Шилжилтийн төгсгөл ба долоон сарын нэгний үйл явдал


Тамир (ta_miraa@yahoo.com) Бодлого судлаач, Социологийн тэнхим, МУИС – Олон Улсын Харилцааны сургууль, Сант-Андрюсийн Их сургууль, Британи
Британийн Монголчуудын Монгол орны хөгжилд Тавдугаар чуулга уулзалтын Монгол Хүн Нийгэм Соёл салбар хуралдаанд тавигдсан илтгэл.
Төрсөн өдөр: Монголын ардчилал 18 нас хүрч долоон сарын нэгэнд төрсөн өдрөө тэмдэглэлээ. Аав ээж, ах эгч нарын зааж өгсөн хулгай, дээрэм, хүчирхийллийг яаж сурснаа багш нартаа харууллаа. Бидний хийж байгаа судалгаагаар бүхий л нас, хүйс, давхаргын, янз бүрийн ажил мэргэжилтэй хүмүүс төрсөн өдрийг хөгжөөлөө. Тэр ч байтугай ахмадууд маань ч гэсэн “танго эргэж” өтөлснөөс биш үхээгүй гэдгээ нотоллоо. Ардчилсан гэж бид бахархдаг энэ улсад иргэд нь дөнгөж саналаа өгч дуусангуутаа яагаад тэрийгээ эсэргүүцээд эхлэв? Үүнтэй зэрэгцээд төрсөн өдрийг гадны мэдээллийн хэрэгсэл ирж үнэ төлбөргүй дэлхий даяар сурталчиллаа. “Монголын коммунистууд Оросуудын тусламжтайгаар сөрөг хүчнээ дарах өдөөн хатгалга байсан”, “америкчууд монголд ураны хувьсгал хийх гэж оролдлоо”, “Монголд өнгөт хувьсгал хийх гэсэн барууны гар хөл болсон хөдөлгөөнүүдийн ажил” гэх зэргийн тайлбарууд зүүлттэй. Чухамдаа ямар өнцгөөс харж буйгаас шалтгаалан уг асуудлыг монголын дотоод улс төрийн зөрчил, байгалийн баялаг, гадаад бодлого, их гүрнүүдийн ашиг сонирхлын өргөн хүрээнд харах гэсэн таамаглалууд юм. Энэхүү илтгэлд үйл явдлын суурь учир шалтгаан руу таны анхаарлыг хандуулах болно.
ДОЛООН САРЫН НЭГНИЙ ӨМНӨХ МОНГОЛ ОРОН
Гурав дах давалгаа: 1980-аад оны сүүл гэхэд “ардчиллын гурав дахь давалгаа” дэлхий нийтийг хамарч дэлхий ертөнцийн олон газарт авторитор дэглэмүүд нурж унасан юм. Ингэж монгол 1990 оны ардчилсан хувьсгалтай золгож постсоциалист орнуудын адил “зах зээлийн эдийн засаг”, “ардчилсан засаглал”-руу шилжих үйл явц эхэлжээ. Ф.Фукиямагийн либерал үзэл баримтлал эргэлт буцалтгүй ялж “түүх төгсгөл ирлээ” гэсэн дүгнэлт алдаршиж, хандивлагч нар “Вашингтон консенсуас” нэгдэж, дэлхий ертөнцийг ардчилалд шилжихэд нь туслах сангуудын үйл ажиллагаа хэзээ хэзээнээс илүү идэвхижсэн юм. Чухамдаа ийм л процессын нэгэн хэсэг болж монголчууд бид арван найман жилийг ардаа үлдээжээ. Туулсан замаа нэхэн харвал алдахдаа алдаж онохдоо онож л явсан байх. Ямар боловч нэгэн үеийн монголын түүх долоон сарын нэгнээр төгсөж шинэ үеийн түүх энүүгээр эхэллээ.
Магтаал ба шошго: Долоон сарын нэгэнд сонгуулийн булхайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал (demonstration), түүний дараах олон нийтийн хүчирхийлэл (public violence), дээрэм, түймэр, цагдаа иргэдийг буудан хороосон, иргэдийг тэр дотроо хүүхдүүдийг хууль бусаар барьж хорьсон зэрэг олон аймшигтай үйл явдал болж өнгөрчээ. Онц байдал зарлаж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаав. Үүнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Гэтэл улс төрийн хүчнүүд асуудлыг үнэлж дүгнэхийг оролдсонгүй. Зөвхөн энэ асуудлыг ч биш ер нь бид өнгөрсөн арван найман жилийн түүхээ зөвхөн магтахаас гадна бодитой үнэлж байл уу? “Төв азийн цээжин дээр ардчиллын арал”, “Монголын ардчилал сайн”, “институтжсан”, гэх мэтийн цаасан малгайг өмсөж явсаар долоон сарын нэгнийг хүргэлээ. Бид дандаа магтуулах дуртай хүүхэд шиг л байлаа. “Болж байна энэнээс илүү яахав”, “социйн үед ямар байлаа”, “битгий дандаа шүүмжлэлт нүдээр хар”, “алдаа оноо байгаа ч бид урагшилж л байна” гэсэн нэг л өнгө аястай дүгнэлт, өөдрөг парадигмыг нийгэмд тулгаж тэрүүгээрээ бүхнийг хааж явсаар яг арван найман жил болжээ. Асуудал дэвшүүлж үнэн рүү дөхөхийг оролдсон хүмүүсийг “шизотой”, “хятадын эрлийз”, “бүтээгч биш шүүмжлэгч” гэсэн нэр шошго нааж үзэл санааных нь үнэ цэнийг алдагдуулж хувийн асуудал болгон хувиргаж байлаа.
Урсгал сөрөгчид: Нийгэмд өөрсдийгөө өмөөрөх “дарга анги”-ийн философи л хувааргүй ноёрхож нийгмийн үнэт зүйлсийг тодорхойлж ирлээ. “Монголд авлига байхгүй”, “сонгууль дажгүй хийлээ, яахав алдаа байгаа”, “ажил хийж байгаа хүн алдаж онолгүй л яахав” гэсэн үгийг бид сонсож тэд хэлж нэгэнт даджээ. Гэвч бид буруу замаар яваад байна гэж олон хүн урсгал сөрөн ярьж шүүмжилж байсныг зайлшгүй дурдах ёстой. Тэднийг болзмол байдлаар нэгд судлаачид эрдэмтэд, хоёрт улс төрч, төрийн албаныхан, гуравт утга зохиол, сэтгүүлчид гэсэн гурван үндсэн бүлэгт хуваан үзэж болно. Эхний бүлэгт Баабар, Б.Батчулуун, Ц.Болд, Д.Ганхуяг, С.Дашдаваа, Х.Тэмүүжин, Т.Ундарьяа, Б.Чимид, Г.Чулуунбаатар, Д.Чулуунжав зэрэг олон хүмүүс судалгаа шинжилгээний ажлын үндсэн дээр санал хэлж байлаа. Дараагийн хэсэгт Ж.Батзандан, Э.Бат-Үүл, Д.Энхбат, М.Энхсайхан зэрэг цөөхөн хүмүүсийг дурдагдана. Сүүл хэсэгт нь Л.Баатархуяг, Ц.Гомбосүрэн, Л.Дашням, Л.Мөнхбаясгалан, Б.Лхагвасүрэн, С.Сосорбарам, Д.Урианхай нар ч байгаа. Дээр дурдсанаас гадна маш олон хэрэгжүүлэгчид (practitioners) Г.Баасан, Б.Болдсайхан, Р.Бурмаа, Д.Жаргалсайхан, Ж.Занаа, М.Ичинноров, Ж.Лхагважав, О.Магнай Ц.Мөнхбаяр зэрэг олон хүн бий.
Шилжилтийн төгсгөл: 2002 оны хавар АНУ-ын тэргүүлэх “Ардчиллын сэтгүүл”-д сэтгүүлд Т.Каротерсийн (Carothers 2002) “Шилжилтийн Парадигмийн Төгсгөл” нийтлэгдэв. Гарсан даруйдаа асар шуугиан тарьсан бөгөөд сүүлийн хорь гаруй жилийн туршид ардчиллын судалгаа, сэтгэлгээний ололт, тэргүүлэх эрдэмтэдийн үзэл баримтлалд маш хүчтэй цохилтыг өгчээ. “Шилжилтийн” гэдэг ерөнхий онолыг бүрдүүлэгч гол үндэслэлийг таван аргументаар шүүмжилж дампуурсан болохыг тэрээр зарлаад олон зүйлийг эргэн харах шаардлагатай гэдгийг мэдэгджээ. Тэргүүлэх эрдэмтэд тэр өгүүллийн талаар өөрсдийн сэтгэгдлийг бичиж эхэлсэн бөгөөд энэ бүхнийг тусад нь нэг дугаар болгож гаргав.
Саарал бүс: Т.Каротерс монголын ардчиллыг “Саарал бүс”-ийн “сулхан плюрализм” (Into the Gray Zone-feckless pluralism) гэж дүгнэсэн. Тэрээр үүнийгээ тодорхойлохдоо “Сулхан плюрализын онцлог нь олон ургальч үзэл нэвтэрсэн, нийгэмд улс төрийн эрх чөлөө байдаг, сонгууль тогтмол явуулдаг, улс төрийн хүчнүүд хоорондоо эрх мэдлийг ээлжлэн шилжүүлдэг зэрэг эерэг тал байгаа ч ардчилал бага төлөвшсөн байдаг. Иргэдийн улс төрийн оролцоо сонгуулийн үед маш идэвхтэй өрнөдөг ч санал өгөхөөс цаашгүй, гол улс төрийн намуудын удирдлагууд хээл хахуульд идэгдсэн, зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө ярьдаг, удирдах ур чадвар тааруухан, эрх мэдэл шилжсэн ч нэг бүтэлгүй толгойноос нөгөөд шилждэг бөгөөд ард иргэд нь улс төрөөс залхсан, ялзарсан хээл хахуульд идэгдсэн зөвхөн дээд зиндааныхны хийдэг ажил гэсэн ойлголттой явдаг сэтгэл дундуур явдаг. Төр засгийн аппарат харьцангүй сул, эдийн засгийн бодлого маш тааруухан төлөвлөгдөж, гүйцэтгэл нь бүр дорой байдаг тул эдийн засгийн байдал хүндэвтэр, нийгмийн болон улс төрийн шинэчлэл бас л хүндрэл бэрхшээлтэй тулгарч улс орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадваргүй байдаг. Зарим оронд эрх мэдэл шилжүүлэх нь түр зуурын холбоо байгуулах, олоны дунд ганц нэг нэр хүндтэй хүнээр толгойлуулсан халаасны нам байгуулах, жишээтэй” гэв. “Саарал бүс”-ийн орнууд нь өнгөц харахад ардчилалтай мэт харагдаж институтууд ажиллах боловч эцсийн үр дүн нь эрх мэдлийг гартаа авсан цөөхөн бүлэг хүмүүст чиглэсэн байдгаараа онцлогтой.
Бүр 1990 онд С.Хантингтон (Samuel Huntington 1991) монголын ардчиллын шилжилтийг “шилжүүлэн суулгаж байгаа” (transplacement) ардчилал хэмээн тодорхойлсон. Тэгэхлээр энэ нь бүтэлгүйтэх аюул ямагт дагалдаж байдаг уу гэсэн асуулт дагалдан гарч ирнэ. Майкл Мкпаул монголыг бүр 2002 онд “хагас ардчилалтай” (Partial-Democracies) (McFaul, Noncooperative Transitions in the Postcommunist World 2002) гэсэн ангилалд оруулсан. Ерөнхийдөө монголын ардчиллыг нэлээд эерэгээр үнэлж байсан гол хүн бол С.Фиш, Т.Гинсбүрг нар бөгөөд С.Фиш “Freedom House”-ийн судалгааг үндэс болгодог.
Шилжилтийн асуудлыг тусгайлан судалдаг дэлхийн 119 улсыг багтаасан “Бертельсманы шилжилтийн индекс”(Bertelsmann Transformation Index) судалгаанд 2006 онд Монгол Улс нь 10 оноо авахаас 6 оноог авч байсан бол 2008 онд 6.25 авч 43-р байрнаас 44-р байранд орж ухарчээ. Чухамдаа ингэж постсоциалист тогтолцоонд харъяалагдаж байсан орнуудад явуулсан шилжилтийн ижил төстэй бодлогууд зарим газар амжилт олоод зарим газар дампууран унасны шалтгааныг институцтай холбон тайлбарлаж байна. 1990-ээд онд АНУ тэргүүтэй олон улсын байгууллага болон хандивлагчид хөгжиж буй болон шилжилтийн эдийн засгийн асуудалд хандах гол чиглэлийг тодорхойлсон “Вашингтоны зөвшилцөл” гэсэн баримт бичигт 1) Хувьчлах, 2) Төвлөрлийг сааруулах, 3) Либералчлах гэсэн дэс дараалсан эдийн засгийн бодлогын үндсэн хэсгүүдтэй бөгөөд тухайн цаг үеийн хамгийн шинэлэг онолын сэтгэлгээг зүй ёсоор агуулж байжээ. Өнөөдөр яг энэ шалгуураар монголд хэрэгжсэн бодлогыг эргэн харж дүгнэн үзвэл Монголынх бүхэлдээ бүтэлгүйдсэн орны жишээнд орох юм. Судлаач Д.Ганхуягийн бичсэнээр 1989 онд социалист БНМАУ дэлхийд нийгэм-эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийн 200 гаруй улсаас 72 дугаар байранд байсан бол одоо 170–180 дугаар байранд орж байна.
Авлига: 1999 онд “Ардчилсан холбоо” эвсэл МАХН-д ЗГ-ыг хүлээлгэн өгөхийн өмнө Монголчууд бид авлигаараа дэлхийн 99 орноос 43-т 4.3 оноотой явж байж. 2004 онд МАХН засгийн эрх барьж Н.Энхбаяр даргатай, Н.Багабанди ерөнхийлөгчтэй байх үед Монголын авлигын индекс 146 орноос 85-д нь ортлоо хойшилж 3.0 оноотой болж муудсан юм. Энэ жилүүдэд авлига хэмжээ хязгааргүй өсч “дарга анги” монголд авлига байгаа гэж хэлсэн хүмүүсийг “чи яаж мэдэж байгаа юм баримт нь байгаа юм уу гэж” гэж даапаалдаг байлаа. 2004 оны сонгуулийн дараа хоёр намын “Зөвшилцөл 1, 2” хэрэгжиж байхад авлига улам бүр газар авсаар л байв, ямар боловч Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн сүүлчийн жил болох 2006 онд авлига 163 орноос 102-т орж 2.8 оноо автлаа доошоо орсон юм. Дээрх судалгаанаас харахад монголчууд бид лав л авлигыг амжилттай хөгжүүлсэн юм байна, харин ардчиллыг хөгжүүлж чадсан болов уу. 2006 онд Монголд “Ардчиллыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулах”-тай холбогдсон судалгааны ажлыг НҮБ-ээс санхүүжүүлж МАХН-ын Г.Чулуунбаатар, АН-ын Д.Ганбат зэрэг голлох эрдэмтэдийн хамтарч хийсэн судалгаагаар “Монгол дахь ардчилсан засаглалын төлөв байдлын үнэлгээ 3.02 буюу ардчилсан ба ардчилсан бус шинжүүд ойролцоо байна” гэсэн дүгнэлт гарав. Шуудхан хэлбэл “хагас ардчилал” гэдэг нь “хагас дарангуйлал”-д байгаа гэсэн үг юм. Дүгнэвэл монголын улс төр, эдийн засгийн шилжилт дуусаагүй харин гацчихаж үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болжээ. Үнэхээр ч сонгуулиар засгийн эрх мэдлийг шилжүүлэхээ больж, сөрөг хүчин байхгүй болж, хэлбэр төдий сонгуультай Монголыг өдгөө ардчилсан гэж тодорхойлоход туйлын ярвигтай болоод байна.
Дээрх байгууллага, судлаачдын дүгнэлтийг долоон сарын нэгний жагсаал, түүний дараахи олон нийтийн хүчирхийлэл нотоллоо. Гэтэл уг үйл явдлын дараа ч гэсэн “хэрэг хийсэн хүмүүс шийтгүүлэх ёстой”, “энэ төр засаг гэж байдаг юм бол яллах ёстой” гэсэн энгийн бөгөөд хялбар дүгнэлтээр л амаа таглаж байна. Тэгээд “бүх юм хуулийн дагуу байх ёстой” гэж нэмж хэлэхээ мартахгүй байна. Үнэхээр л монголд бүх зүйл хуулийн дагуу байдаг юм бол ийм зүйл болох байсан гэж үү.
Юу болов? Уг нь долоон сарын нэгний өдөр сүртэй юм болоогүй. Энэ өдөр намууд өмнөхөөс илүү булхай хийгээгүй (өмнөх шигээ МАХН манлайлаад л бусад нь тохиролцоод л хийсэн), энэ өдөр СЕХ аймаар муу ажиллаагүй (өмнө ч гэсэн ингэж л ажиллаж байсан), чухам энэ өдөр хөдөлгөөнүүд анх удаа жагсаагүй (магадгүй 35 дахь жагсаал байсан), зөвхөн тэд ч чулуу шидээгүй (Оюутнууд, “Даяар монгол”-ынхон бүх төрийн ордны цонхыг чулуугаар хагалж байсан), энэ өдөр цагдаагийнхан гэнэт хүний эрхийг зөрчөөгүй (өмнө зөндөө хүн цагдаад зодуулж үхэж л байсан), Ерөнхий сайд ч гэсэн анх удаа намын даргын байрандаа хоргодоогүй (ер нь дандаа намын даргын байр сууринаас ажилладаг байсан), энэ өдөр ХЭК өдөр болгон ажилладаг шигээ ажилласан (Комиссын дарга хүний эрх зөрчигдөөгүй гэж мэдэгдсэн), ял сонсож байгаа хүмүүсийг өөр хуулиар шүүгээгүй, (2002 оноос гар утас хулгайлсан хүүхдэд 7 жилийн ял өгдөг хуулийг хэрэглэж байгаа), Монгол ТВ зөвхөн энэ өдөр л гэнэт нэг талыг бариагүй (угаасаа эрх барьж байгааг нь үргэлж барьдаг), ганцхан энэ өдрүүдэд АН монголын ардчиллыг худалдаагүй (угаасаа тэд боломж гарвал л хэдэн сайдны суудлаас худалдаж ирсэн), яг энэ өдөр л Парламент хаалттай хуралдаагүй (болж өгвөл үргэлж хаалттай хуралдах санаатай байдаг), Ерөнхийлөгч зөвхөн энэ өдөр эрх мэдлийг аваагүй (угаасаа л маш их эрх мэдэлтэй). Хэрвээ Байшин шатаасан, хүн буудсан хоёрыг л эс тооцвол бидний өдөр болгон хардаг ердийн нэг л зураг байгаа биз дээ.

ДОЛООН САРЫН НЭГНИЙ ДАРААХ МОНГОЛ ОРОН
Төрсөн өдрийн маргааш нь шартаж шинэ амьдралтай золголоо. Арван найман насны босгон дээрээс харахад амьдрал маань сайнгүй байна. Илтгэлийн гол санааг эрэмбэлсэн зургаан алхмаар илэрхийлнэ. Яг үнэндээ бол нэг л зүйлийг зургаан төвшин, салбарт хувааж өгүүлэх болно. Энэ бол өдөр тутам ярьдаг хяналт, хариуцлага, гагцхүү үүнийг нийгэм, улс төрийн системийн төвшинд зураглавал ийм зураг харагдана.
Алхам 1. Хяналт ба эрх мэдэл хуваарилалт
Бидний алдаа бол эрх мэдлийг анхнаасаа хуваарилж чадаагүй, гүйцэтгэх засаглалд төвлөрүүлсэнд байна. Үүнийг нэгд: ЗГ-т хууль санаачлах, боловсруулах илүү бодит институтын давуу тал байгаа, хоёрт: намуудад намын дарга нь Ерөнхий сайд болдог жишиг тогтсон, гуравт: ЗГ-ын гишүүн УИХ-ын гишүүн давхар хийж болно, дөрөвт: Ингэж давхар хийж байгаа гишүүдийн тоо нийт УИХ-ын гишүүд дотор бараг дөрөвны нэгийг эзлэхээр хүчтэй байна. Ийм нөхцөлд УИХ яагаад ЗГ-ыг хянаж чадахгүй гэдэг нь ойлгогдох бөгөөд гүйцэтгэх засаглалын хяналтгүй эрх мэдэл бүх шатандаа авлигын сүлжээг гааруулж хүний эрхийг нулимаж байна. Дээр нь Парламент институтийн чадавхи сул, шийдвэр гаргах механизм нь удаан, хариуцлагагүй, парламентийн гишүүд сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээх механизм байхгүй. Уг нь эрх мэдэл хуваарилах зарчмын гол зорилго нь тоглогч нарт бялуу хувааж өгөхөд бус харин дарангуйлахад ямагт бэлэн байдаг хүчийг хэсэгчлэн тасчиж, харилцан зөрчилдүүлэх замаар хяналт үүсгэж, үүгээрээ хүний эрхийг хамгаалах явдал билээ. “Эрх мэдэл авлигыг төрүүлнэ, хязгааргүй их эрх мэдэл хязгааргүй авлигыг төрүүлнэ” гэсэн үнэн үг бий. Авлига бол манай улс төрийн системийн бүтээгдхүүн юм. Гэтэл Үндсэн хууль хүний эрхийг хамгаалах байтугай өөрийгөө ч хамгаалж чадахгүй байгаа бодит үнэнтэй эвлэрэе. Ийм шүүмжлэл өрнүүлээд эхлэхээр Ерөнхийлөгчийн засаглалтай больё гэж далим хайж дарангуйлал тогтоох сонирхолтой цөөнгүй этгээд байгаа учраас уг сэдвийг түр орхиё.
Алхам 2. Хяналт ба Төв засгийн газар-орон нутгийн харилцаа
Өнгөрсөн 18 жил бид орон нутгийн удирдлагатай ч юм шиг үгүй ч юм шиг явж ирлээ. Бид “ардчилал орон нутгаас эхэлнэ”, “монгол холбооны улс биш” гэсэн ухаантай үгнүүдийг холиод цээжилсний үр дүн нь энэ дээ. Одоо уг асуудлыг үндсэн хуулийн төвшинд л ярина. Юуны түрүүнд эрх мэдэл хуваарилалтын тэнцвэр хангахын тулд Үндсэн хуулинд заасан орон нутгийн удирдлагын тухай зөрчилтэй, хуучинсаг заалтыг өөрчилж орон нутгийг эдийн засаг дээрээ суурилсан, биеэ даасан, эрх мэдэлтэй өөрийн удирдлагатай болгох явдал чухал байна. Гэхдээ үүнийг аль социализмын үеээс засаг барьж байгаа орон нутгийн намын хороон дарга, шинэ цагийн бизнесменүүдэд зориулж биш харин иргэдэд зориулж хийх учиртайг мартаж болохгүй. Ингэж л шинэ цагийн “феодал”-уудын өөрсдөө сонгууль зарлаад, өөрсдөө нэр дэвшээд, өөрсдөө тоолоод өөрсдөө ялж байгаа эрээ цээргүй үйлдлийг таслан зогсооно. Хөлбөмбөгөөр бол шүүгч гэнэтхэн гоол хийгээд унавал яах вэ ийм тоглолт үзэгчид баярлалаа гэж хэлэх үү. Өөрөөр хэлбэл иргэдийн өмнө хариуцлага хүлээдэг орон нутгийн удирдлагыг бий болгоно гэсэн үг. Чингэвэл орон нутгийн институт өөрөө төв засгийн газарт хяналт тавьж эхлэх бөгөөд бас эрх мэдлийг тэнцвэржүүлэх зарчим давхар ажиллаж эхлэнэ. Дээр нь нэмээд орон нутгийн татварын систем, байгалийн баялгыг ашиглахад давуу эрхийг нь эдлүүлбэл аймгуудын дунд өрсөлдөөн бий болж улмаар УБ хотод үүсээд байгаа шилжих хөдөлгөөн, ядуурал, байгаль орчны хамгаалал зэрэг олон асуудлыг тэд өөрсдөө шийднэ.
