Социологич Н.Батзориг: "Нийгмийн хөгжлөө дагаж эрэгтэйлэг чанар ч өөрчлөгдсөн"

Жендэрийн тэгш бус байдал нь биологийн өгөгдлийн ялгаанаас үүдэлтэй бус нийгмийн  мөн чанартай байдаг. Энэ ялгаа нь нийгэм-эдийн засгийн тэгш бус байдлын суурь шалтгаан болдог юм. Энэ талаар Социологич Н.Батзоригтой ярилцлаа.

 -Та өөрийгөө товч танилцуулаач. Яагаад социологич мэргэжлийг сонгох болсон бэ? 

-Миний бие социологийн ухааны бакалаврын зэргийг 2008 онд, магистрын зэргийг 2017 онд хамгаалсан. Ерөнхийдөө МУИС-ийн бүтээгдэхүүн. Социологийн чиглэлээр арав гаруй жил ажиллаж байна. Энэ мэргэжлийг сонгосон шалтгаан нь энэ шинжлэх ухааны хүрээ, сонирхолтой байдалтай холбоотой. Маш өргөн судлах зүйлийн хүрээтэй учраас социологичид нарийн мэргэжлийн хуваарьт хуваагддаг. Хувь хүний өдөр тутмын амьдралаас эхлээд нийгмийн амьдралын загвар, бүтцийг олон аргаар судалдаг учраас нэн сонирхолтой шинжлэх ухаан гэж боддог.

-Өнөөгийн нийгэмд эрэгтэй хүнд жендэрийн ямар асуудлууд тулгарч байна вэ?

-Монгол эрэгтэйчүүдэд маш олон жендэрийн асуудлууд тулгарч байгааг ярьвал их урт ярилцлага болно. Социологийн шинжлэх ухаанд жендэрийг нийгмийн институт, бүтэц гэж үзэж онолын хувьд тайлбарладаг. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан долоон харилцаагаар задалж харвал боловсролын салбарт хөвгүүдийн сургууль завсардалт, эрүүл мэндийн салбарт эрэгтэйчүүдийн өвчлөл, нас баралт, гэр бүлийн харилцаанд жендэрт суурилсан хүчирхийлэл үйлдэгч нь эрэгтэйчүүд их. Дээрх бүх асуудалд жендэрийн буруу хэвшмэл ойлголт ихээхэн нөлөөлдөг. Тиймээс бид эхлээд буруу хэвшмэл ойлголтоо өөрчлөх шаардлагатай.

Монгол Улс боловсролтой, хөдөлмөрч эр хүний дутагдалд орсон нь үнэн. 

-Хувьсаж буй нийгмийн хөгжилд Монгол хүн, тэр дундаа эрэгтэй хүний дүр, зан чанар хэрхэн зохицож байна вэ?

-Социологичид нийгмийн орчны хүчин зүйлс нь эрэгтэй, эмэгтэй хүнийг харилцан адилгүйгээр нийгэмшүүлдэг гэж үздэг. Өөрөө хэлбэл нийгмээс өгч байгаа дүр, үүрэг нь эрэгтэйчүүдийн сэтгэл зүй, нийгэмшилд эерэг, сөргөөр нөлөөлдөг гэсэн үг. Монгол эрчүүдийг үнэлэх үнэлэмж ч түүхэн явцад өөрчлөгдөж 20-р зуунаас өмнө дайчин, эрэмгий үнэлэмж өндөр байсан бол түүнээс хойш үед тайван, цэгцтэй, эд хэрэглэл сайтай эрчүүд нийгэмд дээгүүр байр суурийг эзлэх болсон байдаг.
Уламжлалт ойлголт эрэгтэй хүн хамаг хүнд хүчрийг хийж, тэжээгч, хамгаалагч, довтолгогч, удирдагч шинжээ хадгалж, үр удмаа үлдээх үүрэг хадгалагдсаар байгаа ч өнөөгийн эрх тэгш нийгэмд эрчүүд хэт өндөр үүрэг хариуцлага, дарамт ачаа үүрч, хэвшмэл дүрд багтах гэж өөрийгөө зовоох шаардлагагүй, өөрийнхөөрөө байж хүндлэл хүлээх боломж бүрдсэн гэж үзэж байна. Монгол эрэгтэйн нийгмийн дүр төрх, загвар тийм ч гэгээлэг биш байна. Өнөөгийн Монгол Улс гарцаагүй боловсролтой, хөдөлмөрч эр хүний дутагдалд орсон нь үнэн. Нийгмийн амьдралын дийлэнх үүргийг эмэгтэйчүүд гүйцэтгэж байна. Нэг үгээр хэлбэл манай нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн дүр, зан чанар зохицохгүй байна гэсэн үг. Боловсролоор дамжуулж үүнийг шийдэхээс өөр боломж байхгүй.

-Нийгмийн хөгжлөө дагаад уламжлал соёл, хандлага ч мөн хувьсаж шинэчлэгдэж байх ёстой. Гэтэл зарим нэг өөрчлөгдвөл зохих уламжлал, ойлголт цаг үеэ дагаад өөрчлөгдөхгүй байгаад л гол асуудал байна гэж ойлгох нь зөв үү?

-Тийм. XX зуунаас эхлэн эмэгтэйчүүдийн дүр төрх, загвар өөрчлөгдөж тэжээгчийн үүргийг давхар гүйцэтгэж эхэлсэн зэргээр нийгмийн хөгжлөө дагаад эмэгтэйчүүдийн үүрэг, дүр эрэгтэйчүүдийнхийг бодвол харьцангуй өөрчлөгдсөн. Гэтэл өнөөгийн эрэгтэйчүүдийн нийгэм, гэр бүлд эзлэх байр суурь, биеэ авч явж буй байдал нь нийгмийн хөгжлөө даган өөрчлөгдөхгүй байгаа нь зөрчилдөөн үүсгэж байна. Улмаар энэ зөрчилдөөн нь эрэгтэй, эмэгтэй хүний аль алинд нь нийгэм, сэтгэлзүйн дарамт учруулж, тэдний харилцаанд сөргөөр нөлөөлдөг үр дагавартай.

-Боловсрол дахь жендэрийн тэгш бус байдал нь хөдөлмөрийн зах зээл дахь тэгш бус байдлын суурь болдог байх

-Социологид хөдөлмөрийн зах зээлийн сегрегаци гэсэн ойлголт байдаг. Энэ нь мэргэжил сонголт, дээд боловсролын боловсон хүчин бэлтгэлт, эдийн засгийн нэг салбарын хөгжил зэргээс шалтгаалж хөдөлмөрийн зах зээлд ялгаа, зааг бий болох үзэгдлийг тайлбарладаг. Манайд сүүлийн үед энэ үзэгдэл их бий болж, хөдөлмөрийн зах зээлд жендэрийн ялгавартай байдал бий болоод байна.

Эцэг эхчүүдийн дунд техник, мэргэжлийн боловсролын талаарх хэвшмэл ойлголт хадгалагдсаар байна. Нийт элсэгчдийн 20 хувь нь мэргэжил сонголтод эцэг эх нөлөөлдөг гэж хариулсан судалгаа бий. МСҮТ төгсөгчдөд мэргэжлийн үнэмлэх биш бакалаврын диплом олгодог болсон нь энэ салбарын нэр хүндэд эергээр нөлөөлсөн ч нийгэм, хүмүүнлэг, анагаах ухааны чиглэлээр эмэгтэйчүүд, ХАА, ойн аж ахуй, загас агнуур, техник технологи, байгалийн ухааны чиглэлээр эрэгтэйчүүд түлхүү суралцсаар байна. Тиймээс эцэг эхчүүдийн жендэрийн хэвшмэл хандлага, ЕБС-ийн сурагчид, ИДС, коллежийн элсэгчдийн мэргэжил сонголтод уламжлалт ойлголтууд давамгайлж байгаад мэргэжлийн байгууллагууд анхаарч дэмжлэг үзүүлэх шаардлагатай.

-Эрэгтэй, эмэгтэй хүний хийх ёстой ажил, үүрэг байгалиасаа л тодорхой байдаг мэтээр ярьдаг. Гэтэл хүн гэр бүл, нийгэмшлээс л гол төлөв дүр, зан чанар, хүмүүжлээ олж авдаг гэдэг. Үүнийг бүгд ойлгох нь хувь хүн болон нийгмийн харилцаанд яаж эергээр нөлөөлөх боломжтой вэ?

-Энэ асуудлыг жендэрийн харилцааг тайлбарладаг социологийн онолын хандлагууд болон дунд түвшний онолууд өөр өөрсдийн өнцгөөс тайлбарладаг. Мэдээж байгалиасаа эрэгтэй хүн, эмэгтэй хүн хийх ёстой ажил үүрэг гэж байхгүй. Эрэгтэй, эмэгтэй хүний гэр бүлд гүйцэтгэх хөдөлмөрийн хуваарийн уламжлалт ойлголт одоо ч манайд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд байсаар байгаа нь гол саад мөн. Энэ нь гэр бүл салалтад нөлөөлж байх боломжтой. Тиймээс гэр бүлд өрхийн гишүүн бүр эрх тэгш байх, харилцан адил байх зарчмыг хүн бүр мэддэг, ойлгодог, суралцдаг байх нь хамгийн чухал. Энэ нь мэдээж боловсролын системд сууж өгсөн байх ёстой.

-Орчин үед яг ямар эр хүнийг ЖИНХЭНЭ ЭР ХҮН гэж тодорхойлох нь зөв бэ? Ер нь эр хүний дүрийг хэрхэн шинээр тодорхойлж болох вэ?

-Орчин үед “ЖИНХЭНЭ ЭР ХҮН” гэж ялгаатай талуудыг хүлээн зөвшөөрдөг, аливаад эрх тэгш ханддаг, ялгаварлан гадуурхдаггүй, нөөцийг тэгш, хүртээмжтэй хуваарилдаг, хөгжил, боломжийг олгодог, олон ургалч байдлыг эрхэмлэдэг, харилцаанд ул суурьтай ханддаг хүнийг хэлэх болов уу.

Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан Б.Анхзаяа

No comments: