Р.Мертоны ГАЖУУДЛЫН онолоор монголын нийгмийг шинжихүй /Н.Батзориг/


Өдгөөгөөс 3 жилийн өмнө өөрийн номын багш Г.Түмэннастаар удирдуулсан нэгэн эрдэм шинжилгээний илтгэлийг бичиж байснаа залуу судлаач, оюутнуудад хэрэг болох болов уу гэсэн үүднээс блогтоо нийтэлж байна.
Оршилын орон:
Нийгэмд хүмүүсийн үнэт зүйлс, эрхэмлэл, амьдралын зорилго нь хэрэгжихгүй болох, хэрэгжлээ ч гэсэн тухайн нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй арга хэрэгслийг ашигладаг болох аваас нийгэмд девиаци /гажуудал/ үүсдэг жамтай. Энэ өвөрмөц онолыг АНУ-ын нэрт социологич Роберт Мертон бүтээж хөгжүүлсэн ба Э.Дюркгеймийн аномийн онолоос эх үүсвэртэй юм.

Нийгмийн микро түвшин болох бие хүн, жижиг бүлгийн хүрээн дэх гажуудалд нийгэм соёлын асуудал гол байр суурийг эзэлдэг. Монголд өрнөсөн өөрчлөлт реформын үйл явцад нийгмийн амьдралын гүнд явагдсан нэг суурь эволюци нь соёлын хүрээнд тохиолдсон билээ. Барууны соёл, үнэт зүйлсийн тогтолцоо шууд биелэлээ олсонгүй, учир нь нийгмийн гишүүдийн материаллаг хэрэгцээгээ хангасан байдал туйлын доогуур байхад оюунлаг үнэт зүйлсийн их цутгалт нь зөрүү үүсгэж аажимдаа хямрал боллоо. Монголын нийгмийн үнэт зүйлс /зорилго/, хэм хэмжээний /арга хэрэгсэл/ тогтолцоо уналтанд өнөөдөр бид гажуудсан /Р.Мертон/, аноми /Э.Дюркгейм/, хаос /Шоу/ нийгэмд аж төрөх болов.
Бие даалтын ажилдаа миний бие Р.Мертоны дасан зохицохуйн 5 хэв маягаар монголын өнөөгийн нийгмийн нөхцөл байдлыг тайлбарлахыг оролдсон ба оролдлого минь амжилттай болсон гэдэгт найдаж байна. Ингээд ажиглаж анзаарсан бяцхан мэдлэгтээ дулдуйдан шинжлэх ухааны бэлэн жор, социологич багшийнхаа бүтээл оюуныг найруулан энэхүү ажлыг гүйцэтгэв.
Р.Мертоны девиацийн онолын тухай: Р.Мертоны социологийн гол судлагдахуун нь нийгэм дэх девиацийн шалтгаан, төрөл хэлбэр, уг сурвалж мөн. Р.Мертоны бүтээсэн олон тооны онолууд дотроос хамгийн түгээмэл, дэлхийд өөрийг нь таниулж чадсан гол тулгуур онол нь Э.Дюркгеймийн аномийн үзлээс эхтэй “гажуудлын онол” юм. Энэ онол бие хүний нийгэмд зохицох үйл явц, бие нийгмийн зөрөлдөөний эх үүсвэр, гэмт зан үйлийн эх үүсвэрийн талаар тодорхой ойлголт өгч байна. Р.Мертон “Нийгмийн онол ба нийгмийн бүтэц” бүтээлдээ нийгмийн туршлагаар эзэмшиж, нийгмийн үнэт зүйлс, нийгмийн хэм хэмжээнд дасан зохицож тэдгээрийг хэрхэн хүлээн авах зан үйлийн 5 хэв шинжийг онцолсон. /Р.Уранбилэг “Эрх зүйн социологи” УБ 2003 158-159-р тал/ 1947 онд энэхүү онолоо бүтээж нийгмийн девиацийг үндсэн 5 хэв маягаар тайлбарлах шинэ, урьд өмнө нь байгаагүй өвөрмөц санааг бий болгосон байна. / Р.Мертон “Социалная структура и аномия” СоцИС 1992 ¹2-4/ Р.Мертоныхоор девиацын гол шалтгаан бол зорилго түүнд хүрэх нийгмээс сайшаадаг арга хэрэгслийн тэнцүү биш боломжоор тайлбарлагдана. Түүний үзэж байгаагаар гажуудал үүсэх гол шалтгаан нь нийгмийн гишүүдийн эрмэлзэл зорилго ба уг зорилгод хүрэхийн тулд ашиглах арга хэрэгслүүдийн зөрчилдөөнд оршиж байна. Нийгэмд дийлэнх нь хүлээн зөвшөөрсөн, зонхиор сайшаагддаг цөөн тооны арга хэрэгсэл байдаг. Үүний зэрэгцээ тодорхой зорилгод хүрэх боломжийн тэгш бус байдалтай холбоотойгоор дийлэнхээр хүлээн зөвшөөрөгдсөн арга хэрэгслээс өөр гаж байдлаар зорилгодоо хүрэх эрмэлзлийг олон нийтийн дунд бий болгодог. Тийм ч учраас бие хүний зорилго, арга хэрэгслийн хоорондын зөрчилдөөн нийгмийн гажуудлыг бий болгодог гэж үздэг. Аливаа гажуудлын онолын түвшинд нийгмийн хэм хэмжээнээс хазайх хазайлтын байдлаас шалтгаалан эерэг, сөрөг гэж ангилж болох боловч нийгмийн амьдралын практикаас харахад цэвэр эерэг эсвэл цэвэр сөрөг гаж үзэгдэл бараг тохиолддоггүй. /Ш.Оюунханд “Нийгмийн девиаци ба амиа хорлохуй” УБ 2005 30-р тал/ Энэхүү эерэг сөрөг байдал нь харилцан сүлбэлдсэн шинжтэй байдаг бөгөөд энэ талаар өөрийн зорилго болоод арга хэрэгслийн зөрчилдөөний онолын хүрээнд маш оновчтой тайлбарласан байдаг. Нийгэмшилт 2 үндсэн чиглэлээр: нийгэмд ноёрхож буй хэм хэмжээ, соёлын үнэт зүйлсэд харьцах харьцаагаар: нийгмийн зорилгод хүрэх арга хэрэгсэл, аргад харьцах харьцаагаар явагдана. Төсөөлбөл: хүн нийгмийн тодорхой үүргийг тоглож сурах явдал. Хуулийг дуулгавартай сахих хувь хүний дүрд аль эсвэл нийгмийн эсрэг бие хүний дүрд. Р.Мертон дээрх хоёр баримжааг хүлээж байна уу? үгүй юу гэдгээс үл хамаарч зохицлын 5 хэв шинжийг онцолсон байна.

Конформизм: Нийтлэг комформизм нь нийгмийн зорилго болон түүнд хүрэх зүй ёсны арга хэрэгслийг зөвшөөрөхийг шаарддаг. Комформист зан төлөв бүхий хүн нь соёлын зорилго түүнд хүрэх нийгмээс сайшаасан арга хэрэгсэлийг нэгэн адил зөвшөөрдөг. /conformity – аялдан дагах чанар гэсэн утгатай/ Нийгмийн бүлгийн хүлээлт, хэм хэмжээтэй зохицсон зан үйл, тогтсон хандлага, үнэт зүйлс хэм хэмжээ дадлыг эзэмших , өөрийн анхдагч үнэлгээгээ бусдын санаа бодлын нөлөөгөөр өөрчлөх дур сонирхол бүхий байх явдал. Социологич С. Аш “Хувь хүн бүлгээс өөр үзэл баримтлалтай байх явдлыг болиулж харин түүнтэй санал нэгдэх зөвшилцөх явдал” гэж үзсэн бол Р.Мертон бүх нийтийн соёлын үнэт зүйлс, амьдралын зорилгыг бүрэн дүүрэн хүлээн авч түүнчлэн уг зорилгод хүрэх арга хэрэгсэлүүдийг сайшаан дэмжиж, амьдрах үйл ажиллагаандаа ашиглах явдал гэж үзсэн байдаг.
Инноваци: Хоёр дахь хариу үйлчлэлийг шинэчлэл хэмээн нэрлэдэг. Энэ нь тухайн соёлын сайшаагдсан зорилгыг зөвшөөрдөг ч түүнд хүрэх нийгмээс сайшаагдсан арга хэрэглүүрийг үгүйсгэдэг. Инноваци нь шинийг ашиглана. Гэвч баялагт хүрэх хууль бус арга хэрэглүүрийг ашигладаг. Тухайлбал, биеэ үнэлэх, мансууруулах бодис наймаалах, хуурамч чек үйлдэх, хууран мэхлэх, завших, хулгай дээрэм хийх, айлган сүрдүүлэх гэх мэт хууль бус арга хэрэглүүрийг ашигладаг.
Ритуализм: Зан үйлийн ёс хэмээх гуравдахь хариу үйлдэл нь тухайн соёлын зорилгыг үгүйсгэж нийгмээс сайшаасан арга хэрэглүүрийг ашиглахыг зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл нийгмийн зорилгоос хүнийсгэгдсэн бөгөөд түүнд хүрч чадахгүй хэдий ч уг зорилгыг сайшаадаг, уг зорилгод хүрэхэд хэрэглэгддэг институтжлэгдсэн арга хэрэгслүүдийг (эмх цэгц, систем гэх мэт) хүлээн зөвшөөрч дагаж мөрдөх явдал. Мертоныхоор Ритуалистууд нь гаж үзэгдлийн нэгэн хэлбэр бөгөөд үүний жишээ болгон бюрократизмыг нэрлэдэг. /Нейл Смейлзер “Социологи” 94-р тал/
Ретреатизм: Бодит байдлаас зугатах хэмээх нэрлэсэн дөрөвдэхь хариу үйлчлэл нь зорилго болон түүнд хүрэх нийгмээс сайшаасан арга хэрэглүүрээс нэгэн зэрэг татгалзсан тохиолдолд илрэнэ. Үүний жишээ болгон маргиналууд буюу тэнүүлчид, архичид, сэтгэл мэдрэлийн өвчтөн, мансуурагчдыг авч үздэг. Америк болон барууны орнуудад ийм том бүлэг бий болсон байдаг. Ретреатистууд сүүлийн үед маш ихээр бий болж байгаа ба тэд нийгмээс гадуурхагдсан байдаг.
Ребелион: буюу бунт нь соёлын зорилго болон түүнд хүрэх нийгмээс сайшаасан арга хэрэглүүрийг нэгэн зэрэг үгүйсгэдэг. Гэвч тэр хуучин зорилго, арга хэрэглүүрийг шинээр солиход хүрдэг бөгөөд шинэ үзэл суртлыг хөгжүүлдэг. Жишээлбэл: Хувьсгалчид, үндэсний бүлгүүд, бослого хөдөлгөөн зохион байгуулагчид гэх мэт.
Р.Мертоны үзэл баримтлал нь конформизм ба гажуудлыг салангид категори биш нэг жингийн хоёр таваг гэж үздэгээрээ чухал юм. Мөн олон хүний төсөөлдөг шиг гажуудал нь нийтээр хүлээн зөвшөөрсөн стандартад туйлийн сөрөг байдлаар хандаж харилцааны үр дагавар бус гэдэгт энэ баримтлалд тулгуурласан байдаг. Хулгайч хүн эд материалын хангалуун байдалд хүрэх нийгмээс сайшаасан зорилгоос татгалздаггүй. Ийм зорилгод хулгайч ч албан тушаал амжилттай байгаа хүн ч бахдалтай хандаж болно. Зан үйлийн биелэл болсон хүнд сурталтан нийтээр хүлээн зөвшөөрсөн ажлын дүрэм журмаас татгалздаггүй ч түүнийг нэг бүрчлэн биелүүлдэг. (Бодитой бус зүйлд хүргэдэг). Гэвч энэ хүмүүст хоёуланд нь гаж зан төлөв илэрч байна.
Р.Мертон “нийгэм, эдийн засгийн хөгжлийн уналт, хямрал, шилжилтийн үетэй холбоотой гаж үзэгдэл ихсэх” нийгмийн аномийн учир шалтгааныг, зорилго түүнд хүрэх арга хэрэгсэлийн боломж хоёрын зөрүүтэй холбон тайлбарлаж байсан билээ. Мөн социологич Т.Парсонс нийгмийн системийн онолдоо үйлдлийн үндсэн элементүүдэд үйлдэгч, зорилго, норматив тохируулга, нөхцөл, арга хэрэгсэл зэргийг хамруулсан билээ. Тэрээр үйлдэгчийн зүгээс өөрийн үйлдлийг нийгмийн ерөнхий үнэт зүйл хэм хэмжээнд баримжаалахуйг “норматив тохируулга” гэж тодорхойлсон юм.Нийгмийн гишүүд ерөнхий үнэт зүйл, хэм хэмжээний хүрээнд арга хэрэгслийн зэрэгцэн оршсон олон хувилбаруудаас сонголт хийдэг гэсэн байна. Харин М.Вебер хүн өөртөө тов тодорхой зорилго тавьж түүндээ хүрэхэд тохиромжтой гэж үзсэн арга хэрэглүүрээ сонгон зорилгодоо яг санаснаар хүрэхийг “ухамсарласан зорилготой үйлдэл” хэмээн нэрлээд түүнийгээ амьдралд түгээмэл байдаг хэв маяг бус зөвхөн санаалаг хэв маяг, бодит байдлыг танин мэдэх хэрэглүүр /“Социологи” эрдэм шинжилгээний бичиг 2001 7-р тал/ хэмээн үзсэн байдаг. Э.Дюркгеймийн хэлсэнчлэн нийгмийн аноми байдал нь “хуучин үнэт зүйлс,хэм хэмжээ нийгмийн харилцаагаа зохицуулж чадахаа больсон үед эсхүл үнэт зүйлс, хэм хэмжээний тогтолцоо оршин байгаа ч түүнийг нийгмийн гишүүдийн зонхилох нь баримтлахгүй, үл хайхрах болсон үед үүсдэг” гэж үзэж байжээ.
Монгол дах бие хүний гажуудлын хэв маягууд
Хүмүүс амьдралын зорилго, түүнийгээ хэрэгжүүлэх арга хэрэгслийг хэрхэн төсөөлөх нь тухайн бие хүний боловсрол, соёлын түвшин, идэвхи чармайлт, амьдралын туршлагаас хамаараад зогсохгүй ниймийн байгуулал, институтийн зорилго, чиг үүрэг, нйигмийн бүлгийн хэрэгцээ сонирхол, нийгмийн хяналтын тогтолцоо хэрхэн зөв төлөвшсөнөөс ихээхэн хамаарна.
Монголын нийгэмд нийгэм тогтвортой байхын хэрээр конформистууд төдий чинээ олон байдаг бол инноваци, ретреатист хүмүүс хэр хэмжээнээсээ хэтэрснийг гэмт хэрэг зөрчил, нийгэмд гарч байгаа сөрөг үзэгдлийн өсөлтөөр төвөггүй нотолж болно. Одоогийн хүмүүсийн амьдралын зорилго, түүнийгээ хэрэгжүүлэх арга хэрэгсэл хэрхэн өөрчлөгдөж буйг 2004 онд явуулсан социологийн судалгаанд тулгуурлан авч үзье. Хүмүүсийн амьдралын зорилго болох үнэт зүйлсийн тоонд мөнгө, сууц, автомашин зэрэг материаллаг зүйлс голлож дараа нь ажил мэргэжил, хайр сэтгэл зэрэг нийгэм соёлын хэрэгцээ орж байна.Гэтэл хөгжингүй орнуудад явуулсан судалгаагаанаас үзэхэд тэр орнуудад эрүүл мэнд, эрдэм боловсрол нь бие хүний үнэт зүйлс болж сайхан амьдралын тухай ойлголт төсөөллийг хэмжих шалгуур болдог ажээ. /Ниймгийн шинэчлэл: Амьдралын хэв маягийн өөрчлөлт УБ 2001 110-р тал/ Монголчуудын үнэлэмж баримжааллын энэ онцлог нь улс орны болон хэрэглээний хөгжил, хүн амын амьжиргааны төвшин доогуур байгаа объектив нөхцөлтэй бас шууд холбоотой юм. Америкчуудын гол үнэт зүйлсэд бизнесийн амжилт, идэвхи, үр ашиг, дэвшил,ШУ-ыг дээдлэх явдал гол байр эзэлдэг бөгөөд элбэг хангалуунд хүрэх нь Америкийн соёлын нийтээр хүлээн зөвшөөрсөн зорилго юм. Энэ зорилгод хүрэх нийгмийн зөвшөөрөгдсөн буюу институтжсэн арга хэрэглүүрийг сайн боловсрол олж авах, худалдааны эсвэл хуулийн фирмд ажилд орох гэх мэт уламжлалт аргуудаар тухайлан ойлгож болно. Гэвч Америкт ажил хэргийн бодит байдалтай тулгарахад хүн амын дийлэнхийн хувьд нийгмээс сайшаасан арга хэрэглүүрийг ашиглах боломжгүй болох нь тодорхой болдог. Олонхи нь сайн боловсрол олж авахын тулд мөнгө төлж чаддаггүй. /James W. Vаnder Zanden “Sociology” 1996 хуудас 138/ Монголчуудын хувьд ийм байдал сүүлийн үед ихээр ажиглагдах болж нийгэм маань хэвийн биш байдалд орсныг та бүхэн гадарлах байх.
Манайд шилжилтийн эхэн үед хуучин социалист үнэт зүйлс, хэм хэмжээ зохицуулж чадахгүйгээс нийгэмд гажуудал бий болж байсан билээ. Тиймээс ч шинэ үнэт зүйлсүүдийг бүрэлдүүлж шинэ нийгмийн эрэлтээр “Үндсэн хууль” иас эхлээд хууль дүрэм, журмыг бүтээж ирсэн болно. Гэтэл өнөөдөр үнэт зүйлс, хэм хэмжээ оршин байгаа хэдий ч түүнийг нийгмээрээ бид үл хайхарч баримтлахгүйгээр амьдардаг болжээ. Иймээс өнөөгийн нийгэм соёлын өөрчлөлтөөс үүдсэн гажуудал бөгөөд түүний тод илрэл нь нийгмийн гишүүдийн соёлын зорилго, түүндээ хүрэх институтлэгджсэн арга хэрэгсэлийн үл тохиролцоо юм.
Мертоны хэв маягчлалын /Р.Мертон “Социальная структура и аномия” Социс1992 ¹2/дагуу үзвэл хэвийн гэж үзэх зан үйлтэн эрс цөөрсөн бөгөөд хэм хэмжээ сахиж амьдрах нь өөрөө эргээд энэ нийгэмд гаж гэж үнэлэгдэх болтлоо урвуу болж хувирсан байна.
Юуны өмнө ямар аргаар ч хамаагүй мөнгөтэй болъё гэх инноваторууд хийгээд яасан ч яахав хүний амьдралын хэм хэмжээ, жишгийг хөсөр хаясан ретреатистүүд буюу хүнийсэгчдийн нйигэмд байх хэмжээ хүрээнээсээ хальж дэг ёсыг баригсдын жин үлэмж багассан гэж үзэж болно. Гэнэт баяжих, хөлс хүчээ зарахгүйгээр мөнгөжих, амар хялбар амьдрах хандлага бол нийгмийн давхрага бүрнээ илэрч байна. Манай нийгмийн цагаан захтан гэмт хэрэгтнүүд, албан тушаалын гэмт хэрэгтнүүд, авилгачдын тэрбумын луйвраас эхлээд нийгмийн харцангуй доод давхрагынхан болон завсрын бүлгийнхний хүрээнд ч дээрэм тонуул хийх, хүний амь хөнөөх гэх мэт шууд шунахайн сэдэлтэй хийж байгаа гэмт хэрэгүүдээс харж болно. /“ Шинэ толь” сэтгүүл Г.Түмэннаст “Шилжилтийн үеийн гэмт хэргийн өсөлт, цэцэглэлтийн нийгмийн суурь хүчин зүйлс, социологийн эрэл хайгуул” өгүүлэл УБ 2006/
Энэ л хүрээнээс хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүний амийг онц хэрцгийгээр, гаж бадлаар хөнөөх, өрх гэр, байгууллагад бүлэглэн халдах, булш ухах гэх мэт онц ноцтой гэмт хэргүүд гарах боллоо.
Конформистууд: Хүн өөртөө зорилго тавьж түүнийгээ нийгмээс хүлээн зөвшөөрөгдсөн арга хэрэглүүрээр хэрэгжүүлэгчид нийгэм тогтвортой(статик), тайван байхын хирээр төдийчинээ олон байдаг бол өнөөгийн монголын тогтворгүй, эмх замбараагүй нийгэмд конформистууд тун бага болсон.
Инноваторууд: Зорилгоо зөвшөөрөгдөөгүй арга хэрэглүүрээр хэрэгжүүлэгчид буюу ямар ч аргаар хамаагүй мөнгөтэй, хөрөнгөтэй болъё гэх хүмүүс эрс нэмэгдлээ. Гудамжны хулгайн хэргээс эхлээд цагаан захтнууд, улс төрийн эрх мэдэлтнүүд хүртэлх л бүхий л гэмт хэрэгтнүүдийг багтаана. Гудамжных нь харьцангуй илэрдэг бол дээшлэх тусам далдшиж байна.Далдшиж буйг мөсөн уултай зүйрлэж болох ба харагдаж байгаа өнгөц хэсэг нь зөвхөн илэрч буй байдал нь гэсэн үг. Мөнгөний төлөө яахаас ч буцахгүй хүмүүс ихээр бий болов. Дээд хэсгийнхэн нь төсвийн мөнгөнөөс завших, үрэгдүүлэх, хууль бусаар наймаа бизнес эрхлэх, төрийн албан хаагчдын ёс зүйг зөрчих зэргээр илэрч байгаа бол доод хэсгийнхэн нь ломбард дээрэмдэх, хулгай хийх, хууран мэхлэх, хууль бусаар алт олборлох(нинжа) зэргээр илэрч байна. Энэ тоо жилээс жилд өсөж одоогоор 100 мянга гаруй нинжа нар гар аргаар алт олборлож байна. Хот суурин газарт үйлдэгдэж байгаа гэмт халдлагын одоогийн хэмжээ олон талаар тооцоолбол бүртгэгдсэн гэмт хэргээс даруй 6 дахин их байгаа нь харагдлаа. /“Социологийн академи” төв “Хот суурин газар дах гэмт хэргийн тархалт, шалтгаан, нөхцөл” судалгааны тайлан/ Нийгмийн үнэт зүйлийн тогтолцоонд /зорилго/ эрс өөрчлөлт орж хүмүүсийн итгэл бишрэл, эрхэмлэл хүндлэлийн дээд идеаль болж байсан бүхэн үнэлэмжээ алдаж нийгмийн түгээмэл зорилго нь мөнгө болов. Үүнийг зөвтгөх үзэл, конформист байдал нэгэнт бий болжээ.
Ритуалистууд: Хүлцэнгүй иргэд, хүнд суртал, авилгал, шудрага бус бүхний өмнө гинжлэгдсэн хэсгийнхэн ихээр бий боллоо. Төрийн албан тушаалтууд авилгалд ихээр өртөж байна. “Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт” мониторингийн судалгаанд оролцогчдын 88.9% нь Монголд авилгал дэлгэрсэн хэмээн хариулжээ. Өөрөөр хэлбэл нийтээрээ авилгал нийгмийн бодит үзэгдэл болж хувирсан гэж үзсэн байна.Авилгал нь цагаан захтны гэмт хэргүүдийн нэг хэлбэр мөн бөгөөд “Trancparency international” байгууллагаас гаргасан дүгнэлтэнд авилгалын индексээрээ дэлхийд 81-рт(авилгалд хамгийн ихээр идэгдсэн Украйн, Сенегал, Мали зэрэг улсуудтай мөр зэрэгцсэн) байна.
Зорилго болох үнэт зүйлсгүй, амьдралдаа урсгалаараа явдаг, нийгмийн хэм хэмжээ, стандартад өөрийгөө нйицүүлэн авч явагсад их хэмжээгээр бий болсон.
Ретретистүүд: Яасан ч яахав гэх, эрүүгийнхэн, архаг архичид, орон гэргүй хүмүүс, биеэ үнэлэгчид, бусад маргинал бүлгийнхэн эрс нэмэгдлээ. Архидан согтуурагчдын байдал нийгмийн нэн тулгамдсан асуудал боллоо. Манай улсын насанд хүрсэн хүн амын 52% архи хэтрүүлэн хэрэглэдэг болох нь судалгаагаар тогтоогдлоо. Архинд донтогсод 120000 хүрсэн тоог саяхан гаргажээ. Нэг хүнд ноогдох архины хэмжээ дэлхийд дунджаар 8-10 литр байдаг бол манайд үүнээс 2 дахин их байна.
Зөвхөн УБ хотод 12000 гаруй биеэ үнэлэгчид тогтмол бие үнэлдэг байна, монголын хэмжээнд 2400 гаруй орох оронгүй хүн тэнүүчилж байгаа ба 10000 гаруй хүүхэд гудамжинд амьдарч байна.Дэлхийн банкны судалгаагаар монгол дах ядуурлын түвшин 41.6% хүрсэн гэсэн баримт бий .3 хүн тутмын нэг нь ядуу байсан бол тун удахгүй 3 хүн тутмын 2 нь ядуу (нэн) болохнээ. Халамжийн, тэтгэврийн, хүүхдийн, шинэ гэр бүл болсны гээд халамжит төрийн өгөөж буяныг хүртэгч ажилгүйчүүдэд гэдсээ илээд хэвтэх сайхан боломжийг төр засаг маань олголоо. Тэдэнд ямар ч амьдралын зорилго болох үнэт зүйлс, хэм хэмжээ байхгүй агаад нийгмээсээ гээгдсэн, хүнийсэгдсний улмаас ирээдүйн төлөө тэмүүлэл үгүй урсгалаараа амьдрах болов. (Эд хөрөнгөтэй болох, амжилтанд хүрэх, шургуу хөдөлмөрлөх эрмэлзэлгүй)
Ребеллион: Хөдөлгөөн, холбоонууд, янз бүрээр хохирогчид нийгэмд бухимдал төрүүлэх болов. Оршин байгаа бүхнийг эрс өөрчлөх хэрэгтэй гэх энэ бүлгийнхэн жин дарах хандлагатай. Иргэдийг хохироосон үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдоод байгаа 22 ХЗХ нь нийт 9138 иргэдийг 57.37 тэрбум төгрөгийн хадгаламжийг төлж чадахгүй байгаа нь тогтоогдлоо.(Өнөөдөр сонин 2006.9.18) Нэг хохирсон иргэний цаана 4 хүн байгаа гэж тооцвол 37552 иргэн хууль тогтоомжийн алдаатай бодлогоос болж хохирсон байна. Нийгэмд ноёлох хэмжээнд илт дайсагнасан эрс бүлгүүд(Даяар Монгол, Хөх Монгол, Шудрага иргэдийн фронт) манайд сөрөг соёлын илрэлүүд болон гарч ирлээ. Эдгээр нь нийгэмд эмх замбараагүй байдал бий болгох, төр засгаас биелүүлж үл шаардлага тавих зэрэг иргэний нийгэм дэх ардчилалын үнэ цэнийг алдагдуулж байна. Монголд мөн хийсэн хэргийнхээ төлөө биш хийгээгүй зүйл, бусдын золиос болон ял сонсох, хоригдох явдал газар авсаныг ХЭХорооноос мэдэгдсэн ба ийм 762 иргэн байгаа гэсэн судалгаа гарчээ. Энэ мэт шалтгаанаас үүдэн судлаачдын гаргасан дүгнэлтээр өнөөдөр зөвхөн нийслэлд 4000-6000 хүн амиа хорлох тухай бодлыг өөртөө тээж явдаг гэсэн гайхширмаар үнэлгээ гарчээ.

Дүгнэлтийн орон: Нийгмийн соёлын амин сүнс болсон үнэт зүйлс, хэм хэмжээний тогтолцоо уналтад орж бид улмаар аноми,хаос нийгэмд амьдрах болов. Монголын нийгэмд сүүлийн үед эмх замбараагүй байдал газар авч үүнтэй уялдан бунтууд ихээр бий боллоо. Энэ нь Засгийн газрын болон улс орны төрийн өндөрлөгүүдийн хууль бус үйл ажиллагаа ихэссэнтэй холбоотой байж болох юм. Эндээс үзэхэд сайн сайхан амьдрахад шаардагдах арга хэрэглүүр болох олон чухал үнэт зүйлс манай хүмүүсийн ихэнхид төлөвшиж чадаагүй байгаагийн илрэл гэж үзэж болно. Улс оронд маань урьд өмнө огт байгаагүй шинэ шинэ гаж үзэгдлүүд (биеэ үнэлэх, мансууруулах бодис худалдаалах, хуурамчаар мөнгө үйлдэх г.м) бий болж инноватор, ретретистууд, маргиналууд бүлэг бүлгээрээ үүсч нийгмийн хөгжлийг хойш татсаар байна.
Нийгэмд хүмүүсийн үнэт зүйлс, эрхэмнэл, амьдралын зорилго нь хэрэгжихгүй болох, хэрэгжлээ ч гэсэн тухайн нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй арга хэрэгслийг ашигладаг болох аваас нийгэмд гажуудал үүсдэг жамтай. Судалгаанаас үзэхэд өнөөдөр манайд материаллаг нөхцлөө дээшлүүлэх талаар тавьж буй зорилгоо хэрэгжүүлж чадахгүй байгаа хүмүүс дийлэнх олонхи болжээ. Үүнээс болж тэдний дотроос хууль бус аргаар зорилгоо биелүүлэхийг эрмэлзэгчид төрж, улмаар гэмт хэрэг, зөрчил, ёс суртахууны уналт үргэлжилсээр байна.
Нөгөө талаар манай нийгэмд сайн ажиллавал сайхан амьдрах бололцоо буй гэсэн хүмүүс дөнгөж 29.0 хувьтай болсон нь ретуалистууд олширсныг сануулах ба энэ хэмжээ 2000 оноос хойш өнөөг хүртэл төдийлөн нэмэгдэж чадахгүйгээр барахгүй буурах хандлага байгааг анхаарахгүй байж болохгүй. Судалгаанаас үзэхэд хамгийн олон хүн (35.0-40.0%) манай оронд овсгоотой бол хөрөнгөтэй хүмүүст амьдрах боломж илүүтэй байна гэж үзсэн бөгөөд эрх мэдэлтэй, танил талтай хүмүүсийн амьдрах бололцоо тасралтгүй нэмэгдэх (одоо 29.0-30.0%) хандлага ажиглагдаж байна гэж үзсэн байна. Энэ бол хуваарилалтын хүрээнд шудрага зарчим хэрэгжиж чадаагүй, хүн амьдралын зорилгоо нийгмээс зөвшөөрөгдөөгүй аргаар хэрэгжүүлэх боломж газар авч, нийгмийн харилцаанд гажуудал өсч байгааг харуулж буй баримт юм. Зорилго болох үнэт зүйлсээс гадна арга хэрэглүүр болох үнэт зүйлс нь илүү хувьсамтгай байдаг ба сайн сайхан амьдрахад шаардагдах үнэт зүйлс манай хүмүүсийн ихэнхэд төлөвшиж чадаагүй гэж социологич Ц.Пүрэв гуай дүгнэсэн байна. Иймээс шинэ нийгэмд ажиллаж амьдрах хүнийхээ ухамсрыг тухайн нийгмийн зорилгод нийцүүлэн өөрчлөж чадах эсэхээс ардчилалын хувьзаяа хамаарч болох юм.
Нийгмийн сэтгэл зүйд амар хялбар аргаар их ашиг олох, ядрал зүдрэлгүйгээр хөрөнгөжих, гэнэт баяжих гэсэн гаж эрмэлзэл хүчтэй болов. Нийгмийн сэтгэл зүйд байгаа, байж болох олон янзын сонирхолоос хамгийн явцуу атлаа, сөрөг үр дагавар ихтэй нь ийм хүсэл сонирхол бөгөөд түүний цар хүрээ, хэмжээ, үйлчлэл нөлөөг нийгэм дэх гэмт хэргийн өсөлт, хулгай, дээрэм, авилгал зэрэг хууль ёс, ёс суртахууны хэм хэмжээнд харш олон гажуудлаар жишээлж, багцаалж болно гэж бодож байна. Өнөөдөр нийгмийн хяналтын тогтолцоо бүхэлдээ суларсан ба гажуудсан явдал нь девиаци өсөж нийтийг хамарсан хэмжээнд хүрэх шалтгаан болохын сацуу инноваци, ретреатист хэв шинж олон нийтийн дунд гажуудал биш харин хэвийн хэм хэмжээт үзэгдэл мэт сэтгэгдэл төрүүлж байна. /Монголын нийгмийн гажуудал нь олон төрөл, хэв шинжтэй, илэрч буй хэлбэр нь тухайн нөхцөл байдал, нийгмийн аль бүлэг давхрага, нийтлэгийн эрх ашиг, сонирхолыг илэрхийлж байгаа зэргээс шалтгаалаад нэлээд холилдсон шинжтэй учир нэгэн утгатай дүгнэлт өгөхөд хүндрэлтэй байгаа болно.(Ш.Оюунханд)/

Ашигласан материал
Монгол хэл дээр
1. Н.Смейлзер “Социологи” УБ 2001 Орч. Нямдорж
2. Э.Гиддэнс “Социологи” УБ 2007 Орч. Д. Ганхуяг
3. С.Түмэндэлгэр “Нийгмийн ухааны зарим нэр томъёоны тайлбар” УБ 2002
4. Ш.Оюунханд “Нийгмийн девиаци ба амиа хорлохуй” УБ 2005
5. Р. Уранбилэг “эрх зүйн социологи” УБ 2003
6. Нийгмийн шинэчлэл: Амьдралын хэв маягын өөрчлөлт ШУА ФСЭХ УБ 2001
7. “Социологи” эрдэм шинжилгээний сэтгүүл ¹1 ¹2 ¹7
8. Шинэ толь сэтгүүл 2006 он
Гадаад хэл дээр
9. Merton. R. K “The idea of social structure” N. V 1975
10. R.T Shaefer “Sociology” 1995 fifty edition 16-18
11. James W. Zanden “Sociology” 1996 138-139
12. Р.Мертон “Социалная структура и аномия” СоцИс 1992 ¹2 ¹4
13. Р.Мертон “Social theory and social structure” London 1967
Интернет хаягууд
14. www.faculty.rsu.edu/theorists/MERTON
15. www.utexas.edu
16. www.home.comcast.net
17. www.wikipedia.org

Судлаачдын зуны уулзалт - сургалт амжилттай явагдаж өнгөрлөө

IRIM судалгааны хүрээлэнгээс 2009 оны 08 сарын 14-15-ны өдрүүдэд социологич болон тухайлсан мэргэжлийн судлаачидын дунд зуны уулзалт, сургалтыг амжилттай зохион явууллаа. Анхны зуны уулзалт, сургалтанд МУИС, ЭМШУИС, ШУТИС, ХУДС, ШУА, MMGC, Хэвлэлийн хүрээлэн, МҮОНТ, “XXII зуун” ХХК, Каритас ОУБ-ын 30 орчим залуу судлаач, эрдэмтэд оролцсон юм. Уг сургалт нь судлаачдын мэдлэг, оюунд хөрөнгө оруулах, шинэ техник технологи, бүтээл нийтлэлийг сурталчлан таниулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүтээлч санаачлагыг дэмжих зорилготой явагдсан юм.

Зохион байгуулагчдын зүгээс уулзалт - сургалтын ач холбогдлыг эерэгээр үнэлж байгаа бөгөөд сургалт үр өгөөжтэй халуун дотно уур амьсгалд болж өнгөрсөнийг онцлох хэрэгтэй. Энэхүү уулзалт, сургалтаар чанарын болон тоон мэдээллүүдэд шинжилгээ хийдэг QDA Miner болон Statа програмуудыг танилцуулсан нь оролцогчдын таашаалд ихээхэн нийцсэн гэдгийг сургалтанд оролцогчдын зүгээс албан ба албан бусаар илэрхийлсээр байна.

Цаашид ийм төрлийн сургалтуудыг давтан явуулж, төрөлжүүлж, гүнзгийрүүлэх талаар саналууд гарсан бөгөөд энэ саналуудыг анхаарч давтан сургалт явуулахаар төлөвлөж байгаа юм байна. Мөн хоёр дахь өдрийн уулзалтанд судлаачид, IRIM хүрээлэн хэрхэн хамтарч ажиллаж болох талаар нэгдсэн ойлголтод хүрч цаашид хийх ажлын саналуудыг хэлэлцсэн юм. “Судалгааны төсөл бичихэд анхаарах зүйлс”, “Социологийн шинжлэх ухааны хөгжлийн өнөөгийн түвшин” сэдвүүдээр хичээл орж харилцан ярилцсан нь бас нэгэн давуу тал байлаа. Байгалийн сайхан, цаг уурын таатай нөхцөлд аялж, амрах зуурт монголын судалгааны салбарын мэргэжилтнүүдэд мэдээлэл түгээх, хоорондын туршлага солилцох, ирээдүйн хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлох эхний алхмыг эхлүүлэх зорилготой болж өнгөрсөн юм.

“Цаашдын үйл ажиллагааг өргөжүүлэх, хэлэлцүүлэг хийх, бусад судлаач гишүүдтэй уулзах зэрэгт манай байгууллагын үүд хаалга таны өмнө үргэлж нээлттэй болохыг дахин сануулахдаа баяртай байна” хэмээн IRIM хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Г.Цогтбаатар ярисан юм.


Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС

Оюутолгойн асуудлаар Хөрөнгийн Бирж судалгаа хийжээ


Монголын хөрөнгийн биржээс Оюутолгойн орд газрын талаар олон нийтийн дунд судалгаа хийсэн байна. Судалгаанд нийт 227 хүн оролцсон бөгөөд есдүгээр сарын 17-ноос 18-ны хооронд нийгмийн олонлогийн бүхий л хүрээг хамруулан санамсаргүй түүвэр хийж анкетын аргаар судалгаа хийсэн байна.

Судалгаанд нийт 134 эрэгтэй /59 хувь/ нь эрэгтэй, 93 эмэгтэй /41 хувь/ хамрагдсан бөгөөд хамрагдагсдыг насны хувьд авч үзвэл 60.8 хувь нь 18-30 насных, 25.6 хувь нь 31-40 насных, 13.7 хувь нь 41-ээс дээш насны оролцов. Боловсролын хувьд 72.2 хувь нь дээд боловсролтой, үлдсэн 27.8 хувь нь тусгай дунд болон бүрэн дунд боловсролтой иргэд хамрагдав.

Судалгааны 1-р асуулт “Та Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээнд анхаарлаа хандуулж байгаа юу?” гэсэн асуултад нийт оролцогчдын 81.9 хувь нь “Сонирхож байна”, 11.5 хувь нь “Сонирхохгүй байна”, 6.6 хувь нь “Мэдэхгүй байна” гэж хариулсан байна. Мөн “Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг зөв байгуулснаар танд хэрхэн нөлөөлнө гэж бодож байна вэ?” асуултанд нийт оролцогчдын 88.6 хувь нь “Нөлөөлнө”, түүн дотроос 44.5 хувь нь “Онцгой нөлөө үзүүлнэ” гэж хариулсан бол 5.3 хувь нь “Нөлөөлөхгүй”, 6.2 хувь нь “Мэдэхгүй байна” гэсэн хариулт өгснөөс үзэхэд Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээ нь иргэдийн анхаарлын төвд байгаа төдийгүй, энэхүү гэрээг зөв зүйтэй байгуулахаас иргэдийн амьжиргаа ихээхэн хамааралтай болох нь харагдаж байна.

Монгол улсын Үндсэн хуульд “...газар түүнчлэн газрын хэвлийн баялаг төрийн өмч мөн” гэж заасан байдаг. Манай улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюу толгойн алт зэсийн орд Хэний өмч вэ?” гэсэн асуултад судалгаанд оролцогсдын 92.5 хувь нь “Монголын ард түмний өмч” гэсэн бол 4.4 хувь нь “Хэний өмч болохыг мэдэхгүй”, “Айвенхоу Майнз”-ын өмч гэж 3.1 хувь нь хариулсан байгаагаас үзэхэд иргэдийн Үндсэн хуулийн болон өмчийн эрх зүйн мэдлэг хангалтай байгаа бөгөөд иргэд өөрсдийн өвөг дээдсээсээ өвлөн авсан өмч хөрөнгийг зөв зүйтэй удирдах, ашиглах, захиран зарцуулах талаар нилээдгүй анхаарлаа хандуулж байгаагийн илрэл юм.

Нийт судалгаанд хамрагдагсдын 65.6 хувь нь өвөг дээдсээс өвлөн үлдээсэн эрдэнийн их сан ашигт малтмалын ордуудаа түшиглэн үндэсний хүчирхэг корпораци, хувьцаат компани байгуулж, шаардагдах хөрөнгийн эх үүсэрийг хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа арилжаалах замаар бий болгож бүрдүүлэх нь зөв гэж үздэгээ илэрхийлжээ.

Түүнчлэн, “Иргэн Та Оюу толгойн ордын хувьцааг эзэмших сонирхолтой юу?” гэсэн асуултанд 71.4 хувь нь “Сонирхолтой” гэж хариулсан бол 21.6 хувь нь “Хэлж мэдэхгүй” байна гэж хариулсан байна. Энэ нь манай иргэдийн ихэнхи хувь нь Оюу толгойн хувьцааг эзэмших сонирхолтой байгааг харуулж байгаа төдийгүй, “Оюутолгойн хувьцаа Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжигдвал та худалдаж авах уу?” гэсэн асуултанд 88.1 хувь нь “Худалдаж авна”, түүнээс 34.4 хувь нь “Заавал худалдан авна” гэж хариулснаас үзэхэд иргэд өөрсдийн хөрөнгөөрөө үндсэний хувьцаат компаниудад хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаагийн нотолгоо юм.

Асуулт 9 “Компанийн тухай хуулийн 57.1-р хэсэгт “Компанийн гаргасан энгийн хувьцааны гуравны нэг /34 хувь/ буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг компанийн хяналтын багц гэнэ” гэж заажээ. Дээрхи заалтын дагуу Оюутолгой орд дээр байгуулагдах хувьцаат компанийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшсэнээр хяналтын багц эзэмшигч болох төдийгүй шийдвэр гаргалтанд нөлөөлөх боломж бүрдэж байгаа хэрэг юм.

Харин “Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-р зүйл буюу “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаална” гэсэн заалтыг хэрэгжүүлэхдээ Засгийн газрын өмчлөлийн 34 хувиас 10 хувийг нийтэд арилжихаар “Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн гэрээ”-нд тусгасан байна. Дээрхи нөхцлөөр нийтэд арилжих нь зөв үү?” гэсэн асуултанд нийт оролцогчдийн 78.9 хувь нь “Засгийн газрын өмчлөлийн 34 хувиас гадна үлдсэн хэсэг /66 хувь/ -ээс 10 хувийг нийтэд арилжих нь зөв” гэж хариулсан бол 26.9 хувь нь “Засгийн газрын өмчлөлийн 34 хувиас 10 хувийг нийтэд арилжиж болохгүй /Учир нь Засгийн газар хяналтын багцыг эзэмшиж чадахгүйд хүрнэ” гэж хариулсан нь “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-нд тусгагдсан нөхцөлд шүүмжлэлтэй хандаж байгаагийн илрэл болж байна

Судалгааны дүнг үндэслэн дараах дүгнэлтийг хийжээ. Үүнд:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-р зүйлд заасан “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина” гэсэн заалтыг хэрэгжүүлэхдээ Засгийн газрын өмчлөлийн 34 хувиас гадна үлдсэн хэсэг /66 хувь/ -ээс арилжихаар гэрээнд тусган оруулах

2. Өвөг дээдсээс өвлөн үлдээсэн эрдэнийн их сан ашигт малтмалын ордуудаа түшиглэн үндэсний хүчирхэг корпораци, хувьцаат компани байгуулж, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа арилжаалах замаар бий болгож бүрдүүлэх гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

СУДАЛГААНЫ МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙН АСУУДАЛД


Д. Чимгээ /МУИС, ЭЗС-ийн багш, док /PhD
Манай улсын эрдэм шинжилгээ, судалгааны төв, хүрээлэн, институт, бизнес эрхэлж буй пүүс, компани болон төр, олон нийтийн байгууллага, бие даасан эрдэмтэн судлаачид улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийн судалгаа, шинжилгээ хийдэг.
Улс үндэстний хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэхэд улам нарийн төвөгтэй болж байгаа өнөө үед нэг талаас судалгаа, шинжилгээний ажлын ач холбогдол өндөрсөж, хамрах хүрээ нь ч өргөжиж байхад нөгөө талаас уг ажил нь судлаачдын зүгээс өндөр мэдлэг, чадвар, хүч чармайлтыг шаардсан нарийн ажил болон өөрчлөгдөж байна.
Практикаас харахад манай судлаач, шинжээчид судалгааныхаа мэдээллийг цуглуулах, цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийхдээ ихээхэн цаг хугацаа зарцуулж байгаа нь ажиглагддаг. Иймээс энэ байдалд дүгнэлт хийж судалгааны мэдээллийг богино хугацаанд үр дүнтэй боловсруулах нэгэн арга замын талаар уншигч олондоо өгүүлж саналаа хуваалцахыг судлаач зорьжээ.
Манай улсын эрдэм шинжилгээ, судалгааны төв, хүрээлэн, институт, бизнес эрхэлж буй пүүс, компани болон төр, олон нийтийн байгууллага, бие даасан эрдэмтэн судлаачид улс орныхоо нийгэм эдийн засгийн хөгжлийн судалгаа, шинжилгээ хийдэг ба эдгээр ажлын үр дүнг нийгмийн хөгжилд, байгууллагын бодлого, шийдвэр, стратеги, зорилго, үйл ажиллагаанд тусган ашигладаг билээ. Улс үндэстний хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэхэд улам нарийн төвөгтэй болж байгаа өнөө үед нэг талаас судалгаа, шинжилгээний ажлын ач холбогол өндөрсөж, хамрах хүрээ нь ч өргөжиж байхад нөгөө талаас уг ажил нь судлаачдын зүгээс өндөр мэдлэг, чадвар, хүч чармайлтыг шаардсан нарийн ажил болон өөрчлөгдөж байна.
Аливаа судалгааны ажил тухайн байгууллага, хувь хүний зүгээс ихээхэн хөрөнгө, хүч, цаг хугацааг шаарддаг бөгөөд үүнд судалгааны мэдээлэл цуглуулах, боловсруулах, шинжлэх ажил техник ажиллагаа их байдаг нь ч нөлөөлдөг. Практикаас харахад манай судлаач, шинжээчид судалгааныхаа мэдээллийг цуглуулах, цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийхдээ ихээхэн цаг хугацаа зарцуулж байгаа нь ажиглагддаг. Иймээс энэ байдалд дүгнэлт хийж судалгааны мэдээллийг богино хугацаанд үр дүнтэй боловсруулах нэгэн арга замын талаар уншигч олондоо өгүүлж саналаа хуваалцахыг миний бие зорилоо.
Энэ арга бол SPSS for Windows программ хангамжийг судалгааны мэдээллийг боловсруулах, шинжлэхэд ашиглах явдал юм. Тус аргыг судалгааны мэдээллийг боловсруулах уламжлалт арга болон сүүлийн үеийн компьютерийн программ ашиглан боловсруулах аргуудтай харьцуулвал илүү боловсронгуй бөгөөд нийгмийн статистикийн тоон шинжилгээний олон аргуудаас мэдээллийг богино хугацаанд шинжлэх, үр дүнгийн хүснэгтүүдийг байгуулах боломжтой.
Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС татаж авна уу

Фредрих Энгельс |Fredrikh Engels| 1820-1895


Намтар, уран бүтээлийн тойм:
Марксимзыг үндэслэгчдийн нэг Ф.Энгельс нь 1820 онд Германы Рейн мужид язгууртны гэр бүлд төрсөн. 1844 онд К.Маркстай танилцсанаар тэд хамтран ажиллаж, ажилчин ангийн хувьсгалт хөдөлгөөнийг удирдаж байсан.
Ф.Энгельс анхныхаа зохиолыг улс төр, эдийн засгийн ухаанаар бичиж, энэ бүтээлдээ пролетари нарын байр суурьнаас капитализмын үйл явц, зөрчилд дүн шинжилгээ хийсэн. 1845 онд “Английн ажилчин ангийн байдал” бүтээлээ туурвиж, пролетари нар зөвхөн зовж зүдэрсэн анги биш гэдгийг анх удаа харуулсан. 1845-1846 онд К.Маркстай хамтарч “Немцийн үзэл суртал”-аа бичиж энэ зохиолдоо нийгмийн байгуулал солигддог зүй тогтлын тухай, мөн капитализм сөнөх тавилантайг баталсан байдаг. 1848 онд “Коммуунист намын тунхаг”, 1878 онд “Анти Дюринг” /Дюринг –Германы хөрөнгөтний үзэл сурталч/ бүтээл хэвлэгдсэн. Энэ бүтээлдээ марксизмыг бүх талаар нь тодорхойлсон. 1873-1882 онд бичиж 1925 онд хэвлэгдсэн ”Байгалийн диалектик” бүтээлдээ хүн, хүн төрөлхтний үүсэх, хөгжих боловсронгуй болоход хөдөлмөр шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийг харуулсан. 1884 онд “Өрх гэр, хувийн өмч, төрийн үүсэл” бүтээлийг нь В.И.Ленин өнөө үеийн гол зохиолын нэг гэж үзсэн. Тэрээр энэ бүтээлдээ хүй нэгдлийн нийгмийг марксист ёсоор тулагн нийгмийн хөдөлмөрийн хуваарь, таваарын үйлдвэрлэл, хувийн өмч, төрийн үүслийг харуулсан.
1883 онд Маркс нар барснаас хойш 10 гаруй жил ажилчны хөдөлгөөнийг удирдаж байсан. 1876 онд “Мич хүн болоход хөдөлмөрийн гүйцэтгэсэн үүрэг” бүтээлээ туурвисан.
“Өрх гэр, хувийн өмч, төрийн үүсэл” зохиолын тухайд:
Ф.Энгельс энэ зохиолоо Морганы бүтээлд дүн шинжилгээ хийж бичсэн. Энгельс Морганыг “хүн төрөлхтний өмнөх түүхэнд тодорхой эмх цэгц оруулахыг оролдсон хүн” гэж үнэлсэн. Морган хүн төрөлхтний өмнөх үеийг шаталсан 3 үе болгосон. Тэрээр ингэж хуваахдаа амьдралын хэрэгслийг үйлдвэрлэх процесстой уялдуулан хуваасан. Үүнийг авч үзвэл: 1. Зэрлэг үе 2. Бүдүүлэг үе 3. Соёлжсон үе Морган зэрлэг болон бүдүүлэг үеүдээ дотор нь тус бүр доод, дунд, дээд гэж гурав хуваан тайлбарласныг иш үндэс болгон Энгельс эл зохиолоо туурвижээ. Энгельс Морганы энэ үечлэлийг нэгтгэн дүгнэсэн.
• Зэрлэг үе бол байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг голчлон хэрэглэж байсан үе
• Бүдүүлэг үе бол мал аж ахуй, газар тариалан үүссэн үе, хүний ажиллагаагаар байгалийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга эзэмшсэн үе
• Соёлжсон үе бол байгалийн бүтээгдэхүүнийг цаашид боловсруулж, жинхэнэ аж үйлдвэр, урлагийг хөгжүүлсэн үе юм гэж үзжээ.

“Хүрэлтогоот-2009” эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах бага хурал


Нийгмийн Шинжлэх Ухааны Залуу Эрдэмтдийн Холбооноос /THE SOCIAL SCIENCE’S YOUNG SCIENTIST’S ASSOCIATION/ энэ салбарт эрдэм шинжилгээний ажил хийж буй залуу эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнуудаа дэмжих зорилго бүхий “Хүрэлтогоот-2009” эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах бага хурлыг 2009 оны 10-р сарын 31, 11-р сарын 1-нд зохион байгуулна. Та бүхэн тус бага хуралд оролцсоноор нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр хийгдэж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлын сүүлийн үеийн ололт амжилтаас суралцах, мэдээлэл авах, харилцан санал солилцох, Нийгмийн Шинжлэх Ухааны Залуу Эрдэмтдийн холбооны үйл ажиллагаатай танилцах, улмаар хамтран ажиллах, БСШУ-ны сайдын шилдэг залуу эрдэмтдэд олгодог тэтгэлэг, БСШУ-ны сайдын “Грант”-д өрсөлдөх боломжууд нээгдэнэ.
Нэг: Бага хуралд оролцож илтгэл хэлэлцүүлэх мэргэжлийн ерөнхий чиглэлүүд:
1.Хэл-Утга зохиол
2.Түүх-Архелоги
3.Хууль-Эдийн засаг
4.Сэтгүүлзүй-Олон нийтийн харилцаа
5.Улс төр-Социологи-Философи
6.Сэтгэл судлал-Боловсрол судлал-Нийгмийн ажилтан
Хоёр: Илтгэлийн бүрэн эх ба хураангуйг Нийгмийн Шинжлэх Ухааны Залуу Эрдэмтдийн хурал зохион байгуулах комисст 2009 оны 10-р сарын 19-ны Даваа гаригийн 18 цагаас өмнө ирүүлсэн байна. Илтгэлийн хэмжээ А4 цаасны 5-6 нүүр хуудас байх ба хэвлэмэл байдлаар болон файл хэлбэрээр э-майл, флаш дискээр авчирна. Илтгэлийн хураангуй болон үндсэн илтгэлийг хурлын өмнө нэгтгэн эмхтгэл болгож хэвлэх тул дараах заавраар бэлтгэж ирүүлэх шаардлагатай. Үүнд:
• Илтгэл А4 хэмжээтэй 5-6 нүүр, товчлол, хураангуй нь орос, англи хэлээр А4 –ийн нэг нүүрнээс хэтрэхгүй байна.
• Хуралд монгол хэлээр болон орос, англи хэлээр илтгэл хэлэлцүүлж болно.
• Үсгийн фонд Times New Roman, Arial, үсгийн өндөр 12 pt, мөр хоорондын зай Single, мөрийн тоо 45-аас хэтрэхгүй.
• Нийтийн хэрэглээний шрифтээс бусад галиг, ханз үсэг орсон файл байгаа тохиолдолд холбогдох үсгийн фонтоо давхар хуулж ирүүлэхийг анхааруулъя.
• Paper size A4, 210x297, margins top 2.5, bottom 2.0, left 2.0, right 2.0
• Илтгэлийг файл хэлбэрээр hohchono@yahoo.com, sugleg_mgl@yahoo.com хаягаар ирүүлж болно.
Илтгэл хүлээн авах хаяг: Улаанбаатарын Их Сургууль, 304 б тоот, МУБИС-ийн МоСС-ийн 319 тоот Сэтгүүлзүйн тэнхим.
Харилцах утас: 99099604, 99866572, 11-458331.

PS: МУИС-ийн МХСС-ийн Уран зохиолын тэнхэм, СЭЗДС-ийн Экономиксь эконометриксийн тэнхим, ШУА-ийн Хэл зохиол, Түүх, Археологийн хүрээлэнгүүдэд манай зохион байгуулах хүмүүс ажиллаж байгаа тул эдгээр хүмүүст хандан хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.


НШУЗЭХ-ны Удирдах зөвлөл
Хурал зохион байгуулах комисс

ХҮМҮҮНЛЭГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА.


Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Оросын Холбооны Улсын Хүмүүнлэгийн шинжлэх ухааны сантай хамтран ажиллах тухай хэлэлцээрийн дагуу хоёр орны эрдэмтдийн хамтарсан судалгааны багаар 2010 оноос хэрэгжүүлэх хүмүүнлэгийн шинжлэх ухааны судалгааны төслийн уралдааныг зарлаж байна.

Уралдаанд ирүүлэх судалгааны төслийг 2009 оны 9 дугаар сарын 30-ны өдрийн 18:00 цаг хүртэлх хугацаанд тус яамны 207 тоот өрөөнд хүлээн авч бaйна.
Утас: 267791

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР
Дэлгэрэнгүй мэдээллийг дараахь сайтнаас авна уу.
http://www.rfh.ru/

чиглэлүүд:
1. Түүх, археологи, этнографи
2. Эдийн засаг
3. Философи, социологи, улс төр судлал, правоведение, нүүдлийн соёл иргэншил, нүүдэлчин монголчуудын сэтгэл зүй, шинжлэх ухаан судлал
4. Хэл бичиг судлал, урлаг судлал, соёл судлал.

ИХ ХОТЫН ИРГЭДИЙН АЛХАА ТVРГЭСЧЭЭ.


Социологичид дэлхийн хєгжингvй улс орны ажил хэрэгч их хотын иргэдийн дунд судалгаа явуулаад Сингапурын иргэд хамгийн ажил хэрэгч алхаатай болохыг тогтоожээ. Тэд 10 жилийн туршид дэлхийн 32 хотын иргэдийн алхааг судлаж vзээд ийм дvгнэлтэд хvрсэн байна.
Социологичдийн vзэж байгаагаар сvvлийн жилvvдэд их хотын иргэдийн амьдралын хэмнэл зєвхєн ажил хэрэгч байдал дээр тєдийгvй, алхаа гишгээ, амьдралын хэв маягт нь ч нєлєєлжээ. Английн социологичдийн гаргасан судалгаагаар єнєєдєр их хотын иргэд 10 жилийн ємнєхєєс 10%-иар илvv хурдан алхалдаг болсон байна. Тэд судалгаагаа Сингапур, Копенгаген, Мадрид, Нью Йорк, Вашингтон, Лондон гэхчлэн дэлхийн 32 хотод явуулжээ. Тэд юу ч анзааралгvй гудамжаар алхлах иргэдийн алхааны хурдыг ажиглан хэмжсэн байна. Судалгааны дvн гарахад дээр хэлсэнчлэн Сингапурын иргэд хамгийн хурдан алхдаг болох нь тогтоогджээ. Тэдний алхалтын хурд ємнєхєєс 30%-иар хурдасч, секундэд дунджаар 2 метр алхдаг байна. Тэгвэл манай урд хєршийн иргэд ч Сингапурчуудаас дутахгvй хурдан алхдаг бол Европын орнуудаас Копенгаген, Мадрид, тvvнчлэн Америкийн Нью Йорк хотын иргэд ємнєхєєсєє 20% тvргэн алхалдаг болжээ. Тэгвэл судалгаанд хамрагдсан хотуудаас Лондон, Москва, Парисын иргэд хамгийн удаан алхдагт орсон байна.

Эх сурвалж: Tv5 телевиз

Бичиг үсгийн боловсролын судалгаа явуулна


МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль болон Япон улсын “Очяномизу” их сургууль хамтран бага насны хүүхдийн бичиг үсгийн боловсролын талаарх судалгааг энэ сараас хийж эхэлжээ.

Уг судалгаанд нийслэл дэх улсын болоод хувийн цэцэрлэгийн 1200 хүүхдийн эцэг, эх болон багш нар хамрагдах юм. Япон,Солонгос, Хятад, Вьетнам зэрэг улсыг хамарсан энэхүү судалгаагаар хүүхдийн бичиг үсэгт суралцахад улс орнууд дахь нийгэм, соёлын ялгаа хэрхэн нөлөөлж буйг тогтоох ажээ.

“Очяномизу” их сургуулийн профессор Нобука Учида энэ сарын 14-15-нд Монголд ажиллахдаа судалгааны багийнхантай уулзаж, хэрхэн ажиллах талаар зөвлөлгөө өгөх юм

“Нийгмийн Тодотгол” төвийн судалгаануудаас

УИХ-ын даргад та хэнийг дэмжиж байна.
Иргэдийн хүсэл улстөрчдийн таамгаас хол зөрсөнгүй.
УИХ-ын дарга Ц.Нямдоржийг огцруулах асуудал сөхөгдөхтэй зэрэгцээд түүний орыг хэн залгах вэ гэсэн сэжиг таамаг дагалдах болсон. Хэдийгээр дарга нь огцроогүй. Анхны шийдвэр огцруулахгүй гэж гарсан ч улстөрийн хүрээнд удаан хугацаагаар хэрэгжиж чадсангүй. Үүнтэй зэрэгцээд спикерийн суудалд суух хүмүүсийн нэрсийн жагсаалт уртасч, зарим нэгийнх нь сэтгэлийн мухарт гэрэл гэгээ мэдрэгдэв. Өнгөрсөн долоо хоногт парламентад хамгийн олон суудалтай МАХН, АН-ын хоорондын цэц булаалдсан эцэс төгсгөлгүй шаардлага, уриалга шидэлцсэн маргааны төгсгөлийг хүлээсэн ард түмэн бараг цөхрөнгөө барж байв. Энэ цаг хугацаанд “Нийгмийн тодотгол” хэмээх судалгааны байгууллага УИХ-ын дарга болох магадлалтай хүмүүсээс хэнийг дэмжиж байна вэ гэсэн нэгэн сонирхолтой судалгаа явуулсан байна.
Судалгаанд нийслэлийн таван дүүргийн 500 иргэн оролцож. Ямар нэгэн намын харъяалал харгалзалгүй хоёр өдөр явуулсан судалгааны дүн тун сонирхолтой гарч. Эндээс харахад туршлагатай парламентч Ц.Шаравдорж, Д.Лүндээжанцан, Т.Очирхүү, Д.Дондог, Ц.Мөнх-Оргил нар айргийн тавд орж. Тэдний араас спикер болох хамгийн магадлалтай хэмээгдэн хэвлэл мэдэээллээр нэр нь байнга гарах болсон МАХН-ын УИХ дахь бүлгийн дарга Д.Идэвхтэн, Хуульзүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр нар нэхэж байна. Харин урьд өмнө нь нэр нь дурдагдаагүй, хэний ч санаанд оромгүй нэгэн хүний нэр орж ирсэн нь гүйцэтгэх засаглалын тэргүүн МАХН-ын дарга М.Энхболд есөд жагссан байна. Судалгааны дүн МАХН, улстөрчдийн дунд яригдаж байгаа болон хэвлэл мэдээллийнхний таамаглаж байгаатай төдийлөн зөрсөнгүй. Тэгэхлээр аль аль талдаа боломжийн үнэлгээтэй байгаа тэдний хувьд хуульд заасан 14 хоногийг хүлээх л үлдлээ.
Учир нь УИХ-ын тухай хуульд спикер огцорсон тохиолдолд дараагийн даргыг 14 хоногийн хугацаанд нэр дэвшүүлэн хэлэлцэх ёстой гэж заасан байдаг аж. Гэхдээ нэр дэвшүүлэх цагт одоогийн яригдаж байгаа, ичнээ нэр дэвшсэн хүмүүсийн хэн нь тунаж үлдэхийг урьдчилан таашгүй. Бүр байдал өөрөөр эргэж хэний ч таамаглаагүй нэгэн гарч ирэхийг үгүйсгэхгүй. Ц.Нямдоржийг огцруулах асуудал эцэслэж ангийн даргын суудал эзгүйрсэн болохоор хэн нь байх вэ гэдэг асуудал өнөөдрөөс бараг тодорхой болно. Цаг хугацаа давчуу, хаврын чуулган завсарлахад цөөхөн хоног үлдсэн. Гэтэл хэлэлцэхээр төлөвлөсөн 40 гаруй хууль, шийдэх шаардлагатай нийгмийн олон асуудал овоорсон үед УИХ-ын даргын асуудал сунжрахгүй байх хэмээн таамаглагсад олон. Иргэдийн дунд явуулсан санал асуулгаар 31.2 хувиар УИХ-ын даргаар ажиллаж чадна гэсэн нь Ц.Шаравдорж. Түүний нэр анхнаасаа жагсаалтын дээгүүр давхисан.
Хуульч, туршлагатай парламентч төдийгүй зангарагтай нэгэн. 28.4 хувийн саналаар аман хүзүүдсэн УИХ-ын дэд даргын албыг сайн хашиж алх тогшиж сурч байгаа Д.Лүндээжанцан. Бас л хуульч хүн. Түүнийг ангийн дарга болоход гайхаад байх хүн гарахгүй байх. 13.6 хувийн санал авсан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Дондог байж болох л магадлал. Хэл ам дагуулаад байдаггүй, томилогдсон албаа сайн хашиж байгаа гэх. Сүүлийн үед телевизийн дэлгэцээр ойр ойрхон үзэгдэх болсон нь байж болох магадлалыг өсгөж байгаа. 4.4 хувийн саналтай Ц.Мөнх-Оргил, 1.3 хувийн саналтай Т. Ганди нар хэдийгээр туршлагатай, хэл аманд өртөөд байдаггүй, хийгүй парламентч ч гэлээ өөрсдийнх нь хүсэл зорилго тэгтэл нь энэ суудалд зүтгүүлэхгүй байгаа бололтой. Харин 3.2 хувийн санал аваад байгаа хамгийн магадлал өндөртэй байж болох УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэн. Ц.Нямдоржийг огцруулах асуудал сөхөгдөх бүрт цээжээрээ хамгаалсан. Үүнийгээ намынхаа нэр хүнд, төрийн механизмыг саадгүй ажиллах боломж олгохыг хичээсэн гэж тайлбарладаг.
Бүлгийн дарга байсан түүнийг УИХ дарга болон 76-г зангидаж чадна гэж ангийн нөхөд нь ч үнэлдэг. Ямар нэг томилгоо болоход сүүлийн үед байнга нэр сонстох болсон, судалгаагаар 2.1 хувийн санал авсан Хуульзүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр гараад ирж болох юм. Энэтхэгт боловсрол эзэмшсэн. Хуульч. МАХН-даа өндөр үнэлэгддэг боловсон хүчин. Тэгэхлээр байж болох л хувилбар. Магадлал багатай нэг хувилбар нь Ерөнхий сайд М.Энхболд 0.6 хувийн саналтайгаар орж ирсэн. Хэрвээ Ерөнхий сайд, МАХН-ын дарга бөгөөд УИХ-ын дарга болбол гүйцэтгэх засаглалын тэргүүнийг томилох хэрэг гарна. Лидер ихтэй энэ намын хувьд нэг их хэцүү биш ч бас л цаг хугацаа алдана. УИХ-ын даргын суудалд олон хүний нэр яригдаж байгааг АН-ынхан “ах” намын хагарал гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ үүнийг хагарал гэхээсээ илүү ганц олдсон боломжийг хэн ч гэсэн алдахыг хүсэхгүй. Байдал нэгэнт ойлгомжтой болсон болохоор цаг алдалгүй хамгийн зөв хүнийг дэвшүүлэн парламентын танхимын хойморын суудлыг эзэнтэй болгох хэрэгтэй. Эс тэгвээс сөрөг хүчний дайралт улам ширүүсч мухарлах боломж бүрдэнэ. Хамгийн гол нь өнөөгийн хүч тэнцүүхэн шахам парламентад мэтгэлцээнийг тэнцвэртэй явуулдаг, хатуухан жинтэй үг хэлчихдэг, асуудлыг зохицуулж чадах л хүн хэрэгтэй. Одоо ийм шийдвэрт хүрэхийг харах л үлдлээ.
Эх сурвалж: “Өнөөдрийн Монгол” сонин 2007/06/15


Хөвсгөлийн тойрогт АН,МАХН-аас дэвшигчид намынхаа нэрээр ялах боломжтой.

Сонгуулийн кампани хэдийнэ эхэлжээ. Улс төрийн нам, эвслvvд “морьдынхоо” уяа сойлго, сунгаа цувааг хөтөлж буй энэ цаг мөчид иргэд, сонгогчдын итгэлийг дааж төрийн тvшээдээр сонгогдох магадлалтай эрхмvvдийн талаар социологийн судалгааны “НИЙГМИЙН ТОДОТГОЛ” төв аль нэг нам эвсэл, эрхтэн дархтаны ятгалга, тэтгэлэгт авталгvй, vндэслэж тандалт судалгаа хийснийг манай сонин уншигчдадаа толилуулна. Судалгааг Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул аймгуудад хийжээ. Энэ удаад Хөвсгөл аймагт явуулсан судалгааны дvн мэдээг хvргэе.
Анкет, ярилцлагын аргыг хослуулан явуулсан уг судалгаанд Хөвсгөл аймгийн баруун бvсийн Ар-булаг, Цагаан-уул, Цэцэрлэг, Баянзvрх, хойд бvсийн Улаан-уул, Рэнчинлхvмбэ, Хатгал, Цагаан-Vvр, зvvн бvсийн Тариалан, Тосонцэнгэл, өмнөд бvсийн Рашаант, Галт, Жаргалант, төвийн Мөрөн гэсэн сумд, суурин газрын иргэд, сонгогчдыг хамарчээ.
“Та ирэх сонгуульд аль нам хvчний төлөө саналаа өгөх вэ” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 41.8 хувь АН-д, 32.4 хувь нь МАХН-д, 7.6 хувь нь ИЗН-д, 3.4 хувь нь ЭОН-д, 1.4 хувь нь VШН-д, 5.3 хувь АТН-д 8.8 хувь нь “Одоогоор шийдээгvй бай¬на” хэмээн хариулжээ. Vvнээс дvгнэн vзвэл ардчиллын өлгий болох тус аймагт МАХН,АН-ын хооронд гол өрсөлдөөн болох нь ажиглагдаж байна.
Харин ирэх сонгуульд нэр дэвших магадлал бvхий эрхмvvдийн нэрсийг нам эвслээр нь жагсаан байрлуулаад, та ирэх сонгуульд нэр дэвших магадлал бvхий “Эдгээр хvнээс хэнийг сонгохыг хvсч байна вэ” хэмээн асуухад судалгаанд оролцогчдын 58.4 хувь нь Ө.Энхтvвшингийн , 38.2 хувь нь О.Отгонсайханы, 32.8 хувь нь Б.Эрдэнэбатын, 26.4 хувь нь Ц.Даваасvрэнгийн, 24.7 хувь нь Л.Гvндалайн, 18.6 хувь нь Б.Батхvvгийн, 17.3 хувь нь Ц.Сэдваанчигийн, 16.5 хувь нь Р.Хадбаатарын, 13.1 хувь нь Ц.Оюунгэрэлийн, 8.2 хувь нь Д.Батхуягийн, 7.3 хувь нь Ч.Базарын төлөө саналаа өгөхөд бэлэн хэмээн хариулжээ.
Сонгогчдын тоо харьцангуй ихтэй Хөвсгөл аймаг сонгуулийн шинэчилсэн хуулиар дөрвөн мандаттай нэг тойрог болох төлөвтэй байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дөрвөн гишvvн сонгоно гэсэн vг. /өмнө нь дөрвөн тойрогтой байсан/.
Ө.Энхтvвшингийн хувьд МАХН-ын рейтинг дээр нэмээд хэдэн хувь цуглуулахад л сонгогдох магадлал буй. Нөхөн сонгуульд ялалт байгуулж УИХ-д сонгогдоод удаагvй, болон хувь улстөрчийнхөө хувьд олонд танил болсон Ө.Энхтvвшинд сонгуулийн шинэ хууль нэлээд ашигтай байдлаар тусах нь тодорхой. Олон мандаттай томсгосон тойрог бvхий сонгуулийн туршлагаас ажиглаж байхад олонд танигдсан улстөрч сонгогдох магадлал харьцангуй өндөр юм билээ.
Судалгаанд оролцогчид сонгогдох магадлал бvхий удаах хvнээр О.Отгонсайханыг нэрлэсэн нь нэгдvгээрт, УИХ-ын гишvvн агсан О.Энхсайхан ахыг нь хvндэтгэсэн монгол ухаан, хоёрдугаарт, Хөвсгөлд АН-ын рейтинг тогтмол өндөр байдагтай холбоотой болов уу. Тvvнчлэн АН-аас нэр дэвших магадлалтай бусад хvмvvс сонгогчдод төдийлөн итгэл төрvvлэхгvй байгаа нь тvvний рейтингэд эсрэгээр нөлөөлж байгаа дvр төрх харагдаж байна. АН-аас нэр дэвших магадлал бvхий бусад хvмvvсийн рейтинг АН-ыг дэмжигчдийн тал хувийн ч саналыг аваагvй нь vvнийг баталж байна. О.Отгонсайханы хувьд ардчиллыг талархан дэмжигч хөвсгөлчvvдийн гол найдвар болж байгаа. Тэрээр өнгөрсөн онд болсон нөхөн сонгуулиар тойрогтоо нэлээд танигдсан гээд нэр дэвшигчийн хувьд олон давуу талтай. Ер нь АН нэр дэвшигчээ зөв сонговол намын фон нь хэн гуайг ч ялуулчих дvр төрх ажиглагдаж байна.
“Эрэл”-ийн гэх тодотголтой Эх орон намын дарга Б.Эрдэнэбатыг сонгогдох магадлалтай нэр дэвшигчдийн гуравдугаарт тооцсон байна. 2004 онд УИХ-ын 47 дугаар тойргоос сонгогдсон Б.Эрдэнэбат өөрийн сонгогдсон тойргийн хэдэн суманд нэр нь жаахан муудсаныг анхаарч ажиглавал нэг их төвөггvй сонгогдчих боломж байх талтай. Эрчим хvчинд шинээр холбогдож байгаа сумдын хувьд сайддаа санал өгөх магадлал өндөр байгаа гэсэн. Бас Ерөнхийлөгчийн сонгуулиар аймагтаа байгуулсан ялалтаа парламентын сонгууль руу шилжvvлнэ гэдэгт ЭОН-ын мань дарга итгэж явдаг болов уу. Гэхдээ тvvний хувьд нэгдvгээрт, МАХН, АН-аас нэр дэвшигчдийн хvмvvстэй адил намын гэх халаасны 30 хувийн оноо байхгvй, хоёрдугаарт, сонгуулийн дараа “Эх орон-ардчидлал” эвслийг задалсан гол буруутан болсон, мөн элдэв тендер шалгаруулалт будилаантуулсан зэрэг тvvний эсрэг чиглэх “сум” олон байгаа нь өндөр эрсдлийг дагуулж мэдэхээр байна. Сонгуулийн кампанит ажил ид өрнөх vед хоёр намын голд “хоосон” хоцрох магадлалтайг Б.Эрдэнэбат тооцоолж, айдастай суугаа нь гарцаагvй. Судалгаанд оролцогчид УИХ-ын 2008 оны сонгуульд ялж болзошгvй дөрөв дэх хvнээр Боловсрол, соёл шинжлах ухааны яамны газрын дарга Ц.Даваасvрэнг нэрлэжээ. Энэ эрхмийн нэр өнгөрсөн оны нөхөн сонгуулийн өмнөх тандалтад “Төрийн сангийн” гэсэн тодотголтой сонсогдож эхэлсэн. Тэрээр өмнө нь Сангийн яамны Төрийн сангийн газрын даргаар ажиллаж байхдаа Хөвсгөл аймгийг төвийн эрчим хvчний нэгдсэн системд холбох, зам барих, vvрэн телефонд холбох, шинэ сургууль барих зэрэг томоохон ажлуудад гар бие оролцсоныг нутаг хошууныхан нь гадарладаг юм байна. Мөн өнгөрсөн зун Хөвсгөлд болсон “Хотгойдын хурд-2007″ даншиг наадмыг санаачлан зохион байгуулсан нь тvvнийг олонд таниулж ретингийг нь өсгөсөн хэмээн иргэд сонгогчид ярих аж.
УИХ-ын гишvvн Л.Гvндалай өнгөрсөн намар тойрогтоо очиж иргэдтэй уулзахдаа “Би Хөвсгөлд биш Улаанбаатарт нэр дэвшинэ. Одоо та нарыг гуйхгvй” гэж ам алджээ. Тvvнчлэн нэг суманд барьсан АТН-ынхаа байрыг нутгийн нэгэн бизнесмэнд арилжчихаад ирёэн гэж байгаа. Тvvний хувьд дахин Хөвсгөлд нэр дэвшвэл өвдөг шороодох магадлал өндөр байгааг судалгааны дvн харуулсан нь санаанд оромгvй зvйл болов. Тvvний дvv Л.Дэлгэрдалай 46 дугаар тойргийн нөхөн сонгуульд ахаараа сурталчлуулан байж 100 хvний санал авсан нь нэгийг бодогдуулж байгаа. Хөвсгөлийн халх, хотгойдууд голдуу амьдардаг сумдад төдийлөн санал авахгvй дvр төрх харагдаж байна. Л.Гvндалайн гол дэмжлэг нь аймгийн төвд л байдаг бололтой.
АН-аас УИХ-д нэр дэвшихээр сэтгэл шулуудаад байгаа Хөвсгөлийн Засаг дарга Б.Батхvvгийн хувьд өнгөрсөн дөрвөн жил орон нутгаа хэр удирдсан дvнгээ сонгуулиар тавиулах байх. Ер нь аймгийн Засаг дарга УИХ-ын сонгуульд ороод ялалт байгуулж байсан тохиолдол харьцангуй бага юм билээ. “Говь” хувьцаат компанийн захирал асан гэдгээрээ илvv танигдсан Ц.Сэдваанчиг сонгуульд хvч vзэхээр Хөвсгөл аймгаараа ойр ойрхон vзэгдэх болсон байна. Гэвч тvvний хувьд өмнө нь 2000 онд 48 дугаар тойрогт нэр дэвшээд ялагдал хvлээсэн бөгөөд АН-ын анхан шатны байгууллагатайгаа төдийлөн ажиллаад байдаггvй, улстөрч гэхээсээ бизнесмэн гэдгээр нь хөвсгөлчvvд илvv мэддэг юм байна. Тиймдээ ч энэ удаагийн судалгаагаар түүний оноо төдийлөн жин дарсангүй. Сонгогчид 2008 оны сонгуульд бизнесменүүдээс цэрвэж болзошгүй байгаа тул түүний ялах нь эрсдэлтэй юм.
УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр идэвхи зүтгэл гарган намрын сэрүүн өдрүүдийг гэртээ бус Хөвсгөлийн тайгад өнгөрүүлсэн хүн бол Хүмүүс сонины эрхлэгч Р.Хадбаатар. Тэрээр одоохондоо Хөвсгөл аймагт “хамгийн олон км аялсан” хүнээр тодроод байгаа бөгөөд бүх сум, багаар явж өөрийгөө таниулах ажил хийж байгаа. Шинэ хүн гэхэд чамлахааргүй санал авсныг харахад аялсны үр дүн гарчээ. Сонгуулийн шинэчилсэн хуулинд заасан 30 хувийн квотоор бамбай хийсэн эмэгтэй дайчид энэ аймагт нэр дэвших нь тодорхой болоод буй. Одоогийн байдлаар МАХН-аас МАСЭХ-ын дэд тэргvvн Ж.Цолмон, Ардчилсан намаас “Нутгийн шийдэл” сангийн тэргvvн Ц.Оюунгэрэл нар дэвших бололтой. Харин судалгааны дvнгээр хөвсгөлчvvд ирэх сонгуулиар төрд эмэгтэй тvшээ сонгох магадлал харьцангуй бага гарч байна. Нэр дурдсан хоёр бvсгvйн хувьд 2012 оны сонгуулийн “бие халаалтаа” л хийх дvр төрх харагдаж байна.
Эцэст нь өгvvлэхэд, хаяанд ирсэн УИХ-ын сонгуулиар дээр нэр дурдсан эдгээр эрхэм дотроос тvмэн олноо төлөөлж төр тvшилцэх төлөөлөгчид тодрохыг “Нийгмийн тодотгол” тандлаа.
Эх сурвалж: Зууны мэдээ 2007/11/30

Нийгмийн ажилд онол хэрэгтэй юу? О.Мөнхбат


Түлхүүр ойлголтууд: зөв үйлдэл, праксиологи, нөлөөллийн судалгаа, сэтгэл зовнихуй, хэрэгцээ, онол, чанарын судалгаа,амьдралын төлөө тэмцэл

Үүсгүүрийг ажлын горимд бэлдэнэ. Нэгдүгээрт, үүсгүүрийн үүр бүр дэх хүчил, нэрсэн усны хэмжээ зохих түвшинд байгаа эсэхийг шалгана. Холимог шингэний хэмжээ “maximum” тэмдэглэгээнээс дээш “minimum” тэмдэглэгээнээс доош байж болохгүй. Хоёрдугаарт, үүсгүүрээс гарах хасах – болон нэмэх  цэнэгийн утасны үзүүр хэрэглэгчид орох хасах - ба нэмэх  цэнэг дээр очих ёстой. Цэнэгийг зөрүүлж үл болно. Гуравдугаарт, бээлий өмссөн баруун гараар асаагуурын модон ишнээс барьж, аажмаар түлхэн “On” тэмдэглээгээнд тултал нь өргөнө […]
Цахилгаан үүсгүүртэй ажиллах аюулгүй ажиллагааны дүрмээс.

Ийм төрлийн дүрмүүд нь урт удаан хугацааны мэргэжлийн туршлага, ажиглалт болон туршилт дээр үндэслэн зохиогддог бөгөөд тавигдсан зорилго, хүлээгдэж байгаа үр дүнд хамгийн богино хугацаанд, эрсдэлгүй хүрэх рациональ арга зам, зөв үйлдлийг заадаг. Ингэхдээ тохиолдож болох бүхий л нөхцөл байдлыг урьдчилан тооцсон байдгийн сацуу тухайн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа субьектээс уг дүрэм зааврыг хазайлтгүй яв цав даган мөрдөхийг шаарддаг билээ.
Шинэ тулгар монголын нийгмийн ажлын хөгжлийн явцад одоогоор хүчтэй нөлөө үзүүлэхгүй байгаа боловч алсдаа нэлээд сөрөг үр дагавартай байж болох хоёр хандлага бий болж байна. Үүний нэгдэх нь нийгмийн ажлыг бүхэлд нь тогтсон нэг стандарт, горим журамд оруулах буюу дээр дурдсан шиг аюулгүй ажиллагааны “дүрэмтэй” болгох хандлага бол нөгөө нь нийгмийн ажлын онолын асуудлыг үл хайхран орхигдуулсан хоёрдахь хандлага юм.
Шинжлэх ухаан түүний дотор нийгэм-хүмүүнлэгийн ухааны хувьд зөв үйлдлийн горим журам байдаг төдийгүй хүний зөв үйлдлийг судалдаг “праксиологи” хэмээсэн бие даасан судлал хүртэл бий./Тэмдэглэл: Праксиологийг зөв үйлдлийн тухай судлал гэж тодорхойлдог. Судлагдахуун нь хүний үйл ажиллагааг түүний үр өгөөжийн үүднээс судлах явдал мөн.Yндэслэгч нь польш эрдэмтэн Тадаеуш Котарбиньский юм. Тэрбээр үзэхдээ праксиологи нь өндөр үр ашигт хүрэхийг эрмэлзэх бүхий л төрлийн үйл ажиллагаанд ашиглаж болохуйц зөв хөдөлмөрийн техникийг судална гэж үзсэн байна. Праксиологийн үндсэн зорилт бол хүний үйлдлийн үр ашгийг хангаж чадахуйц хэм хэмжээ, горим журмыг боловсруулахад оршино./
Аливаа ухаан дахь олон тооны онол үзэл баримтлал праксиологийн үүднээс зөв үйлдлийн загварыг үүсгэн, онолын хийгээд практик түвшний судалгаа шинжилгээндээ хэрэглэхийг эрмэлздэг. Тухайлбал, феноменологи үзэл баримтлал гэхэд л онолын түвшинд эхлээд “[…] онол, онолчлолын зорилгыг тодорхойлох, онолын үндсэн зарчмыг томьёолох, онолын хэв шинж болон тулгуур ойлголт, ухагдхууныг тодорхойлох, нэгжээс ерөнхий руу хандах […]”*хэмээн онол байгуулах үйл ажиллагааны дэс дарааллыг томьёолжээ./*Уолш.Д , Силверман. Д и др. (1990) Новые направлений в социологии. Пер с анг. М: Мысль/
Үүний нэгэн адил нийгмийн ажлын зөв үйлдлийн горим журмыг боловсруулсан нь бий. Жишээлбэл: нийгмийн ажлын практик үйл ажиллагааны тухайд гэхэд
• Үйлчлүүлэгчтэй харилцаа тогтоох
• Үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох
• Үйлчлүүлэгчтэй хамтран нөлөөллийн төлөвлөгөөг зохиох
• Боловсруулсан нөлөөллийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх
• Нөлөөллийн үйл ажиллагаа хийгээд үйлчлүүлэгчийн хувьд гарч буй ахиц дэвшлийг үнэлэн, мониторинг хийх
• Үйлчлүүлэгч-нийгмийн ажилтан гэсэн мэргэжлийн харилцааг дуусгавар болгох
хэмээн тодорхойлсон байдгийг иш татаж болно./ Mattaini.M. and Meyer.C. (Ed)(1996) “Direct practice in Social work” in Foundation of Social Work practice. NASW Press. Washington, DC. p.11/
Түүнчлэн сүүлийн жилүүдэд нийгмийн ажлын судалгаа шинжилгээний талбарт хүчтэй түрэн орж ирж байгаа нөлөөллийн судалгаа ч мөн үйл ажиллагааны үе шат, хийх ажлын логик дэс дараалал буюу зөв үйлдлийг заасан хувилбарыг санал болгодог. Ялангуяа байгууллага, нийгмийн үйлдэл, үйлчилгээг удирдан зохицуулах болон хөтөлбөрийн үнэлгээ зэрэг үйлчлүүлэгчтэй нүүр эс тулсан нийгмийн ажлын макро түвшинд явагдаж, бодлого, шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх зорилго бүхий судалгаа шинжилгээнд ийм зөв үйлдлийн загвар тод ажиглагдана./Тэмдэглэл: Нийгмийн ажлын нөлөөллийн судалгаа нь олон талаар бодлогын судалгаатай ижил төсөөтэй байдаг. Үүний сацуу бодлогын судалгаа нь шийдвэр гаргах буюу макро түвшний нөлөөлөлд анхаардаг бол нөлөөллийн судалгаа нь нийгмийн ажлын микро, мезо болон макро гэсэн бүх л түвшинд нөлөөлөх зорилготой байдгаараа өөр хоорондоо ялгаатай гэж хэлж болно./
Үүнийг товчоолон харуулбал ийм байна. Үүнд:
• Асуудлыг томьёолох (судлагдхууны тулгамдсан шинж, хувьсагч нарыг тодорхойлохын сацуу нөлөөлөл хийгдэхгүй тохиолдолд гарч болох боломжит үр дагавруудыг тооцон гаргах)
• Судалгааны арга зүйг тодорхойлох, мэдээлэл цуглуулах, боловсруулах (анхдагч болон хоёрдогч мэдээлэл цуглуулах үндсэн аргуудыг томьёолох, мэдээлэл авах, шинжлэх)
• Тайлан бичих, нөлөөллийн хувилбаруудыг боловсруулах (нөлөөллийн альтернатив хувилбаруудыг боловсруулах,мөнгө санхүүгийн болон бусад зардлын тооцоог гаргах, хувилбарын сонголт хийх, )
• Нөлөөллийн төлөвлөгөөг зохиох (сонгосон хувилбарыг хэрэгжүүлэх арга зам, үе шатыг нарийвчлан гаргах, нөлөөллийг хэрэгжүүлэх нөхцөл байдлын шинжилгээг хийж, сонирхогч талуудын байр суурыг тооцож, холбоотноо тодорхойлох)
• Нөлөөллийн үнэлгээ, мониторинг хийх (нөлөөлөл нь үйл явц болохын хувьд хүрсэн үр дүнг тооцон үзэх, цаашдын хөгжил, боловсронгуй байдалд төвлөрсөн үйлдлийг үргэлжлүүлэн хийх) гм. /Dunn W.N (1994) Public policy analysis: An introduction. USA, New Jersey: Prentice-Hall. Еоин Я, Квин Л. (2002) Үр нөлөө бүхий бодлогын баримт бичиг боловсруулах нь. Анг хэлнээс орчуулсан. УБ: Интерпресс хэвлэлийн компани./
Үүний сацуу Монголын судлаач, эрдэмтдийн бичсэн эрдэм шинжилгээний цөөнгүй бүтээл, өгүүллүүдэд нийгмийн ажил, түүний дотор салбар нийгмийн ажлын баримтлах ёстой зарчмууд, нөлөөллийн үе шат, дэс дараалал төдийгүй үйлчлүүлэгчээс асуух асуултуудын жагсаалтыг хүртэл нарийвчлан гаргахыг эрмэлзэх эрмэлзлэл хүчтэй ажиглагдаж байна./ Энд тухайлбал, Н.Оюут-Эрдэнэ, Ч.Байгальмаа, Т.Булганзаяа болон бусад судлаачдын бичсэн өгүүллүүдийг дурдаж болно. Үзнэ үү: МУИС. НШУС “Социологи” сэтгүүлийн 4-6-р дугаарууд./
Энэ бүхэн нийгмийн ажлын мэргэжлийн зөв үйлдлийн хэв загварыг бий болгоход зарим талаар ач холбогдолтой нь мэдээж. Гэхдээ нийгмийн ажлын судлагдхуун, нийгмийн ажилтан-үйлчлүүлэгчийн сонгох эрх чөлөө, зан үйл, үйлдлийн онцлогыг эс хайхран туйлшрах аваас дээрх эрмэлзлэл нь нийгмийн ажлын бүтээлч шинжийг үгүйсгэн, улмаар үүсгэл үнэн постулат дээр суурилсан, стандарт горим журамд хүлэгдсэн нэгэн болгон хувиргах аюултай юм.
Чухамдаа хувь хүн, бүлэг, институттэй ажилладаг нийгмийн ажлын хувьд бүх тохиолдолд таарч тохирдог, хэлбэрэлтгүй баримталдаг стандартыг боловсруулах аргагүй билээ. Учир нь нийгмийн ажилтантай тулгарч байгаа асуудал болгон өөрийн гэсэн өвөрмөц шинжтэй, харилцан адилгүй учир шалтгаан, нөхцөл байдалд өрнөдгөөрөө онцлог. Жишээ нь гэхэд Монгол дахь ядуурлын тодорхой тохиолдол кэйс бүр өөр өөрийн нүүр царайтай бөгөөд тэр бүрийг нэг жороор, нэг стандартаар шийдвэрлэх боломжгүй нь мэдээж.
Ийм учраас аливаа нийгмийн ухаан дахь онолын болоод практик үйл ажиллагааны дэс дараалал, горим журам гэдэг нь харьцангуй ойлголт бөгөөд хүний рациональ зөв үйлдлийн идеаль хэв загварыг л санал болгож байна гэсэн үг юм. М.Веберийн тодорхойлсончлон идеаль хэв шинж гэдэг нь эмпирик бодит байдалд оршин байдаггүй, хүний оюун санааны хийсвэр байгууламж бөгөөд танин мэдэхүйн ач холбогдолтой байдаг тул түүнийг үйл ажиллагааны шууд удирдамж болгох аргагүй./ Вебер. М. (1990) Избранные Произведения. Пер. с нем. М.: Прогресс. Мөнхбат О.(2004) Макс Веберийн социологийн үзэл баримтлал. “Социологи” сэтгүүл ¹ 4/
Гэтэл нийгмийн ажилтан ялангуяа эхлэн суралцагсад, оюутнууд зөв үйлдлийн хэв загварыг хэлбэрэлтгүй дагаж мөрдвөл зохих “аюулгүй ажиллагааны дүрэм” мэт хүлээн авч байгаа нь догматик схемчлэгдсэн хандлагыг өөгшүүлэн шүүмжлэлт, бүтээлч шинжийг үгүйсгэх аюулыг агуулж байна.
Чухамдаа нийгмийн ажилтан бүр зөв үйлдлийн идеаль хэв загварыг өөрийн нөлөөллийн үйл ажиллагаа хийгээд судалгаа шинжилгээг хэрэгжүүлэх явцад гарч байгаа шийдвэрлэх асуудал, кэйс бүрийн онцлогт тохируулан бүтээлчээр, сонголт хийх эрхтэйгээр авч ашиглах ёстой бус уу.
Ингэхээр нийгмийн ажлын хүрээнд судлаач, практик хүмүүсийн мэргэжлийн үйл ажиллагааны рациональ шинжийг дэмжин тэтгэхэд чиглэсэн зөв үйлдлийн хэв загварын идеаль хэв шинж байхаас биш харин заавал, хэлбэрэлтгүй даган мөрдвөл зохих, кэйс тохиолдол бүрд таарч тохирсон “супер” горим журам, “аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм” байх боломжгүй аж.
Онолын ач холбогдлыг үйл хайхрах хоёр дахь хандлага нь нийгмийн ажлын талаар бүх юм нь урьдаас шийдвэрлэгдсэн, хийх ажлын дэс дараалал нь тодорхой, баримтлах горим журам нь илэрхий “асуудалгүй” салбар мэт ойлголт төрүүлж байгаа юм. Гэтэл аливаа асуудлыг шийдвэрлэх аргазүй, арга зам нь онолын тайлбарлал, судалгаа шинжилгээний хүрээнд боловсруулагддаг зүйл бөгөөд нийгмийн ажилтаны практик үйл ажиллагаагаар дамжин бие хүн, бүлэг, олон нийтийн дунд хэрэгжиж байдаг билээ.
Онол аргазүйтэй холбогдсон асуудал бол нийгмийн ажлын тухайд наад зах нь 1) нийгмийн ажлын парадигмын статусыг батлах, 2) нийгмийн ажлын практикийг “бэлэн жор” бус эрэл хайгуул, бүтээлч үйл ажиллагаа болгон хувиргах, 3) судалгаа шинжилгээг тоо, баримт сэлтийн хуримтлал биш харин үндэслэл бүхий нөлөөлөл, эмчилгээний хувилбарыг үүсгэж чадах арга хэлбэр болгох гэсэн хэд хэдэн тун чухал ач холбогдлыг агуулж байгаа юм.
Ер нь онол, онолчлолоос болгоомжилдог өнөөгийн байр суурь бол нэг талаас ортодоксаль марксист үзэл суртлаас залхан хаширсан урьд өмнийн туршлагаас үүдэлтэй бөгөөд сүүнд халсан хүн тараг үлээв гэгчийн үлгэрээр практик мөн чанар бүхий нийгмийн ажлыг хоосон онолын тунхаглал болгох бий гэсэн бидний болгоомжлолтой холбоотой. Нөгөө талаас онолыг өдөр тутмын мэргэжлийн үйл ажиллагаандаа хэрэглэж сураагүй, бүр хатуухан хэлэхэд уншиж байсан болохоос ойлгож байгаагүй бидний хязгаарлагдмал чадавхиас үүдэлтэй гэж хэлж болох юм.
Түүнчлэн бид онолын тухай ярихдаа бодит байдлаас салсан, учир нь үл олдох нэр томьёоны “сюрреалист” сүрлэг байгууламж бус харин баримт сэлтийг ойлгомжтойгоор тайлбарлан, нийгмийн ажлын үйлчилгээ, нөлөөллийг үндэслэл, логиктойгоор удирдаж чадах онол, онолуудыг авч үзэх ёстой билээ. Хэдийгээр нийгмийн ажил нь олон тооны нийгмийн ухаан болон нийгмийн бодит эрэлт, хэрэгцээг хооронд холбосон гүүр гэсэн утгаар бий болсон авч, түүнийг онол аргазүйгээс ангид гэсэн онолын нигилизмын үүднээс авч үзэж болохгүй юм.
Нийгмийн ажлын онцлог байдал нь түүний судлагдхуунтай холбогдон тайлбарлагдана. Олонхи эрдэмтэд нийгмийн ажил бол сэтгэл зовнихуй болон хэрэгцээнд хариу өгөхөд анхаарлаа хандуулдаг хэмээн тодорхойлдог.
Сэтгэл зовнихуй бол ямар нэгэн юм зүйл нь буруу зөрүү болоод байна даа хэмээн санаа зовж байгаа хувь хүний түвшинд тохиолдож байгаа бэрхшээлтэй зүйл бөгөөд жишээлэхэд, хүүхдийн хичээл сурлага муудаж байгаа талаар санаа зовж байгаа эцэг эхийн кэйсийг нэрлэж болох юм.
Харин хэрэгцээ гэдэг нь зөвхөн хувь хүн төдийгүй нийгмийн макро түвшинд яригддаг бөгөөд хэн нэгэн хувь хүн, нийгмийн тогтолцооны хэвийн аж төрж, оршин тогтноход зайлшгүй шаардлагатай зүйлийг хэлэх буюу тухайлбал, нийгэмд хууль ёс журам зайлшгүй хэрэгтэйн адил хувь хүнд ойр дотны хүмүүсийн хайр халамж шаардагдахыг тэмдэглэдэг./ Нийгмийн ажлын сонгодог төлөөлөгчдын нэг Щарлотт Товэл (Ch. Towle) хэрэгцээг а) Бие бялдрын хамгаалал: хүнс хоол, орон гэр, эрүүл мэндээ хамгаалах, б) сэтгэл санаа болон ухааны өсөлтын боломж бололцоо, в) бусадтай тогтоох харилцаа, г) оюуны өсөлтийн хэрэгцээ гэж ангилсан байдаг. Түүнчлэн А.Маслоу (Abraham Maslow) шаталсан хэрэгцээний баримтлалдаа хэрэгцээг бие бялдрын хэрэгцээнээс аваад өөрийгөө болон гадаад ертөнцийг танин мэдэх, ойлгох гэсэн үндсэн зургаан төрөлд хуваасан нь бий. Үзнэ үү: Мattaini.M. and Meyer.C. (Ed)(1996) “Direct practice in Social work” in Foundation of Social Work practice. NASW Press. Washington, DC./
Хувь хүн, нийгмийн тогтолцооны хэрэгцээний аль алиныг нь судлан шийдвэрлэхийг зорьдгоороо нийгмийн ажил бусад нийгмийн ухаанаас ялгардаг. Социологи гэхэд л Р.Милльс үзсэнчлэн хэрэгцээг “социаль асуудал болон хувь хүний бэрхшээлтэй асуудал”/ Kenneth J.N, Glasberg D,S.(1996) Sociology. A Critical Approach. McGraw-Hill, Inc.P.6/ хэмээн ангилан, хамрах хүрээний хувьд өргөн, олонхийн ашиг сонирхлыг хөндөж байгаа социаль асуудлыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулдаг ажгуу./Тэмдэглэл: Монголын нийгмийн ажлын түүхийн судлаачид теологийн эх сурвалж, шашны төлөөлөгчдын үзүүлсэн нөлөөллийг нэлээд ултай судалсан нь бий авч хоёр дахь үзэл санааны талаар хийгдсэн дорвитой судалгаа одоогоор алга байгаа юм. Үзнэ үү: Түмэннаст.Г(2005) Аквины Томас: Нийгмийн ажлын шашны парадигмын эцэг. “Социологи” сэтгүүл ¹6. Түмэннаст (2005) Ж.Л. Вивес: Нийгмийн ажил дахь “Сэргэн мандлын үеийн Гуманизмын төлөөлөгч” мөн тэнд/
Ийнхүү микро, мезо болон макро түвшинд оршиж буй хувь хүний бэрхшээлтэй асуудлаас аваад өргөн олны ашиг сонирхлыг хөнддөг социаль асуудлыг шийдвэрлэхийг зорьсон нийгмийн ажил нь онол арга зүйн найдвартай бааз суурийг шаардах нь мэдээж.
Тэгэхээр нийгмийн ажил өөрийн гэсэн онол үзэл баримтлалыг боловсруулах ёстой юу гэсэн асуулт гарч ирэх нь магад. Гэтэл үнэн хэрэг дээрээ урьд өмнө байгаагүй нийгмийн цоо шинэ онол гаргаж ирнэ гэдэг нь тэртээ зуугаад жилийн өмнө боломжтой байсан бол социологи зэрэг нийгмийн олон шинжлэх ухааны эрчимтэй, өндөр хөгжлийн эдүгээ цагт бараг биелэгдэшгүй зорилго төдийгүй цаг хугацаа, хүч хөдөлмөрийг дэмий зарсан зүйл болох биз. Хэдийгээр өнөөдөр урьд өмнө нь сонсогдож байгаагүй нэр ус бүхий онолууд гарч ирж байгаа авч тэд чухамдаа хорьдугаар зууны туршид бий болсон социаль суурь тулгуур үзэл баримтлалаас салбарласан, эсбөгөөс тэдний шинэчлэл, интеграчлалын үр дүнд үүссэн гэж хэлж болно.
Ийм нөхцөл байдалд нийгмийн ажил нь социологи болон бусад нийгмийн шинжлэх ухааны онол үзэл баримтлалыг өөрийн практик шинж байдалд тохируулан хэрэглэх нь зохистой билээ. Тэр тусмаа ингэж үзэх бодит үндэслэгээ нь нийгмийн ажлын түүх болон түүний онолын хөгжлийн өнөөгийн төлөв байдалд агуулагдаж байгаа юм. Эл мэргэжлийн өнөөгийн байдлыг ойлгохын тулд эхлээд хөгжлийн түүхэн үйл явцыг эргэн харцгаая.
Чухамдаа нийгмийн ажлыг үүсэн бүрэлдэхэд бүтээгчийн хүсэл зоригт нийцүүлэн хүмүүний үйлдэж буй буян, бусдыг энэрэн туслах энэрэнгүй үзлээс үүдэлтэй теологийн үзэл санаа, нөгөөтэйгүүр амьдрахуйн утга учрыг хүний өөрийн нь социаль мөн чанар, хамтын амьдралын жам ёстой холбон тайлбарладаг шинжлэх ухааны үзэл санаа шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн билээ. Улмаар теологийн үзэл санаа нийгмийн халамж, тусламжаар хязгаарлагдан түүх болон үлдсэн бол хоёрдахь үзэл санаа нийгмийн ажлын бусад олон арван салбарын үндэс болж, цаашдын хөгжлийн онолын бааз суурь болон өргөжжээ.
Эл үзэл санаа нийгэм-хүмүүнлэгийн олон ухаан түүний дотор социологи, нийгмийн сэтгэл судлалд тусгалаа олж, бүр эхнээсээ тэдгээрийн онол аргазүйд агуулагдаж иржээ./ Мөнхбат О.(2001) Социологи ба Нийгмийн ажлын харилцан хамаарлын тухайд. “Социологи” сэтгүүлийн ¹1./
Ялангуяа нийгмийн ажлын үүсэн хөгжихөд үл гүйцэлдэх үзэлтнүүд, эхэн үеийн позитивистууд болоод социаль дарвинизмын үзүүлсэн нөлөөг бууруулан үнэлэх аргагүй юм. Үл гүйцэлдэх үзэлтнүүдын бүх нийтийн тэгш байдал, нийгмийн гишүүдийн талаар төрийн тавих халамж буюу халамжийн “төр”-ийн үзэл санааны утопи сургаал хийгээд амьдралын төлөө тэмцлийг туйлшруулан үнэлсэн социаль дарвинист, эволюционист үзэл баримтлалын эсрэг тэсрэг байр суурийн дунд нийгмийн ажил өөрийн гэсэн орон зайг олж хөгжиж чадсан юм.
Орчин цагийн нийгмийн ажлын онолын хөгжил дэхь социологийн нөлөөг онцлон дурдах хэрэгтэй билээ. Кэйс, бүлэг хийгээд олон нийттэй ажиллах ажил гэсэн бүрэлдхүүн хэсэг бүхий нийгмийн ажлын анхны онолын сургууль нь C.Фройдын (S.Freud) үзэл бодолд суурилсан диагностик (НА-ын сонгодог төлөөлөгч нь Мэри Ричмонд) чиглэл бөгөөд хоёрдахь том чиглэл нь функциональ (Отто Рэнк) сургууль ажгуу. Эдгээр онолын чиглэлүүд өнгөрсөн зууны хориод оноос эдүгээ хүртэл нийгмийн ажлын онолын орон зайд давамгайлах байр суурь эзэлсээр иржээ. Дээр дурдсан онолын хоёр чиглэлээс гадна мөн л социологийн гарал үүсэл бүхий системийн хандлага, экологийн хийгээд феминист гэсэн хандлага чиглэлүүд шинээр гарч ирсэн авч төдийлэн нөлөөтэй болж чадаагүй байна. Дашрамд дурдахад нийгмийн ажлын мэдлэгийн хөгжлийг авч үзэхдээ судлаачид голлон цаг хугацаа, орон зай гэсэн шалгуурыг сонгон авсан байдаг бөгөөд 1920-өөд он хүртэлх үе, 1921-аас 1930, 1931-аас 1945, 1946-аас 1960, 1961-аас 1975, 1976-аас 1990 болон 1991-ээс эдүгээ хүртэл гэсэн цаг хугацааны ангиллыг санал болгосон нь бий./Энэ ангиллыг АНУ-ын эрдэмтэд санал болгосон байдаг. Open Society Institute (2006) Andrew Hamid: Introducion to study, living and social work in the US. Social Work Summer School Materials Istanbul Turkey. Түүнчлэн МУИС-ийн багш док Ш.Оюунханд мөн ийм ангиллыг дэвшүүлсэн нь бий. Оюунханд,Ш (2005) Нийгмийн ажлын онолын эволюци хөгжил. “Социологи” сэтгүүлийн ¹6/
Нийгмийн ажлын онолын түвшинд социологийн шинжлэх ухааны онолын парадигмууд, тэдгээрийн тулгуур онолууд тун чухал үүрэгтэй юм. Жишээлбэл: нийгмийн баримт сэлтийн парадигмын тулгуур онол бүтэц-функционализм нийгмийн ажлын олон талт дүр ба функцийг тодорхойлж, тайлбарлахын сацуу үйлчлүүлэгчийн зан үйл, үйлдэлд нийгмийн томоохон бүтцүүдийн үзүүлэх нөлөөллийн хүчин зүйлийг тооцон үзэх боломж олгодог байна./Тэмдэглэл: Нийгмийн ажилтан мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд наад зах нь арав гаруй дүрд тухайлбал, хүний үйлчилгээний брокер, кейс менежер гм тоглох ёстой бөгөөд дүр бүр өөрийн функцитэй буюу нийлээд дөч орчим функцийг гүйцэтгэх учиртай гэж дурдсан нь бий. Үзнэ үү: Francine S. (Ed)(1977) Changing roles in Social work Practice. Philadelphia: Temple Uinversity Press./
Түүнчлэн нийгмийн ажлын макро түвшний нөлөөллийн хувьд нийгмийн дэд системүүд болон социеталь системийг ойлгох боломж олгож, нийгмийн ажлын үйлчилгээний эрх зүйн орчин, институцичсэн байдал, сонирхогч талуудын байр суурийг боловсронгуй болгохуйц бодлого боловсруулахад нөлөөлөх бололцоог бүрдүүлж байгаа юм.
Хувь хүнд учирч буй бэрхшээл, хэрэгцээг зөв оношлон нөлөөллийг төлөвлөхийн тулд нийгмийн ажилтан үйлчлүүлэгчээ ойлгох, түүний зан үйл үйлдлийн сэдэл, далд оршин буй нөөц, чадавхийг илрүүлэн мэдэх шаардлагатай байдаг. Үүний тулд зөвхөн хөндлөнгийн ажиглагч, харилцан ярилцагч ( судлаачийн ийм байр суурийг позитивист чиглэлийн онолууд санал болгодог) байх төдийгүй өөрийн өдөр тутмын амьдралын туршлага дээрээ тулгуурлан тухайн хүний оронд өөрийгөө тавьж, түүний үйлдлийг урьдчилан тааварлах чадвартай байх ёстой. Энэ тохиолдолд өдөр тутмын амьдралын онолууд хэмээн нэрлэгддэг феноменологи социологи, символик интеракционизм зэрэг социологийн үзэл баримтлал нийгмийн ажлын онолын чиг баримжаа болж чадах билээ. Мөн үйлдлийн, солилцооны хийгээд социаль бихевиорист онол нь аль ч түвшний нийгмийн ажлын практикийн суурь болох юм.
Түүнчлэн онол аргазүйн ач холбогдол нийгмийн ажлын судалгаа шинжилгээний үед хүчтэй илрэн гардаг. Нийгмийн ажлын нэгэн онцлог бол чанарын судалгааны аргуудыг өргөн ашигладагт оршино. Гэтэл дөнгөж эхлэлээ тавьж буй нийгмийн ажил төдийгүй монголын харьцангуй “ахмад” нийгмийн ухаануудын судалгааны салбарт чанарын судалгааг өргөн хэрэглэгдэггүй, тоон судалгаа дагнах төдий байгаа нь нууцгүй. Монголын нийгмийн ажил нухацтай эмпирик бааз суурьтай болохын тулд судалгаандаа чанарын шинжилгээг зүгээр хэрэглэх бус харин эл аргуудын онол аргазүйтэй нь уялдуулан ашиглах шаардлагатай байгаа юм. Ингэхгүйгээр хэдий хэлбэрийн хувьд чанарын аргыг ашиглаж буй мэт авч агуулга нь огт өөр байх тул гарах үр дүн нь ч мөн өөр болдог аж.
Тоон судалгааны аргуудын онолын үндэс нь позитив чиглэлийн бүтэц-функциональ, зөрчилдөөний гэх мэт үзэл баримтлал байдаг бол чанарын судалгааны үндэслэгээг феноменологи социологи, символик интеракционизм бүрдүүлдэг. Иймээс бид мөн л социологийн үндсэн парадигмууд, тэдгээрийн тулгуур онолд хандах шаардлагатай болж байгаа юм. Энэ бүхэн нийгмийн ажлын хөгжил зохих гольдролын дагуу явахад онол, арга зүй чухал ач холбогдолтой болохыг бас дахин харуулж байгаа билээ.
Эцэст нь товчоолон хэлэх ахуйд нийгмийн ажил ямар ч үед хэлбэрэлтгүй яв цав даган мөрдөх, бүх тохиол кэйсэд тааран тохирох “аюулгүй ажиллагааны дүрэмтэй” байх ёсгүй агаад харин нийгмийн ажилтны үйл ажиллагааны логик дарааллыг заасан, сонголт хийх боломж бүхий зөв үйлдлийн хэв загвар байх бололцоотой юм. Түүнчлэн нийгмийн ажил хэдий эмпирик шинжтэй авч аливаа онолыг үл хайхарсан нигилизм руу туйлшралгүй социологи болон бусад нийгмийн ухааны онолын туршлагад суурилах ёстой хэмээн дүгнэн хэлж болох бизээ.


Ашигласан ном зохиол:

Монгол хэлээр
Мөнхбат О. (2001) Социологи ба Нийгмийн ажлын харилцан хамаарлын
тухайд. “Социологи” сэтгүүлийн ¹1
Мөнхбат О. (2004) Макс Веберийн социологийн үзэл баримтлал.
“Социологи” сэтгүүл ¹ 4.
Оюунханд, Ш (2005) Нийгмийн ажлын онолын эволюци хөгжил. “Социологи”
сэтгүүлийн ¹6.
Түмэннаст.Г (2005) Аквины Томас: Нийгмийн ажлын шашны парадигмын
эцэг. “Социологи” сэтгүүл ¹6.
Түмэннаст (2005) Ж.Л. Вивес: Нийгмийн ажил дахь “Сэргэн мандлын үеийн
Гуманизмын төлөөлөгч” мөн тэнд.
Еоин Я, Квин Л. (2002) Үр нөлөө бүхий бодлогын баримт бичиг
боловсруулах нь. Анг хэлнээс орчуулсан. УБ: Интерпресс хэвлэлийн
компани.

Орос хэлээр

Вебер. М. (1990) Избранные Произведения. Пер. с нем. М: Прогресс.
Уолш.Д, Силверман. Д и др. (1990) Новые направлений в социологии. Пер с
анг. М: Мысль

Англи хэлээр

Dunn W.N (1994) Public policy analysis: An introduction. USA, New Jersey:
Francine S. (Ed) (1977) Changing roles in Social work Practice. Philadelphia:
Temple Uinversity Press.
Mattaini.M. and Meyer.C. (Ed)(1996) “Direct practice in Social work” in
Foundation of Social Work practice. NASW Press. Washington, DC.
Kenneth J.N, Glasberg D, S. (1996) Sociology. A Critical Approach. McGraw-Hill,
Inc.P.6
Open Society Institute (2006) Andrew Hamid: Introducion to study, living and
social work in the US. Social Work Summer School Materials Istanbul Turkey.
Зурагны эх сурвалж: http://www.pearsoned.co.uk/Bookshop/detail.asp?item=100000000106857

ЖЕНДЕР СУДЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ: ХЭРЭГЦЭЭ СОНИРХОЛ БА БОЛОМЖ НӨӨЦ /судалгааны тайлан/


Г. УРАНЦООЖ, PhD, ХҮНИЙ ЭРХ БА ХӨГЖИЛ ТӨВИЙН ТЭРГҮҮН
Ц. УРТНАСАН, PhD, ФИЛОСОФИ СОЦИОЛОГИ ЭРХИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СЕКТОРЫН ЭРХЛЭГЧ
Л. АРИУНЧИМЭГ, ХҮНИЙ ЭРХ БА ХӨГЖИЛ ТӨВИЙН СУДЛААЧ
1.Оршил
Өнөөгөөс 10 хүрэхгүй жилийн өмнө Монголд жендерийн асуудлаар тусгайлсан судалгаа, мэдээлэл, сургалтууд бараг огт хийгддэггүй байсан билээ. Харин өнөөгийн өндөрлөгөөс харахад өнгөрсөн арван жилийн богинохон хугацаанд жендер болон эмэгтэйчүүдийн асуудлаар ажиллах эхний үеийнхэн - байгууллага, хувь хүмүүс , багууд - бүрэлдэн тогтож, бие даан болон хамтаараа жендерийн асуудлаархи судалгаа, сургалт хийж эхэлсэн. Тэдний санаачлага хөдөлмөрийн үр дүнд шилжилтийн үеийн болон өмнөх үеийн эмэгтэйчүүд, жендерийн асуудлыг ойлгох, илрүүлэн гаргах эхний алхам хийгдэж, төр засаг, олон нийтийн анхаарлаа эмэгтэйчүүд жендерийн асуудалд хандуулах болсон.

Бид энэ судалгааны ажлаараа жендерийн судалгаа, сургалтын өнөөгийн байдлыг тоймлон харах, энэ чиглэлээр цаашид ямар үйл ажиллагаа явуулах хэрэгцээтэй байгааг тодруулахыг хичээсэн юм. Судалгааны нэг тодорхой зорилт нь Жендер судлалыг нийгмийн ухааны нэг салбарынх нь хувьд академик түвшинд хөгжүүлэх хэрэгцээ боломж хэр байгааг тодорхойлох явдал байлаа.

Судалгаанд жендерийн асуудлаар ямар нэг байдлаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хамт олон, хувь хүмүүсийг бүгдийг нь хамруулах боломж байгаагүй тул энэ чиглэлийн ажлын туршлага харьцангуй сайтай ЭТББ-ууд, их дээд сургуулиуд, мөн Засгийн газрын холбогдох байгууллагаас мэдээлэл авсан болно.

2. Жендер сургалт ба судалгааны өнөөгийн байдлын тойм

Өнөөдөр жендер ба жендерийн тэгш эрх, феминизм зэрэг нийгэм дэх эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн харилцааны тухай ойлголт монголчуудын хувьд хэдийнээ танил болжээ. Уг ойлголтуудын оноосон нэр нь шинэ буюу гаднаас авсан л болохоос тэдгээрийн илэрхийлэх нийгмийн үзэгдэл үйл явц Монголд байгаагүй, энэ тухай өмнө нь огт яригдаж байгаагүй хэрэг биш гэдэг нь илэрхий билээ. Монголчууд өмнөх нийгмийн тогтолцоонд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангана гэсэн социализмын зарчмыг хэрэгжүүлж байсантай холбоотойгоор жендерийн нөхцөл харьцангуй зөөлөн байгаа гэж үздэг. Гэхдээ монголын уламжлал, зан заншил, соёл, хөгжлийн үйл явцад гүн гүнзгий суурилсан жендерийн харилцааны ялгаа, онцлогийн асуудал судалгааны бие даасан обьектын хувьд ч, нийгмийн хөгжлийн субьектийн хувьд ч 1990-ээд он хүртэл огт хөндөгдөөгүй шахам байлаа.

Сүүлийн жилүүдэд орчин үеийн монголын нийгэмд өрнөж буй үйл явцыг жендерийн харилцааны талаас нь шинжлэн судлах анхны алхамууд хийгдэж, улмаар түүний нөлөөлөх хүчин зүйлийг нийгмийн асуудлуудад тооцон үзэх шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрөх боллоо. Үүнд явцуу утгаараа Монголд байгаа олон улсын байгууллага шууд нөлөө үзүүлсэн гэж болох боловч өргөн утгаараа Монгол орны сонгосон хөгжлийн шинэ хандлагатай шууд холбоотой билээ.

Улс орнуудад нийгмийн хөгжлийн чиг хандлага улам бүр хүн төвтэй болж байна. Энэхүү хандлагын салшгүй нэг хэсэг нь нийгмийн амьдралд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш боломжийн асуудал байдаг. Иймээс нийгмийн харилцаан дах эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн ялгаатай байр суурь, үнэлэмж, оролцоо, түүх зэрэг олон асуудлыг судлан шинжлэх, танин мэдэх явдал чухалчлагдаж, улмаар нийгмийн бодлогод жендерийн мэдрэмжит хандлагыг баримтлахыг чармайх болжээ. Тодруулбал, төр засгийн газраас дэвшүүлдэг эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах үйл ажиллагааны хөтөлбөр нь жендерийн буюу эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн нийгмийн харилцааны асуудлыг судлах зүйлээ болгосон Жендер судлалын ухааны ололт амжилтанд тулгуурлан хэрэгжиж байдаг байна.

Монголд жендерийн асуудалтай холбоотой сургалтууд болон судалгааны ажлууд 1990-ээд оны дундаас эхлэн хийгдэх болсон. Эдгээрийг эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд болон судалгаа үнэлгээний бие даасан байгууллага, хамт олон, хөгжлийн хөтөлбөр, төслүүд, их дээд сургуулиуд зохион байгуулж байжээ. Тэдгээрээс товч танилцуулья.

2.1. Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа

Монголын эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд /ЭТББ/ жендерийн асуудлыг нийгмийн анхаарлын төвд тавих, жендерийн асуудлаар судалгаа шинжилгээний ажлын эх суурийг тавихад голлох үүрэг гүйцэтгэсэн. Жендерийн асуудалтай холбоотой судалгаа, сургалтын ихэнхи нь эмэгтэйчүүдийн төрийн бус байгуулагуудаар хийгдэж, олон нийтэд энэ чиглэлийн мэдээлэл түгээх гол цөм болж байна.

1999-2000 онуудад Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан, Зохистой хөгжлийн жендер төв, Хүний эрх ба хөгжил төв зэрэг байгууллагаас санаачлан хийсэн эмэгтэйчүүд , жендерийн асуудлаархи онолын шинжтэй хэд хэдэн сургалтуудад зөвхөн ЭТББ-ын ажилтнууд төдийгүй их дээд сургуулийн холбогдох салбар тэнхимийн багш судлаачид хамрагдсан байна.

Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан /ЛЭОС/
Ардчиллын дараах үеийн эмэгтэйчүүдийн ууган төрийн бус байгууллагуудын нэг болох ЛЭОС нь байгуулагдсан цагаасаа эхлэн улс төр ба эмэгтэйчүүдийн асуудлаар дагнан ажиллаж ирсэн. Энэ чиглэлээр судалгаа болон сургалтууд хийдэг. 1999 онд Японы Эмэгтэй профессоруудын холбооноос таван профессор ирж, эмэгтэйчүүд судлалын цуврал лекц зохион байгуулсан нь энэ чиглэлийн анхны сургалт болсон юм. Мөн Феминист манлайлал семинарыг Филлиппины эмэгтэйчүүдийн байгууллагын ажилтнуудтай хамтран хийсэн байна. Семинарын агуулгад өнөөгийн албан тушаалын иерархи тогтолцоо, түүний зарчмуудыг феминист үзэл бодлын үүднээс тайлбарласан нь маш шинэлэг мэдээлэлтэй сургалт болсон байна. ЛЭОС 1999 онд дэргэдээ судалгаа мэдээллийн төв байгуулсан ба тус төвийн мэдээллийн санд англи хэл дээр хэвлэгдсэн жендерийн асуудлаархи ном зохиол олон байдаг.

Зохистой хөгжлийн жендер төв /ЗХЖТ/
1995 онд үүсэн байгуулагдсан (тэр үед Эмэгтэйчүүдийн мэдээлэл судалгааны төв нэртэй байсан) тус төв эмэгтэйчүүд ба жендерийн асуудлаар судалгаа, сургалт явуулж, мэдээлэл түгээдэг гол байгууллагуудын нэг юм. Энэ төвөөс хийсэн эмэгтэйчүүдийн эдийн засгийн байдал, жижиг зээлийн оролцоо, орлого олох үйл ажиллагаа, биеэ үнэлэх, ДОХ зэрэг олон асуудлаархи судалгааны ажлууд болон 1997 оноос эхлэн гаргасан Хүйсийн мэдээлэл, Хүйсийн асуудал зэрэг товхимол нь эмэгтэйчүүд ба жендерийн асуудлыг сонирхсон байгууллага хувь хүмүүсийн байнгын хэрэгцээг хангаж байдаг.

Хүний эрх ба хөгжил төв /ХЭХТ/
Хүний эрх ба хөгжил төв жендер судлалаар хоёр удаагийн онолын семинарыг зохион байгуулаад байна. 1999 онд Жендер судлалын онол практикийн семинар , 2000 онд *Феминист судалгааны арга зүй* бэсрэг курс лекцийг Төв Европын их сургуулийн профессор М.Благоевичтай хамтран явуулсан нь академик түвшинд жендер судлалын онол арга зүйн асуудлаар хийгдсэнээрээ онцлог болсон юм. Мөн эмэгтэйчүүд ба улс төр, жендерийн асуудал, эмэгтэйчүүдийг наймаалах, нөхөн үржихүйн эрх зүйн судалгааны ажлуудыг хийгээд байна.

Бусад ЭТТБ-ууд
Эмэгтэйчүүд, жендерийн асуудлыг олон нийт болон тодорхой хүрээний албан тушаалтан, мэргэжлийн хүмүүст тайлбарлах, мэдлэг мэдээлэл олгох, судалгаа , сургалт явуулах ажлыг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв /ХЭҮТ/ болон Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хэрэгжилтийг хянах үндэсний сүлжээний төв /ЭЯГБХУТКХХҮСТ/ зэрэг бусад эмэгтэйчүүдийн байгууллагууд тогтмол хийж байдаг. Эдгээр байгууллагууд эмэгтэйчүүдийн эрх, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаар судалгааны ажлыг анх удаа гүйцэтгэжээ.

Нийгмийн хөгжлийн төв/Зөвлөх нэгж/
Тус төв 1997 онд ЯБҮХ-ийн хүрээнд *Нийгмийн хөгжил* сургалтын хөтөлбөр боловсруулсан ба энэ хөтөлбөрийн агуулгад жендерийн асуудлыг тусгаж өгсөн. Мөн 1998 онд хийсэн *Багийн ардчилал ба иргэдийн оролцоо*, 2000 онд Дэлхийн банктай хамтран хийсэн *Амьжиргааны түвшний судалгаа* зэрэг ажлууддаа жендерийн асуудлыг авч үзсэн байна.

2.2. Монгол улсын их дээд сургуулиудад
жендерийн асуудлыг сургалтанд тусгаж байгаа нь
Жендерийн асуудал нь социологи, хүн амзүй, антропологи, сэтгэл судлал, түүх, эдийн засаг зэрэг нийгмийн ухаануудын судлах зүйлд тусгагддаг бөгөөд тэдгээрийн уулзвар дээр үүссэн салбар дундын шинжтэй ухаан бол жендер судлал юм. Иймээс манай их дээд сургуулийн сургалтын агуулгад жендерийн асуудлыг огт хөнддөггүй гэж үзэх нь өрөөсгөл хэрэг болно. Их дээд сургуулийн нийгмийн ухааны ангийн оюутнуудын дунд явуулсан судалгаанд оролцсогчдоос жендерийн тухай ямар нэг хичээлээр сонссон уу гэж асуухад тэдний 46.5% нь ихэвчлэн социологи, хүн ам зүй, антропологи зэрэг хичээлүүдийг нэрлэсэн байлаа. Энэ нь өнөөгийн оюутнууд жендерийн асуудлаар бага боловч цэгцтэй ойлголттой болох боломжтой болохыг харуулж байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хавсралт 1-ийн 3, 6-р хуудас, Хавсралт 2-оос үзнэ үү.

Харин Монголын их дээд сургуулиудаас МУИС-ын Хүн ам зүйн сургалт судалгааны төв ба /ХАЗССТ/ ба Хүмүүнлэгийн их сургуулийн сургалтын хөтөлбөрт жендер судлалтай холбоотой хичээл орж байна. Энэ тухай товч танилцуулья.

МУИС-ын Хүн ам зүйн сургалт судалгааны төв
1993 оноос Хүн ам зүй ба хөгжил хичээлийн агуулгад анх Эмэгтэйчүүд ба хөгжил хичээлийг орж байсан ба 1999 онд Жэндэр ба хөгжил гэсэн 12 цагийн хичээл орох болсон байна. Энэ хичээл нь хүн ам зүйн ангид ордог бөгөөд МУИС-ын Социологи болон Хөдөлмөрийн дээд сургууль дээр заадаг Хүн амзүйн үндэс хичээлээр жендерийн мэдлэг олгох 2-3 цагийн хичээл заадаг байна. Жендер ба хөгжил хичээлийн агуулгад жендерийн гол нэр томъёонууд, хүйсийн статистик, хүйсийн судалгааны хүрээ ач холбогдол, жендерийн ялгаа, шалтгаан, нийгмийн амьдралд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн оролцоо, үнэлгээ, эмзэг эмэгтэйчүүдийн асуудал зэрэг сэдвүүд багтдаг.

Хүмүүнлэгийн их сургууль
Тус сургуулийн Соёл судлалын тэнхимээс жендер судлалын сонгон суралцах хичээлийг англи хэлний ангид 2 жил оруулж байгаад, 2000-2001 оны хичээлийн жилээс Харьцааны соёл гэдэг поток лекцэндээ 4-5 цаг жендер судлалын талаар заадаг болгон өөрчилжээ. Хичээл нь жендерийн тухай лекцийн хэлбэрээр явдаг ба онолын асуудал болон оюутнуудад сонирхолтой сэдвүүдээр лекц бэлтгэн заадаг байна. Энэ хичээлийг заадаг багшийн үзсэнээр жендер судлалыг албан ёсны хэмжээнд бодлоготой, шинжлэх ухааны үндэслэлтэй заах хэрэгтэй юм байна.

2.3. Жендерийн судалгаа
90-ээд оноос хойш нийгэмд өрнөсөн өөрчлөлтийн үрээр Монголын нийгмийн жендерийн байдалд огцом ялгарал гарч эхэлсэн. Боловсролын салбар болон албан бус сектор зэрэг салбар дах эмэгтэйчүүдийн давамгай байр суурь нь олон нийт болон төр засгийн албан тушаалтнуудын анхаарлыг жендерийн асуудалд өөрийн эрхгүй хандахад хүргэж байна. Шилжилтийн үеийн онцлогтой эдгээр үйл явцыг шинжлэн судлах зайлшгүй хэрэгцээ нийгмийн танин мэдэхүйн зүгээс ч, төр засгийн бодлого чиглэлийн үүднээс ч бий болсон.

Монголын нийгмийн жендерийн асуудалтай холбоотой судалгааны ажлууд сэдвийн хувьд улс төр, эдийн засаг, жижиг зээл, ядуурал, ажилгүйдэл, албан бус сектор, гэр бүл зэрэг нийгийн харилцааны гол гол асуудлаар хийгдэж байна. Мөн жендерээр ангилагдсан ститистик мэдээлэлд тайлбар хийх нь жендерийн судалгааны нэг хэсэг болж байна. Статистикийн мэдээллийг жендерээр ангилсан статистикийн тусгай эмхэтгэл 1999 онд гарсан.

Энэ чиглэлээр судалгааны ажлыг Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Зохистой хөгжлийн жендер төв зэрэг эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд болон Нийгмийн хөгжлийн төв, Хүний эрх ба хөгжил төв зэрэг байгууллагууд голлон хийж гүйцэтгэж байна.

Жендер асуудлаархи судалгааны ажлуудын тоонд их дээд сургуулийн оюутан сурагчдын эмэгтэйчүүдийн сэдвээр хийсэн диплом курсын ажлыг хамруулж болно. Их дээд сургуулийн оюутнуудаас социологи, хүн ам зүй зэрэг хичээлийн дагуу бэлтгэх илтгэл, курсын ажил, дипломын сэдвээ эмэгтэйчүүд, жендерийн асуудлаар сонгох сонирхолтой оюутнууд цөөнгүй байна. Жишээ нь жендер ба эмэгтэйчүүдийн талаар нилээд ахиу мэдээллийн сантай байгууллага болох Зохистой хөгжлийн жендер төвийн мэдээллийн сангаар 1999-2000 онуудад 100-гаад оюутан, сурагчид эмэгтэйчүүд ба жендерын чиглэлээр мэдээлэл авч үйлчлүүлсэн байна. Тэдний олонхи нь курс дипломын ажилдаа хэрэгцээтэй мэдээллийг эмэгтэйчүүд ба хөдөлмөр эрхлэлт, эдийн засаг, статистик, тулгамдсан асуудлууд, улс төр зэрэг сэдвүүдээр авчээ.

Нийгмийн асуудлаар хийгдэж байгаа судалгаануудад жендерийн мэдрэмжтэй судалгаа гэсэн ойлголт нилээд хэрэглэгдэх болсон. Энэ нь нийгмийн аль нэг асуудлыг судлахдаа жендерийн мэдрэмжтэй хандан, цааш тухайн асуудлаар нийгмийн бодлого хөтөлбөр боловсруулахад чиглэсэн практик зорилтыг тодорхойлох шаардлагатай холбоотой юм. Гэхдээ эдгээр судалгааны ажлууд жендерээр ялгагдсан статистикт тайлбар хийх, анкетийн түүвэр судалгааны дүнд хүйсийн ангилсан анализ хийхээр хязгаарлагдсан нийтлэг шинжтэй байдаг. Харин жендерийн анализийг нилээн нарийвчлан авч үзсэн судалгааны ажлууд нь ихэвчлэн гадаадын зөвлөх судлаачидтай хамтарсан байх нь түгээмэл байна.

Жендерийн асуудлаархи судалгааны практик ач холбогдол бол юуны өмнө тухайн асуудлаар нийгмийн бодлого хөтөлбөр боловсруулахад суурь мэдээлэл болж өгдөг. Энэ хэрэгцээ, шаардлага Монголд сүүлийн үед нэмэгдэж байгаа ч статистик тоогоор нилээд гаргаж өгч байгаа жендерийн харилцааны хандлагын учир шалтгааныг тодруулсан, тайлбарласан, системтэй судалгаа хомс хийгдэж байна.

2.4.Олон улсын байгууллагуудын үйл ажиллагаа
Жендерийн асуудлаархи аливаа үйл ажиллагааг дэмжих, идэвхижүүлэхэд дотоод гадаадын олон улсын байгууллагын оролцоо, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн.

Нээлттэй нийгмийн хүрээлэн нь Монгол дох салбараа нээсэн цагаасаа эхлэн Монголын нийгмийн ухааны хөгжилд их хувь нэмэр оруулж байгаа ба тус хүрээлэнгийн жендер судлалын чиглэлээр хэрэгжүүлдэг төрөл бүрийн төслүүдэд монголчуудын оролцох боломж үргэлж нээлттэй байдаг. Монголчууд энэ байгууллагын дэмжлэгээр Унгар дах Төв европын их сургууль дээр явагддаг Жендерийн сургалтуудад оролцож, төсөл хэрэгжүүлж байна.

Монгол дох жендерийн асуудалтай холбоотой үйл ажиллагаанд НҮБХХ-н газар болон бусад төрөлжсөн байгууллагуудын хувь нэмэр их юм. НҮБХХ-ийн газраас гаргасан Жендерийн багц тойм (Gender Briefing Kit) нь Монгол дох жендер эмэгтэйчүүд хөгжлийн асуудал болон энэ чиглэлээр ажилладаг байгууллага, хүмүүсийг танилцуулсан цэгцтэй материал болсон. 2001 онд жендерийн асуудлаар тусгайлан ажиллах бүтэц Монгол улс дах НҮБ-ын Эмэгтэйчүүдийн хөгжлийн сангийн хөтөлбөрийн газрын дэргэд байгуулагдсан байна. Энэ нь төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн Жендерийн асуудлаархи үндэсний мэргэжлийн шинжээчдийн баг юм. Энэ багт их дээд сургуулийн төлөөлөл байхгүй байлаа. НҮБХХ-ийн газрын дэргэдэх Мэдээллийн төв нь эмэгтэйчүүд, жендер, хөгжилтэй холбоотой мэдээлэл түгээдэг хэдхэн газруудын нэг юм.

Мөн 1999-2000 онд АХБ-аас *Монгол дох жендерийн асуудал* гэсэн товхимол бэлтгэж гаргах төсөл хэрэгжүүлсэн. Үүгээр жендерийн асуудлаар өргөн хэмжээний материал цуглуулах жижиг судалгаа явуулж, анализ хийсэн байна.


3. Жендер судлалыг хөгжүүлэх хэрэгцээ ба боломж

3.1.Жендерийн тэгш эрхийг хангах талаархи төрийн бодлого, тогтолцоо
Жендерийн тэгш эрхийг хангах асуудалд олон улсын хэмжээнд онцгой анхаарал тавьж байна. Монгол улсын Засгийн газар 1996 онд Эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөр боловсруулан, түүнийг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөлийг байгуулсан. Харамсалтай нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилт хийгдэхгүй байснаас тодорхой амжилтанд хүрч чадаагүй байна.

Монголын төр засгаас жендерийн тэгш эрхийг хангах талаар хийж байгаа сүүлийн үеийн нэг тодорхой алхам нь Засгийн газраас 2001 оны 1 сард Жендерийн тэгш байдлын асуудлаархи үндэсний зөвлөл байгуулсан явдал юм. Зөвлөл /орон тооны бус/ нь энэ чиглэлээр бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, засгийн газрын бус үүсгэл санаачлагыг дэмжих, тэдгээрийг уялдуулах, мэдээллээр хангах үйл ажиллагаа явуулах чиглэлээр ажиллах юм.

Үүнээс үзэхэд Монголын нийгэм дэх эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах асуудлыг бодитой ажил хэрэг болгох чиг үүрэг бүхий бүтэц зөвхөн төрийн бус хүрээнд төдийгүй төр засгийн бүтцэд үүсэн бий болжээ. Харин үүнийг хэрхэн тогтвортой, үр ашигтай үйл ажиллагаа болгох нь шийдвэрлэх ёстой тулгамдсан шинжтэй асуудал болоод байна.

Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр /ЯБҮХ/
1996-2000 онд хэрэгжсэн Засгийн газрын Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн шугамаар явагдсан жижиг зээлийн төслийн сургалтанд оролцогчдод жендерийн асуудлаар суурь ойлголт өгдөг байсан ба энэ нь манай оронд нүүрлэсэн ядуурал ажилгүйдэлд эмэгтэйчүүд олноороо өртөж байгаатай холбоотой байлаа. Энэ хөтөлбөр нь магадгүй Засгийн газраас хэрэгжүүлсэн жендерийн мэдрэмжтэй анхны үйл ажиллагаа байсан болов уу.
3..Жендерийн мэдлэгтэй мэргэжилтэн ба түүний хэрэгцээ
Жендерийн мэдлэгтэй ажилтны хэрэгцээ уг асуудлын чухалчлагдах түвшинтэй шууд хамааралтайгаар өсөн нэмэгдэж байна. Эмэгтэйчүүдийн ТББ, Нийгмийн асуудлаархи засгийн газрын байгууллагын салбар газрын дарга, ажилтнууд, хүмүүнлэг, хөгжлийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг олон улсын байгууллагад ажиллагчид, мөн дунд сургуулийн нийгмийн ажилтанууд ч жендерийн асуудлаар системтэй мэдлэгтэй байх хэрэгтэй. Үүнийг өнөөгийн оюутнууд ч соргог мэдэрдэг болох нь судалгаагаар ажиглагдсан юм. Судалгаанд хамрагдсан оюутнуудын 72.4% нь жендер судлалын чиглэлээр мэргэжвэл ажлын байр олдохгүйн зовлон багатай байж болох юм гэж үзжээ. /Хавсралт 1-ийн хуудас 7-г үзнэ үү/

Нэгэнт манайд энэ талын мэргэжилтэн бэлтгэх нь нөхцөл бүрдээгүй тул жендерийн асуудлаар ажиллагчид энэ талын мэдлэгээ ихэвчлэн *гаднаас* авч байна. Тэд аливаа олон улсын байгууллагын санхүүжилтээр гадаад оронд очиж богино хэмжээний сургалтанд хамрагдах, эсвэл бие даан суралцах байдлаар жендерийн мэдлэгтэй болсон байдаг. Ийм боломж монголчуудын наад зах нь хэлний бэрхшээлийг бодолцвол маш хязгаарлагдмал учраас дээрх байдал хэвээр байвал Засгийн газар зэрэг бодлого, үйл ажиллагааны дээд түвшинд ч дутагдалтай байгаа жендерийн асуудлаархи мэргэжилтэний хэрэгцээ шаардлагыг хангах боломжгүй юм.

Мөн зарим ЭТББ-ууд өндөр хөгжилтэй орны сайн дурын ажилтаныг урих захиалга өгөхдөө жендерийн асуудлаар мэдлэгтэй байх гэсэн болзол тавих болсон нь ийм мэдлэг, боловсролын хэрэгцээ тулгамдсан шинжтэй болохыг харуулж байна.

3.3. Жендер судлалын хичээл заах багшийн нөөц боломж
Одоогийн их дээд сургуульд жендер судлалын хичээл хөтөлбөрт нь тусгагдахгүй байгаагийн гол шалтгаан нь энэ талаар бүрэн мэдлэгтэй багшлах мэргэжилтэн хомс байгаатай нэг талаас холбоотой юм. Жендер судлалтай холбоотой тусгай хичээл ордог хоёр их сургуульд уг хичээлийг заадаг тус бүр нэг нэг багш байсан юм. Манай судалгаанд хамрагдсан багш оюутнуудын тодорхой хэсэг нь багшлах боловсон хүчин ховор гэдэгтэй санал нэг байна. /Хавсралт 1-ийн хуудас 7-д үзнэ үү/
Гэхдээ жендерийн богино сургалтыг нилээд өргөн хүрээнд зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагад жендерийн асуудлаар багшлах чадвартай, туршлагатай ажилтнууд цөөнгүй байдаг. Мөн их дээд сургуулийн багш нарын дунд ч тодорхой мэдлэгтэй багш нар нилээд байдаг нь судалгаагаар харагдсан.

3.4.Жендерийн асуудлаархи ном хэвлэл
Жендер судлал Өрнөдөд 1970-аад оноос үүсч хөгжсөн учир асар их судалгааны ажлууд сурах бичиг, ном зохиолууд хэвлэгдэн гарсан байдаг. Манай ЭТББ-ууд Жендерийн асуудлаархи ном хэвлэлийг гадаадаас оруулж ирэхэд идэвхтэй ажиллаж байна. Учир нь их дээд сургуулийн номын санд байхгүй баялаг цуглуулгыг ЗХЖТ, ЛЭОС зэрэг байгууллагын номын сангуудаас харж болно. Гэхдээ голдуу англи хэл дээр байдаг эдгээр ном зохиолыг хэрэглэгчдийн тоо одоохондоо маш хязгаарлагдмал аж. Хэдийгээр оюутан сурагчид энэ асуудлыг сонирхдог ч тэдний дунд түгээмэл байдаг хэлний бэрхшээл нь шинэ мэдлэг мэдээллээс хүртэхэд саад болсоор байна.

Номын сангууд ба Жендер судлалтай холбоотой
ном хэвлэлийн олдоц, хүртээмж
Энэ тайлангийн 2.2-т дурдсанаас үзэхэд ИДС-ийн оюутнууд болон багш нарт нийгэм дэх эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн онцлог харилцааны талаар мэдээлэл, мэдлэг олж авах хэрэгцээ байдаг нь тодорхой юм. Харин сургуулиудын номын сангуудад жендерийн асуудалтай холбоотой ном хэвлэлийн олдоц тааруухан байлаа. Энэ байдал шинэ мэдээлэл хүссэн оюутнуудын өмнө тулгардаг бодитой бэрхшээл болох нь судалгаагаар харагдсан юм. Судалгаанд хамрагдсан оюутнууд жендерийн асуудлаар мэдлэг мэдээлэл авахад ном сурах бичгийн олдоц муу байдаг гэж хариулжээ.

Их дээд сургуулийн номын сангууд
Монголын ИДС-иуд нь бүгд оюутны номын сантай байдаг. Тэдгээрт жендер судлал, эмэгтэйчүүдийн асуудалтай холбоотой цаг үеэ тусгасан ном хэвлэлүүдийн тоо маш цөөхөн байна. Хамгийн том сургууль болох МУИС-ийн нийгмийн ухааны номын сангийн монгол номын каталогит эмэгтэйчүүд гэсэн ангилал байх боловч нэг ч ном байхгүй, УБИС-ийнхад мөн адил энэ сэдвээр ном хэвлэл байдаггүй гэсэн юм. Харин МУИС-ын гадаад номын social sciences гэсэн ерөнхий ангилалын дор уг сэдвээр цөөн боловч ном хэвлэлүүд байлаа. Гэвч оюутнуудын англи хэлний мэдлэгийн түвшин хангалтгүй байдгийг тооцвол эдгээр нь өргөнөөр хэрэглэгдэх магадлал бага юм. Хэдийгээр МУИС-ын нийгмийн ухааны номын санд сүүлийн 2000-2001 онуудад гадаад хэл дээрхи номын хангалт гадны санхүүжилтээр хийгдэж байгаа боловч жендер болон эмэгтэйчүүд судлалын ном зохиол хараахан орж ирээгүй байна

Улсын төв номын сан
Улсын төв номын сан бол оюутнуудын хамгийн их үйлчлүүлдэг газар юм. Энд монгол номын хэсэгт эмэгтэйчүүдийн асуудлаар байгаа номуудын дийлэнхи нь 1990-ээд оноос өмнө хэвлэгдсэн номууд байсан ба эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр -3 ном байлаа. Жендер гэсэн нэр оролцсон нэг ном байсан нь Хүний эрх ба хөгжил төвийн 2000 онд хийсэн Монгол улс нөхөн үржихүйн эрүүл мэнд, жендер ба эрх гэсэн судалгааны бүтээл байлаа. Сүүлийн үед хийгдсэн жендерийн асуудалтай холбоотой янз бүрийн бусад судалгааны тайлан-бүтээлүүдээс нэг ч байсангүй. Харин гадаад хэвлэлийн тасагт жендер ба эмэгтэйчүүтэй холбоотой сэдвээр хэд хэдэн номууд байдаг байна.
4. Дүгнэлт / Санал

Бид Жендер судлалыг хөгжүүлэх асуудлыг академик болон албан ёсны хүрээнд нэвтрүүлэх, хуульчлах, жендер судлалыг ямар нэг байдлаар институтжүүлэх /их дээд сургуулийн хөтөлбөрт оруулах, жендер судлалын бие даасан субьект ажиллуулах г.м/ гэсэн утгаар ойлгож боломж хэрэгцээг нь тодруулахыг хичээсэн юм.
Иймээс юуны өмнө их дээд сургууль дах жендерийн асуудлаархи сургалтын байдалд ажиглалт хийсэн. Жендерийн асуудал нь их дээд сургуулиудын нийгмийн ухааны зарим хичээлүүдээр хөндөгддөхөөс гадна, хоёр их сургууль /МУИС-ын ХАЗССТ ба ХИС/ жендер судлалтай холбоотой хичээлийг сургалтын хөтөлбөртөө оруулсан байлаа. Харин оюутнуудын дунд явуулсан судалгаанаас үзэхэд тэд жендерийн асуудлаар тийм ч цэгцтэй мэдлэг мэдээлэлтэй болж чадахгүй байгаа болон энэ талын мэдлэгээр дутагдаж байгааг тэдний дунд явуулсан санал асуулга, фокус группын аргаар авсан судалгааны дүнгээс /Хавсралт 1 ба 2-оос/ харж болно. Тусгай хичээл орж байгаа ХАЗССТ-ийн Жендер ба хөгжил хичээл нь хүн ам, хөгжил, нийгмийн асуудалд голчлон анхаарч байгаа нь жендерийн асуудалд хүн ам зүйн аспектаасаа хандаж байгаа хэрэг юм.
Нөгөө талаас жендерийн асуудлыг их дээд сургуулиуд хичээлийн хөтөлбөртөө ямар нэг байдлаар тусгаж эхэлсэн нь түүнийг зөвхөн эмэгтэйчүүдийн эсвэл ЭТББ-ын асуудал мэтээр ойлгож байснаа больж, академик хүрээнд анхаарч эхэлсний илрэл гэж ойлгож байна. Гэхдээ тодорхой онол бүхий мэдлэгийн салбар болохынх нь хувьд биш харин жендерийн тэгш байдалд хүрэх практик зорилттой холбох үүднээс ойлгох нь давамгайлж байна уу гэж санагдсан юм.
Судалгаагаар жендерийн мэдлэг, туршлагатай мэргэжилтэн бэлтгэх явдал бодит хэрэгцээ болсон нь харагдлаа. Ийм мэдлэг, мэдрэмжийг бодлого боловсруулагчдаас эхлээд эхлээд цэцэрлэгийн багш нарт ч олгох хэрэгтэй юм.
Жендер судлалыг хөгжүүлэх хэрэгцээг мэргэжилтэн бэлтгэх хэмжээнд төдийгүй наад зах нь бидний өмнө хуримтлагдсан хариулж мэдэхгүй байгаа олон асуултуудаас харж болно. Тухайлбал, олон нийтэд тулгарсан зарим тодорхой бус асудлууд улс төрийн сонгуулийн үеэр өндөр давтамжтайгаар ил гарч ирэх нь байдаг. Үүний нэг болох Монголын парламентийн өнгөрсөн сонгуулийн үеэр болж байсан уулзалт ярилцлагуудад тавигдсан эмэгтэй нэр дэвшигчдийн тухай асуулт, хариултаас харахад жендерийн асуудлаархи системтэй мэдлэг, мэдээллээр олон нийт дутагдаж байгаа нь илт ажиглагдсан юм. Мөн бидний өдөр тутмын амьдралд ч энэ талаар маргаантай асуудлууд гарч байдаг. Жендерийн мэдлэг мэдээллийн хэрэгцээг их дээд сургуулиудын багш оюутнуудын дунд хийсэн түүвэр судалгааны дүнгээс харж болно. Жендерийн асуудлын талаар тэдний ойлголт олон янз төдийгүй бүрхэг, тодорхой бус байна.
Жендер судлалыг хөгжүүлэх асуудал цаашид жендерийн асуудлаар хийгдэх судалгааны хэрэгцээтэй холбоотой юм. Нийгмийн асуудлыг жендерийн харилцааны үүднээс нь судлан шинжлэхэд, гадны мэргэжилтэн биш, харин жендер судлалын онол арга зүйн мэдлэгтэй үндэсний мэргэжилтэнтэй байх нь чухал билээ. Жендер судлалаар мэргэжсэн боловсон хүчингүйгээр Монголын нийгмийн жендерийн харилцааны нарийн далд онцлог мөн чанаруудыг уудлан гаргах боломжгүй юм.
Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагаас жендерийн асуудлаар зохион байгуулж байгаа бие даасан, томоохон сургалтуудад дан гадаадын мэргэжилтэн, эрдэмтэд, судлаачид ирж, лекц семинар хийж байна. Нэгэнт ийм чиглэлээр сургалтанд хамрагдах эрэлт хэрэгцээ их байгаа нь өөрийн орны мэргэжилтэн хэрэгтэй болсныг харуулж байгаагийн бас нэг баталгаа мөн.
Энэ бүхнээс Жендер судлалыг институтжүүлэн хөгжүүлэх хэрэгцээ шаардлага бий болсон нь бэлхнээ харагдаж байна. Үүнийг хийхэд тулгарч болох хэлний, материаллаг болон хүн хүчний нөөцтэй хамаатай бодит бэрхшээлээс гадна бидний хэвшмэл санаа бодлоос үүдэх саад тотгор байж болохыг үгүйсгэхгүй байна. Магадгүй энэ хэрэгцээг бидний зарим маань жендерийн асуудал нь амьдралын өдөр тутмын үйл явдалтай шууд холбоотой, ойлгомжтой мэт санагддагаас тэр бүр анзаарахгүй ч байж болох юм. Нөгөө талаар жендер судлал нь эмэгтэйчүүдийн асуудалтай нягт холбоотойгоос үүдээд ойшоон үзэхгүй байх олон нийтийн хандлага ч тодорхой саад болж болох юм.
Жендер судлалыг хөгжүүлэх, их дээд сургуулиудад Жендер судлалын хичээл оруулах нь дүрэм журмын хувьд нээлттэй боловч энэ талын хэрэгцээ шаардлага тулгамдсан шинжтэй болоод байгааг анхааран үзэж, чиглэсэн үйл ажиллагаа явуулах чадвартай байгууллага субьект одоогоор хомс байна. Монгол улсын засгийн газрын хэмжээнд Жендерийн тэгш байдлын асуудлаархи үндэсний зөвлөл ажиллаж байна. Энэ зөвлөл зорилтоо хэрэгжүүлэх арга зүйн болон мэргэжилтний бааз суурийг жендерийн системтэй сургалтгүйгээр бий болгох аргагүй юм. Иймд их дээд сургуульд жендер судлалын хичээлийг оруулах асуудлыг зохион байгуулалтын хувьд анхааран үзэж санаачлагатайгаар дэмжих ажил хийх нь зүйтэй. Жендерийн асуудлаар ажиллаж туршлага хуримтлуулсан төрийн бус байгууллагууд болон их дээд сургуулиудад энэ чиглэлээр бодитой ажил хийх зам бүрэн нээлттэй байна.
Судалгааны дүнд үндэслэн жендер судлалыг хөгжүүлэхэд чиглэсэн дараах ажлуудыг санал болгож байна. Үүнд:
1. Жендер судлалыг нийгмийн ухааны их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт нэвтрүүлэх, жендерийн мэдлэгтэй үндэсний мэргэжилтэнг бэлтгэх, жендерийн системтэй мэдлэг, мэдээллийг бүрдүүлэх
2. Жендерийн асуудлаар мэдээлэл авах боломжийг ялангуяа оюутнуудад нэмэгдүүлэх үүднээс уг асуудлаархи судалгааны бүтээлүүдийг их дээд сургуулийн номын сангууд болон Улсын төв номын санд байрлуулах
3. Жендер судлалын ном зохиолуудыг гадаад хэлнээс орчуулан хэвлэх ажлыг дэмжих
4. Одоогоор жендерийн системтэй мэдлэгийг олгох нөхцөл байхгүй байгааг харгалзан, гадаадад мэргэжилтэн бэлтгэхэд тусгайлан анхаарах, тухайлбал, засгийн газрын хэлэлцээрээр гадаад суралцагчдын мэргэжлийн жагсаалтанд жендерийн судлалыг /дипломын дараах сургалтанд / оруулах
5. ИДС болон ШУА зэрэг академик түвшины байгууллагын судалгааны төсөл хөтөлбөрт жендер судлалын асуудал оруулахыг дэмжих
6. Жендер судлалаар тусгайлан ажилладаг байгууллага байгуулах