Мөн 1990 оны “дуусаагүй хувьсгал”-ын орхисон нэг чухал ажил бол засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарь мөн бөгөөд яг хуучнаараа өнөөг хүрлээ. Аль социализмын үеийн үрэлгэн хэнд ч хэрэггүй систем дээр сонгуулийн тогтолцоог давхарлаад, нутгархах үзлээ хольчихоор яаж ч хөгжих вэ дээ. Уг нь аль таван жилийн өмнө бид чухам энийг л шийднэ гээд л эрх баригч хоёр нам өвөр түрийдээ ороо биз дээ. Одоо хаана байна?
Алхам 3. Хяналт ба Шүүх засаглал
Шүүх эрх мэдэл бие даасан байдлаа алдахлаар нийгмийн шудрага ёс яаж устаж, яаж дампуурдагийн жишээг монголоос харж болно. 2000 он хүртэл энэ машины хохирогч нь ихэвчлэн ардчилсан хүчнийхэн тухайлбал Ц.Элбэгдорж, С.Батчулуун, Х.Гүндалай зэрэг хүмүүс байдаг байсан бол сүүлийн үед дандаа нөгөө намынхан У.Хүрэлсэх, Занданшатар нар болж солигдлоо. Яагаад Ерөнхийлөгч бүрийг бид шүүхэд нөлөөлж байна гээд харддаг болчихов? Бас сонгогдсон Ерөнхийлөгч нь “би намаасаа татгалзаж байна” гэж хэлэхээр л “монголын эв нэгдлийн бэлэг тэмдэг” болчихдог үлгэр байна, тэгснээ дараагийн сонгуулиар буцаад л нөгөө “намаасаа нэр дэвшдэг”, мэдээж гарт нь дээд шүүхийн шүүгчийг томилох эрх мэдэлтэй, ийм байж ер нь болох уу. Үлгэр домгийн ийм заалтыг төр дээдэлдэг сэтгэлгээний илрэл гэхээс өөрөөр шинжлэх ухааны үүднээс би лав тайлбарлаж дөнгөхгүй. Ер нь анхнаасаа үндсэн хуульд “Төрийн тэргүүн томилно”, эсвэл “УИХ-тай хувааж тохиролцоно” гээд бүх юмыг хялбарчлаад хаячихсаны хар гай олон зүйл дээр гарч байгаа юм.
Алхам 4. Хяналт ба хууль
Өнгөрсөн хугацаанд батлагдсан нийт хуулийн агуулгыг төр ба иргэн гэсэн хоёр хэсэгт хуваагаад тавиад үзэх юм бол бараг бүгд “дарга анги”-ийн өөртөө зориулж баталсан хууль гэдгийг ойлгоход төвөгтэй биш. “Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа” гэж өөрсдийгөө тодорхойлдог хүмүүс төр төвтэй, социализмын үеийн үзлийг баримталж эдгээр хуулийг бичсэн болохоор иргэдийн эрх чөлөөг хамгаалах, хяналт тавих, зүйл заалтыг хайвал цагаа үрэхийн нэмэр. За яахав реклам болгож тавьсан ганц нэг үзүүлэн бий. Шоу гэдгийг нь ойлголгүй тэр заалтыг бариад асуудлаа хөөцөлдөж гэнэдэв ээ. Одоо сүүлдээ хууль тогтоох байгууллага нь хуулиа батлахдаа хүртэл хуулиа зөрчдөг болсон. Их хурлын дарга нь өөрөө хуулиа засдаг газарт иргэдийн жагсахыг ойлгож болох талтай.
Дэлхийн олон оронд төр гэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүс эрх мэдлээ ашиглан иргэдийн эрх чөлөөнд халдах явдал гардаг. Тухайлбал “Уотергейтын хэрэг”-ийг дурдаж болно. Тиймээс төрийн эрх мэдлийн хэмжээ заагийг хуулиар сайтар хязгаарлах ёстой, ямар ч хуулийн эцсийн зорилго нь иргэдийн эрхийг хамгаалахад л оршино. Хэрвээ ийм шалгуурыг баримталбал манай үндсэн хуулиас эхлээд бүх хууль гологдоно. Тэднийг бүгдийг нь шинэчлэх хэрэгтэй. Өнөөдөр хуулийг биелүүлэхгүй байх нь бахархал болон хувирчээ. Хүн болгон үл үзэгдэгч мэт хоёр амьдралаар амьдрана. Гоё нэртэй хууль цаасан дээр бол байгаа, харин бодит амьдрал дээр бол социал дарвинист дүрэм журам үйлчилнэ.
Алхам 5. Хяналт ба сөрөг хүчин
Ардчилсан нийгэмд хамгийн чухал хяналт бол сөрөг хүчин. Харамсалтай нь манайд одоогоор алга байна. Чухамдаа сөрөг хүчин иргэдэд тусалж төрийн бодлого, шийдвэрийн аюул, занал, худал хуурмагийг илчлэн хяналт тавих үүргийг гүйцэтгэдэг. Гэтэл “бид монгол төрд сөрдөггүй, бэлтгэл хүчин болно” гэсэн лоозон сонсогдож байна, за яахав үүнийг социализмын үеийн сэтгэлгээний толбо, үндэсний маягийн зүйлтэй холилджээ гэж тайлбарлаад өнгөрч болох ч ерөөсөө ардчилсан нийгмийн мөн чанарын эсрэг үзэл санааг нийгэмд түгээдэг улс төрийн нам хүртэл монголд бий. За тэгээд шүүмжилж, эрүүл саруул хэлэлцүүлэг хийх гэсэн хүмүүсийг “эх орны эрх ашиг” (үнэндээ олигархиудын эрх ашиг), “түүхэн боломж” (хувааж идэх шанс гэсэн үг), “цөөхөн монголчуудыг эвдрэлцүүллээ” (хэрэв олон бол болно гэсэн үг үү), “юм хийлгэхгүй улс төржүүллээ” (дуугай алга ташаад суу гэсэн үг), одоо эв нэгдэлтэй байж хөгжинө (эв нэгдэл гэдэг нь худал хуурмагийг хаах бамбай) гэж гутаан доромжлоно. Энэ бүхний эцсийн үр дүн нь долоон сарын нэгний төрсөн өдөр.
Аль социализмаас өмнө байгуулагдсан нам нэрнээсээ эхлээд огтхон ч реформ хийсэнгүй. Монголд хангалттай хуучны уламжлалтай коммунист нам байхад тэрэн шинээр үүссэн намууд нь бүр ч хуучинсаг коммунист үзлээр сюрприз барина. Тухайлбал сонгуулийн өмнө Ардчилсан намын “сонгуулийн хуулийн өөрчлөлт”, “эмэгтэйчүүдийн квот”-ыг эсэргүүцэж байсан нь үүний тод жишээ мөн. Шинэ намууд нь хуучинтайгаа өрсөлдөхийн тулд тэрнээсээ долоон дор зохион байгуулалт, санхүүжилтын схемийг бодож олж байна. Аль зуун жилийн өмнө “үүссэн төвлөн удирдах ардчилсан зарчим” гээчийг монголын бүх намууд тэр байтугай ТББ-уудыг хэрэгжүүлж байна. Ийм л нөхцөл байдлын улмаас өнгөрсөн 18 жилийн сонгуулийн түүхэнд чухамдаа ардчилсан хүчин ганцхан удаа ялалт байгуулсан юм. Одоо эргээд харахад энэ бол “Ардчилсан холбоо” эвслийн ялалт биш харин МАХН-ны ялагдал байж гэж дүгнэж болох бөгөөд түүнээс сургамж авсан МАХН дахин ийм алдаа хийсэнгүй. АН ч гэсэн өөрсдийгөө худалдах замаар долоон сарын нэгний “парти” хийх үндсийг тавилцсан. Тэгэхлээр “Ардчилагчдын хараацай” нар ч коммунист системийг нураасан гавьяаг монголын ардчиллыг худалдаж “парти” хийсэн хариуцлагыг цуг үүрнэ. Үр дүнд нь эрх баригч нам хүч чадлаа огт алдалгүйгээр барьж түүнийгээ хэсэгчлэн худалдах замаар баталгаажуулж улмаар монгол орон улам бүх авторитар дэглэм руу гулсан орж байна. “Эв нэгдэл”, “хамтын ажил”, “талцахгүй байх”, “улс орондоо хийж бүтээх” гэсэн гоё үгний цаана хуйвалдаан, тохиролцоо, хуваан авах ажил л явагдаж байна та эсэргүүцэх үү? Тэгээд үүнийгээ бүр шинжлэх ухаанжуулаад “зөвшилцлийн ардчилал” гэсэн гоё үгээр нэрлээд тийм номыг нь хайж олж орчуулуулаад зохиогчоор нь өмнөх үг бичүүлчихсэн байна. Уг нь тэр хүнээсээ “зөвшилцлийн ардчилал” гэдэг чинь Ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа хоёр хүний нэгийнх менежер нь Ерөнхий сайд, нөгөөгийнх менежерээр шадар сайд нь байхыг хэлдэг юм уу гээд асуугаад үзэх хэрэгтэй. Яг ийм жишээг монголоос өөр хаанаас ч хайгаад олохгүй. Үгүй олж болно гагцхүү “саарал бүс”-ийн орнуудаас хангалттай олж болно. Ерөнхийлөгчтэйгээ сонгуульд өрсөлдчихөөд дараа нь өөрөө хүртэл Ерөнхийлөгчийнхөө төлөө саналаа өгсөн гэдгээ хүлээдэг Төв Азийн орнуудаас харж болно. Тэр ч битгий хэл үндсэн хуулиндаа өөрийгөө бүх насаараа Ерөнхийлөгчөөр сууна гээд биччихсэн ардчилсан үндсэн хуультай улс ч хажууханд зөндөө л бий. Тэд бас намайг сонгохгүй бол “манай орны эв нэгдэл байхгүй болж иргэний дайн гарна” гэж хэлдэг юм.
Т.Каротерс энэ тухай гайхамшигтай бичжээ. Тэрээр “Сулхан плюрализм маш олон төрөлтэй. Зарим тохиолдолд эрх мэдлээ шилжүүлэн хуваалцдаг улс төрийн хүчнүүд бие биенээ үзэж чаддаггүй бөгөөд сөрөг хүчин байхдаа өрсөлдөгч намаа хааж боох, юу ч хийлгэхгүй байхыг зорьдог. Үүний нэг тод жишээ бол Бангладеш улс. Өөр бусад олон оронд улс төрийн хүчнүүд ил болон далд байдлаар сөргөлдөж, Никарагуад 1990-ээд оны сүүлээр болсон шиг эрх мэдэл шилжүүлсэн ч түүнийгээ үр дүнгүй болгох жишээтэй. Сулхан плюрализм нэрвэгдсэн Аргентин болон Балба мэтийн орнуудад баттай байр суурь эзэлсэн нам хоорондын өрсөлдөөн нь үндсэндээ хуйвалдааны шинжтэй болдог. Зарим оронд эрх мэдэл шилжүүлэх нь түр зуурын холбоо байгуулах, олны дунд ганц нэг хүнээр толгойлуулсан халаасны нам байгуулах, эсвэл Украйн болон Гватемал шиг улс төрийн ерөнхий дүр төрхөө тодорхойлохын тулд түр зуурын эвсэл холбоо байгуулах жишээтэй. Хэдийгээр эдгээр нөхцөл байдал гаднаас нь харахад ялгаатай мэт боловч бүгд л нэг шинж чанарыг агуулдаг. Тэр нь улс төрийн элитүүд дотроо өрсөлддөг ч нийт хүн ам, ард иргэдээсээ тасархай ангид болж, улс төрийн амьдралын утга учрыг алдагдуулж, үр өгөөжгүй болгодог юм” гэсэн нь монголыг тэр чигээр зурагласан байна.
Алхам 6. Хяналт ба иргэдийн оролцоо
1990 оны хувьсгалын хамгийн чухал уриа лоозон (социализмыг төгөлдөршүүлэхээс гадна) байсан “хүний эрхийг хамгаалах” нь өнгөрсөн хугацаанд нэг ч ахиц дэвшиц гарсангүй. “Дарга анги” хүний эрхийг хамгаалах ажлыг нэг өдөр, нэг цаг минут ч хийсэнгүй харин ч эсрээрээ боломж гарангуут л дарангуйлж, хүнд суртлыг нэмэгдүүлэхийг хичээж ирлээ. Бид өөрсдөө сонгосон хүмүүсээсээ айж явж амьдарч байна, уг нь тэдэнд “дарангуйлагч авир гаргаарай” гэдэг үүрэг даалгаврыг өгөөгүй л юм шиг санагдана. Хамгаалуулж явах учиртай цагдаагаас айж амьдардаг цөөхөн орны нэгнийх иргэн билээ би. Манай төр засаг үйлчилгээгээ нэг л өдөр “Нээлттэй хаалга” болгодогийг эс тооцвол бусад үед хаалттай байдаг билээ.
Хүмүүс өөрсдийн тусын тулд хамтын сонголтыг хэрэгжүүлэхээр төрийг бий болгодог гэж орчин үеийн онолд үзнэ. Өөрөөр хэлбэл иргэд эзэн болж төр гүйцэтгэгч болно гэсэн үг. Тэгсэн мөртлөө иргэд өөрсдөө төрийн гаргасан шийдвэрт үг дуугүй захирагдах ёстой, энэ бол төрөөс өөр хэнд ч байдаггүй монопол эрх мэдлээр тайлбарлагдана. Ийм тохиолдолд бидний байр солигдож Төр нь эзэн болоод ИРГЭН нь гүйцэтгэгч болж хувирна. Өөрөөр хэлбэл Иргэн ба Төрийн харилцаа нь хоёрдмол шинжтэй ажээ. Судлаач Дж.Бьюкени энэ хоёрдмол байдлыг “Захирагдагчийн парадокс” гэж нэрлэсэн юм. Хэдийгээр иргэд төрд зарим үүргийг гүйцэтгүүлэхээр тодорхой эрхийг даатгаж өгч төрийг бий болгодог хэдий ч төр бий болмогцоо өөрийн гаргасан тушаал шийдвэрийг дагаж мөрдөхийг шаарддаг. Дээрх гацаанаас үүдэн дараах хоёр асуудал урган гарч ирнэ. Нэгдүгээрт, иргэд хэдийгээр төрийг бий болгодог ч гэсэн төр гэнэт “мангас” болон хувирч иргэдийн хэлэлцэж тохиролцсон тохироог биелүүлэхгүй заасан хязгаараас хальж иргэдийн эрх ашгийг анхаарахгүй харин ч иргэдэд өөрийн хяналтыг тогтоох ийм явдал гарахгүй гэх баталгаа байгаа юу? Ийм аюулыг бүр 1651 онд Томс Гоббс “Левиафан” нэртэй бүтээлдээ анхааруулжээ. Хоёрдугаарт, төр өөрийн хүчирхийлэл хэрэглэх монопол байдлаа ашиглан иргэдийн ашиг сонирхлыг үгүйсгэж иргэдийн хувийн сонголт, эрх чөлөөнд халдах байдал гарахгүй гэх баталгаа бий уу?
Хүний эрхийг хамгаалахад зорилго нь чиглэгдэх учиртай хэвлэл мэдээллийн байгууллага, ТББ-уудыг гэсэн ийм шүүмжлэл тойрохгүй. Сонгууль бүрийн өмнө л ядуурал гэнэт буурдаг шиг хуурамч ТББ-ын тоо олширч зөвхөн нэг л хүчнийг дэмжих зорилгоор улс төрөөс санхүүжсэн ТВ-үүд идэвхжээд ирнэ. Мэдээллийн тэнцвэртэй байдал тооны олон цөөндөө биш өгч байгаа мэдээллийн чанарт нь байна гэдэг нь монголд улам бүр харагдаж байна. Сэтгүүлч Д.Цэрэнжав “Мөнгөө төлбөл сэтгүүлчид шударга ч байж бас чадна” гэсэн нь монгол сэтгүүлчийн л бодож олж чадах үг мөн.
Дүгнэлтийн оронд.
Монгол орныг маш энгийнээр хогийн савтай зүйрлэж болно. Хаана юу байгаа нь мэдэгдэхгүй юу хэрэгтэй юу хэрэггүй бас мэдэгдэхгүй, тэгээд гэрэл нь гэнэт асаад гэнэт унтраад л. Хогийн саванд байгаа хүүхдүүд төрсөн өдрийн баяраа нижгэр тэмдэглэлээ.
“Шилжилтийн” гэгдэх парадигм бүхэлдээ амжилт олоогүйг тайлбарласан Т.Каротерсийн үзэл санааг арван найман жилийн туршлагаараа Монгол улс дахин баталлаа. Шилжилтийн нэг үеийн цикл өнгөрснөөс биш шилжилт дуусаагүй, харин ч эсрэгээрээ шилжилт мухардалд орсон гэдэг нь харагдлаа. Зөвхөн монголд ч биш өөр олон оронд эргээд авторитар дэглэм рүү гээ ухарлаа. Үүний шалтгааныг ижил төстэй бодлогууд явуулсан нь заримд нь амжилт олоод зарим газар дампууран унасны шалтгааныг институцтай холбон тайлбарлаж байна. Тиймээс бид сая институтийн тухай л ярилцлаа, яаж сайжруулах вэ гэж.
Мэдээж бидэнд ололт зөндөө байгаа. Бид урагшлахгүй биш урагшилж байгаа гагцхүү бусад орнууд биднээс хурдан урагшилж амжилт олоод байгаа тухай л ярьж байна. Бидэнд бүх зүйл байгаа, баялаг байгаа, гайхамшигтай түүх байгаа, хүн болгоны монголоо чинь сэтгэл байгаа гагцхүү бидэнд хяналт, хариуцлагын тогтолцоо л алга байна. Хэрвээ хяналт, хариуцлага гэдэг хоёр зүйл алга бол хичнээн их баялаг, нөр их хөдөлмөр ч тус болно гэж үү дээ.
Тиймээс үүнийг хүлээн зөвшөөрч өнгөрсөн бүх хугацаанд явуулсан бодлогыг эргэн харж монголд өргөн далайцтай реформыг хойшлуулшгүй эхлүүлэх хэрэгтэй байна. Энэ ажил түүхэн тодорхой цаг үед үүргээ гүйцэтгэсэн үндсэн хуулиас эхэлнэ. Гэхдээ практик алхмын хувьд ийм яриа нь 1. Үндсэн хуулийг хүнийг эрхийг хамгаалахад л чиглүүлж сайжруулна, 2. Засаглалын хэлбэрийг солих тухай биш харин сайжруулах хүрээнд ажиллана 3. Улс төрийн бүх хүчний (Парламентад суудалтай гэж би хэлээгүй) хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангана гэсэн гурван гол элемент дээр бүгд нэгдэж “жентелмен гэрээ” хийсний үндсэн эхлэх учиртай. Мэдээж зэрэгцээд намын хууль, сонгуулийн хуулийг цоо шинээр батална. Дараа нь бүх намууд тарна, дахиад бүртгүүлнэ, ингээд л шараа тайлж шинэ амьдрал эхэлнэ. Энийг бид хийнэ, хийхээс өөр аргагүй, “дуусаагүй хувьсгал”-ын (unfinished revolution) бүтээгдхүүн болсон та бидэнд дуусгах эрхэм үүрэг оногдсон болой.
________________________________________
Bibliography
” Human right report on Mongolia.” http://mongolia.usembassy.gov/hrr08.html, Ulaanbaatar, 2008.
A.Tucker, Joshua. “Enough! Electoral Fraud, Collective Action Problems, and Post-Communist Colored Revolutions.” Perspective on Politics Vol5, September 2007: 535-551.
Bao”, China “Sin khua. www.inosmi.ru сайтад орчуулан тавьжээ. . August 5, 2008. (accessed 8 16, 2008).
Beissinger, Mark R. “Structure and Example in Modular Political Phenomena: The diffusion of Bulldozer/Rose/Orange/Tulip revolution.” Perspectives on Politics Volume 5, June 2007: 259-275.
Carothers, Tomas. “The end of the transition paradigm.” Journal of democracy, January Number 1, 2002.
EAGL. News. ULaanbaatar, July 1, 2008.
Fish, M. Steven. “The Inner Asian anomaly: Mongolia’s democratization in comparative perspective.” Communist and Post communist study, September 2001: 323-338.
Fish, M. Steven. “Mongolia: Democracy Without Prerequisites.” Journal of Democracy , 1998: 127-141.
Gregory Delaplace, Christopher Kaplonski, David Sneath. “The end of post socialism?” Inner Asia, 11 19, 2008: 325-65.
http://www.openforum.mn/annoucement.php?aid=379&cid=7. May 14, 2008. (accessed April 13, 2009).
“http://www.tsahimurtuu.mn/main/archive.htm?z=2803.” (accessed April 13, 2009).
Institute, International Republican. “Mongolia Parliament Election Observation Mission Report.” paper , 1212 New York Avenue, N.W., Suite 900 Washington. DC 20005, July 2, 2000.
M.Gerves, U. Bulag and G.Long. . Toronto: Toronto studies in Central and Inner Asia, 6. Asian Institute, University of Toronto, 2004. 249-261.
Marat, Erica. The Tulip Revolution: Kyrgyzstan One Year After March 15, 2005-March 24, 2006. Ph.D, The JAMESTOWN foundation, 2006.
McFaul, Michael. “Transitions from postcommunism .” Journal of Democracy , July Number 3, 2005.
—. “Noncooperative Transitions in the Postcommunist World.” World Politics, January 2002: 212-44.
R.Badamragchaa. Coalition of Monitoring and Protection of Human Rights under State of Emergency. Paper , ULaanbaatar: BCI, 2008.
Radnitz, Scott. “Networks, Localism and mobilization in Aksy, Kygyzstan.” Central Asian Survey, December 2005 42(4),: 405-424.
Sally Cummings, Maxim Ryabkov. “Situating the ‘Tulip revolution’.” Central Asian Survey, September-December 2008: 241-252.
Sneath, David. “Mongolia in the ‘Age of the Market’ .” In Markets and Moralities Ethnographies of Postsocialism, 191-210. New York: Berg, 2002.
Tiily, Charles. From Mobilization to Revolution. Addison-Wesley , 1978.
Tilly, Charles. The politics of Collective Violence. New York: Cambridge University Press, 2006.
Way, Lucan. “The real cause of the color revolutions.” Journal of Democracy, July Number 3, 2008: 55-69.

No comments: