“Хэвлэл мэдээллийн нийтлэлийн бодлого дахь хүүхдийн асуудал” судалгааны тайлан

Хэвлэлийн хүрээлэнгээс Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дэмжлэгтэйгээр “Хэвлэл мэдээллийн нийтлэлийн бодлого дахь хүүхдийн асуудал” сэдэвт агуулгын мониторинг хийжээ. Ингээд та бүхэнд дараах баримтыг хүргэж байна.

Хүүхдийн сурч боловсрох орчин, нөхцөл
Монголын иргэд хүүхэд наснаасаа насан турш сурч боловсрох, сурах нөхцөлийг тэгш, хүртээмжтэй байдлаар эдлэх эрхтэй. Манай улсын хүүхдүүд сургуульд хамрагдсан болон бичиг үсэг тайлсан байдлаар боломжийн үзүүлэлттэй байгаа хэдий ч хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөл, тэгш бололцооны хувьд зөрчилтэй асуудлууд байсаар байна. Цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдийн 80 хувь нь, сургуулийн бага ангийн сурагчдын 77,5 хувь, 6-11-р ангийн сурагчдын 98,6 хувь нь эн тэргүүнд хамгаалагдах ёстой сургууль, цэцэрлэгийн орчиндоо ямар нэг төрлийн хүчирхийлэлд өртөж байна. Хөдөө орон нутгийн хүүхдүүдийг сурч боловсрох эрхээр ижил тэгш хангахын нэг чухал нөхцөл болох дотуур байрны хүрэлцээ муу, одоо байгаа барилгын ачаалал 20 гаруй хувиар хэтэрсэн, дотуур байрны барилгын зориулалт, хүчин чадал, дулаан хангамж, орны хүрэлцээ хангалтгүйн улмаас эрүүл ахуйн нормативыг баримтлах хүндрэлтэй. Жишээ нь дотуур байрны 40 орчим хувьд дулаан хангамж доголддог, 46 хувьд эрүүл ахуйн шаардлага хангасан ундны цэвэр усны хангамж доголдож байна.

1000 хүүхэд тутмын 1 нь гудамжинд амьдарч байна
2006 он хүртэл 5500 хүүхэд орон гэрээсээ дайжиж, гудамжны амьдралаар амьдарчээ. Хүүхдүүд гэр бүлийн ядуурал, хүчирхийлэл, дарамт, үл хайхрах явдлаас улбаалан гудамжинд гарч хогийн цэг, орц, хонгил, траншейд амьдарч байна. Эдгээр хүүхэд сургууль завсардаж, хүчирхийлэл, мөлжлөг, дарамт, гэмт халдлагад өртөж, эцэг эх болон бусдын хайр, халамж, хамгааллыг мэдрэхгүй өсч байна.
750 хүүхэд тутмын 1 нь гэмт хэрэгт холбогдож байна
Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн 11 хувь нь сургууль завсардсан байна. Гэмт хэрэг үйлдсэн нийт хүүхдийн 90-95 орчим хувь нь хөвгүүд байдаг бөгөөд хорих ял оноосон гэмт хэргийн ихэнх нь хулгай, хорих ял авсан хүүхдүүдийн 40-50 хувь нь өнчин буюу “хараа хяналтгүй” хүүхэд байна. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн хамгаалал, нийгэмшүүлэлт хангалтгүйгээс тэд давтан гэмт хэрэг үйлдэж, өөрсдөө ч хүчирхийлэл, дарамт, мөлжлөгт өртөх эрсдэл өндөр байна.

5-17 насны 13 хүүхэд тутмын 1 нь хөдөлмөр эрхэлж байна
Насанд хүрээгүй үедээ ажил эрхэлж буй болон аюултай ажил эрхэлж буй 48 мянган хүүхэд байна. Хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн 61 хувь нь хөвгүүд, 39 хувь нь охид байна. Хүүхдүүд алт, жонш, нүүрсний уурхай, хогийн цэг болон зах, гудамж талбай, үйлдвэрлэл, үйлчилгээний жижиг нэгжид ажлын байрны дорой нөхцөл, газрын дор ажиллах, химийн бодистой харьцах, хунд ачаа өргөж зөөх, гуйлга гуйх, бэлгийн мөлжлөгт ашиглагдах зэргээр эрүүл мэнд, амь нас, ёс суртахуунд нь аюултай нөхцөлд, зарим тохиолдолд хүчирхийлэл дор ажиллаж байна. Сургууль завсардан ажил эрхэлж байгаа хүүхдүүд хөдөөд илүүтэй байна.

500 хүүхэд тутмын 1 нь халамжийн төвд амьдарч байна
Улсын 9, гадаадын иргэн, байгууллагын 45 асрамж, халамжийн төвд амьдарч буй хүүхдүүдийн ихэнх нь гэр орондоо, эцэг эхтэйгээ амьдрах боломжтой хүүхэд байна. Эдгээр хүүхдэд эцэг эхийн хайр халамж, гэр бүлийн дулаан уур амьсгал дутагдаад зогсохгүй, асрамж халамжийн төвд хүүхдүүд дарамт, хүчирхийлэлд өртөх явдал гарч байна.

Хоёр хүүхэд тутмын нэг нь хүчирхийлэлд өртөж байна
Хүүхэд гэр орондоо, сургууль цэцэрлэгтээ, асрамж халамжийн төвд, гудамж талбайд, хорих ангид, урьдчилан саатуулах байранд, өөрөөр хэлбэл байгаа бүх орчиндоо хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй байна. Тухайлбал, 1999-2004 онд 686 хүүхэд гэмт хэргийн золиос болон амь насаа алдаж, сүүлийн гурван жилд 769 хүүхэд гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон байна. Хүчингийн гэмт хэргийн 60 хувь нь хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг байна.

Хүүхэд хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн золиос болох хандлага нэмэгдэж байна
2006 оны байдлаар хүүхдийг хил дамнуулан худалдах болон хүүхдийг хулгайлсан шинжтэй гэмт хэрэг 5 бүртгэгдсэн байна. 2008 оны эхний хоёр сард охид, эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн зорилгоор хил дамнуулан худалдаалах хэд хэдэн тохиолдол илэрснийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна. 2001 онд 38, 2004 онд 215 охин бэлгийн мөлжлөгт өртжээ. Охид биеэ үнэлэх явдал зохион байгуулалттай нууц хэлбэрт орсон бөгөөд арав хүрэхгүй жилийн дотор маш хурдацтай буюу даруй 20 дахин өсчээ.

Хүүхдийн эрхийн асуудал хэвлэл, мэдээлэлд
Өнөөдрийн байдлаар 400 гаруй хэвлэл, мэдээллийн хэрэгсэл тогтвортой ажиллаж байгаа хэдий ч хүүхдийн эрхийн асуудалд маш бага анхаарч байна. Телевизийн эфирийн цагийн 6,5 хувь, радио нэвтрүүлгийн 4,4 хувь, сонины нийт талбайн 4,8 хувийг хүүхдийн холбогдолтой мэдээлэлд зориулж байна. Сэтгүүлчид хүүхдийн асуудлыг цаг үеийн үйл явдлын мэдээ төдийгөөр, хэвлэл мэдээллийн байгууллага зар, тендер, үзэсгэлэн яармагийн түвшинд мэдээлэл дамжуулж байна.

Хэвлэл мэдээлэл дэх хүүхэдтэй холбоотой мэдээллийн дийлэнх буюу 38,5 хувийг боловсролын асуудал эзэлж байгаа мэт боловч эдгээр нь сургуулийн зар, элсэлтийн шалгалт, шагнал урамшуулал хүртсэн тэргүүний хүүхдүүд, үзэсгэлэн яармагийн тухай мэдээлэл төдийгөөр хязгаарлагдаж байна. Сургууль, цэцэрлэгийн орчин дахь хүчирхийлэл, орон нутгийн хүүхдүүдийн сургуулийн орчин, нөхцлийн асуудлыг хөндөх нь тун ховор байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүүхдийн асуудлыг хөнддөг хамгийн түгээмэл тохиолдол нь эмзэг булгийн сэдэв. Энэ сэдвээр нийтэлж, нэвтрүүлсэн тохиолдлын 83 хувь нь хүүхдийн тухай байсан бөгөөд эмзэг бүлэгт зөвхөн хүүхэд багтдаг гэсэн ойлголт олон нийтийн дунд төрөхөөр байна.

Хэвлэл, мэдээллийнхэн хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл учруулах, тэдний хөгжил, төлөвшил, сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх мэдээллээс хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах учиртай. Хүүхдүүд телевиз үздэг цагийнхаа 70 гаруй хувьд насанд хүрэгсдийн нэвтрүүлгийг үздэг. Тиймээс сэтгүүлчид нийтэлж, нэвтрүүлж буй бүтээл болгоноо хүүхэд, өсвөр үеийнхэнд ямар ур дагавар авч ирэх талаас нь бодолцож, мэргэжилдээ хариуцлагатай хандах нь чухал юм.
Судалгааны тайланг ТАТАХ


No comments: