Showing posts with label СОЦИОЛОГИЙН ОНОЛ. Show all posts
Showing posts with label СОЦИОЛОГИЙН ОНОЛ. Show all posts

Функционализмын эх сурвалжын тухайд

Фунционализмын суурийг тавьсан үзэл бодлыг анхлан О.Конт боловсруулсан агаад тэрбээр эл санаагаа социологийг үзэх өөрийн үзэлтэй нягт холбож байлаа. Нийгмийн статик үзэл баримтлалдаа тэрбээр гэр бүл, шашин болоод төрийн үндсэн функцийг тодорхой авч үзсэн байдаг. Тухайлбал, гэр бүл ирээдүйн нийгмийн бэлтгэж өнөөгийн нийгмйин амьдралыг уртасган өнгөрсөн, өнөө ирээдүйг холбож байдгаараа нийгмийн статик байдлыг хангаж байдаг байна. Гэр бүл өнгөрсөн үеийн амьдралын туршлага, ёс заншлыг хадгалан, өнөө үедээ дамжуулан өгдөг. Гэр бүлд хүний нйигэмших үйл явц явагдаж, хүн төрөлхтөний төлөө хөдөлмөрлөхөд зайлшгүй шаардлагатай чанарыг олж авах бөгөөд хүнд байгалиас заяадаг төрөлхийн "аминч үзлээ" орхин бусдын тусын тулд амьдарч ажиллах хамтач зарчмыг олж авдаг байна.

Гэр бүлд олж авсан үеүдийн хоорондох эелдэг зөөлөн харилцаа цаашдаа нийгмийн тэнцвэртэй байдлыг алдагдуулахгүй барих, шинэ хүчний харьцааг тэнцвэржүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг хэмээн О.Конт бичжээ. /О.Мөнхбат( 2004). О.Контын позитивист социологийн үзэл баримтлал. Социологи сэтгүүл/

Мөн түүнчлэн Э. Дюрхэйм функциональ дүн шинжилгээг социологийн онол хийгээд судалгааны зорилго зорилтыг томъёолоход гол үүргийг гүйцэтгэнэ хэмээн үзэж байв. Тэрээр функцийг ойлголтын нь хувьд тодорхойлсоны сацуу хөдөлмөрийн хуваарийн жишээн дээр нийгмийн үзэгдлийн юмсын функцийг нарийвчлан судалсан юм. Э.Дюрхэйм үзэхдээ “функци гэсэн үгийг харилцан адилгүй байдлаар буюу үр дагаврыг үл харгалзсан амьдралын хөдөлгөөний тогтолцоо болох гэсэн талаас нь, эс бөгөөс энэхүү хөдөлгөөн нь организмын ямар нэгэн хэрэгцээ шаардлагыг хангаж байгааг харгалзан үзэх гэсэн үндсэн хоёр утгатайгаар авч үздэг” гэжээ. /Дюрхэйм. Э. (1991). О разделении труда. Перевод с фр. М:Наука, стр.51/

Социологийн хувьд хоёр дахь утгаараа буюу тодорхой хэрэгцээ шаардлагад таарч тохирсон үйлдэл гэсэн утгаар нь авч үзэх нь зүйтэй гэж тэр үзэж байлаа. Жишээ нь бид хүний нэг эрхтэн тухайлбал зүрхийг судлахдаа эхлээд энэ эрхтэн биеийн бусад эрхтэнтэй хэрхэн холбогдсон бэ гэдгийг ойлгох ёстой юм. Зүрх цусыг дамжуулан шахаснаараа организмын амьдрахад чадварыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Үүний нэгэн адил өгөгдсөн нийгмийн обьектын функцийг судална гэдэг нь түүний тухайн нийгмийн оршин тогтноход ямар үүрэг гүйцэтгэж байгааг мэднэ гэсэн үг ажгуу. Функцийг тодорхойлсон энэ тодорхойлолтоо Дюрхэйм хөдөлмөрийн хуваарь болон шашны жишээн дээр тайлбарласан байдаг. Тухайлбал, шашин нь хүмүүсийг нийгмийн үндсэн үнэт зүйлсийг баримтлахад хүргэж байдгаараа нийгмийн уялдаа холбоог бэхжүүлдэг байна гэж үзжээ.
Үүний сацуу функционализмыг өнөөгийн түвшинд хүрэхэд антропологичид чухал үүрэг гүйцэтгэжээ. Энэ байр суурийг Гиддэнс хүчтэй илэрхийлсэн нь түүний зохиол бүтээлээс ажиглагддаг. /Giddens.A (1997). Sociology. (3rd ed) London:Polity Press/

Энэ эрдэмтэний үзсэнээр функционализмын хөгжилд хорьдугаар зууны эхэн үеийн антропологи чухал нөлөө үзүүлсэн байна. Учир нь хорьдугаар зууны эхэн хүртэл антропологи судлаачид жуулчид, номлоочид болон эзэмшлийн түшмэдийн илтгэл тайлан зэрэг баримт бичигт тулгуурлаж байсан бөгөөд энэ утгаараа арван ёсдүгээр зууны антропологи ихээхэн спекулятив шинжтэй байжээ. Эдгээр судлаачид дэлхийн өнцөг булан бүрээс жишээ татсан ном зохиол туурвиж байсан авч ингэхдээ эдгээрийн үнэн зөв эсэх, түүнчлэн холбогдох соёлын агуулга бий эсэх талаар огтхон ч сонирхож байсангүй. Жишээ нь шашны дүн шинжилгээний хувьд гэхэд л огт өөр өөр соёл дахь шашны зан үйл, итгэл үнэмшлийг харьцуулж байжээ.

Чухам ийм хандлага судлаачдын хэрэгцээг хангахаа больж, дэлхийн янз бүрийн соёлыг урт удаан хугацааны турш бодит байдалд нь судалж эхэлсэн цагаас орчин цагийн антропологи эхлэлээ авсан аж. Чухамдаа ийм антропологи фунционализмын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн Гиддэнс үзэж байлаа. Антропологид хээрийн судалгааг анхлан үндэслэсэн эрдэмтэд болох английн сэтгэгч А.Р.Браун (1881-1955), Англи улсад голлон туурвиж асан польш эрдэмтэн Бронислав Малиновский (1884-1942) нарын бүтээл функционализмын хөгжилд голлон нөлөөлжээ.

Хэрэв нийгэм хийгээд соёлын гол чухал институтыг мэдэх, тэдгээрийн нийгмийн гишүүд яагаад өөрөөр бус чухам ингэх болсон бэ гэдгийг ойлгон танихыг хүсвээс энэхүү нийгэм, соёлыг бүхэллэг зүйл хэмээн судлах ёстой гэж энэ хоёр эрдэмтэн үзэж байв. Өөрөөр хэлбэл хэрвээ ямар нэг нийгмийн шашны зан үйл, шүтлэг бишрэлийг шинжилье гэвэл тэдгээрийг эл нийгмийн бусад институттай холбогдож байгаа уялдаа холбоонд нь авч үзэх ёстой бөгөөд учир нь нийгмийн бүх хэсгүүд нягт уялдаа холбоотой хөгждөг билээ.

Орчин цагийн бүтэц функционализмын онолын үзэл сургаалын гол төлөөлөгчид Т.Парсонс, Р.Мертон нар билээ...

Эх сурвалж: О.Мөнхбат "Социологийн онол: Сонгодог хийгээд орчин үе" номноос...

Бүтцийн сургаал (структурализм)-ын эх сурвалжийн тухайд

Нийгмийн онол үзэл баримтлалуудын хөгжлийг тайлбарлахад оргүй хоосноос бий болдоггүй, ор мөргүй алга болдоггүй гэсэн гэсэн үг тун таарах мэт санагдана. Эдүгээгийн нийгмийн ухааны онол хийгээд эмпирик хэрэглээний эргэлтэнд буй үзэл баримтлалд агуулагдаж буй үзэл санаатай ижил төсөөтэй зүйлсийг бид хүсэх ахул Платон, Аристотель нарын туурвилаас ч олж харж болно. /Улстөр судлал гэхэд л Платоны “Төр Улс” хэмээн зохиолыг өөрийн ухааны нэгэн чухал эх сурвалж шаштир хэмээдэг. Социологийн үзэл санааны эх булгийг бүр Аристотелиос эрж хайх ч тохиолдол бий./ Энэ бол орчин цагийн нийгмийн ухааны шийдэж байгаа олон асуудал өнгөрсөн эрин үеийн нийгмүүдэд ямар нэг байдлаар оршин байсны гэрч юм. Түүнчлэн социологийн тухайд үзэх аваас 19-р зууны үед анх сууриа тавьсан олон онол үзэл орчин цагийн парадигмуудын эх сурвалжийн сацуу өнөө цагийн тулгуур онол болж байгаа нь оргүй алга болдоггүйн илрэл бүлгээ. /Социологийн парадигмын тухайд олон үзэл бодол бий. Тухайлбал: зөвлөлт-оросын социологич Осипов Г.В үндсэн дөрвөн парадигмыг санал болгодог. Түүнчлэн өрнөдийн социологичид зарим нөлөө бүхий үзэл баримтлалыг (жишээ нь бүтэц функционализм гэх мэт) бие даасан парадигм хэмээх нь бий. Мөн үүнийг бичиг бээр макро социологийн түвшинд 3 парадигмыг санал болгохын хамт дунд болон микро түвшинд парадигмууд байна хэмээн үздэг./

Социологич бид олонхи тохиолдолд функционализмын онолын эх сурвалжийг Э.Дюркгэйм нарын бүтээл туурвилаас эрэн хайдаг агаад нэг талаас энэ нь зөв. Түүнчлэн Английн социологич Гиддэнс Структурализм, түүний эх сурвалжийг ярихдаа хэл шинжлэлийн тухай зайлшгүй авч үзэх ёстой гэж үзсэн байна. Тэрээр өөрийн Социологи хэмээх бүтээлдээ энэ тухай ийнхүү бичжээ.

Функционализмын нэгэн адил Структурализм нь Дюрхэймын бүтээлийн нөлөөн дөр байсан хэдий ч хөгжлийн гол эрч хүчээ хэл шинжлэлээс авсан билээ. Структуралист сургаалын эхэн үед швейцарийн хэл шинжээч Фердинанд де Соссюра (Ferdinand de Saussure) |1857-1913| уран бүтээл чухал түлхэц өгсөн юм.

Соссюроос өмнө хэлний судалгаа нь үгсийг хэрэглэх арга барилын нарийвчилсан өөрчлөлтийг шинжлэхэд чиглэж байв. Соссюрын үзсэнчлэн ийм горим журам нь хэлний үндсэн онцлогыг орхигдуулахад хүрдэг аж. Хэрвээ бид хүмүүсийн ярианд хэрэглэж буй зөвхөн үгсэд л анхаарлаа хандуулах аваас хэлний гол шинж буюу бүтцийг тодорхойлох боломжгүй болно. Хэл бол үгэнд заагдаагүй харин тэдгээрийн ард буй дүрэм зүйн дүрэм журам болон ач холбогдлоос бүтдэг билээ. Соссюрын үзсэнээр хэлний бүтцийг шинжилнэ гэдэг нь түүний үл үзэгдэх үндсийг бүрдүүлж байгаа дүрэм журмыг олох явдал аж. Эдгээр дүрмийг ихэнх хэсгийг бид шууд бус байдлаар мэдэж буй ч тэдгээрийн утга учрыг илэрхийлэхэд амар бус билээ. Чухамдаа хэл шинжлэлийн үүрэг бол хэлний практик хэрэглээний түвшинд бидний шууд бусаар мэддэг зүйлсийг нээн гаргах явдал ажгуу.

Хэл болон ач холбогдол: Үгсийн ач холбогдол нь тэр үгийн илэрхийлж байгаа обьектоор биш харин хэлний бүтцээр бүтээгдэн бий болдог хэмээн Соссюр баталдаг. “Мод” гэсэн үгийн ач холбогдол бол навчтай обьект буюу тухайн нэр томьёоны илэрхийлж байгаа зүйл мөн юм хэмээн бид гэнэхнээр төсөөлж болно. Гэвч Соссюр ингэж үзэж болохгүй гэдэг. “Гэвч”, “ба”, “гэтэл” гэсэн үгнүүд ямар нэгэн обьектыг илэрхийлдэггүйг харгалзан үзэх юм бол түүний зөв болохыг ойлгоно. Түүгээр барахгүй ач холбогдлын хувьд бүрэн дүүрэн үнэ цэнэтэй авч бодит амьдрал огт байдаггүй үлгэр домгийн зүйлсийг тэмдэглэдэг үг тухайлбал, “ганц эвэрт” гэх мэт үгс ч бий. Хэрвээ үгний ач холбогдол илэрхийлж байгаа зүйлээс бий болдоггүй юм бол чухам хаанаас гарч ирдэг юм бэ? гэсэн асуулт гарна. Соссюр үүнд ач холбогдол нь ойролцоо төрлийн ойлголтын ялгаагаар бий болдог агаад эл ялгаа хэлний дүрмүүдээр танигддаг гэж хариулж байна. “Мод” гэсэн үгийн ач холбогдол нь “бут сөөг”, “ой мод” гэх мэт ойролцоо авч яг ижил бус агуулгатай олон арван үгсээс түүнийг ялгаж байгаа ялгаагаар бүтээгддэг аж. Тиймээс хэлний ач холбогдол нь хэлний дотоодод үүсэн бий болдгоос бус харин үгсийн тусламжтайгаар тэмдэглэж байгаа обьектоор нөхцөлдөн үүсдэггүй ажээ.

Структурализм болон семиотик: Соссюр дээр дурдсан дүн шинжилгээгээ дараах чухал ажиглалтаар буюу ач холбогдол зөвхөн авиа дуудлага |яриа|, цаасан дээрх бэлэг тэмдэг |бичиг захидал| -гээр бүтээгдэггүй гэсэн ажиглалтаар баяжуулсан байна. Бидний бусдаас тогтмол тодотгон ялгаж байгаа бүхий л обьект “ач холбогдлыг бүтээх” –д ашиглагдаж болно. Үүний жишээ бол гэрлэн дохио агаад улаан гэрэл зогсох, ногоон гэрэл явах, шар гэрэл анхааруулах гэснийг тэмдэглэдэг агаад чухамдаа эдгээр ач холбогдлыг өнгө бус өнгөний ялгаа буй болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл бид хүсвэл улаан өнгөөр явах, ногоог өнгөөр зогсох гэсэн ач холбогдлыг тэмдэглэж болно гэсэн үг. Соссюр хэлний бус ач холбогдлыг судалдаг судалгааг “семилоги” хэмээн нэрлэсэн бөгөөд эдүгээ “семиотик” гэсэн нэр томьёо голлон ашиглагдаж байна.Семиотик судалгааг хүний соёлын олон салбарт хэрэглэж болно. Жишээ нь хувцас, моод судлахад гэх мэт. Чухам юу тухайн загварыг моодны хувцас болгож байна вэ? Мэдээж хувцас өөрөө моодны болж чадахгүй өөрөөр хэлбэл богино банзал энэ жил моодны байгаа бол дараа жил моодноос гарч болно. Мөн түүнчлэн гашуудлын хувцсыг иш татаж болох бөгөөд бид уй гашуугаа хар хувцсаар илэрхийлдэг бол зарим соёлд цагаан хувцсаар гашуудлаа илэрхийлдэг. Энэ утгаараа хувцас бус харин гашуудаж буй хүмүүс өдөр тутмын хувцаснаасаа ялгаатай хувцас өмсөснөөрөө гашуудал гэсэн ач холбогдлыг бий болгож байгаа аж.

Структуралист хандлага ялангуяа АНУ –д социологид гэхээсээ илүүтэй угсаатан зүйд хэрэглэгдэж ирсэн аж. Структурализмыг түгээн тархаагч Леви Строссын (Levi-Strauss) заасан чиглэлийг удирдлага болгон бүтцийн |структурал| дүн шинжилгээг төрлийн харилцаа (kinship), үлгэр домог (myth), шашин (religion) зэргийг судлахад өргөн ашиглагдаж байсан бөгөөд түүнчлэн социологид эл сургаалыг нийтийн мэдээллийн хэрэгсэл |сонин, сэтгүүл, ТВ гм|, үзэл суртал болон соёлыг бүхэлд нь судлахад ашиглаж байв. Структуралист сэтгэлгээг социологийн ёрөнхий хандлага гэхэд сул талууд олонтой агаад хэлийг судлахтай холбогдон анх үүсэн улмаар хүний үйл ажиллагааны зарим нэгэн салбарыг тухайлбал, хүмүүсийн харилцаа, соёлыг судлахад тохиромжтой болжээ. Харин эдийн засаг, улс төр зэрэг хүний амьдралын илүү практик чиглэлийг судлахад ихээхэн хязгаарлагдмал юм. /Giddens. A (1997). Sociology. (3rd ed) Polity Press/

Гидденсын зохиолоос авсан энэхүү ишлэл нь чухамдаа бүтцийн онолын эх сурвалжийг угсаатан зүй хийгээд хэл шинжлэлтэй холбон тайлбарлаж байгаа юм.
Социологийн дүн шинжилгээ болон хэлний судалгааг холбож өгсөн Структурализм анхлан хэл шинжлэл дэхь өвөрмөц хандлага байдлаар гарч ирээд улмаар түүнийг угсаатан судлаач Клод Леви Стросс нийгмийн шинжлэх ухаанаа оруулсан аж. Үүний зэрэгцээ структурализмын бас нэгэн эх сурвалж Спенсер, Дюрхэйм болон Маркстай холбоотойг умартаж болохгүй юм. Хэдийгээр нийгмийг амьд организм лугаа адилтгасан Спенсерийн органицист үзэл баримтлал нь хүний нийгмийн байгууллын онцлогыг эс үнэлсэн туйлширсан хандлагатай авч түүнийг олон талт нарийн түвэгтэй бүтэц бүхий тогтолцоо болохыг тэмдэглэснээрээ сонирхол татдаг. Ялангуяа тэрээр бүтэц болон функцийн харилцан уялдаа хамаарлыг тодотгосон нь хожуу үеийн бүтцийн онолын хөгжилд тусгалаа олсон юм. / Спенсер. Г/ Харин Э. Дюрхэймын хувьд нийгмийн бүтцийн системлэг шинжийг тэмдэглэхийн сацуу тэдгээрийн үндсэн элементүүдийн хоорондын нэгдэл, харилцан хамаарлыг механик болон органик эв нэгдэл хангаж өгдөг болохыг заасан нь бий. /Дюрхэйм. Э. (1991). О разделении труда. Перевод с фр. М:Наука./

О. Контын бүтээлд туйлын сөргөөр хандаж асан К.Маркс нийгмийн үзэгдэл юмсыг системийн хандлагын үүднээс авч үзэхийг уриалсан төдийгүй түүнийгээ өөрийн нийгэм-эдийн засгийн формацийн талаарх үзэл баримтлалдаа тусгахыг эрмэлзэж байсан сэтгэгч юм. /Елсуков А.Н, Соколова Г.Н и др (1997). История социологии. (2-е изд) Мн: Высшая школа./ Ийнхүү дээр дурдсан сэтгэгч бүр бүтцийн сургаалийн хөгжилд өөр өөрийн хувь нэмрийг оруулсан билээ.

Эх сурвалж: О.Мөнхбат "Социологийн онол: сонгодог хийгээд орчин үе" номноос

Бүтэц-функционал онолын үзэл баримтлал

(Тэмдэглэл: Англиар Structural Functionalism гэдэг эл онолын нэрийг монгол хэлнээ тун олон янзаар буулгасан нь бий. Эдгээрээс бүтэц-үүргийн хэмээн орчуулсан нь нийтлэг. Үз: Хавх, Н. (2005). Социологи, монголын нийгмийн гүн ухааны зарим чиглэлүүд. УБ:Битпресс. Оросоор бол структурный функционализм гэх буюу заримдаа структурно-функциональная теория гэж холбон бичдэг.Structura (англи), структура (орос) гэсэн үгийг бүтэц хэмээн монголоор орчуулах нь оновчтой бол харин function (анг), функция (орос)-ийг үүрэг гэх нь тохиромжгүй.Учир нь роль хэмээх орос үг монгол хэлнээ мөн л үүрэг гэж буух нь бий. Гэтэл функция болон роль гэсэн үгс нь зарчмын өөр өөр утгыг илэрхийлдэг. Иймээс функционал гэж буулгах нь зүйтэй болов уу.)

Үндсэн ойлголтууд: бүтэц, функц, тогтолцоо (систем), үйлдэл, харилцан үйлдэл, дисфункци, дунд түвшний онол, социеталь, статус, институцичлэл.

1.Бүтэц Функционал онолын тухай ойлголт,
2.Т. Парсонсын Бүтэц Функционал үзэл баримтлал
3.Нийгэм тогтолцоо /систем/ болох нь. Нийгмийн тогтолцооны үндсэн шинж ба түвшин
4.Yйлдэл ба харилцан үйлдлийн онол. Т.Парсонс үйлдэл, харилцан үйлдэл, нийгмийн тогтолцооны уялдаа холбоог авч үзсэн нь.

Бүтэц Функционал онолын эх суурийг 19-р зууны социологийн сонгодог төлөөлөгчид О.Конт (O.Komte), Херберт Спенсер (G.Spenser) болон францын сэтгэгч Э.Дюрхэйм (E.Durkheim) нар тавьсан гэж үздэг. Гэхдээ энэхүү үзэл баримтлалыг онолын хэмжээнд анхлан цогц байдлаар боловсруулсан хүн бол Америкийн эрдэмтэн Т.Парсонс (T.Parsons ), Р.Мертон (R.Merton) нар билээ.

Ийнхүү үзэх шалтгаан бол:
1.Эдгээр эрдэмтэд өөрсдийн баримтлалдаа нийгмийн тогтолцооны хийгээд функцийн нэлээд боловсронгуй загварыг бий болгож чадсан
2.Тэдний үзэл баримтлал, орчин үеийн социологийн шинжлэх ухааны /ялангуяа америкийн/ онолын сэтгэлгээнд асар их нөлөө үзүүлсэн бөгөөд ер нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи 30-аад жилийн турш социологийн онолын гол тодорхойлогч хүчин зүйл болж чадсан.
3.Т.Парсонс нарын бүтээлийг шинжлэхэд тогтолцоо ба үйлдэл хэмээх социологийн хоёр ухагдахууныг хоорондын зөрчлийг илрүүлэн судлах боломжийг олгодог
4.Эцэст нь тэдний үзэл баримтлал сонгодог социологичдын /Г.Спенсер, Э.Дюркгейм/ функционалист санааг өөртөө тодорхой хэмжээгээр агуулсан зэрэг гэж нэрлэж болох юм.
Бүтэц- функционализм нь чухамхүү Т.Парсонс, Р.Мертон хийгээд тэдний сургаалыг даган баримтлагчдын онол бүтээл лугаа тусгалаа олж, хүчирхэгжин бэхэжсээр удаан хугацааны турш социологийн тэргүүлэгч онолын нэг байлаа.

Энэ тухай Английн социологич Э.Гиддэнс бээр (Giddens) хэлэхдээ “Функциональ шинжилгээг социологийн онолын болон судалгааны хөгжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхээр заяагдсан хэмээн үзэж асан Т.Парсонс, Р.Мертон нар функционализмыг социологид “эргүүлэн” авчирсан билээ” гэжээ. (Giddens.A(1997). Sociology. ( 3th ed). London: Polity Press)
1940-өөс 1950-иад он бол эл онолын мандан бадарсан он жилүүд бол 60-70-аад онууд нь түүний бууран доройтсон он жилүүд юм. Бүтэц Функциональ онолын хүчирхэгжилт, бууралтын шалтгааныг эрдэмтэд янз бүрээр тайлбарлах нь бий. Эдгээрийн олонхи нь энэхүү онолын танин мэдэхүйн үнэ цэнэтэй холбогдсон байдаг бол (Бүтэц Функциональ онолын нөлөө буурсныг янз бүрийн онол, үзэл баримтлалууд харилцан адилгүй тайлбарлан шүүмжилсэн нь бий. Тухайлбал: Зөрчилдөөний онолын төлөөлөгчдын зүгээс бүтцийн тогтвортой байдал, зөвшлийн асуудал хэт анхаарч, хямрал зөрчилдөөн зэрэг хүчин зүйлсийг үл хайхарснаар социологийн шинжилгээг туйлширсан, өрөөсгөл болгосон хэмээдэг бол системийн оьектив хууль, зүй тогтол хэмээн туйлширч бие хүний туршлага, өдөр тутмын амьдралын төсөөллийг харгалзан үзээгүй нь энэхүү онолын явуургүйг харуулсан хэмээн феноменологчид үздэг. Үз: Дарендорф. Р (2002). Тропы из утопии. Работы по теории и истории социологии. пер. с нем. М: Праксис.) зарим нь улс төр, үзэл суртал зэрэг огт өөр хүчин зүйлстэй холбоотой ажгуу. (Жишээлбэл, америкийн социологич Жорж Хуако (Georg Huaco) Бүтэц Функционализмын хүчирхэгжилт хийгээд доройтлыг дэлхий дахин дахь АНУ –ын нөлөөтэй холбон тайлбарласан нь ихээхэн сонирхол татдаг. Түүний үзсэнээр дэлхийн хоёрдугаар дайнаас хойш АНУ –ын нөлөө дэлхий дахинд өссөнтэй уялдан Бүтэц функционализм нь социологид зонхилж эхэлсэн бол Харин АНУ –ын нөлөө дэлхий дахинд буурч асан 1970 –аад оны үеэс энэхүү онолын ч нөлөө буурч эхэлсэн ажээ. Ж.Хуако “энэхүү онол нь АНУ -ын манлайллыг дараах хоёр чиглэлээр дэмжсэн юм. Үүнд, нэгдүгээрт, аливаа хэсэг элемент нь илүү томоохон системийг оршин тогтнох, өөрийгөө хадгалан үлдэхэд хувь нэмэр оруулдаг гэсэн Бүтэц Функционализмын үзэл бодол бол АНУ –ын дэлхийн манлайллыг магтан дуулсан явдал гэж, хоёрдугаарт, Бүтэц Функционализмын тэнцвэртэй байдлыг (юуг ч өөрчлөхгүй байх нь хамгийн сайн нийгмийн өөрчлөлт) эрхэмлэн үздэг нь дэлхийн хамгийн баян, хамгийн хүчирхэг АНУ –ын ашиг сонирхолтой тун аятайхан уялддагт оршдог аж. Үз: Huaco. G (1986). ‘’Ideology and general theory: The Case of Structural Functionalism’’ Comparative Studies in society and History pp 34-54. Ritzer G (1996). Sociological Theory. The McGraw- Hill Companies, Inc. p 209)

Онолын сэтгэлгээнийн тавцанд өрнөдөг танин мэдэхүйн өрсөлдөөний явцад нэгэн онолын зонхилон давамгайлсан байдлыг нөгөө нь халах бол хэвийн үзэгдэл билээ. Шинжлэх ухааны үүсэл, хөгжлийн талаарх парадигмын хандлагын дагуу эрдэмтдийн нийгэмлэгүүдийн хооронд өрнөдөг танин мэдэхүйн өрсөлдөөний явцад аль нэгэн парадигм хийгээд түүний тулгуур онолууд бусдыгаа тодорхой хугацааны турш давамгайлан өөрийн ноёрхлыг тогтоодог аж. (Парадигмын үзэл баримтлалын үүднээс авч үзэх ахул шинжлэх ухааны хөгжил нь парадигмуудын хооронд өрнөсөн өрсөлдөөний дүнд буюу нэг нь нөгөөгөө халах хувьсгалын замаар явагдана хэмээн үздэг. Үз: Кун.Т(1975) Структура научных революций Пер с анг. М:Издательство “Прогресс”. Мөнхбат.О(1990). Социаль бүтцийн социологи УБ: МУИС-ийн хэвлэх) Харин аль нэгэн үзэл баримтлал дангаар хуваарьгүй ноёрхох нь үзэл санааны олон ургальч байдлыг үгүйсгэн догматизм, сэтгэлгээний ядууралд хүргэдэг болохыг хорьдугаар зууны төгсгөлд социалист орнуудад марксизмыг тойрон бий болсон нөхцөл байдал гэрчилнэ.

Бүтэц Функционализмыг нэгэн онолын үзэл баримтлалын хүрээнд нэгтгэн үзэж, түүний бүтцийн (structural) болон бүтцийн (functional) гэсэн үндсэн ойлголтыг хамтатган авч судалдаг нийтлэг хандлага байдаг.
Түүний зэрэгцээ зарим эрдэмтэд, тухайлбал Америкийн социологич Ж. Рицэр бүтэц функционализмын онолын бүтцийн хийгээд функционал гэсэн ойлголтуудыг салангид байдлаар авч үзэх нь зүйтэй гэсэн санааг дэвшүүлдэг. Үүнийхээ үндэслэгээг тэрбээр “Бид нийгмийн бүтцийг судлахдаа бусад бүтцийн тухайд тэдний гүйцэтгэж байгаа функцийг авч үзэхгүйгээр шинжлэн судлах боломжтой. Үүний нэгэн адил янз бүрийн социаль үйл явцын функцийг бид алив нэгэн бүтцийн хэлбэрийг авч үзэхгүйгээр судалж болно” хэмээн тайлбарлаж байна. (Ritzer G. Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc.1996. p 235) Чухамдаа бид эдгээр хоёр ойлголтыг нэгтгэн авч үзэх нь зүйтэй хэмээх атлаа үнэн хэрэг дээрээ бүтцийг голлон Парсонс, түүний системийн үзэл баримтлалтай холбож, харин функцийг Р.Мертоны сургаалтай холбон үзэх нь түгээмэл. (Энд тун олон жишээ татаж болох бөгөөд хуучин зөвлөлтийн төдийгүй өрнөдийн олон сэтгэгчид хүртэл ийн ханддаг.) Тийм учраас бүтэц функционализмыг судлахдаа Ж.Рицэрийн дээрх саналыг баримтлан дагах нь буруугүй санагдана. Ингээд бүтцийн хийгээд функционализмын эх сурвалжийн тухайд товчхон авч үзсэний эцэст Т.Парсонс хийгээд Р.Мертоны үзэл бодлын хүрээнд эл онолыг нарийвчлан шинжилье.

Үргэлжлэл бий...
Эх сурвалж: О.Мөнхбат "Социологийн онол: сонгодог хийгээд орчин үе" номноос...

ОРЧИН ҮЕИЙН СОЦИОЛОГИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ПАРАДИГМЫН ҮҮДНЭЭС СУДЛАХ НЬ

•Социологийн онол, үзэл баримтлалын ангиллын тухайд
•Парадигмын үүднээс шинжлэх ухааны хөгжлийг тайлбарлах нь
•Социологи олон парадигмт шинжлэх ухаан болох нь: Үндсэн парадигмууд, тэдгээрийн тулгуур онолууд

Социологийн онол, үзэл баримтлалын ангиллын тухайд

Олон тооны социаль онол үзэл баримтлалууд нийгэм-хүмүүнлэгийн ухаанаас ангид хол хүмүүс төдийгүй энэ чиглэлийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг хүртэл чиг баримжаа алдахад хүргэх нь бий.Хэрвээ нийгмийн шинжлэх ухааны эдгээр онол үзэл баримтлалыг цэгцлэн эмхэлсэн ангилал байдаггүй бол нөхцөл байдал улам л хүндрэх байсан биз. Чухамдаа социологийн онол үзэл баримтлалуудыг ийн ангилсан ангилал цөөнгүй агаад тэдний нэг хэсэг нь арга зүйн функци гүйцэтгэн, танин мэдэхүйн чухал ач холбогдолтой бол нөгөө хэсэг нь олон ургальч үзлийг хязгаарлан, туйлширсан, явцуу шинжлэх ухаанч бус хандлагыг дэвжээж байлаа. Учир нь тэдгээр ангилалыг үүсгэхдээ улс төр үзэл суртлаас аваад ангилж буй онол үзэл баримтлалуудын адил төсөөтэй хийгээд эсрэг тэсрэг шинж чанар гэсэн харилцан адилгүй шалгуур, суурь зарчмуудыг баримталж байсан билээ.
Дэлхий ертөнцийг сөргөлдөгч хоёр системд хуваасан үзэл суртал шинжлэх ухааныг хүртэл зүгээр орхиогүй агаад ялангуяа нийгэм-хүмүүнлэгийн ухааны хөгжилд үзэл суртлын гол дарамт ирсэн юм. Үзэл суртлын шалгуурын үүднээс шинжлэх ухааны онол үзэл баримтлалуудыг хуурамч, харгис гэх зэргээр нэр хоч зүүж, хөрөнгөтний болон коммунист хэмээн ангилах явдал хорьдугаар зууны турш үргэлжилжээ. Энэ байдал зөвхөн социалист лагерийн улс орнуудад төдийгүй өрнөд Европ, хойд Америкт эрчимтэй ажиглагдаж байв.
Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй социалист системийн улс орнуудад нийгэм-хүмүүнлэгийн онол үзэл баримтлалуудыг цорын ганц үнэн, жинхэнэ шинжлэх ухаанч марксизм-ленинист онол болон худал хуурмаг хөрөнгөтний гэж ангилсан ангилал ноёлж байлаа. Үйлдвэрлэлийн хэрэгслээс хагацаж, ажиллах хүчээ үйлдвэрийн эзэд, капиталистуудад худалдан амь зууж байгаа мөлжигдөн дарлагдсан ажилчин ангийн үзэл суртал хэмээгдсэн марксист-ленинист онол, сургаалыг шинжлэх ухаан болгон тунхаглаж байв. Зөвлөлтийн марксистуудын нотолж байснаар “түүхийг ойлгох материалист ойлголт ба нэмүү өртгийн онол гэсэн марксизмын агуу их хоёр нээлт нь социализм, коммунизмыг шинжлэх ухаан болгон хувиргасан” (Смирнов Г.Л, Андреев Э.М, Баграмов Э. А, и др (1989) Очерки теории социализма. М: Политиздат. Стр.67) байна. Социалист орнуудын нийгмийн сэтгэлгээнд Маркс Ленин болоод марксизм, ленинизмыг салшгүй нэгдмэл зүйл гээд Ленин бол Марксыг шинэ нөхцөл байдалд бүтээлчээр хөгжүүлсэн сэтгэгч гэж нотолдог байв.
Марксист-ленинист сургаал бол “бие биенээ харилцан нөхцөлдүүлсэн философи, эдийн засаг болон нийгэм-улстөрийн үзэл бодлын цэгцтэй, цогц […] нийгмийн хувьсгалт өөрчлөлтийн онолын бааз суурь”(Афанасьев В.Г, Биккени Н.Б и др (1985) Научный коммунизм: Учебник для вузов. (7-е изд) М:Политиздат. Стр 4.) бөгөөд өргөн утгаараа шинжлэх ухааны коммунизмтай (социализм) утга нэгэн аж. Марксизмын философи бол байгаль, нийгэм ба танин мэдэхүйн хамгийн ерөнхий хууль зүй тогтлын тухай шинжлэх ухаан бөгөөд ертөнцийг үзэх хамгийн цогц, цэгцтэй мэдлэгийг өгдөг байна.
Харин марксист улс төр- эдийн засгийн ухаан бол нийгэм эдийн засгийн формацийн оршин тогтнох эдийн засгийн механизмыг нээн илрүүлэх замаар нэг формаци нөгөөгөөр халагдан солигдох зүй тогтлыг буюу капитализмын зайлшгүй мөхөл, коммунизмын ялан мандах үйл явцыг эдийн засгийн хуулиудын тусламжтайгаар нотлон харуулдаг байна.
Марксизмын нийгэм-улстөрийн сургаал нь ангийн тэмцлийн хууль зүй тогтлыг судлан пролетарийн хувьсгалын зайлшгүй шинж хийгээд пролетарийн диктатурын мөн чанарыг тайлбарлан, ангигүй, төргүй эрх тэгш нийгэмд хүрэх арга замыг заадаг ажээ. (Афанасьев В.Г, Биккени Н.Б и др (1985) Научный коммунизм: Учебник для вузов.(7-е изд) М:Политиздат.) Ийнхүү социалист улс орнуудад Марксизм-ленинизмыг нийгэм байгалийн бүхий л үзэгдэл юмыг бүрэн гүйцэд тайлбарлаж чадсан цорын ганц үнэн зөв онол сургаал төдийгүй бүхэл бүтэн шинжлэх ухаан хэмээн үзэж байлаа. Тэдний үзсэнээр марксизм-ленинизм зөвхөн нийгмийн ухааны төдийгүй байгалийн шинжлэх ухааны цорын ганц ерөнхий онол ажээ.
Түүний сацуу эдгээр улс орнуудад “хэрэв бидэнтэй хамт биш бол бидний эсрэг” гэсэн зарчим үйлчилж байсан бөгөөд марксист-ленинизмыг бүхэлд л шүүмжлэх, тэр бүү хэл түүний зарим нэгэн зарчмыг үл зөвшөөрсөн хандлагыг тэвчдэггүй, ийм төрлийн нийгмийн онол үзэл баримтлалуудыг том капиталын ашиг сонирхлыг хамгаалагч, шинжлэх ухаанч бус хөрөнгөтний болон ревизионист (Тэмдэглэл: Зөвлөлтийн нийгэм-хүмүүнлэгийн ухаанд марксизм, ленинизмын сонгодог төлөөлөгчдын үзэл бодлыг шүүмжлэх, шинэчлэх гэсэн оролдлогыг эрс няцаан “ревизионист” гэсэн нэр хоч зүүн, хөрөнгөтний үзэл суртлын ил далд түлхээсээр марксизмыг хагалан бутаргах гэсэн явуулга гэж үзэж байв. “Ревизионист” гэсэн ойлголтонд өрнөдийн марксистууд, шинэ марксистууд багтдаг байлаа) үзэл сургаал хэмээн үзэж байсан юм. Зөвлөлт болон бусад орны марксистууд хөрөнгөтний нийгмийн онол үзэл баримтлалуудыг “үзэл суртлын догматизм”, “субьектив спекулятив шинж” –тэй гэж шүүмжилж байлаа. (АН СССР(1977) Критика современной буржуазной теоретической социологии . Ред кол: Давыдов Ю.Н. Ионин Л.Г, Осипов Г.В. М: Наука.)
Тэдний үзэж байсанчлан хөрөнгөтний нийгмийн үзэл сургаалууд шинжлэх ухааны танин мэдэхүйг их бага хэмжээгээр ашигладаг авч “онолын олон ургальч үзэл”-ийг тунхагласнаараа юмс үзэгдлийн түгээмэл зүй тогтлыг нэгэн ерөнхий онолын хүрээнд тайлбарлах чадваргүй болж харин тодорхой зүй тогтолд анхаарлаа хандуулахад хүрсэн аж. Ингэснээрээ “социаль бодит байдлын олон талт байдлын нэгдмэл шинжийг үгүйсгэн хэсэг тодорхойг метафизик байдлаар туйлшруулсан” байна. Түүнчлэн мэдлэгийн обьектив байдал гэдгийг туйлшруулан үзэл суртлын төвийг сахисан байдал гэгчийг тунхагласнаар нийгмийн ухаан түүний дотор социологийн үзэл суртлын функцийг эс хайхарч улмаар догматизм болж хувирсан хэмээн шүүмжилж байв.
Мөн нийгэм байгалийн обьектив хууль зүй тогтлыг үл ойлгон нийгмийн хөгжлийг хүний зан үйл, өдөр тутмын амьдралын туршлага гэх зэрэг сэтгэл зүйн шинжтэй хүчин зүйлстэй холбон тайлбарладгаараа субьектив спекулятив шинжтэй болжээ гэж хөрөнгөтний хэмээгддэг социаль үзэл баримтлалуудыг шүүмжилдэг байна.
Түүнчлэн “төмөр хөшиг”-ний нөгөө талд оршиж асан Өрнөдийн социологи, нийгмийн сэтгэлгээний төлөөлөгчид мөн л үзэл суртлын сөргөлдөөнд ханцуй шамлан орсон бөгөөд Зөвлөлт Холбоот Улс, түүний холбоотнуудын нийгмийн сэтгэлгээний хөгжлийг элдвээр шүүмжлэн үгүйсгэж, “шашны догматизм”, “харгис бурангуй фашист” зэрэг нэр хочийг харамгүй зүүсээр иржээ. Хувьсан өөрчлөгдөж байгаа нийгмийн бодит байдлын динамик шинж, өөрчлөлт хөгжлийг үгүйсгэн, аль арван ёс дүгээр зууны төгсгөл, хорьдугаар зууны эхэн үеийн Маркс, Ленин нарын сургаалыг бурханчлан шүтэснээр марксизм нэгэн төрлийн шашин болон хувирсан гэж тэд үзэж байлаа. Мөн түүнчлэн нийгмийн гишүүдийн нэг хэсгийн (ажилчин анги) сайн сайхан амьдралын төлөө нөгөө хэсгийг нь (хөрөнгөтөн анги) гайд гарган ангийн хувьд үндэс удмаар нь устгахыг эрмэлздгээрээ фашист шинжтэй бөгөөд тоталитар дэглэмийг зөвтгөн даган баясаснаар шүүмжлэлт функцээ умартсан гэж буруутгаж байв.
Хэдий эдгээр шүүмжлэл олон талаар үнэний хувьтай байсан авч үзэл суртлын дайсагналын улмаас Өрнөдөд марксист ном зохиолыг хориглох, үзэл бодлын нь төлөө марксист сэтгэгчдийг мөрдөн мөшгих явдал багагүй гардаг байсан нь бүтээлч сэтгэлгээ, онолын чөлөөт маргааныг хязгаарлахад түлхэц болж байлаа. Энэ тухай АНУ-ын ерөнхийлөгч асан Р. Рейганы зөвлөх байсан нэрт эдийн засагч Жүүд Ванниски бээр:
“Бид Марксыг хүйтэн дайны турш ердөө л үхлийн дайсантайгаа ижилсгэж ирсэн болохоор түүнийг өнөөдөр бидэнд зааж, сургахаар юмгүй нүгэл, муу үйлийн суутан төдий бодох нь бидэнд амар байж. Гэтэл түүний жинхэнэ өөрийн нь гүн гүнзгий бөгөөд алсын хараат үзэл санаа […] улам үнэ цэнэтэй харагдаж байна” (http://www.forum.mn. Жүүд Ванниски. К.Марксыг эргэн харахуй: Уян хатан нийгэм. 2006 оны 6-р сарын 19-нд татаж авав.)
хэмээн хэлжээ.
Үүний сацуу өрнөдийн нийгмийн судлаачид Марксыг зөвлөлт маягийн марксизм, Ленин, ленинизмээс ангид тусад нь авч үзэх шаардлагатай хэмээн онцлон тэмдэглэдэг. Учир нь Маркс бол олон ургальч үзлийн нөхцөл байдалд өөрийн үзэл бодлоо илэрхийлэн гаргасан бусдын нэгэн адил нийгмийн сэтгэгч байсан бөгөөд тэрээр өөрийн сургаалыг хэзээ ч үзэл суртал гэж үзэж байгаагүй аж. Марксын судалгаа шинжилгээ ялангуяа капитализмын талаарх түүний судалгаа тун гайхамшигтай агаад энэ утгаар нь эрдэмтэн Марксыг хувьсгалч Марксаас мөн ангид үзэх шаардлагатай гэсэн үзэл түгээмэл бий.
Харин Ленин бол сэтгэгч гэхээсээ илүүтэй Марксын ангийн тэмцлийн сургаалийг хувьсгалт алан хядлагатай адилтган үзсэн практик хувьсгалч бөгөөд Марксын үзэл бодлыг хүн хүнээ үзэн ядах харгис большевик үзлээр халан сольсон хүн гэсэн бодол санаа Өрнө дахинд дэлгэрсэн бөгөөд ийм ч учраас олонхи социологийн сурах бичгүүдэд түүний нэрийг ч дурдаагүй байх нь нийтлэг тохиолддог.
Социологийн онол үзэл сургаалиудыг ийнхүү үзэл суртлын шалгуураар хүчирхийлэн ангилсан энэхүү ангилалаас гадна тэдгээрийг шинжлэх ухааны үндэстэйгээр ангилахыг эрмэлзсэн ангиллууд буй. Энэхүү ангиллууд бол социологийн онол үзэл баримтлалуудыг судалж, таньж мэдэхэд аргазүй болж өгдгөөрөө чухал ач холбогдолтой юм. Ийм ангиллын дунд социологийн онол үзэл баримтлалуудыг ижил төсөөтэй шинжээр нь төрөлжүүлэн бүлэглэсэн ангилал болон тэдгээрийг эсрэг тэсрэг шинжээр нь бүлэглэн ангилсан ангиллууд зонхилдог байна.
Нэгдэх ангилал болох социологийн онол, үзэл баримтлалуудыг эсрэг тэсрэг шинжээр буюу юмс үзэгдлийг тайлбарлахдаа зарчмын өөр өөр байр сууринаас хандаж буй байдлаар нь нэгэн бүлэг төрөлд харьцуулан хуваах нь нэлээд хожуу бий болсон хандлага юм. Энэ хандлагын хамгийн тод жишээ бол Английн социологич Э.Гиддэнсын “онолын дилемм” хэмээх нэрлэсэн ангилал юм.
Тэрээр орчин үеийн социологийн онолын хөгжилд функционализм, структурализм болон символик интеракционизм хийгээд марксизм гэсэн дөрвөн онолын хандлагыг хамгийн чухал ач холбогдолтойд тооцоод тэдгээрийг хэд хэдэн дилеммэд хуваажээ. Ингэхдээ нийгмийн бүтэц хийгээд хүний үйл ажиллагаа мөн нийгэм дэх зөрчилдөөн хийгээд зөвшил зэрэг социологийн үндсэн ойлголтуудыг хэрхэн тайлбарлаж байгаагаар нь социологийн үзэл баримтлалуудыг онолын эдгээр дилеммэд хуваасан байна.(A.Giddens)
Дилемм бүр өөртөө харьцангуй эсрэг тэсрэг байр суурь бүхий социологийн онолуудыг багтааж байгаа юм. Тухайлбал, онолын нэгдүгээр дилеммыг Э.Гиддэнс:
“Нэгдүгээрх нь нийгмийн бүтэц хийгээд хүний үйл ажиллагааны асуудалтай холбоотой. Эл асуудал нь ямар хэмжээнд бид өөрийн амьдралынхаа нөхцөл байдалд идэвхтэйгээр нөлөөлж буй бүтээлч эхлэлийг тээгчид вэ хэмээсэн асуултанд оршино. Магадгүй үйлдлийн ихэнх хэсэг маань бидний хяналтаас ангид оршиж байгаа нийгмийн суурь хүчнүүдийн нөлөөллийн үр дүн байж болох билээ. Үүнд хэрхэн хандаж буйгаараа социологичид хуваагдсаар ирсэн бөгөөд хуваагдсаар байна. Символик интеракционизм хүний зан үйлийг бүрдүүлж буй идэвхтэй бүтээлч шинжийг онцолдог бол бусад гурван хандлага (марксизмын зарим хувилбарыг эс тооцвоос) нь нийгмийн инстиутаас бидний үйл ажиллагаанд үзүүлж байгаа албадлагын нөлөөлөлд гол анхаарлаа хандуулдаг” гэж тодорхойлсон байна.
Хоёрдахь ангилал буюу социаль онол сургаалийг ойлголт ухагдхууны аппарат, даган мөрдөж байгаа үндсэн зарчмууд хийгээд тайлбарлалын хэв загварын ижил төсөөтэй шинжээр бүлэглэсэн ангиллын тоонд позитивист чиглэл, функциональ сургууль, Чикагогын сургууль гэх мэт онолын чиглэл, сургуулиудаар нь хуваасан ангилал орно. Энэ ангилал нь харьцангуй уламжлалт шинжтэй бөгөөд баруун зүүн Европ ба хойд Америкийн социологийн аль алинд нь бий.(Үзнэ үү: Гофман А.Б, Давыдов Ю.Н, Ковалёв А.Д и др (1997) История теоретической социологии. В-4 томах. М:Канон. Тернер Ж (1985) Структура социологической теории. Пер с англ М: Наука. Арон Р.(1993) Этапы развития социалогической мысли. Пер с фр. М: Мысль.)
Мөн эл ангилалд социологийн онолуудыг судлагдхууны түвшнээр нь буюу макросоциологи ба микросоциологи гэж ангилсан болон ерөнхий, тусгай буюу салбар онолууд гэсэн хэв шинжийн ангилал мөн харъяалагдана. Гэхдээ хэрэв түвшнээр ангилсан нь өрнө дорнын социологид нийтлэг тохиолддог бол хэв шинжийн ангилал хуучин зөвлөлтийн одоогийн Оросын социологид түгээмэл ажиглагддаг.(Осипов Г.В, Москвичев Л.Н, Кабыша А.В, Аванесова Г.А и др (2002) Социология. Основы обшей теории: Учебник для вузов. М: Издательство Норма)
Дээр дурдсаны зэрэгцээ хоёрдахь ангиллын хувьд хамгийн чухал ач холбогдолтой бөгөөд цаг хугацааны хувьд ч ихээхэн залуу нэгэн ангилал байдаг нь парадигмын баримтлал юм. Парадигм бол дан ганц социологийн төдийгүй бүхий л нийгэм-хүмүүнлэгийн шинжлэх ухааны хувьд тун чухал ойлголт билээ. Эдүгээ цагт социологийн ухаанд парадигмыг дараах хэдэн үндсэн функцээр авч хэрэглэж байна. Үүнд:
•Орчин цагийн социологийн онол үзэл баримтлалуудыг ангилан бүлэглэх аргазүй болгон хэрэглэдэг,
•Социологийн шинжлэх ухааны бүхий л хөгжил түүний дотор онолын сэтгэлгээний хөгжлийн өрнөх арга зам хэлбэрийг тайлбарлах арга зүй
•Баялаг агуулгатай, нарийн түвэгтэй, олон талт байдал бүхий судлагдхуунтай социологийн шинжлэх ухааны статус, түүнийг олон парадигмт ухаан болохыг нотлох зэрэг функцүүд орно.
Үүнээс үзэх ахул парадигм бол маш өргөн утгатай, чухал ач холбогдол бүхий ойлголт болох нь харагдаж байгаа агаад энэ хэсэгтээ бид парадигмыг социологийн онолыг ангилах арга зүй болох талаас нь авч үзэх бөгөөд дараагийн хэсэгт илүү өргөн утгаар нь судлах болно.
Парадигмын тусламжтайгаар социологийн онол үзэл баримтлалыг ангилсан ангилал цөөнгүй бий. Тухайлбал, Америкийн социологич Роберт. Фридэрих нийгмийн интеграци, зөвшлийг онцолсон системийн парадигм болон эмх цэгцгүй, зөрчилдөөн хямралд анхаарал хандуулдаг зөрчилдөөний парадигм гэсэн ангиллыг санал болгосон нь бий. Эл ангилал нь Томас Куны “ Шинжлэх ухааны хувьсгалуудын бүтэц” бүтээлийг хэвлэгдсэн даруйд парадигмын баримтлалыг ашиглан хийсэн хамгийн анхны ангилал юм.
Түүнчлэн АНУ-ын социологич Ж.Рицэр мөн парадигмын тусламжтайгаар орчин үеийн социологийн онол үзэл баримтлалуудыг ангилсан бөгөөд ингэхдээ эдгээр онолын 1.онолын эх сурвалж, 2.социологийн судлах зүйлд хандах хандлага, төсөөлөл, 3. судалгааны аргууд болон 4.тулгуур онолуудын ижил төсөөтэй байдал гэсэн үзүүлэлтийг ашигласан байна. (Ritzer G.(1996) Sociological Theory.The McGraw- Hill Companies, Inc.) Ингээд тэрбээр дараах:
•Социаль баримт сэлтийн парадигм (The Social-Facts paradigm)
•Социаль дефиницийн парадигм (The Social-Definition paradigm )
•Социаль зан үйлийн парадигм (The Social-Behavior paradigm)
гурван үндсэн парадигмыг тодорхойлжээ. Дээрх парадигм бүр орчин үеийн социологийн онол үзэл баримтлалууд дээр суурилж байгаа агаад жишээлбэл, социаль баримт сэлтийн парадигмын тулгуур онол гэхэд л бүтэц функционализм ба зөрчилдөөний онол байна.
Өнгөц харахад дээрх хоёр онол харилцан биеэ биенээ үгүйсгэсэн эсрэг тэсрэг шинжтэй мэт санагдаж болох юм. Энэ утгаараа энэхүү ангилал нь онол үзэл баримтлалуудыг эсрэг тэсрэг шинжээр төрөлжүүлэн бүлэглэдэг нэгдэх ангилалд харъяалагдах мэт. Үнэн хэрэг дээрээ эдгээр онолуудын хооронд ялгаатай байдлаас ойролцоо төсөөтэй шинж давамгайлдаг гэж хэлж болно. Дээр дурдсан онолуудын гол ялгаа нь зөвшил болон зөрчилдөөний нийгэм гүйцэтгэх үүргийн талаарх санал зөрөлдөөнд орших бөгөөд харин хоёулаа макро түвшний, обьектив позитивист уламжлалд суурилсан, түүнчлэн хоёулаа системийн хандлагыг эрхэмлэдэг төдийгүй судалгааны аргын хувьд ч ижил төсөөтэй билээ. Энэ утгаараа парадигмын ангиллыг хоёрдах ангилалд оруулж байгаа нь зүй ёсны хэмээн хэлж болох билээ.
Ийнхүү дээр дурдсан ангиллууд нь (үзэл суртлаас үүдсэнээс бусад нь) судлаачид, сонирхогчдыг нийгмийн олон талт, баялаг агуулга бүхий бодит байдлыг тайлбарладаг социологийн олон тооны онол үзэл баримтлалд хөл алдан, өөр хооронд хольж хутган төөрөлдөх аюулаас сэрэмжлүүлэн цэгцтэй, системтэйгээр судлах боломж олгодгоороо арга зүйн хувьд тун чухал ач холбогдолтой билээ. Түүнчлэн онолын хөгжил, өөрчлөлтийг ойлгож мэдэх, ирээдүйн чиг хандлагыг урьдчилан баримжаалах боломж өгч байгаагаараа танин мэдэхүйн ач холбогдолтой юм. Эцэст нь социологийн олон арван онол сургаалыг эмхлэн цэгцэлж, схемчилэн хялбарчилснаар прагматик үр өгөөжтэй болж байгаа билээ.

Парадигмын үүднээс шинжлэх ухааны хөгжлийг тайлбарлах нь

Хэрэв шинжлэх ухааныг баримт сэлт, онол ба аргуудын нийлбэр мэтээр ойлгох ахул түүний хөгжлийг ч мөн дээр дурдсан зүйлсийн байнгын тогтвортой хуримтлал хэмээн ойлгож болох юм.
Чухамдаа урт удаан хугацааны турш шинжлэх ухааны хөгжлийг баримт сэлт, хууль зүй тогтол болон онол сургаалын хуримтлал хэмээн тайлбарлаж ирсэн бөгөөд шинжлэх ухааны философи, социологид эл хандлагыг кумулятив (Тэмдэглэл: Кумулятив гэсэн үг нь нь cumulative гэсэн англи үгнээс гаралтай бөгөөд нийлбэр, хуримтлал гэсэн утга санааг илэрхийлнэ) баримтлал хэмээн нэрлэдэг байна. Кумулятив баримтлалын үүднээс бол шинжлэх ухааны хөгжил нь хувьслын замаар хуучин мэдлэг дээр шинэ мэдлэг нэмэгдэх байдлаар, шинэ мэдлэг хуучныгаа халан солих байдлаар явагддаг байнгын үйл явц аж.

Социологи олон парадигмт шинжлэх ухаан болох нь. Үндсэн парадигмууд, тэдгээрийн тулгуур онолууд

Социологийн судлагдхууны онцлогоос үүдэн түүнийг олон парадигмт шинжлэх ухаан хэмээн тодорхойлдог бөгөөд ийнхүү үзэх нь үндэслэлтэй болохыг бид дээрх бүлгүүдэд авч судалсан бөгөөд социологичдын дунд энэ тухай анхаарал татахуйц санал зөрөлдөөн үгүй болохыг дурдаж болно. Харин ямар, хэдэн парадигм байдаг талаар эрдэмтэн судлаачид өөр өөр байр суурийг илэрхийлэх нь бий. Үүнтэй холбогдуулан социологийг системийн болон зөрчилдөөний гэсэн хоёр парадигмт (Р.Фридэрих), Социаль баримт сэлтийн, Социаль дефиницийн ба Социаль зан үйлийн гэсэн гурамсан парадигмт (Ж.Рицэр) мөн энэ гурамсан парадигм дээр Марксист парадигмыг нэмж дөрвөн парадигмт (Г.В. Осипов) хэмээн тодорхойлсон тодорхойлолтуудыг авч үзье.
Р.Фридэрихын хувьд парадигмыг нэрлэхдээ системийн болон зөрчилдөөний гэсэн үндсэн хоёр онолын чиглэлийг үндэс болгон авснаар сонгодог социологийн онол болон эмпирик сэтгэлгээнд нэлээд түгээмэл хэрэглэгддэг ангилалыг ашиглаж чадсан байна. Гэсэн хэдий ч символик интеракционизм, феноменологи зэрэг орчин цагийн социологийн томоохон үзэл баримтлалууд дээрх ангиллын гадна хоцорсон нь учир дутагдалтай аж. Түүнчлэн зөрчилдөөний үзэл баримтлал нь нийгмийн харилцаанд зөрчил, тэмцэл, өрсөлдөөний гүйцэтгэх үүргийг онцолдгоороо зөвшил, зохицолыг эрхэмлэдэг системийн баримтлалаас ялгаатай хэдий ч аливаа бүтэц, тэдгээрийн элементүүдийн харилцан шүтэлцээ болон гүйцэтгэх функци зэрэг суурь ойлголт, ухагдхуун, зарчмуудын хувьд ижил төстэй тул эл хоёр баримтлалыг ийнхүү сөргүүлэн тавих нь төдийлөн оновчтой бус билээ.
Орос-Зөвлөлтийн эрдэмтэн Г.Осипов социологи дахь парадигмын үзэл баримтлалдаа АНУ-ын социологич Ж.Рицэрийн парадигмыг үндэс болгон ашигласан байна. Ингэхдээ Ж.Рицэрийн гурамсан ангилал дээр Марксист гэсэн ангиллыг нэмж оруулжээ. (Осипов. Г.В (1990) Социология и социализм)
Чухамдаа Марксист онолын олон зарчмууд, тухайлбал нийгмийн обьектив хууль, зүй тогтол, танин мэдэхүйн арга зам зэрэг нь олон талаараа позитивист хийгээд бүтэц функциональ уламжлалтай ойр дөхөм болохыг хялбархан харж болно. Энэ утгаараа Марксизмыг бие даасан парадигм болгож авч үзэх нь онол арга зүйн хувьд эргэлзээтэй зүйл боловч үүний учир шалтгааныг улс төр, үзэл суртал болон нийгэм эдийн засгийн олон хүчин зүйлтэй холбож үзэх шаардлагатай билээ. Г.В.Осиповын дээрх үзлийг ч хэд хэдэн учир шалтгаанаар тайлбарлаж болох юм.
Нэгдүгээрт, энд Марксизмыг өөр ямар нэгэн социаль онол үзэл баримтлалтай адилтган үздэггүй, харин онцгой өвөрмөц сургаал, тэр ч бүү хэл шинжлэх ухаан хэмээн үздэг үзэл суртлаас улбаатай уламжлалт хандлага нөлөөлсөн байж болно.
Хоёрдугаарт, Г.Осипов дээрх ангиллаа анх боловсруулан нийтлүүлсэн 1990-ээд он бол ЗХУ болон дэлхийн коммунист систем оршин тогтносон хэвээр, Ленинизм бол Марксизмын салшгүй нэг бүрэлдхүүн хэсэг төдийгүй түүнийг ахисан түвшинд гаргасан ач гавьяатай сургаал хэмээн үзэх нь хэвээр асан он жилүүд байлаа.
Гуравдугаарт, ЗСБНХУ хийгээд бусад социалист орнуудад өрнөсөн өөрчлөн байгуулалтын нөлөөн дор нийгмийн сэтгэгчид, судлаачид Марксизм-Ленинизмыг ортодоксаль хандлагаас чөлөөлж, бүтээлчээр хөгжүүлэхийг оролдон, түүнийг барууны үзэл баримтлалуудтай сөргүүлдэн тавих бус харин зэрэгцэн оршдог онол сургаал мөн болохын сацуу хөгжлийн өөрийн онцлогтой, цаашид ч эл байдлаа хадгалан үлдэнэ гэсэн байр суурьтай байлаа. Гэвч дэлхийн коммунист тогтолцоо нуран унаснаар Марксизм-Ленинизмыг онцгой үзэл сургаал, шинжлэх ухаан хэмээн үзэхийг тэтгэх үзэл суртал, улс төр болон эдийн засгийн хөрс суурь үгүй болов. ( Тэмдэглэл: Тухайн үед Марксизмыг үеэ өнгөрөөсөн, ямар нэг үнэ цэнэгүй сургаал гэсэн хандлага баруун зүүнгүй газар авч байлаа. Харин эдүгээ цагт коммунизмын дараах үеийн эл хийрхэл суларсаар, Марксист сургаалийг дахин цэгнэн үзэж, нийгмийн сэтгэлгээнд түүний гүйцэтгэсэн үүргийг бодитоор үнэлэх хандлага давамгайлж байгааг дурдах нь зүйтэй. Марксизмыг үзэл суртлаас салангид, эрдэмтэн Марксыг улс төрч Марксаас ангид үзэх явдал эрчимжиж байна. Өрнөдийн нийгмийн сэтгэлгээнд Марксизмын гүйцэтгэсэн үүргийг)
Үүнтэй зэрэгцэн Марксизм лугаа онцгой статус өгч, шинжлэх ухааны зэрэгт өргөмжлөх явдал устаж, харин бусад онол сургаалтай адил түвшинд авч судлах нөхцөл байдал бүрдсэн билээ. Иймд Марксизмыг бие даасан парадигм гэж үзэх нь үндэслэл муутай болох нь харагдана.
Парадигмын тусламжтайгаар социологийн онолын хөгжлийг ангилан үзсэн гуравдах ангилалыг АНУ-ын социологич Жорж Рицэр хийжээ. Тэрээр орчин үеийн социологийн онолын тавцанд Социаль баримт сэлтийн, Социаль дефиницийн ба Социаль зан үйлийн гэсэн гурван үндсэн парадигм байна гэж үзсэн байна.

О.Мөнхбат "Социологийн онол: Сонгодог хийгээд орчин үе" номноос...

Символик интеракционизм |Symbolic interactionism|


Агуулга
1.Түүхэн эх сурвалж
Түлхүүр үг: Прагматизм (pragmatism), Бихевиоризм (behaviorism), Редукционизм (reductionism) Социологизм (sociologism) –ийн нөлөө
2.Нерберт Мид (Herbert Mead) –ийн үзэл санаа, баримтлал
Түлхүүр үг: Социаль –ийн тэргүүлэх шинж, Үйлдэл (act), Дохио зангаа (gestures), Билэг тэмдгийн (Symbols) ач холбогдол, Оюуны үйл явц (mental and mind) болон бодол санаа, Өөрөө (self)
3.Cимволик интеракционизмын үндсэн зарчмууд
Түлхүүр үг: Сэтгэн бодох чадвар, Бодохуй болон харилцан үйлдэл, Утга учир (meaning) билэгдлийг судлахуй, Үйлдэл, харилцан үйлдэл, Сонголт хийх нь
Түүхэн эх сурвалж:
Нийгмийн дефиницын парадигмын бас нэгэн тулгуур онол бол Символик интеракционизм билээ. Энэхүү онол нь орчин үеийн социологийн томоохон онол арга зүйн чиглэл бөгөөд нийгмийн харилцан үйлдлийг түүний символик агуулгын үүднээс тайлбарлан судлахыг хичээдэг аж. Символик интеракционизм бол чанд багцлагдсан нэгдмэл нэг үзэл баримтлал биш тул зарим судлаачид түүнийг албан бус байдлаар, аман уламжлалд тулгуурласан олон арван хувилбарыг агуулсан, бага боловсорсон хэмээн үзэх нь бий. Ялангуяа юмс үзэгдлийн обьектив шинж байдал, зүй тогтлыг эрхэмлэн үздэг позитивист, марксист материалист онолын сургууль ихэд хүчтэй оросын социологичид ийнхүү үзэх нь түгээмэл бөгөөд “энэ бол нийгмийн онолын цэвэр америкийн хувилбар тул энэ утгаараа өрнөд Европ болон оросын социологийн уламжлалд хамгийн бага өртсөн онол юм” /П.Сорокиноор дамжин оросын социологийн сэтгэлгээ нь Америкийн социологийн уламжлалд ихээхэн нөлөө үзүүлсэн гэж оросын эрдэмтэд баталдаг. Үз: Громов И.А, Мацкевич А.Ю, Семенов В.А Западная теоретическая социология. Санкт Петербург: ОАО ПП-3. стр 275/ гэж нотолдог. Тэдний үзсэнчлэн Символик интеракционизм анхлан 20-р зууны хориод онуудад Чикаго хотноо бүрэлдэж эхэлсэн бөгөөд Р.Парк, Т.Болдуины нэртэй холбоотой аж.
Үнэхээр хувь хүний идэвхтэй байр суурийг үнэлэн үзэж, нийгмийн хөгжил дэвшил, ардчиллын үзэл санааг эрхэмлэдэг эл онолын үзэл баримтлал нь америкийн нийгмийн үнэт зүйлстэй тун ойр дөхөм билээ.
Нийгмийн баримт сэлтийн парадигм хийгээд түүний тулгуур онолууд нь марксист онолын зарим зарчмуудтай ойролцоо, төсөөтэйн хувьд хуучин социалист орнууд дахь социаль сэтгэлгээнд харьцангуй танил байсан гэж хэлж болно. Харин Символик интеракционизм нь Феноменологи социологийн нэгэн адил социалист улс орнуудын эрдэмтэд судлаачдын хувьд тун ч хол алс нэгэн байсан тул энэ чиглэлийн үзэл сургаал тун бага судлагдсан байлаа. Энэ утгаараа голлон орос хэлнээс орчуулан дэлхийн социологийн өв уламжлалтай танилцаж асан монголын нийгмийн ухааны хувьд мөн л бага судлагдсан онол сургаал гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
Энэхүү онол арга зүйн чиглэлийн суурийг тавьж, онолыг боловсруулсан сэтгэгчид нарыг Нерберт Блюмер (Herbert Blumer ), Жорж Херберт Мид (Jeorge Herbert Mead), Чарльс Нортон Кули (Charles Norton Cooley), Томас Болдуин (Thomas Bаldwin) Эрвинг Хофман (Erving Hoffman) нар хэмээн үздэг агаад сонгодог төлөөлөгчдийн хувьд Ж. Симмел гэж тооцдог.
Судлаачид Символик интеракционизм болон түүний гол сэтгэгчийн нэг Мидийн үзэл баримтлалд прагматик философи, бихевиоризм ихээхэн нөлөө үзүүлсэн гэх нь бий (G. Ritzer. Sociological Theory)

Г.Мидийн үзэл баримтлал:
Орчин цагийн социологийн сонгодог хэмээгддэг Ж.Мид энэхүү шинжлэх ухааны түүхэнд өвөрмөц атлаа чухал байр суурь эзэлдэг.
Амьд ахуйдаа нэг ч ном хэвлүүлээгүй, нэр цууны хувьд өөрийн мэргэжил нэгт нөхөд, сурагчдынхаа хүрээнээс хальж чадаагүйн зэрэгцээ физиологийн сэтгэл зүй болоод философиор мэргэжсэн хүнийг социологийн сонгодог гэж болох уу? Энэхүү асуултанд судлаачид хариулахдаа насан эцэслэсний нь дараа хэвлэгдэн олны хүртээл болсон ном зохиолууд, олон тооны үгүүлэл болон нийгмийн сэтгэл зүйн үндэслэгээг гаргасны нь хувьд энэ хүнийг ийнхүү тооцох нь шударга хэмээн үздэг. (Г.В Осипов и др. История Социологии в Западной Европе. М: 1999)
Үнэхээр Ж.Мидийн үзэл санааны үндсэн гол чиглэлүүд чухамдаа социологичдын дунд үргэлжлэлээ олсоны хамт орчин цагийн онолын томоохон чиглэл болох Символик Интеракционизмын үндэс болсоны хувьд ийн үзэх нь зөв ажгуу.
Символик интеракционизмын үндсэн зарчмууд:
Эл онол арга зүйн олон төлөөлөлөгчид тухайлбал: Блюмэр (Blumer)8 Манис (Manis) нар Симболик Интеракционизмын үндсэн зарчмуудыг тодорхойлохыг оролдсон байдаг.
Эдгээрийг нэгтгэн хэлэх ахул дараах үндсэн зарчмуудын дүр зураг харагдана. Үүнд:
• Хүмүүн нь доогуур хөгжил бүхий амьтдаас сэтгэн бодох чадвар заяагдсанаараа ялгагдана
• Сэтгэн бодох эл чадвар нь харилцан үйлдлээр эмхлэгдэн хэлбэржинэ
• Харилцан үйлдлийн явцад хүмүүс ач холбогдол бэлэгдлийг судалснаар өөрсдийн сэтгэн бодох онцлог чадвараа хөгжүүлэх дасгалжуулдаг
• Ач холбогдол(meaning), бэлэгдэл (simbols) нь хүний үйлдэл харилцан үйлдлийг боломжтой болгодог
• Хүмүүс нь өөрсдийн зан үйлдэл, үйлдэлдээ ашиглаж буй ач холбогдол, бэлэгдлээ нөхцөл байдлыг тайлбарлан ойлгосон дээрээ үндэслэн шинэчлэх юм уу өөрчилж чаддаг
• Хүмүүс өөрсөдтэйгээ харилцан үйлдэлд орж, үйлдлийнхээ боломжит чиглэл, тэдгээрийн сул болон давуу талыг үнэлэн дүгнэх замаар сонголт хийдгээрээ ийнхүү шинэчлэлт, өөрчлөлт хийх чадвартай байдаг аж
• Өөр хоорондоо нягт уялдаа холбоо бүхий үйлдэл харилцан үйлдлийн хэв загвар нь бүлэг болон нийгмийг үүсгэнэ.(George Ritzer. Sociological Theory.1996 p 347)
Нийгмийн харилцан үйлчлэл олон тооны социологийн сургаалын судлагдахуун болсон байдаг. Символик интеракционистууд харилцан үйлдлийг бичиглэдэг буюу символик үүднээс нь тайлбарлана.
Түүнчлэн хүн бусадтай харилцан үйлчилцэхээсээ гадна өөрөө өөртөө харилцан үйлчилжээ. Ж.Кули оюун ухаан ухамсар анхлан хүнд өгөгдсөн байдаг бөгөөд тэдний зан үйл тойрон хүрээлэн буй обьектыг хүлээн авахад чиглэсэн байдаг бус харин хүний хамтын амьдрал оюун ухаан ухамсар обьктын ертөнц буй болох урьдчилан нөхцөл гэж үздэг.
Мид ертөнц бол хүмүүс хоорондын харилцан үйлчлэлийн явцад бий болж тогтнож байдаг гэжээ. Ийнхүү харилцан үйлдэл бүхэн тодорхой ухамсарын болон ахуйн суурь бүхнийг буй болгож байдаг.
Харилцан үйлчлэлийн явцад буй болох хүний индивидуаль ухамсрын бүрэлдэх үйл явцыг Мид Жест /дохио зангаа/ гэсэн ойлголтоос эхлэн тайлбарлана. Дохио зангаа бол хүний үйлдлийн анхдагч шат бөгөөд харилцан үйлчлэлцэх явцад өдөөлт сэдлийн шинж чанарыг өөртөө агуулна. Дохио зангаа болон түүний хариу үйлдэл шууд биш.
Хүн өөрийн дохио зангаа билэгдлийн утга учрыг ойлгодог байна.
Ач холбогдлын нйилбэр нь хувь хүний туршлага ухамсрын символик агуулгын илэрхийлэл болно. Нийгмийн бүтэц бол хүмүүсийн харилцааны үр дүн мөн. Символ-биет болон идеаль обьект бөгөөд обьектод өөрөө бэлэг тэмдэг нь болж байгаа обьектын тухай мэдээлэл өгнө. Энэ онолын хувьд хүн бол идэвхитэй зүтгэгч бөгөөд ертөнцийг сөрөн зогсож /түүнд орхигдсон биш/ зөвхөн хариу үйлдэл хийхээсээ өөрийн зан үйлийг бүтээж байдаг идэвхитэй бүтээлч ажээ.
Символик интеракционизм нь социологийн онолын дедуктив байдлаар бус индуктив байдлаар байгуулах ёстой гэж үзээд социологийн онол нь шалтгаан үр дагаврын тогтолцоо байх юм гэжээ. Символик харилцан үйлдэл голлон шалтгаан болдог ажээ. Символик интеракционизмын шалтгаан үр дагаврын тогтолцоонд хамгийн гол нь харилцан үйлдэл ямар аргаар нийгэм бие хүн ба зан үйлийг учир шалтгаанжуулж байгааг тодорхойлох явдал юм.
Эмперик бодит байдлыг анхааралтайгаар судлан үзэх шаардлагатай ерөнхий социологийн ойлголтууд эмперик бодит байдлыг өвөрмөц бүх шинжийг дамжуулан өгч чаддаггүй. Ер нь ойлголтууд илүү уян хатан байх ёстой. Блумер: судалгааг 2 шаттайгаар явагдах ёстой гэж үзсэн. Туршилтын судалгаа явагдах ёстой гэсэн. Yүний дараа «шалгалтын судалгаа» явагдах ёстой гэсэн.


НИЙГМИЙН ЗӨРЧИЛДӨӨНИЙ ОНОЛ


•Зөрчилдөөн ба нийгэм
•Левис Козер (Lewis Coser), (Ralf Darendorf) нарын зөрчилдөөний талаарх үзэл баримтлал

Зөрчилдөөн ба нийгэм
Зөрчилдөөний үзэл баримтлал нь нийгмийн баримт сэлтийн парадигмын тулгуур онолын нэг юм. Онцолж тэмдэглэхэд дээр дурьдсан парадигмын өөр нэгэн тулгуур онол болох бүтэц функционализмаас эл онол ялгаатай, зарим зүйл дээр эсрэг тэсрэг шинжтэй авч олон талаар ижил төсөөтэйг бид өмнө нь дурдаж байсан билээ. Нийгмийн тогтвортой байдал, эмхлэгдэн журамлагдсан социаль бүтцийг эрхэмлэсэн бүтэц функциональ баримтлалыг бодвол зөрчилдөөний онол нь нийгмийн бодит байдалд илүү шүүмжлэлт байр сууринаас ханддаг байна.
Зөрчилдөөн, тэмцэл бол нийгмийн амьдралын нэгэн зайлшгүй бүрэлдхүүн хэсэг болохын хувьд социологийн шинжлэх ухааны түүхэн хөгжлийн явцад К.Марк, М.Вебер хийгээд Ж.Симмел зэрэг олон сэтгэгчдийн онол сургаалд судлагдан тусгагдсан буй. Тухайлбал, Г.Спенсер зөрчилдөөнийг нийгмийн хөгжлийн гол хүчин зүйлс, хүн төрөлхтөний түүхийн зайлшгүй үзэгдэл мөн гэж үзээд амьдралын төлөө тэмцэл гэсэн ойлголтоор дамжуулан тайлбарлажээ. Тэрбээр бие хүний эрх чөлөө, өрсөлдөөн, нөхцөл байдалд илүү дасан зохицсон нь сайхан амьдрах гэх зэрэг зарчмууд нийгмйин хөгжлийн хөдөлгөгч хүчнийг тодорхойлдог гэж баталж байжээ. Амьдралын төлөө тэмцэл нь зөвхөн хүмүүс хоорондын харилцааг бус нийгэм ба хүрээлэн буй орчны хоорондын харилцааг мөн л зохицуулдаг байна. /Спенсер. Г (1998) Опыты научные, политические и филосовские. Пер с анг. Мн:Современный литератор./
М.Вебер засаглал, эрх мэдэл гэсэн ойлголтын хүрээнд зөрчилдөөны асуудлыг хөндөн үзсэн юм. Тэрээр эрх мэдэл, засаглал гэдгийн дор нэг буюу бүлэг хүмүүс аливаа хамтын үйлдлийн явцад өөрсдийн хүсэл зоригийг хэрэгжүүлэх (уг үйлдэлд хамтран оролцогчдын эсэргүүцлийг үл хайхран, няц дарах замаар) боломжийг ойлгож байлаа.
Ф.Тённис “антипати, симпати” гэсэн ойлголтын тусламжтайгаар зөрчилдөөний асуудлыг авч судалсан бол Ж.Симмел зөрчилдөөнийг эдийн засаг зэрэг тодорхой асуудлын үр дагавар бус соёлын хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байлаа. Тэрээр эдийн засгийн хүчин зүйлс хөгжлийн гол хөдөлгөгч хүчин төдийгүй нийгмийн хямрал тэмцлийн шалтгаан хэмээн үзсэн Марксын үзлийг энэ бүхэн нь эцсийн дүндээ соёл хэмээх том зүйлийн нэгээхэн хэсэг юм гэж шүүмжилж байлаа..
Бүтэц үүргийн онолын үзэл баримтлалыг шүүмжилж, түүнийг сөрөн зогсож чадахуйц альтернатив онол гэсэн утгаараа Зөрчилдөөний онол бүрэлдэн тогтсон юм. Гэсэн хэдий ч эл онол нь Бүтэц-Функционал үзэл баримтлалаас өрх тусгаарлан салж чадаагүй агаад олон талаар түүний нөлөөн дор байлаа. (G.Ritzer.p-265)
Зөрчилдөөний онолын судалгаа Б-Ф-змын нэгэн адил нийгмийн бүтэц, нийгмийн институтыг судлахад чиглэгддэг агаад нийгмийн эмх цэгц, статик тогтовортой байдал гэсэн ойлголтоос зөрчилдөөнийг чухалчлан үздэг юм.
Эл онолын гол утга санаа нь бүтцийн элементүүд өөр хоорондоо ялгагдан диффренциацид орох тусам нийгмийн систем дэх зөрчилдөөний түвшин өндөрсөх боловч энэ процесстой зэрэгцэн нийгмийн институтуудын уян хатан байдал өсөн нэмэгдэж зөрчилдөөн, түүний үр дагаврыг эерэгээр зохицуулах чадвар нь нэмэгддэг гэж үздэг.
Бүтэц Функциональ болон Зөрчилдөөны онол үзэл баримтлалыг үндсэн шинжээр нь харьцуулан үзүүлэх аваас дараах дүр зураг харагдана.
ЗӨРЧИЛДӨӨН
• Нийгмийн амьдралын үндэс суурь бол ашиг сонирхол
• Нийгмийн амьдрал нь сөргөлдөөн дайсагналыг төрүүлнэ.
• Нийгмийн амьдрал нь бүтцийн зөрчилдөөнийг төрүүлнэ.
• Нийгмийн амьдрал нь нийгмийн хурцадмал байдлаас үүдсэн албадлагыг агуулна.
• Нийгмийн амьдрал бүлгүүдийн хооронд сонирхлын мөргөлдөөнийг төрүүлнэ.
• Нийгмийн системүүд зөрчлөөр дүүрэн
• Нийгмийн систем өөрчлөлт рүү тэмүүлнэ.

БҮТЭЦ-ФУНКЦИОНАЛИЗМ
• Нийгмийн амьдрал нь үндэс нь хэм хэмжээ, үнэт зүйлс
• Нийгмийн амьдрал эв нэгдлээс шууд хамаарна.
• Нийгмийн амьдрал нь харилцан үйлдэл хамтын ажиллагаанд нь суурилна.
• Нийгмийн амьдрал зайлшгүй нийгмийн хяналтын үүргийг агуулна.
• Нийгмийн амьдрал нь зөвшил дээр суурилна.
• Нийгмийн амьдрал интеграчлагдсан.
• Нийгмийн систем нь тогтвортой байдал руу тэмүүлнэ.

Левис Козер (Lewis Coser)-ын зөрчилдөөний талаарх үзэл баримтлал
Дээр дурдсан үндэслэлд тулгуурлан Америкийн социологич Л.Козер өөрийн функционал зөрчилдөөний онолыг боловсруулсан байна. Козер зөрчилдөөнийг нийгмийн харилцан үйлдлийн нэгэн элемент гэж үзсэн бөгөөд нийгэмд /бүтцийн элементүүд нь илүү өндөр зохион байгуулалттай, уян хатан шинжтэй/ эерэг функц гүйцэтгэж чадна гэжээ.
Зөрчилдөөнийг Козер үзэл суртлын үзэгдэл гэж үзсэн бөгөөд засаглал, статусаа өөрчлөх, орлогыг дахин хуваах, үнэт зүйлсийг өөрчлөлт гэх мэт бодит, зорилгод хүрэхийг эрмэлзэн тэмцэлдэж буй социал бүлэг, бие хүмүүсийн эрмэлзлэл, хүслийн тусгал аж. Дээр дурдсаныг Л.Козер «Анги бүлэг,бие хүмүүсийн засгийн эрх, нийгмийн статусаа өөрчлөх, орлогыг дахин хуваах үнэт зүйлсийн баримтлалаа өөрчлөхийн төлөө тэмцэл, эрмэлзлийг илэрхийлэгч үзэл суртлын үзэгдэл мөн» хэмээжээ.
Аливаа нийгэм бүр өөртөө, зөрчил тэмцлийн элементийг агуулдаг бөгөөд энэ элемент нийгмийн уялдаа холбоог бэхжүүлэх юмуу устгаж байдаг байна. Л.Козерын 1956 онд бичсэн «Нийгмийн зөрчилдөөний функц» бүтээлдээ нийгмийн тогтолцооны тухай болон түүнд гүйцэтгэх зөрчилдөөний функцийг тодорхой авч үзсэн байна.
Түүний «Нийгмийн систем болоод зөрчилдөөний функцийн» тухай төсөөллийг дараах байдлаар багцалж болно. Үүнд
• Социаль ертөнц нь харилцан уялдан холбоо бүхий олон тооны бүтэц, хэсгүүдээс бүрдэнэ.
• Бүх социаль системүүдэд тэнцвэргүй байдал, хурцадмал байдал, ашиг сонирхлын зөрчилдөөн илэрнэ.
• Системийн хэсгүүдэд явагдаж буй үйл явц нь нийгмийн системийн интеграци, нэгдэлд эерэг ба сөргөөр нөлөөлнө.
• Системийг устгагч гэгддэг «хүчирхийлэл, санал зөрөлдөөн, гажуудал, зөрчилдөөн» гэх зэрэг үйл явцууд системийн интеграцийг бэхжүүлж, дасан зохицох явцад эерэгээр нөлөөлнө.
«Ригид» буюу хаалттай нийгэмд зөрчилдөөн нь нийгмийн дайсагналцсан бүлгүүд юмуу 2 ангид хуваан «нийгмийн зөвшлийн» үндсийг устган тогтсон уялдаа холбоо харилцааг үгүйсгэж хувьсгалт хүчирхийллийн дүнд нийгмийг нөхцөлд хүргэх аюултай гэж Козер тэмдэглэсэн. Тэгвэл «Нээлттэй» буюу плюралист нийгэмд зөрчилдөж буй бүлгүүд, ангиудын зөрчилдөөнийг өөрийн нийгмийн үнэт зүйлс, хэм хэмжээ, соёлын тусламжтайгаар зохицуулан зөвшилд хүргэж байдаг байна.
Yүнээс үүдэн нийгмийн системийн доторхи зөрчилдөөн нь системийн хөшсөн, зогсонги байдлыг эвдэлж өөрчлөлт, шинэчлэлтийн замыг нээж өгдгөөрөө эерэг үүрэг гүйцэтгэнэ гэж Козер бичиж байв.
Нэг нийгэм нь нөгөө нийгэмтэй зөрчилдөн хямралдаж байгаа тохиолдолд зөрчилдөөн нь нийгмийн эв нэгдлийг хангах гол цөм болж чадна хэмээн тэрбээр үзээд Израль, Арабын зөрчил тэмцлийг жишээ болгон татсан нь бий. Тухайлбал, Арабын ертөнцтэй байнгын хурцадмал байдалд байгаа тохиолдол Израйлын нийгмийн дотоод нэгдмэл байдал бат бэх хэвээр байх агаад харин зөрчилдөөн сулармагц дотоодын хямрал ихсэх магадлалтай. Мөн АНУ –Израйлын холбоотны харилцаа Араб Израйлын хямрал сулрахад мөн л даган сулрах гэх мэт.

Ралф Дарендорфын(Ralf Darendorf) зөрчилдөөний үзэл баримтлал

Энэ онолын өрнөд Европын төлөөлөгч бол Ральф Дарендорф юм. /Р.Дарендорф 1929 онд Гамбург хотод мэндэлсэн. 1958-67 онуудад Гамбургийн их сургуулийн профессор 1994 оноос Лондоны эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн захирал 1982 оноос Фридрих Науманы фондын дарга/
Дарендорф «социологийг» социаль ертөнцийг системчлэгдсэн ажиглалтын тусламжтайгаар ойлгож, тайлбарлахуйц эмпирик шинжлэх ухаан мөн гэж тодорхойлжээ.
Нийгэм бол /Зиммельтэй адил/ аливаа нийгмийн уялдаа холбооны төрөл мөн бөгөөд социологи нь нийгэм ба хувь хүн хоёрын уулзах уулзвар бэлчирт илрэн гарах хүмүүсийн зан үйлийг судлах ёстой гэжээ.
Р.Дарендорф социологийн онол арга зүйг
1. Тэнцвэртэй байдал зөвшлийн онолууд
2. Ноёрхол, зөрчилдөөны онол үзэл баримтлалуудаас бүрдэнэ хэмээн ангилсан байна.
Ральф Дарендорф нийгмийн тэнцвэртэй байдлын онолуудыг /голлон бүтэц-үүргийн системийн/ утопи, өрөөсгөл гэж хурцаар шүүмжлэн тэдгээрт өөрийн нийгмийн зөрчилдөөний баримтлалыг сөргүүлэн тавьжээ. Түүний онолын гол анхаарал нь нийгмийн томоохон бүтцийн шинжилгээнд төвлөрсөн байдаг. Тэрбээр зөрчилдөөнийг эрх мэдэл засаглалын үүднээс албан тушаалтай холбон авч судалсан агаад нийгэм үзүүлэх тэгээрийн нөлөөллийн асуудлыг авч судалжээ.
Нийгэмд хүмүүс тодорхой байр суурь эзэлж тодорхой үүргүүд гүйцэтгэж байдаг агаад тэдгээрийн эзэлж буй албан тушаал нь харилцан адилгүй эрх мэдлээр нөхцөлдсөн байдаг байна. Энэ утгаараа эрх мэдэл засаглал нь толоорхой бие хүнд бус түүний эзэлж буй албан тушаалд өгөгдөнө.
Аливаа засаглал, эрх мэдэл нь
• Захирах (superordination)
• Захирагдах (subordination) гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ.
Нийгэм дэх ноёрхол, захирагдах процесс нь зөрчилдөөний төрүүлнэ.
Зөрчилдөөн нь Р.Дарендорфынхоор –“ бүлэг, институтуудын хүлээлт, хэм хэмжээнд тэрсэлдсэн бүтцийн харилцаа” мөн. Yүнээс үүдэн Дарендорф ангийг «ноёрхолд оролцох эс бөгөөс ноёрхлоос түлхэн гаргахын төлөө харилцан зөрчилдөж байгаа социал бүлгүүд» мөн гэж тодорхойлжээ.
Тэрбээр нийгэм явагдаж буй зөрчилдөөнийг түвшнээр нь дараах байдлаар ангилсан байна. Үүнд:
• Тодорхой нэгэн ролийн төлөө
• Ролиудын хоорондох /нийгмийн бүлгийн доторхи/
• Нийгмийн бүлгүүдийн хоорондох
• Бүхэл нийгмийн түвшин дэх
• Улс орнуудын хоорондох
Түүнчлэн Зөрчилдөөнийг хэв шинжээр нь:
• Зиндааны ижил өрсөлдөгчдийн зөрчилдөөн
• Захирч байгаа болон захирагдаж байгаагийн хоорондох хэв шинжүүд
• Бүхэл ба хэсгийн зөрчилдөөн гэх мэт нийт 15 хэв шинжийг тодорхойлсон байдаг.
Р.Дарендорф нийгмийн мобиль хөдөлгөөн хэдий чинээн хязгаарлагдмал байх тусам зөрчилдөөн төдий чинээн хурц байх болно гэж үзээд нийгмийн мобиль хөдөлгөөн илүү динамик шинжтэй байж зөрчилдөөнийг хүлээн зөвшөөрч формаль байдлаар зохицуулахыг эрмэлзэх хэрэгтэй гэж бичиж байв.

Солилцооны онол


Солилцооны онолын тухай ойлгохуй

Эл онол нь ихээхэн өвөрмөц социологийн онол гэдгийг гарал үүслийн хувьд зөвхөн өмнөх үеийн социологийн онолууд төдийгүй сэтгэл зүй, эдийн засгийн ухааны хөгжлийн хүчин зүйлсээр нөхцөлдсөн. Түүнчлэн хэт туйлширсан хэлбэртээ бүхий л социологийн онолыг үгүйсгэх зэргээс харж болох юм.

Түүнчлэн эл онолын эх сурвалжийг Бихевиоризм хэмээдэг агаад Рациональ сонголтын онол (rational choice theory), Сүлжээний онол ( network theory ) зэрэг орчин цагийн социологийн онолуудтай нэг багцалж авч үзэх нь бий. (G.Rithzer.1996)

Сонгодог болон орчин үеийн гол төлөөлөгчдын үзэл сургаал

Сонгодог төлөөлөгчдийн хувьд Скиннер / бихевиоризм /, орчин цагийн хувьд Жорж Хоманс (Jeorge Caspar Homans), Питэр Блау (Peter Blau) нар орно.
Солилцооны онол нь бихевиоризмын үндсэн зарчмуудыг социологид шүмжлэлтэйгээр хэрэглэх гэсэн оролдлого юм.
Эл онол социологийн томоохон онолуудыг ялангуяа социаль баримт сэлтийн парадигм, бүтэц функционал онолуудыг хурцаар шүүмжилдэг. үүний зэрэгцээ энэхүү онолын гол төлөөлөгч Хомансф
Тухайлбал: Эл онолын томоохон төлөөлөгч Хоманс Э.Дюрхэймыг Эмэржэнт шинж, Сэтгэл зүйг тайлбарласан байдал, тайлбарлах аргын гэсэн үндсэн 3 чиглэлээр шүүмжилжээ.
1-рт Дюрхэймын шинэ үзэгдэл нь харилцан үйлдлийн дүнд бий болно гэсэн дүгнэлтыг хүлээн зөвшөөрөхийн хамт тэдгээрийг ердийн хувийн /индивидуал/ зан үйлтэй холбон тайлбарлана. Хоманс « дахин үүсч бий болж буй социаль үзэгдлийг сэтгэл зүйн урьдчилсан өгөгдлөөр амархан тайлж болно « гэж байлаа. Өөрөөр хэлбэл Э.Д эмэржэнт шинжийг социаль хүчин зүйлтэй холбон тайлбарладаг бол Хоманс сэтгэл зүйн тайлбарлалыг илүүд үзэж байна.
2-рт сэтгэлзүйн ухааны хувьд Э.Дюрхэймын үед эл салбар хөгжлийн бүдүүлэг үе шатанд байж, хүмүүсийн хувийн онцлогт бус харин зан үйлийн инстинкт /зөн билгийн/ хэлбэрүүдийг судалдгаас үүдэн социологийг түүнээс салгах нь зүйтэй байсан бол эдүгээ сэтгэл зүй ихээхэн хөгжсөн учраас түүнийг ийн ялгаварлаж болохгүй хэмээж байв.
3-рт Э.Дюрхэйм тайлбарлахуйг дан ганц шалтгааныг илрүүлэхтэй адилтган үзсэн нь зөв хэдий ч хангалтгүй аж. Харин зөвхөн шалтгаан бус үр дагавар, тэдгээрийн уялдаа холбоог тайлбарлах хэрэгтэй агаад тайлбарлахуйг сэтгэл зүйн хүчин зүйлтэй холбох хэрэгтэй гэж байлаа.
Хариу үйлдэл бол хэзээд социаль баримт сэлтээр зуучлагдах авч соц б,сэлт нь хувийн индивидуал хариу үйлдлийг дуудан бий болгож, эдгээр реакци нь өөрийн ээлжинд шинэ баримт сэлт бий болгох бөгөөд шийдвэрлэх хүчин зүйл нь баримт сэлт бус харин зан үйл ажгуу.
Хоманс институтыг тайлбарлах бүтэц функционал тайлбарлалыг үгүйгэхийн хамт “ институт гэдэг нь нийгмийн гишүүдийн үйлдлээр дэмжигдсэн, социаль зан үйлийн харьцангуй тогтвортой хэлбэрүүд “ гэж тодорхойлжээ.
Институтыг тайлбарлах дөрвөн хэв шинжийг Хоманс томьёолсон. Yүнд :
1-рт Бүтцийн
2- Функционал
3 Түүхэн
4.Сэтгэлзүйн хэв шинж орно.
Эхний хоёрыг тэрбээр шүүмжилсэн агаад түүхэн хандлага угтаа сэтгэл зүйн эх үүсвэртэй гэжээ. Институтын бүтцийн өөрчлөлт нь социологийн үүднээс тайлбарлагдах авч аливаа тайлбарлал нь угтаа сэтгэл зүйн байх ёстой аж.
Солилцооны онол бол нийгмийг тайлбарлахдаа сэтгэл зүйн нийгмийн амьдралын энгийн хэлбэрүүдийг харгалзан үзэхийг эрхэмлэж байв.
Нийгмийн зан үйл бол үндсэндээ харилцан үйлчлэлж буй хувь хүмүүс аж.
Скиннэрийн тагтаатай хийсэн туршилтыг тэрбээр социаль гэж үзэлгүй индивидуаль зан үйл гээд социологи нь социаль зан үйл, социаль солилцоог судлах ёстой гэжээ. Тагтаан зан үйл дээрх тохиолдолд зөвхөн хүрээлэн буй орчин, судлаач хоёртой хийсэн солилцоо агаад наад зах нь нэг нь нөгөө давтан батлах аж.
Хоманс өдөр тутмын социаль харилцан үйлдэлд гол анхаарлаа хандуулж байлаа. Тэрбээр социаль зан үйлийг тайлбарлах солилцооны онолын хэд хэдэн зарчмыг боловсруулжээ.
• Амжилтын зарчим
Хүний үйлдэл их дэмжигдэн сайшаагдах тутам, дахин давтагдах магадлал өндөр
Эл зарчим нь Хүний үйлдэл, Сайшаагдсан үйлдэл Эхний буюу ойролцоо үйлдэл гэсэн үе шатыг агуулна.
• Урамшууллын зарчим
Тодорхой үйлдлийг сайшаан урамшуулсан аль нэгэн урамшуулалтай бусөл урамшуулал ойролцоо байх тусам хүн дээрх үйлдлийг дахин үйлдэх магадлалтай
• Yнэт зүйлс, эрхэмлэлийн зарчим
Өөрийн үйлдлийн үр дүн тухайн хүнд их үнэлэгдэх тусам тэр уг үйлдлээ дахин үйлдэх магадлал өндөр
Урамшуулал- эерэг үнэт зүйлс агуулдаг бол зэм шийтгэл сөрөг үнэт зүйлсийг агуулна.
• Депривацийн зарчим
Хүний үйлдэл байнга тогтмол сайшаагдан шагнагдах тусам тэрбээр дараа дарагийн урамшуулал шагналыг хүн улам бүр багаар үнэлж үзэх болно.
Зан үйлийн үнэ цэнэ - Өөрийн өмнөх үйлдлээсээ болж алдсан урамшуулалаа ухамсарлах явдал
Нийгмийн солилцоон дох ашиг хонжоо гэдэг нь – зарсан зардал нь олж авсан урамшууллаасаа давахыг хэлнэ.
Хүн өөрийн үйлдлээсээ их ашиг хонжоо олох тусам түүнийгээ давтах магадлал өндөр
• Түрэмгийлэл болон дэмжлэгийн зарчим
Хэрэв үйлдэл хүлээгдсэн урамшууллаа бус харин зэм шийтгэл авчирваас үйлдэл хийж буй субьект хилэгнэн уурлах ба түүний хувьд түрэмгий зан үйл илүүд үзэгдэх болно.
/Уур хилэн, урам хугаралт- Хүн хэрвээ хүлээн найдаж байсан зүйлээ эс авах аваас урам хугарах мэдрэмж буй болно./
Хүн хэрэв хүлээж буй урамшуулал сайшаалаа эс бөгөөс түүнээс илүүг авах тохиолдолд /эсвэл хүлээж асан шийтгэлээ эс хүртэх аваас/ тэрбээр ханамжийн мэдрэхүйг олж авах агаад тэр зан үйл нь өөрт их үнэтэй санагдах тул түүнийгээ дахин давтах магадлал өндөр байна.

Питэр Блау-гийн интегратив солилцооны онол

П. Блау социаль бихевиоризм болон социологизмыг хослуулах замаар солилцооны онолыг боловсруулахыг хичээж байв.
Түүний сургаалын гол зорилго нь - хувь хүмүүс болон бүлгийн харилцааг удирдаж буй социаль үйл явцыг дүгнэн шинжлэх үндсэн дээр социаль бүтцийг ойлгох явдал байлаа. Yндсэн асуудал бол хүмүүсийн хамтын нийгэмлэгийн бүтэц нарийсах тусам нийгмийн амьдрал хэрхэн зохион байгуулагддаг тухай асуудал мөн аж. ( Blau P Exchange and power in social life. NY., 1964 p.2)
Бие хүмүүсийн харилцан үйлдлийн үйл явцыг судлах гол зорилго бол хөгжиж буй социаль бүтэц, тэдний хөгжлийг тодорхойлж буй эмэржэнт социаль хүчнийг ойлгох явдал мөн юм. ( Blau P Exchange and power in social life. NY., 1964 p.2)

Жич: Дараагийн бичлэг П.Блаугийн намтар уран бүтээл.../Санал сэтгэгдэлээ үлдээнэ үү/

Неофункционализм

О.Мөнхбат /Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал/
1930 –аад оноос 1960 он хүртэл америкийн төдийгүй дэлхий дахины социологийн онолын тавцанд ноёлох байр суурь эзэлж асан бүтэц функционализм ХХ зууны жараад оноос хүчтэй шүүмжлэлийн дор нөлөөгөө алдаж эхлэв. Харин 80-аад оны дунд үеэс дээрх онолын үзэл баримтлалыг неофункционализм хэмээх нэрийн дор дахин сэргээх, шинэчлэх оролдлого эхэлсэн юм. Эл нэр томьёо нь Бүтэц Функционализмыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ түүнийг өргөжүүлэх, шүүмжлэлт хамгийн өртөж асан гол гол дутагдлыг арилгах эрмэлзлэлийг илэрхийлж байлаа.
Неофункционализмын гол төлөөлөгчид болох Жэфрэй Александр Паул Коломи (Jeffrey Alexander, Paul Colomy) нар шинэ функционализм бол “функционализмын гол цөмийг хадгалахын хамт түүний оюуны хүрээг тэлэхийг эрмэлзэж буй функционал онолын өөрийн шүүмжлэлт чиглэл юм” хэмээн тодорхойлсон байна . Энэ утгаараа тэд илүү нийлэгжсэн онол бүтээхийг эрмэлзсэн гэж хэлж болно. Зарим судлаачид неофункционализм нь бүтэц функционализмын олон суурь зарчмуудыг таягдан хаясан тул функционал онол биш юм гэх нь бий .
Неофункционализм нь хувь хүнийг эрхэмлэн үзэхийг үгүйсгэсэн, өөрчлөлтийг эсэргүүцсэн, консерватизм, идеализм хийгээд эмпирик үндэслэгээг эсэргүүцдэг зэрэг уламжлалт бүтэц функционализмын дутагдалтай талуудыг даван туулах хэрэгтэй хэмээн Александр үзэж байна.
Тэрбээр хэдий неофункционализмын гол дэмжигч авч энэ бол онол гэхээсээ илүү чиглэл гэх нь зөв юм хэмээн хэлжээ. Үүнээс таван жилийн дараа түүний үзэг нэгт нөхөр Коломи “таван жилийн дотор неофункционализм нь чиглэлээсээ өөрийгөө ухамсарласан оюуны хөдөлгөөн болон бүтцэж байна. Ерөнхий онолын түвшинд чухал дэвшил хийж социологийн мета онолыг илүү нийлэгжсэн чиглэл рүү түлхэн уриалахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэж энэ талаар ихээхэн найдлага төрүүлж байна. Өнөөдөр неофункционализм амлалт төдий бус онол эмпирик эрэл хайгуулын салбар болжээ” гэж үнэлжээ .
Александр болон Коломи нар шинэ функционализмын гол баримжааллыг дараах байдлаар тодорхойлжээ.
Нэгдүгээрт: Неофункционализм нийгэм нь нэг нэгтэйгээ харилцан үйлдэлд ордог элементүүдийн бүтцийн хэлбэр гэж тодорхойлж, эн бүтэц нийгмийн системийг хүрээлэн буй орчноосоо ялгаруулдаг гэжээ. Системийн эдгээр хэсгүүд бие биентэйгээ символик байдлаар холбогддог бөгөөд тэдний харилцан үйлдлийг ямар нэгэн бүхэллэг хүчин зохицуулдаггүй гэжээ. Ингэснээр моно учир шалтгаанчлалыг үгүйсгэн нээлттэй, олон ургальч учир шалтгаанчиллыг хүлээн зөвшөөрч байна. Түүнчлэн неофункционализм нь рациональ төдийгүй үйлдлийн бусад хэлбэрийг хүлээн зөвшөөрч байна.
Хоёрдугаарт: Неофункционализм нь үйлдэл болон эмх журамд ижил анхаарал тавьдаг хэмээжээ. Ингэснээр зөвхөн нийгмийн бүтэц болон соёлын макро түвшний эмх журамд гол анхаарлаа хандуулдаг бүтэц функционализмын зарчмыг зарим талаар үгүйсгэн улмаар микротүвшний үйлдлийн хэлбэрт илүү анхаардаг аж.
Гуравдугаарт: Неофункционализмын зүгээс бүтэц функционализмын нэгдэл, интеграцийг чухалчилдаг үзлийг хадгалсан хэдий ч интеграцийг зайлшгүй төгс байдал бус харин социаль боломж хэмээн үздэг. Ингэснээрээ неофункционализм гажуудал, девиант болон нийгм йин хяналт бол нийгмийн системийн бодит байдал хэмээн хүлээн зөвшөөрдөг аж.
Дөрөвдүгээрт: Неофункционализм Парсонсын чухал ойлголтууд болох хувийн шинж, соёл, анд социаль системийг уламжлан авсан бөгөөд эдгээр системүүдийн гүнзгийрэн холбогдсон байдал нь зөрчилдөөнийг бий болгодог агаад зөрчилдөөн нь өөрчлөлт, хяналтын аль алины нь эх сурвалж болдог байна.
Тавдугаарт: Неофукционализм нь бие хүн, соёл, социаль системийн хүрээн дэх ялгарлын явц дахь социаль өөрчлөлтөнд анхаарлаа төвлөрүүлдэг байна.
Эцэст: Неофункционализм нь социологийн дүн шинжилгээний өөр бусад түвшнээс онолчлолын хувьд бие даасан хэмээн нотолдог.

Феноменологи социологийн үзэл баримтлал


  • Феноменологи социологийн тухай ойлгохуй
  • “Уламжлалт” социологийн баримтлалыг шүүмжлэх нь
  • Социологийн онолын талаархи феноменологи социологичдын үзэл баримтлал
  • Орчин үеийн социологийн методологийн тухай феноменологи социологичдын баримтлал
Феноменологи социологийн тухай ойлгохуй

Феноменологи социологи 20 зууны үеийн социологийн томоохон онол арга зүйн чиглэл юм. Энэ чиглэлийн философийн үндэс нь бол Гуссерль ба Шелер нарын феноменологи философи мөн бөгөөд социологийн хувьд эх үндсийг нь Шюц тавьжээ. Ихэнх тохиолдолд феноменологи социологийг «Ойлгож буй социологи» нэгэн төрөл үздэг явдал бий бөгөөд үнэндээ утга санаа тулгуур ойлголтынхоо хувьд М.Веберийн үзэл баримтлалыг давтах тал буй. Тэдний гол сонирхон үздэг зүйл бол нийгмийн ач холбогдлын ертөнц юм. Нийгмийн ач холбогдлын тусламжтайгаар нийгмийн үйлдэл /бусад хүний сэдлийг харгалзан үздэг/ бий болж тайлбарлагдаж байдаг байна.
Феноменологи социологийн гол зорилго бол бие хүнээс бусад хүний санаа бодол үйлдэл дохио зангаанд агуулагдсан ач холбогдлыг илэрүүлэхдээ ашиглаж байгаа дүрэм журмыг ойлгох явдал юм мөн. Феноменологи социологийн гол төлөөлөгч Альфред Шюц «ертөнцийн тухай бидний мэдлэг бол нийгмийн нөхцөл байдал бусад бие хүмүүс тэдний үйлдлийн сэдлийг ойлгох бидний ойлголтыг чиглүүлж тодорхойлж байдаг хэв шинжит загварчилгааны цуглуулбар мөн” гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл болж байгаа үйл явдлын тухай өөрийн төсөөллийн дагуу бид өөрсдийн тохирахуйц үйлдлийг явуулж байдаг байна.

“Уламжлалт” социологийн үзэл баримтлалыг шүүмжлэх нь

Феноменологи социологийн төлөөлөгч Дэвид Силвермени бичсэнчлэн социологи энэ шинэ чиглэл нь орчин үеийн социологийн онол арга зүйн хуучирсан «хэвшмэл шинжийг үгүйсгэн гарч ирсэн байна. өөФеноменологи социологи онол онолчлолын цоо шинэ ирээдүйг нээж өгсөн ба урьд өмнө байсан үзэл баримтлалд засал хийж өөрчлөх гэсэн оролдлого биш гэж Д.Силверман бичжээ.
Феноменологи социологичдоос социологид хандахдаа:
• Социологизм /хүний ахуй түүний орчинг тайлбарлахдаа гаж нэгжийн бодит байдал социологийн аргууд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэж үздэг философи-социологийн баримтлалыг шүүмжлэхэд чиглэнэ. (Тэдний үзэж байгаагаар эл чиглэл нь 1. Ахуйн болон онтологи 2. Арга зүйн гэсэн хоёр зүйлийг өөртөө агуулдаг аж. Нэгдүгээрх нь нийгмийн бодит байдал нь бусад бодит байдлын төрлүүдтэй харьцахдаа автономи шинжтэй байдаг агаад нийгэм бол бие хүнээс гадна, бие хүний дээр оршдог гэж үздэг. Хоёрдугаарх нь Социологи бол бусад шинжлэх ухаанаас биеэ даасан арга зүйн сантай ялангуяа биологи ба сэтгэл зүйн шинжлэх ухаанаас тусгаар шинжлэх ухаан гэж нотлоно.
• Психологизм /бүхнийг сэтгэл зүйн үүднээс сэтгэл зүйн ухагдахуунаар тайлбарладаг чиглэл /-ыг үгүйсгэдэг.
Феноменологи социологичид позитивистуудыг нийгмийн харилцан үйлдэлд оролцогч бие хүмүүсийн ажиглаж баыдаг дүрэм журамыг үгүйсгэдэг гэж шүүмжилдэг. Дэвид Уолш бичихдээ социологид позитивизмын хэд хэдэн чиглэл буй боловч түүний талыг баримтлагчид дараах гурван зарчмыг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг гэжээ.
Yүнд:
• нийгмийн үзэгдэл нь байгалийн үзэгдлүүдтэй адил /зарчмын хувьд/ байгалийн шинжлэх ухаанд боловсруулсан шинжилгээний аргууд социологийн судалгаанд адил хэрэглэгдэнэ
• нийгмийн үзэгдлийг прогнозчилж
• социологийн гол үүрэг бол дээд зэргээр нэгтгэгдсэн эмперик байдлаар үндэслэгдсэн онолын системийг бий болгох явдал мөн гэсэн зарчмыг феноменологийн үүднээс шүүмжилсэн байна.
Нийгмийн үзэгдлүүд нь байгалийн үзэгдлүүдээс эрс ялгаатай гээд Дэвид Уолш дараах нотолгоог дэвшүүлсэн. Тухайлбал:
1. байгаль ертөнц нь дотоод утга учрын бүтэцгүй юм. Тэгэхээр байгалийн үзэгдлүүд нь дотоод утга учирыг агуулдаггүй байна.
Тэгвэл харин нийгэм бол утга учир агуулсан ертөнц юм. Тийм учраас нийгмийн үзэгдлүүдийн утга учир агуулсан байдаг.
2. Байгаль бол материаллаг обьектын ертөнц бөгөөд түүний ажиглагч хүний гадна оршиж байдаг. Нийгэм бол хүний өөрийн биеэр туулж өнгөрүүлж буй өдөр тутмын ертөнц бөгөөд эл ертөнцийн обьектын тухай хүмүүсийн ердийн төсөөллийн хэлбэрээр оршиж буй ач холбогдолын ертөнц юм гэж Дэвид Уолш үзжээ.
Социологи ба нийгэм социаль ертөнц хүмүүсээс ангид салангид оршиж буй бодит байдал биш бөгөөд харин ч хүний үйл ажиллагааны экзистенциаль бүтээгдэхүүн юм. Хүний үйл ажиллагааны үрээр социаль ертөнцийн оршин тогтнож хувьсан өөрчлөгдөж байдаг. Социаль ертөнц нь Э.Дюркгеймийн бичсэнчлэн бас баримт сэлт /фактичнось/-ийн шинжийг тодорхой байдлаар агуулдаг боловч энэ нь хүмүүсээс ангид оршиж тэдэнд нөлөөлж байдаг бодит обьектив социаль ертөнц гэсэн үг биш. Фактичность-гэдэг нь нийгмийн гишүүдээс нийгмээ таньж мэдэхийн зорилгоор ашиглаж байгаа аргын илэрхийлэл мөн.
Бид өөрсдийн үйл ажиллагаагаараа нийгмийн үзэгдлийг бодитойгоор оршиж байгааг баталж байдаг болохоор л нийгмийн үзэгдэл нь бодиттой болж байдаг. Жишээ нь: хэрэв хүн гэмт хэрэг хийгээд баривчилагдсан бол өөрийн үйлдлийг яаж ч дүгнэж байсан ч өөрийн орсон нөхцөл байдал түүнчлэн цагдаа, шүүхийн зохион байгуулагдсан үйл ажиллагааг тооцож үзэх л хэрэгтэй болдог.

Социологийн онолын талаархи феноменологи социологичдын үзэл баримтлал

Феномеонологи социологичид өөрсдийгөө методологийн хувьд цоо шинэ чиглэл урсгал гэж үздэгийг бид дээр дурдсан уламжлалт хэмээгдэх социологийг шүүмжлэхдээ феноменологчид социологийн онол ба методологид ихээхэн анхаарлаа хандуулж байв. Феноменологи социологичдийн шүүмжлэл нь Девид Силверлений үзсэнээр голлон:
• онол нь бичгийн ширээний ард боловсрогдон буй болдог. Ертөнцийг үзэх өдөр тутмын ойлголтоос тэс өмнөө зүйл гэдгийг
• Методологийг баримт сэлтийн ертөнцийн хувиршгүй шинж чанарыг илрүүлэхэд хэрэглэгддэг арга барилыг нийлбэр мөн гэсэн үзлийг шүүмжлэн няцаахад чиглэгддэг байна.
Социологийн онолын хийсвэрлэлийг өөрйин амьдралын туршлагын баримт сэлт өөрийн мэдэх социаль ертөнцийн шинж чанартай холбож чадахгүй байна гэж социологич болох гэж байгаа хүмүүс өгүүлдэг. Өөрөөр хэлбэл эмперик судалгаагаар хуримтлагдсан анхдагч мэдээллээс онолын тайлбарлал хэрхэн хийгддэгийг ойлгох их л хүндрэлтэй байдаг байна. Хэрэв, ялангуяа уламжлалт социологийн хүрээнд онолыг тайлбарладаг зарчмыг баримтлах юм бол дээрх бэрхшээл бүр ч шийдвэрлэгдэхгүй хүнд зүйл болно гэж феноменологи социологич Майкл Филиппсон үзжээ. Уламжлалт социологийн хувьд социологийн онол нь хүмүүсийн өдөр тутмын амьдралын туршилгаас тасархай үгийн сүрлэг байгууламж болж хувирчээ. Тэгвэл феноменологи социологийн зорилго нь энэхүү сюрреалист байгууламжийг нураахад орших ажээ.
Феноменологи социологичид орчин үеийн социологийн онолын дутагдалтай талыг дараах байдлаар тодорхойлж байгаа юм. Yүнд:
• Онолчлолын тодорхой зорилгогүй
• Онол боловсруулах тодорхой горим журам учир дутагдалтай
онол гэж юу болох тухай тодорхой төсөөлөлгүй
• Онол ба орчин методологийн харьцангуй биеэ даасан байдлыг буруу ойлгосноос энэ хоёр ойлголтыг бүрэн саланги тусгаарлахад хүргэсэн
• Хүний үйл ажиллагааг төрүүлэн гаргагч нэгжийн ач холбогдол ба социологийн онолуудыг хоорондох уялдаа холбоог эс ойлгосон гэх зэрэг дутагдлууд орох аж.
Онол ба социологийн ухааны хувьд асар их ач холбогдолтой гэдгийг социологич бүр хүлээн зөвшөөрдөг боловч тэдний дунд онол гэж юу болох түүний зорилго зорилгын талаар нийтээр хүлээн зөвшөөрсөн үзэл бөайдаггүй байна. Ийм чухал асуудлаар санал зөрөлдөж байгаа нь практик судалгаанд ихээхэн хүндрэл учруулж байна. Социологийн онолыг боловсруулах дүрэм горим ч байдаггүй ажээ. Энэ бүх асуудлаархи санал зөрөлдөөнийг бид онол ба социологийн тайлбарлалыг томьёолохдоо бидний ашиглаж байгаа хэрэглэгдэхүүний онцлогоор тайлбарлаж болох юм.
Математикчид функцичид химичид өөрсдийн онолыг янз бүрийн бэлэг сэлтээр /тоогоор/ илэрхийлэн томьёолдог бол социологичид зөвхөн ердийн хэлний тусламжтайгаар байгуулан илэрхийлэхдээ хүний хэл бол нэг л үзэгдлийг олон толгойгоор хүснэгтээс гадна нэг адил үгэнд олон ашиглаж байгаа хүнээсээ янз янзын утга санааг илэрхийлдэг учраас санал зөрөлдөөнүүд бүр гүнзгийрүүлдэг байна. Жишээлбэл: социологийн онолчлолын зорилгыг илэрхийлж байгаа уг өгүүлбэрийн ач холбогдлын талаар гарсан хамгийн жижиг санал зөрөлдөөн л онол практикийн үйл ажиллагааны зорилгын асуудлаархи зөрөлдөөнийг өөртөө агуулж байдаг байна. Эл бэрхшээлийг даван туулахын тулд яах ёстой вэ гэвэл хэлийг өөрийн судлагдахуун болгон авч судлах ёстой. Уламжлалт социологи хэлийг зөвхөн хэрэгсэл гэж үздэг бол феноменологичид хэл бол нийгмийн ач холбогдол бүхий бодит байдлыг дүрслэн буй болгодог гол хүчин зүйлийн хувьд социологийн шинжлэх ухааны судлагдахуун болох ёстой гэж үздэг байна.
Ач холбогдолын асуудал буюу нийгмийн бодит байдлын орчингийн асуудал бол феноменологи социологийн гол судлагдахуун гэж үздэгийг бид дээр дурдсан билээ. Хэрэв бид объектын ертөнц буюу байгаль дэлхийн үзэгдлээс социаль ертөнц нь утга учрыг агуулдагаараа ялгаатай гэсэн үзлийг баримтлах юм бол бид социологийн судлах зүйл зорилтыг тодорхойлж мөн социологийн онол методологийг ч тодорхойлж өгч чадах юм.

Социаль ертөнцөд хандах онолчлолын хэд хэдэн хэв шинж байдаг.

Энэ сум нь нэг талаас хийсвэрлэлийн түвшин нэмэгдэж буйг нөгөө талаас нийгмийн бодит байдлын бүтцийн суурь элементийг тодотгожээ. «Уинтер» Феноменологи социологичид үзэхдээ нийгмийн ач холбогдлын түвшин нь онолын хийсвэрлэлийн суурь болно гэжээ.
Байгалийн шинжлэх ухаанд онол нь дедуктив хэлбэртэй байдаг өөрөөр хэлбэл онол бол тодорхой эмперик нөхцөлдөх үзэгдэл юмсын хэв шинжүүдийн хоорондох тодорхой уялдаа холбооны тухай дүгнэлт гаргаж болохуйц ерөнхий өгүүлэмжүүд юм. Ерөнхий өгүүлэмжүүдээр дээр тулгуурлан хйисэн дүгнэлтийг үндэслэгээний горим журмын дагуу шалгадаг ийм онолууд нь зураглаж буй ерөнхий суурь феноменологи шинж чанарыг агуулна. Тэгвэл социологийн онол дээрээсээ биш доороосоо байгуулагдах ёстой феноменологи социологи нь нийгмийн бодит байдлын уг үндэс болох ач холбогдлыг өөрийн судалгааны гол сэдэв гэж үздэг.
Социологийн онол нь хүмүүсийн өдөр тутмын амьдралын туршлага тэдний ердийн сэтгэлгээн дээр суурилан гарах ёстой агаад түүнчлэн социологийн онол аргачлал нь өөр хоорондоо салшгүй нэгдмэл байх хэрэгтэй. Юмс үзэгдлийн дотоод субьектив утга учрыг судлах замаар ач холбогдлын ертөнцийг байгуулах ажээ.
Байгалийн ухааны парадигмын үүднээс социологид хандах нь /позитивизм Э.Дюркгейм Т.Парсонс / юмс үзэгдлийн дотоод утга учир ач холбогдолыг нээн тайлбарлах бололцоогүй ажээ.

Орчин үеийн социологийн методологийн тухай феноменологи социологичдын баримтлал

Редукц-феноменологи арга бол интуктив редукцийн тусламжтайгаар феноменологич бусад хүмүүсийн туршилгыг бус өөрийн цэвэр туршилгын үндэслэлийг нээн харуулна. Аргачлал гэдэг нь социологич социаль ертөнцийн дагуу түүний ямар нэгэн аспектийг тайлбарлах боломж өгч буюу үйл явдлын нийлбэрийг хэлнэ.
• ойлголтыг тодорхойлох
• ойлголтыг байгуулах /бүтээх /
• хэл болон ач холбогдолыг судлах