өсөлтүүд харагдаж байна. Хэдийн энд жини коэфциент үзүүлээгүй ч ерөнхий дүр зургаар муугүй. Гэхдээ ДНБ илт өслөө гээд хүмүүсийн амьжиргааны төвшин нэмэгдэхгүй. Энэ нь тухайн үеийн засгийн газрын бодлого, хувиарлалтаас шууд хамаарна. Өөрөөр хэлбэл, хувиарлалт шууд амжиргааны төвшинд нөлөөлдөг байхад ДНБ нөлөө үзүүлэх бололцоогүй юм. Цөөн бүлгийн эрх ашигт нийцэх, улс орны сан хөмрөгийг дээшүүлэхээс илүү гарах нь бага. Гэсэн хэдий ч тухайн орны хөгжил дэвшлийг ДНБ-нээр хэмждэг тогтоцтой.


Эхний хагаст 15хувиас илүү өссөн бол 2, 3-р хагаст 8-аас дээш хувьтай, 4-р хагаст бараг 4 хувьтай байсан байна. Хэдий сүүлийн 2 хагаст огцом буурсан боловч энэ нь дэлхийн эдийн засгийн хямралтай шууд холбоотой.
Тэгвэл дараагийн нэг шалгуур болох ажилгүйдлийг 2000-2008 оны байдлаар авч үзвэл:


Ерөнхийдөө муугүй үзүүлэлт харагдаж байна. Нийтдээ 2000 оноос хойшхи ажилгүйдлийн үзүүлэлт 40000 хүн буюу нийт хүн амын 4 гаран хувь авч байгаа бол 2008 оныхоор бол 30000 хүн ажилгүй гэж бүртгэгдсэн нийт хүн амын 3 хувиас илүүгүй байна. Дараах графикаар ажилгүйдэл аль саруудад эрчимтэй өсч байгааг харж болно. Эндээс харах юм бол ажилгүйдэл зуны саруудад буюу 5 сараас 7 сарын эхэн хүртэл эрчимтэй өсч байна. Энэ нь 2006, 2007, 2008 онуудад үзүүлэлтүүд бараг өөрчлөлтгүй харьцангуй адил байна. Эндээс дүгнэхэд сүүлийн жилүүдийн ажилгүйдлын байдал харьцангуй тогтвортой байсан ба ажилгүйдэл ихэвчлэн зуны улиралд ихэсдэг нь эндээс харагдаж байна. Тэгвэл Монголд иргэний хөдөлгөөнүүд үүсэх болсон шалтгаанд ажилгүйдэл холбоотой юу? Холбоотой бол ямар хэлбэрээр, ард иргэдийн нийгмийн асуудлын бухимдал уу эсвэл ажилгүй хэдэн хүний хэд нь хөдөлмөрийн биржид бүртгүүлдэг вэ? 7 сарын 1нд гарсан бослого үймээнд оролцсон хүмүүсийн нийгмийн анкет энд ямар тайлбар өгөх бол гэхчилэн асуултууд цувах болно.

Үнийн өсөлт
Дараах бас нэг хүчин зүйл нь тухайн үед гарч байсан инфляци болон үнийн өсөлт юм. Суурь үнийн өсөлт 2006-2008 оны хооронд эрчимтэй өссөн. Энэ нь олон нийтийн бухимдал, дургүйцэл бий болж, олон нийт зохион байгуулалтанд орох нөхцөл бүрдүүлсэн болов уу. Ялангуяа үнийн өсөлт 2008 онд 4 дахин өсөж 2006 оны байдалтай харьцуулахад 21 хувиас дээш өссөн байна.
Энэ үеийн үнийн өсөлтөнд гол нэрийн бүтээгдэхүүн буюу хүнсний бүтээгдэхүүний үнэ 2008 оны 5 сарын байдлаар 38.9%-иар 2007 оны 5 сараас өссөн ба аажимдаа 2008 оны сүүлээр буурсан. Үнийн өсөлт нь олон нийтийн амжиргааны төвшинд шууд нөлөөлсөн буюу бухимдал дургүйцлийг төрүүлж зарим нэг нийгмийн нэн ядуу, эмзэг бүлэг хэсгүүд олон нийтээрээ эвлэлдэн нэгдэж эсэргүүцлийг өрнүүлсэн байх илүү магадлалтай. Түүнээс биш ДНБ-ний өсөлт, ажилгүйдэл нь ард иргэдийн амьдралд шууд нөлөө үзүүлэх тохиолдол харьцангуй ховор.
Эндээс эдийн засгийг ерөнхийд дүгнэхэд ДНБ-ний өсөлт, ажилгүйдлийн статистик харьцангуй сайн боловч хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт огцом өссөн нь олон нийтийн буюу ялангуяа өрхийн орлого багатай хүмүүсийн бухимдалыг төрүүлсэн байх магадлал өндөртэй. Үүний үр дүнд олон нийтийн хөдөлгөөн, цуглаан идэвхижин нийгэмд өөрсдийн дуу хоолойгоо гаргасан гэж үзэх үндэслэлтэй.
Үүгээр эдийн засгийн нөхцөл байдлыг орхиод нийгэм, улс төрийн байдлыг тандан үзье.

Нийгэм, улс төрийн харилцаа
Монгол Улс чөлөөт либерал ардчилсан орны Freedom House-ын жагсаалтанд 1998 оноос хойш “чөлөөт” ардчилалтай ангилалд багтаж байгаа. Тэгвэл нийгмийг тандан судалдаг тэдний нэг шалгуур бол жилд хичнээн төрийн бус байгууллага (ТББ) байгуулагдаж байна гэдгийг онцгойлон анхаардаг. Тиймээс өнөөдөр төрийн бус байгууллагын хууль батлагдснаас хойш 7000 гаруй ТББ байгуулагджээ. Дорхи хүснэгт бол зөвхөн 2000 оноос хойш 2007 он гэхэд л 5000 гаруй ТББ байгууллага байгуулагдсан байна.

Энэ нь нийгэм хир их ардчилсан бөгөөд олон ургальч үзлийг хөхүүлэн дэмждэгийг харуулж байна. Зарим нэг иргэний хөдөлгөөнүүд нэгдэн нягтарч ТББ болон бүртгүүлсэн бас нэлээдгүй олон тооных байх. Жишээлбэл: Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн, даяар монгол, газар шороо гэх мэт.
Үүнтэй зэрэгцээд 2005-2006 оны хооронд үүссэн зөвхөн хөдөлгөөнүүдийг дор жагсаалаа. Зөвхөн гэдгийн учир нь цаана хөдөлгөөнөөс өөр түр хороо, бүлгэм, холбоо гэх мэт шинэ олон нийтийн сайн дурын эвслүүд олноор үүссэн.

Дээрх иргэний хөдөлгөөнүүд дангаар буюу эвсэн 2005 оны байдлаар 30-аад жагсаал цуглаан хийсэн бол 2006, 2007онуудын байдлаар нийтдээ 10 гаран жагсаал, цуглаан эсэргүүцэл өрнүүлжээ. Жагсаал цуглаан хийдэг давтамжыг 2005 оноор аваад үзвэл ихэнхи нь 3, 4 сард хийгдсэн буюу эргэн 10, 11 сараас идэвхиждэг уур амьсгал харагдаж байна. Гэтэл 6, 7 сард нэг ч жагсаал цуглаан хийгээгүй байна. Энэ давтамж нь ерөнхийдөө 2006, 2007 онуудтай адил. Үүнээс дүгнэхэд 7 сарын 1 үүсэх болсон гол асуудал нь сонгуульд байх бүрэн үндэстэй болохоор улс төрийн байдлыг сонирхвоос.

Улс төр
Улс төрийн хүрээнд авч үзвэл 2000 оны сонгуулиар МАХН үнэмлэхүй олонхийн санал авч парламентад 76 суудлаас 72-ыг авсан бол, 2004 оны сонгуулиар 37 суудал авч сөрөг хүчинд ихэнхи суудлаа алдснаар эвсэл 35 суудал авсан бол 2008 оны сонгуулиар эргэн олонхи болж 45 суудал авчээ. Энэ хэлбэлзэл их сонирхолтой боловч бидэнд хамгийн их сонирхол татах үе бол 2005-2008 онуудын хоорондох үе.
Өмнөх МАХН ганцаар төр барьж байсан 2000-2004 оны хооронд сэтгүүлчид, чөлөөт уран бүтээлчдийн эрх зөрчигдөж хамгийн их сэтгүүлчид шүүхэд дуудагдсан үе болсон бол 2004 оны сүүлч буюу 2005 оны эхээр олон ургальч үзэл эргэн бэхжиж хамгийн их хөдөлгөөн, үймээнтэй жилүүд болсон байна. Тэгвэл 2005-2008 оны хооронд хоёр том нам бараг эн тэнцүү суудалтай болсноор олон ургальч үзлийн хөрс бүрэлдсэн үү? Эсвэл 2000-2004 оны хооронд МАХН эх барихдаа нийгмийн бухимдлыг дэврээсэн үү? Гэдэг асуултууд юун түрүүнд тавигдана.
Иймд сонгуулийн адармаатай бөгөөд дуулиан, маргаантай байдалд хүргэдэг сонгуулийн системийг аваад үзвэл систем угаасаа хувь илүү авсан нам шууд ялалт байгуулдаг энгийн мажоритор системээр явагддаг. Хэдий цөөнхийн санал нийтдээ олонхоос илүү ч олон нэр дэвшигчид хуваагдснаар үр дүнгүй болдог. Эндээс харахад нийгмийн хөдөлгөөнүүдийн үүсэх болсон шалтгаан эдийн засагтай холбоотой юу эсвэл Монголын нийгэм өөрөө улс төржсөн нийгэм учраас улс төрийн хүчнүүдийн хоорондын тэмцлээс залхсан, ядарсан нийгмийн доод давхарааны хүмүүсийн нэгдэл байсан уу?

Дүгнэлт
Дээрхээс эдийн засгийн хүчин зүйлс нийгмийн хөдөлгөөнд төдийлөн нөлөөлөөгүй нь харагдана. Иймд ДНБ, ажилгүйдлийг ажиглахад таагүй нөхцөл байдал харагдахгүй боловч хүнсний бүтээгдэхүүний өсөлт амжиргааны төвшинд шууд нөлөөлөх бүрэн боломжтой тул үнийн өсөлт нийгмийн хөдөлгөөн үүсэх нэг шалтгаан гэж үзэж болох юм.

Хоёрт, нийгэм нь өөрөө олон ургальч либерал тогтолцоотойв Тиймээс ч жил болгон байгуулагдаж байгаа ТББ-ын тоо бусад пост-коммунист орнуудтай харьцуулахад харьцангуй их.

Гуравт, мөн л Монголын нийгэм хүн ам, нутаг байршил, соёл зан заншлаасаа ч аваад үзсэн улс төржсөн нийгэм. 4 жилийн Парламентын үе шатлал тухайн жилүүдийн хөгжлийг тодорхойлдог гэж үндсэндээ хэлж болно. Тиймээс 2005-2008 оны хоорондох жилүүдэд олон нийтийн үг хэлэх эрх, эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх, мэдээлэл авах эрх, эрх чөлөө харьцангуй нээлттэй болсон байх гэж үзэж байна.

Дөрөвт, 7 сарын 1-нд ард олон үй олноороо цугласан нь яг ажилгүйдэл буурдаг үе байсантай таарч (дээрхи ажилгүйдлын график) байгаа нь харагдаж байна. Тиймээс үнэ цэнийн хувьд сонгуулийн нөлөөгөөр нийгэм хаашаа ч хольбирч болохыг түүхэн энэ туршлагаасаа бид харлаа.

Хэдий 7 сарын 1-ны эсэргүүцлийн жагсаал бослого үймээн болж хувирсан ч үүнээс сургамж авч, дараа дараагийн нийгмийн хөдөлгөөнүүд илүү зохион байгуулалтанд орон өөрсдийн эрхийн төлөө тэмцэх, бүр олон улсын глобал хөдөлгөөнд оролцож эхлэхийг үгүйсгэхгүй. Ирэх жилүүдэд иргэний нийгмийн хөдөлгөөнүүд улам боловсронгуй хөгжин нийгэмд мониторингийн үүрэг рольтой боловсон болно гэдэгт найдаж байна.
Дэлгэрэнгүйг эндээс ...

No comments: